Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрсөн пүрэв гаригт эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа хийсэн талаараа мэдээлэл хийсэн юм. Эдийн засгийн бодит өсөлт 2021 онд дөрвөн хувь байсан бол 2023 онд долоон хувь болж өссөн. Үүнд гадаад худалдааны эргэлт жин дарах нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, нийт экспортын 94 хувь нь уул уурхайн түүхий эд, гурван хувь нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд байгаа аж. Тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний 80 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт эзэлж байгаа бөгөөд нүүрсний үнэ, гарч буй хэмжээ дийлэнхийг нь тодорхойлж байгааг мэдээллийн үеэр хэллээ. 


Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг ДНБ-нд нөлөөлөх үзүүлэлт савалгаа их байсныг сануулах нь зүйтэй. Гэхдээ энэ нь түүхий эд экспортлогч улсуудын хувьд байдаг л жишиг. Өнгөрсөн жил баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх гурван жилд ДНБ-ий өсөлт саарах таамаг гаргасан.


Харин төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн судалгаагаар өсөх хандлага ажиглагджээ. Түүнчлэн энэ хугацаанд төсвийн орлого, зарлагыг тогтвортой байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд баталсан бол эрсдэлээ тооцоолсны үндсэн дээр буурах төлөвтэй байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн хэллээ. Энэ нь хэт өөдрөг төсөөлөл байх ёсгүй гэдгийг илтгэж байгаа ажээ.


Нөгөөтээгүүр, манай улсын эдийн засагт гадаад орчны нөхцөл байдал, эрсдэл шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс гадаад орчны нөлөөллийн тооцооллыг гаргаж түүнд тулгуурласан төсвийг боловсруулж батлах шаардлага бий. Тэгэхээр ирэх жилүүдэд төсвийг өөдрөг төсөөлөхөөс зайлсхийн төсвийн тэлэлтийг төсвийн хүрээ, хязгаартаа багтааж, тэлэхгүй байх зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэт өөдрөг зардал тусгаж түүнийгээ батлахын тулд төсвийн зарлагын дээд хязгаарыг өөрчилдөг муу зуршлаасаа салах цаг ирснийг сануулж буй. 


Цаг хаашаа эргэж, гэнэтийн зүйл тохиолдох эрсдэлийг тооцоолох нь зайлшгүй. Тухайлбал, энэ жилийн өвөл хатуухан өнгөрч байгаа. Хот, хөдөөгүй цас зуд, шар усны үерээс болгоомжилж, гэнэтийн зарлагатай өвөл өнгөрч буйг хүн бүр мэднэ. 2000 оноос хойш гурав дахь удаагийн их хэмжээний хохиролтой өвөл дуусч байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл ирэх гурван жилд Монгол улс төсвөө батлахдаа хоёр хувилбараар тооцоолох нь зүйтэй. 
Нэгдүгээрт, цаг тогтуун байвал төсвийн зарлагын дээд хязгаар буюу төсвийн хүрээ 27.5 хувьд багтаах ёстой. Хоёрдугаарт, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлд автаж эдийн засагт тооцоолоогүй зардал гарах тохиолдолд төсвийн хүрээгээ 25.6 хувиас давуулахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр ирэх гурван жилийн турш хуулийн хүрээнд дээд, доод хязгаараа баримталж төсвөө батлахыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад санал болгон хүргүүлжээ. 


Төсвийн хүрээний хязгаартаа захирагдаж, Засгийн газар сахилга баттай байхыг төсвийн тогтвортой байдлын зөвлөл зөвлөж байна. Хэдийгээр түүхий эдийн биет хэмжээ болон үнийн өсөлт эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа ч биет хэмжээний өсөлтөөр экспортын хэмжээг тодорхойлох нь буруу жишиг. Тиймээс алдааг залруулах “луужин үйлдвэрлэгч” нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болох учиртай. Гэхдээ луужинг хэрхэн хөөргөх вэ гэдэг Засгийн газраас шалтгаална. Зөвлөлийнхний харж буйгаар ирэх гурван жилд Монгол Улсын эдийн засаг өсөлттэй, инфляц тогтвортой байна гэж үзжээ. Хэдийгээр төсвийн орлого буурах хандлагатай байгаа ч хямралд орохгүй байх суурь тооцооллыг сайтар хийж, хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр онцолсон юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)