УИХ-ын дарга Г.Занданшатар сар шиний мэндчилгээндээ туулай жилийн тухайд  “...Улс оронд ужгирсан гажуудлыг засах улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг УИХ хуульчлан баталлаа. ...“Нүүрсний сонсгол”, нээлттэй хэлэлцүүлгүүдээр “ард түмний мэдэх эрх” хангагдаж, томоохон хулгай луйврууд илчлэгдэхийн хэрээр Монголчууд нийтээрээ хэрсүүжиж, зөв өөрчлөлт, шинэ маргаашийн төлөө дуу хоолойгоо улам хүчтэй нэгтгэж, парламентын ардчиллаа төлөвшүүлж байна. Ингэж нэгэн зүгт нэгдэж чадсаны үр дүнд Монгол Улсыг хэрэн сүлжсэн авлигын систем нуран унаж, тэр хэмжээгээр улсын эдийн засаг сэргэж байна.

Боломжийг нь хулгайлдаг, булаадаг, буурай хөгжлөө болж байна гэж итгүүлдэг, халамжаар дөрлөж, хулгайгаар мөлждөг хуурмаг явдлыг ард түмэн одоо маш сайн  мэддэг болсон. Хэн нь эх оронч, хэн нь дүр эсгэгч вэ гэдгийг ч андуурахаа байсан. Худал мэдээ, тархи угаалт, цахим сүлжээн дэх “амьгүй албатууд”-ыг сайн танидаг болсон. Улс орноо авлига, хулгайгаар дээрэмдэж, “амьгүй албат”-уудынхаа ард нуугддаг цаг үе өнгөрсөн. Ирээдүй өөр болж байгааг монголчууд сэрж, мэдэрч байна. Шинэ эргэлтийн цаг “цэгцрэх хөдөлгөөн”-өөр түрж байгааг ч анзаарч байна” гэсэн юм.

Тэрбээр луу жилийг “...Бид ирэх хаврын чуулганаар бүсчилсэн хөгжлийн боломжуудаа бүрэн дайчлан ашиглан, хөдөө аж ахуйгаа сэргээн хөгжүүлж, ухдаг шар алтыг ургадаг цагаан алт болгож хувиргах, монгол хүн Монголынхоо баялгийн жинхэнэ эзэн нь байх Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална. Түүнчлэн хүн бүрийн хөдөлмөрийг дэмжих иргэндээ ээлтэй татварын цогц реформыг хийх шаардлагатай байна. Ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдэнэ. Хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт шилжин очиж ажиллах нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх санаачилгыг дэвшүүлж хэлэлцэхээр төлөвлөж байна. Монголчуудын хөгжил дэвшлийн төлөөх цэгцрэх хөдөлгөөнийг хязгаарласан санаатай, санамсаргүй олон хүлээс нэг мөр тайлагдаж, Монгол Улс сэргэн мандах, үсрэнгүй хөгжих шинэ замдаа эргэлт буцалтгүй орж байна. Луу жил үүний эхлэл нь байна” гэлээ.

Энэ УИХ-ын тухайд туулай жилийн хавар, намрын чуулганаар яалт ч үгүй реформ гэхүйц хуулиудыг баталсан. УИХ-ын дарга тэдгээр өөрчлөлтийг цэгцрэх хөдөлгөөн гэж, луу жилд үр дүн нь гарч эхэлнэ хэмээн үзэж буй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)