Т.САЙХАН
Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ҮАБЗ-ийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү "Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтэлж байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТЕГ-аас дараах мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүргэж байгаа юм.
Энэхүү мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг тагнуулын байгууллагаас тогтоон илрүүлж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах”, 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэж тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэв.
Мөн тэрбээр "Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд хүн, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан аливаа худал мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхгүй байх, албан ёсны эх сурвалжаас аваагүй мэдээлэлд итгэж, бусдад түгээн дэлгэрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Техник, технологи хөгжсөн өнөө цагт бусдын хаягаар мэдээлэх, хуурамч хаягаас нийтэд мэдээлэх зэрэг нь илрэх боломжтой болсон учраас “Би баригдахгүй, илрэхгүй” гэж хөнгөмсөг хандаж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя" гэдгийг ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү хэллээ.
Эх сурвалж:www.polit.mn