Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Бид энэ удаад УДБЭТ-ын  гоцлол дуучин Ө.Цэрэнчунтыг урилаа. Тэрбээр дуурийн дуучдаас анхдагч болж, зөвхөн Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс бүтсэн алтан пянзыг хэвлүүлээд байна.

 

ПЯНЗ БОЛ НЭР ТӨР, ЧАНАРЫН БАТАЛГАА

-Та хэдхэн сарын өмнө “Дэлхийн сонгодог Монголд” төслийг хэрэгжүүлсэн. Харин энэ удаад алтан пянзаар бэлэг барьлаа. Энэхүү пянзанд олон жилийн хөдөлмөр болоод сэтгэл зүрхээ шингээсэн нь лавтай?

-Би уран бүтээлээ эмх цэгцтэй байлгах гэж төсөл, багц хэлбэрээр хийхийг зорьдог. Энэ зорилгынхоо хүрээнд Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг эмхэтгэж, хэвлүүлэхсэн гэж хүсдэг байлаа. Аливаа урлагийг хийх тусам санаа нь дэлгэрч, сайжирч, чанарждаг жамтай. Тиймээс ч сонгодог урлагийг олон улсад хүмүүс пянзаар сонсдог юм байна. Дуурийн урлаг хөгжсөн, сонгодог театртай орны уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг пянз хэлбэрээр түгээх болжээ. Гэтэл Монголын дуурийн урлагт их олон авьяастай хөгжмийн зохиолчид уран бүтээл хийж байсан. Хийх явцдаа пянз гаргаж байсан ч удаатай. Гэхдээ судлаад үзэхэд ихэвчлэн гадаадын уран бүтээлчийн дуу, ари, романсуудыг багтаасан байдаг юм байна. Тиймээс би онцолж монгол дуу болон дуэтүүдийг пянз болгоё гэсэн санаа төрсөн юм.    

-Монголд пянз сонсдог хүмүүс хэр их байна вэ. Энэ цаг үед хэр эрэлттэй байна гэж та тооцоолсон бэ?

-Монголд сонгодог урлаг хөгжөөд 60 гаруй жил өнгөрсөн байна. Дуулаачийн анги нь бүр 10 жилийн өмнө бий болчихсон байсан. Ингээд судлаад үзэхээр энэхүү мэргэжлийн урлаг 80 жилийн түүхийг өгүүлж байгаа юм. Эдгээр он жилүүдэд монгол сонгодгийн олон гайхалтай дуурь, уран бүтээл “төрсөн” байдаг. Гэвч цаг хугацааны явцад зарим нь мартагддаг. Гэтэл эсрэгээрээ он жил өнгөрсөн ч одоог хүртэл тоглогдож байгаа бүтээлүүд ч бий. Тэгэхээр эдгээр сор болсон бүтээлээс эхний ээлжинд шаардлагатайг нь авч, пянзандаа багтаахыг хүссэн. Мөн энэ цаг үед сонгодог урлагийг сонирхдог хүмүүс пянз сонсож байна гэдгийг би дээр онцолсон. Харин Монголд пянз сонсдог мөртлөө сонгодог урлагийг төдийлэн сонирхож, мэдэхгүй залуус мэр сэр байна. Тиймээс пянз сонсдог хүмүүстээ монгол сонгодгийг таниулах зорилгоор энэхүү алтан пянзыг хэвлүүлсэн юм шүү. Үүнээс гадна дараа дараагийн уран бүтээлчид минь шинэ санаа аваасай. Энэхүү алтан пянзнаас илүү ихийг хийгээсэй гэсэн сэдэл төрүүлэхийг хүсэж байна. 

-Бидний мэддэг болоод мэддэггүй ямар ари, романсууд багтсан бэ. Та заримыг нь онцлооч?

-Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн найрын дууч буюу уртын дууны хэсэг бий. Б.Лувсаншаравын “Шивээ хиагт” дуурийн Гэрэл Түмэн нарын хоршол. Мөн Л. Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийн Хөхөөгийн “Алтайн цуурай” дууны хэсэг багтсан. Харин дунд үеийн хөгжмийн зохиолчдоос Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Төмөртөрийн ари, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Жамухын ари гээд бүтээлүүдийг онцолмоор байна. Мэдээж эдгээр гайхалтай хөгжмийн зохиолчдын бүтээлийг уран бүтээлчид бид өөрсдөө санаж, сэргээж, бүтээл болгож, олонд түгээж, гадны оронд сурталчлахгүй бол гадны хүмүүс ирээд манай дуурийн урлагийг судалж, хэлийг нь мэдэхгүй байж дуулна гэж байхгүй. Гэтэл дэлхий ертөнц дээр их олон дуурийн театргүй, дуурь зохиодог хөгжмийн зохиолчгүй орон байна. Харин Монгол Улс Азидаа анхны театрыг байгуулж, сонгодог урлагийг өндөр түвшинд авч яваа улсын нэг. Өнөөдөр бидний өв болсон олон сайхан дуурь болоод гадаадад боловсрол эзэмшсэн, алтан хоолойтнууд театртаа ажиллаж байна. Мөн Монголын сонгодог урлагийг дэлхийд сурталчилж байгаа дуучдаа онцлох ёстой. Тэдний залгамж халаа болсон уран бүтээлчид олон улсын тэмцээн, уралдаануудад амжилттай оролцож байгаа. Ийнхүү Монголын дуучид өөрсдийн чадлаараа сонгодог урлаг, монгол театраа сурталчилж байхад бидний хэдэн нөхөд өөрсдийн охь болсон монгол бүтээлээ орчин цагийн залуустаа хүргэх ажлыг хийх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Бид ийнхүү хөгжил, дэвшлийн сэтгэлээр хандаж байж дэлхийд монгол сонгодог, монгол дуучдын үнэ цэнийг бий болгох болно.

-Пянз гэдэг үнэ цэн болоод, нэр төрийн баталгаа юм. Олон улсад бол таны нэрийн хуудас болох байх?

-Таны хэлснээр пянз гэдэг үнэхээр нэр төр, хамгийн чухал нь чанарын баталгаа юм. Тиймээс ч герман, франци, итали, Азиас япон, солонгосчууд сонгодог урлагийн хөгжилдөө ихээхэн анхаарч, пянзыг чухалчилж байна. Тэд яагаад сонгодог бүтээлийг пянзнаас сонсох сонирхолтой байдаг вэ гэвэл пянз өөрөө аналоги буюу “амьд” дуугаралттай. Яг дуучин нь хажууд дуулж байгаа мэт бодит мэдрэмжийг өгдөг. Гэтэл цомог болохоор арай дижитал хэлбэрээрээ буюу өөр сонсогддог юм билээ. Энэ утгаараа пянз илүү үнэ цэнтэй. Би өмнө нь есөн цомог гаргасан юм. Харин энэ удаагийн 10 дахь цомгоо ийнхүү хүндэтгэл үзүүлж, алтан пянз хэвлүүлж байна. Нөгөөтэйгүүр Монголын сонгодог, сор болсон бүтээлүүдийг алтан пянз болгож гаргахгүй юм бол дуучин бид өөр юуг  ингэж мөнхөлж чадах билээ.

-Дараагийн алхам олон улсын зах зээл байх. Гадны оронд монгол сонгодгийг сонирхож,  хүлээж авах болов уу?

-Миний үндсэн зорилго Монголдоо сонгодог урлагаа дэлгэрүүлж, пянз сонсдог хүмүүст сайхныг нь мэдрүүлэхээс гадна олон улсад сурталчлах. Тэгэхээр пянзаа гадагшаа зарна гэсэн үг. Бусад орны хүмүүсийн хувьд Монголын уудам тал, ариун дагшин газраас эх авсан хөгжимлөг бүтээлүүдийг сонсохгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Хэрэв бид олуулаа нийлж, оролдлого хийгээд, монгол бүтээлээ гадаадад экспортлоод сурчих юм бол шүү дээ. Тэгвэл юун “Оюу толгой”, “Таван толгой”-г ухаж, хамаг баялгаа гадагшаа алдах. Харин ч монгол дуучдаараа, сонгодог урлагаараа дэлхийд өрсөлдөх боломж байна. Монгол хүний оюунаас дэлхийг хөглөх бүтээл гарна гэдэгт би бүрэн итгэдэг.

-Таныг удахгүй ОХУ-д тоглолт хийнэ гэж дуулсан. “Дэлхийн сонгодог Монголд” төслийн үргэлжлэл үү?

-Би дээр дурьдсан уран бүтээлээ багц, төсөл хэлбэрээр хүргэх сонирхолтой гэж. Хэрэв уншигчид санаж байгаа бол би хоёр жилийн өмнө дэлхийн сонгодог Монголд байна гэдгийг илэрхийлэхийн тулд монгол ари болон дуэтүүд багтсан тоглолт хийж байсан. Тэрхүү тоглолтод дуурийн хэсгүүдээс багтсанаараа онцлог байсан юм. Тухайн тоглолтыг үзсэн үзэгчид дараагийн удаа бүтнээр нь сонсох хүсэл төрж байна гэж хэлж байсан удаатай. Үүний ард тодорхой хэмжээний маркетинг явж байна. Өнөөдөр бид зөвхөн урдах ажлаа л төгс хийгээд байж болохгүй. Давхар маркетингаа хийж, санхүүжилт болоод үзэгчдээ татах ёстой. Би тухайн тоглолтыг энэ зарчмын дагуу л хийсэн. Харин хоёр дахь удаад нь “Дэлхийн сонгодог Монголд-2” тоглолтоо хийсэн. Энэ удаад орос, монгол, хятад, япон уран бүтээлчдийг нэгтгэсэн. Тэд Монголын театрт, монгол дуучдын уран бүтээлээс дуулсан. Үзэгчид их сайхан хүлээж авсан. Дуучин хүний хувьд театр дүүрэн үзэгч цуглуулаад, халуун алга ташилтын дунд дуулна гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй жаргалтай мөч байдаг.Тэгвэл энэ удаад төслөө ОХУ-д үргэлжлүүлэхээр хүлгийн жолоо залах гэж байна. ОХУ-ын Красноярск хотын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Александр Михайлов, БНХАУ-ын Шиньси мужийн Их театрын гоцлол дуучин Жан Лей нартайгаа хамт “Азийн дуу хоолой” төслийг эхлүүлэхэд бэлэн болоод байгаагаа дуулгая. Бид очиж тоглох боломжтой бүхий л хотуудаар явна гэсэн зорилготой. Монгол хөгжмийн зохиолчийн бүтээл дэлхийн жижиг, том ялгаагүй олон орны тайзан дээр эгшиглэнэ гэдэг бидний туйлын хүсэл шүү дээ. Энэ мөрөөдлөө биелүүлэхэд их ойрхон ирчихлээ. Гэхдээ үүнийг ганцхан би хийж байгаа юм биш шүү. Миний ард УДБЭТ-ын хамт олноос эхлээд сонгодог урлагт хайртай, дэмждэг олон хүн бий. Тэдний хүч хөдөлмөөр дэлхийд монгол сонгодог эгшиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Жишээлбэл, Та дэлхийн тайзан дээр ямар монгол уран бүтээл эгшиглүүлэхээр онцолсон бэ?

-Тоглолт маань Төрийн шагналт Н.Жанцанноров гуайн  “Шаргын шаргын жороо” гэсэн ардын дууны найруулгаар эхэлдэг. Мөн Б.Шаравын “Холын амраг”, Б.Лувсаншаравын “Бодол” гэсэн романсаар үргэлжилнэ. Ингээд тухайн орныхоо буюу орос, хятад хэл дээр дуулна. Мөн манай нөгөө дуучинд  ч монгол дуунаас дуулж, сонирхуулна.

-Их олон уран бүтээлч дэлхийн орнуудаар явж дуулахсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг байх. Харин та мөрөөдөж суух биш биелүүлж явна. Хааяа омогшмоор, онгирмоор мэдрэмж төрөх үү?

-Мэдээж дуучин бүхний мөрөөдөл олон улсын тайз байх. Хүсэл мөрөөдлийнхөө үзээрээс атгаад, дуртай ажлаа жаргаж хийж яваадаа үргэлж талархдаг. Онгирч, омогшихоос илүү монгол хүн, дуучин болсны үүрэг цаашлаад хариуцлага гэж ханддаг. Гэхдээ энэ хүсэл ганцхан хүнээр шийдэгдэхгүй. Их олон хүн өөрсдийн хүсэл эрмэлзлэлээ нэгтгэж, төлөвлөж, асар их зардал, хамгийн чухал нь тууштай сэтгэл гаргаж байж ажил хэрэг болж байна. Миний хувьд ОХУ-д сурч, ажиллаж амьдарч байсан учраас эдгээр дуучдын ур чадвар болоод гаргасан амжилтуудыг мэддэг учир сонгосон. Анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ би тэдэнд “Монгол Улс цаашлаад Ази тив сонгодог урлагийг яг Европ шиг хэрэглэмээр байна. Тэр бололцоог уран бүтээлчид бид олгоно. Бүгдээрээ нэгдээд, Монголд тоглолт хийе. Яг үүн шиг танай улс орнуудад тоглож, уртын гэрээтэйгээр хамтарч ажиллая” гэсэн санал тавьсан юм. Тэд ч шууд зөвшөөрсөн. Учир нь сонгодог дуучдын ганц хүсэл нь дэлхийн олон тайзан дээрээс өөрийн чаддаг бүхнээ, ур чадвар, авьяас билгээ харуулах шүү дээ. Тэгэхээр миний энэ санал хэн хэнд маань ашигтай байсан хэрэг.

 

ДУУРИЙН УРЛАГИЙН СХЕМ НЬ ОРОСООР ДАМЖААД ЕВРОП РУУ

-Өнөөдөр манай дуучид дэлхийн олон театруудад ажиллаж, тоглож, монгол хүний хоолойн гайхамшгийг гайхуулж байна. Түүний нэг нь та. ОХУ-д ажиллаж, амьдарсан тэр он жилүүдийн тухай эргээд дурсвал?

-Би ОХУ-д есөн жил ажиллаж, амьдарсан. Эхлээд Санкт-Петербургийн консерваторид сурах гэж очсон юм. Ингээд гуравдугаар дамжаанаасаа сургуулийнхаа дэргэдэх театрт ажиллаж эхэлсэн. Харин сургуулиа төгссөнийхөө дараа ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн академик театрт гоцлол дуучнаар ажилласан түүхтэй. Тус театрт гурван жил ажиллахдаа дэлхийн олон алдартай дууриудад туслах болон гол дүрүүдэд дуулж, туршлага хуримтлуулжээ. Харин миний дуурийн дуучин болсны нэг гол зорилго нь Монгол Улсын сонгодог урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах гэж боддог. Тиймээс эх орондоо ирж, Монгол Улсын консерваторид дуурийн дуулаачийн багш хийсэн. Долоон жил багшлах хугацаандаа буюу 2018 онд УДБЭТ-даа туслах найруулагчаар анх орж байлаа. Түүнээс хойш удалгүй гоцлол дуучин болж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний хувьд энэ он жилүүдэд уран бүтээлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч, сонгодог урлагийг таниулах, сурталчлах олон ажлыг хийсэн байдаг. Үүний гол шалтгаан нь өнөөдөр бид оюун ухааны хувьд дорд, муу муухайг хөгжөөж, элий балайг сурталчилсан, утгагүй зүйл рүү хошуурсан нийгмийг бүтээмээргүй байна. Энэ нийгэмд сайныг нь сайнаар, мууг нь муугаар нь хардаг саруул ухаантай монгол хүнийг бэлтгэх учиртай. Үүнд, урлаг  том хувь нэмэр оруулдаг гэдгийг дэлхий ертөнц бүгдээрээ мэднэ. Бид энэ мэддэг зүйлээ хийх л ёстой. Өнөөдрийн стресс ихтэй нийгэмд хүмүүс байнга тайвшруулах эм уусаар байх уу. Эсвэл сайхан хөгжим сонсоод алжаалаа тайлах уу гэдэг бодох ёстой асуудал болоод байна.

-Дэлхийн театруудаар дуулаад, хүссэнээрээ амьдрах боломж байхад яагаад Монголдоо ирчихсэн юм бэ. Та ийм үндсэрхэг үзэлтэй хүн үү?

-Ер нь жаахан үндсэрхэг үзэлтэй хүн шүү. Хүн бүхний хувь тавилан өөр.  Би гадны театрт ажиллаж байхдаа дуурийн урлагийн схемийг ерөнхийд нь ойлгосон. Оросоор дамжаад Европ руу. Тэгэхээр энэ сайхан сонгодог урлаг гэдэг соёлыг ус агаар мэт ойлгодог хүмүүс шиг монголчууд маань ч мэдрээсэй гэж хүссэн. Гэхдээ уран бүтээлч хүн олон улсад дуулсан ч эргээд заавал эх орондоо ирдэг. Тиймээс монгол хүний хувьд, ялангуяа дуучин байх асар богино хугацаандаа Монголын сонгодог урлагийн төлөө өөрийн цохилох зүрх, хүч хөдөлмөрөө зориулж чадвал миний амьдралын бас нэгэн утга учир биелнэ гэж бодож байна. Монгол бүтээл дэлхийн тайзнаа эгшиглэж л байвал би баяртай байна. Харин үүний тулд асар их хөдөлмөр, хийх зүйл байгааг ойлгож байна. Би ганцаараа биш олуулаа хамтран зүтгэж байж, энэ зорилгод хүрнэ. Өнөөдөр дэлхийд монгол сонгодог ус агаар шиг хэрэгтэй байна. Энэхүү үнэ цэнийг бий болгохын тулд бид хөдөлмөрлөж, зүтгэж байж л хүлээн зөвшөөрүүлж, оюуны бүтээлээ дэлхийд экспортолдог болно. 

-Өнөөдөр дэлхийд сонгодог урлагийн хөгжлөөрөө Европ тив хүчтэй байна. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд цөөхөн монголчууд бид ямар давуу талаа тодотгож өгөх ёстой юм бол?

-Монгол сонгодог их олон давуу талтай. Ялангуяа оюун ухааны бүтээлд үндэсний соёл, зан заншил нэвт шингэсэн байдаг. Энэ чинь онгон дагшин, үзэсгэлэнт байгаль, малчин ухаанаас хүртэл улбаатай шүү дээ. Хүн гоё гутал авчихаад түүнийгээ муухай болгохгүй, өнгөлж арчлаад удаан өмсөхийг хүсдэг. Яг түүн шигээ монгол хүний оюунаас төрсөн тэр гайхамшигт  хөг аялгууг хайрлаж, өнгөлж явах учиртай. Гэхдээ хайрлаж байна гээд хав дараад байж болохгүй. Тэгвэл хэн ч мэдэхгүй байсаар мартагдана. Тиймээс олон жилийн өмнө дуулагдаж байсан бүтээлийг дуучин нь байхгүй юм чинь гээд орхиж болохгүй. Дахин дахин дуулж, хүмүүсийн сонорт хүргэх нь зөв. Орчин үед хүмүүс солонгос дуу хөгжим их сонсож байна. Рок поп, к-поп гээд л. Яагаад болохгүй гэж би ч ялгаагүй сонсдог. Гэхдээ бид монгол хүний оюунаас ундарсан тэдгээр уянгалаг хөгжмийг илүү сэтгэл зүрхээрээ мэдэрч, сонсож хэвших хэрэгтэй. Манай зарим сонсогчид монгол дууг их удаан юм гэдэг. Хэрэв энэ хорвоогийн бүх хөгжим хурдан хэмнэлтэй байсан бол дэлхийгээр дүүрэн галзуу хүн болно байх шүү.

-Бид дэлхийд сонгодог театраа сурталчилъя. Том хотуудад очиж дуурь тавъя гэхээр олон улсын стандартад  нийцсэн монгол бүтээл хараахан байхгүй гэдэг үгийг олон хүнээс сонсож байлаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хүн хүний санаа өөр. Яг хэн нь ийм бодолтой явдгийг хэлж мэдэхгүй юм.  Миний хувьд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл, дуунууд дэлхийд гологдоно гэж бодохгүй байна. Яагаад ийм бардам байна вэ гэвэл би дэлхийн нэлээд олон оронд очиж, монгол бүтээлээ дуулж явсан хүний хувьд тэдгээр хүмүүсийн алга ташилт, сэтгэлийн хөөрөл ямар сайхан байсныг нүдээрээ харж, зүрхээрээ мэдэрсэн.Тиймээс эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй. Би энгийн жишээ л ярья. Монголчуудын үндэсний онцлог, өв соёл, ёс уламжлалыг харуулсан олон дуурь дундаас Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”, “Гүнгэрийн гүнж”, Б.Шаравын “Чингис хаан”, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Б.Лувсаншаравын “Шивээ хиагт”. Хамгийн наад зах нь монголчуудын хамгийн сайн мэдэх “Учиртай гурван толгой” дуурийг аваачаад тоглож үзчихээд болох болохгүйн тухай ярих нь зөв болов уу. Гэтэл нэг ч удаа оролдлого хийж үзээгүй байж, амныхаа зоргоор ярих нь тун буруу юм шүү. 

-Тэгвэл бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод “Учиртай гурван толгой” дуурийг гадны оронд тавъя л даа. Юунаас эхлэх вэ?

-Бид анхны алхмаа 2019 онд хийсэн шүү дээ. УДБЭТ-ын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Улаан театрт “Учиртай гурван толгой” дуурийг тоглосон. Тус бүтээлд би туслах найруулагчаар ажилласан юм. Гэтэл манай гавьяат н.Мөнхбаатар хүндэтгэх шалтгааны улмаас тоглолтод оролцох боломжгүй болоход би уртын дууг нь дуулж тайзан дээр тоглосон. Ингэж анх удаа театрынхантайгаа олон улсын тайзан дээр дуулж билээ. Энэ дуурийг үзсэн өвөрмонголчууд сэтгэл дүүрэн байсан. Тиймээс ч бидэнд дараагийн хотуудад тоглох хүсэлт тавьсан. Гэвч бид улсын томилолтоор явж байсан учир хугацаандаа эргэж ирэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Энэхүү тоглолт нь бид гадны хотуудад очиж тоглох бүрэн боломжтой гэдгийн хамгийн том баталгаа биш гэж үү.

-Туршаад үзчихсэн юм байна. Тэгвэл одоо яагаад явж тоглохгүй байгаа юм бэ?

-Аливаа уран бүтээл гэдэг үе шат, дамжлагаар явах ёстой шүү дээ. Сонгодог театрын уран бүтээлчид дураараа, бие дааж шийдвэр гаргах  ямар ч эрхгүй. Бидний дээр хариуцсан яам, төр гэж бий. Театрын гадагшаа явж тоглох зохион байгуулалтыг  удирдах албаныхан хийх ёстой. Магадгүй хариуцсан яаманд төлөвлөсөн зүйл байгаа байх гэж найдаж, итгэж байна. 

-Өвөрмонголчууд бол монгол угсааны учир ядаж л хэлний бэрхшээлгүй ойлгохоос эхлээд давуу талтай. Харин Европын орнуудад тоглоход арай өөр байх болов уу?

-Хүн өөрийнхөө хийж буй үйлдэл, санаж буй санаанд итгэхгүйгээр амьдарвал утгагүй. Би өнөөдөр Монголын сонгодог урлагт итгэдэг учраас 100 хувь өөрийн бүх чадал бололцоогоо энэ урлагт зориулж явна. Миний амьдралын 20 жил яг ингэж өнгөрсөн байна. Гэхдээ би энэ хугацаанд хэзээ ч уйдаж, урваагүй. Харин ч энэ урлагт улам тэмүүлж явна. Яг над шиг хүсэл сэтгэлтэй олон залуус бий. Бид зүтгэж байна. Гэхдээ энэ бол нэг өдрийн дотор хийгээд дуусдаг ажил биш. Хожим хойно үр шим нь мэдрэгдэх учир шантралгүй тэмүүлсээр байна гэж боддог. Нэг өдөр нь  асаж, дараагийн өдөр нь унтрах жамтай хорвоод тууштай байсан хүн л үр шимээ хүртдэг жамтай.

-Таны хувьд 20 гаруй жил энэ урлагаар өөрийгөө болон ард түмнийг хөглөлөө. Одоо л жинхэнэ үр шимээ үзэх, эрч хүч, эр бяр нь амтагдсан насан дээрээ ирчихсэн байх шиг санагдах юм?

-Би тайзан дээр гараад, монгол сонгодгоо дуулахдаа дэндүү их сэтгэлийн таашаал, аз жаргал мэдэрдэг учраас бизнес хийж үзсэнгүй. Уг нь би хүмүүстэй адилхан л гар хөл, толгойтой. Хувийн бизнес эрхэлж чадна шүү дээ. Гэхдээ амьдралын аз жаргал гэдгийг түрийвчинд байгаа мөнгөөр хэмждэггүй. Харин ч аав ээжээс заяасан энэ хоолой, эрдэмтэн багш нарын минь надад өгсөн боловсролыг гадаа гудамжинд, архины шилний хажууд зэврүүлэлгүйгээр, Монгол Улсын ариун сүм болсон театрынхаа тайзан дээр цэцэглүүлж, бахархуулж явъя гэж бодсон уртын тууштай бодол минь байна. 

-Таныг харахад сонгодог урлагт бүх зүрх сэтгэл, авьяас билэг, залуу насаа зориулж яваа нь харагддаг. Хийж буй төслүүд тань хүртэл үүнийг нотолж байна. Мөн чанартаа та энэ урлагаас яг юуг мэдэрч, ингэтлээ тэмүүлдэг юм бэ?

-Нэгдүгээрт дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй бид үндэснийхээ урлагаар бус  дэлхийн сонгодог урлагт чадвараараа ижилсэх үе. Энэхүү урлаг нь дэлхий дахины хүн төрөлхтний ижилсэл, өрсөлдөж болдог талбар учраас би энэ урлагт шимтсэн хүн. Би монгол урлагийг дэлхийн хүмүүст ижилсүүлж үзүүлэхийг л зорьсон. Жишээлбэл, ОХУ-ын П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь дэлхийд танигдсан шиг Монголын “Учиртай гурван толгой” дэлхий дахины хэрэглээ болоосой гэж бодож явдаг хүмүүсийн нэг. Алдарт Ж.Вердийн “Травиатта” дуурь дэлхийн олон орны театрт тавигддаг шиг тэр ижилсэл дундаас хүний хүсэл эрмэлзэл төрдөг юм байна. Хоёрдугаарт, дэлхийн соёлын индекс гэж бий. Түүнийг танайх ямар зохиолын дуу дуулдаг вэ, ямар хип хоп урлагтай вэ гэж бараг шүүхгүй. Харин танайх сонгодог урлагтай юу, театртай юм уу гэж асуудаг. Түүнд нь манайх “Байна” гэж хариулж байгаа. Үнэхээр ийм бардам хариулж байгаа юм чинь үхсэн, амьд нь мэдэхгүй уугиад байх шаардлагагүй. Асаж дүрэлзээд, чаддаг бүхнээ харуулаад ард нь үр дүнг нь үзэх хэрэгтэй. Өнөөдөр би гоё дуулаад, дэлхийд гараад, баяжаад жаргамаар байгаа асуудал огтоос биш. Миний өнөөдрийн хичээл зүтгэл үеийн үед олон залуус, монгол сонгодгийг дэлхийд таниулж, түмний өмнө мөр бүтэн, нэр цэвэр, хөл тэгш, дуу чанга яваасай гэж бодсоны үндсэн дээр хийж буй ажил. Зөвхөн би ч бус манай театрын үе үеийн дуучин, уран бүтээлчид ч хийсээр ирсэн. Үүний залгамж халаа болж, энэ урлагийн төлөө асаж, унтарч яваагаа их хувь хувь тавилан гэж боддог доо.     

 

ДУУЛДАГ ЧУНТ

-Хүний хүсэл тэмүүлэл хязгаарүй юм. Ялангуяа сонгодог урлагт нэг л дурласан бол буцаж, больж чаддаггүй бололтой. Мэдээж сайхан хоолой, авьяас гэдэг ээж ааваас өвлөсөн ген, өгөгдөл гэж бодож байна?

-Би Дундговь аймгийн уугуул. Монголын хамгийн анхны мэргэжлийн дуучин болох Г.Хайдав багштайгаа нэг сум. Харин миний аав тээврийн жолооч, ээж минь монгол хэл, уран зохиолын багш хүн. Тэд минь гавьяаныхаа амралтад суусан. Би аав ээжийнхээ надад итгэсэн итгэл, өвлүүлсэн авьяас билгийг боловсролоор хөглөж, хөгжүүлээд бусад хүмүүст сайхныг нь мэдрүүлж амьдрахсан гэж боддог юм. Үндэсгүйгээр цэцэг ургадаггүй шиг хуучнаа мартаж, шинийг эрэлхийлэх нь утгагүй. Харин хуучин зүйлийг хэрэглэхдээ зөвхөн хүн өөрийнхөө хувцас, байр, машиныг солих гэж бус үндсэн сэтгэлгээ, туйлын зорилгоо нэгдүгээрт тавьж, түүнийгээ олонд түгээж, сайн сайхан гэрэл гэгээ рүү тэмүүлсэн цагт энэ амьдрал утга учиртай болдог юм билээ. Магадгүй нэг цомог гаргачихаад зөвхөн хувцсаа шинэчилдэг байсан бол би өдий зэрэгтэй явахгүй байсан байх. Дуучин Ө.Цэрэнчунтын хувьд энэ амьдралдаа урдах ажилдаа явуулын сэтгэлээр хандаж болохгүй гэсэн зарчмыг баримталдаг.

-Зарим уран бүтээлчдийг харахад яг л таны хэлснээр явуулын сэтгэлээр хандаад байгаа нь ажиглагддаг. Дуучин гэх нэр төртэй мэргэжлийг мөнгө олох хэрэглүүр мэт харах нь үнэ цэнийг нь унагаад байгаа санагдах юм?

-Зарим уран бүтээлчдийг харахад дуугаа дуулахаас өмнө гоёж гоодохыг чухалчлаад байгаа нь ажиглагддаг л юм. Гэхдээ бүгдээрээ гэж хэлээгүй шүү. Мэдээж урлагаар дамжуулж гоо зүйг түгээх нь зөв. Гэхдээ эхнээсээ л уран бүтээлч сэтгэлгээг өөртөө суулгачихвал хэрэгтэй санагдах юм. Хэнд зориулж, ямар дуу дуулахаа мэдэрдэг, сэтгэл зүрхнээсээ хандаж сурах нь дуучин хүний гол үүрэг шүү дээ. Тэр үед тайзан дээр ямар ч хувцастай гарсан үзэгчид сайхан хүлээж авна. Түүнээс дуугаа өөрөө ч ойлгоогүй, хөг аялгуу бүрийг нь мэдрээгүй байж, хэчнээн сайхан хувцсаар гангараад тайзан дээр гарсан ч дуулсан дуу нь сонсогчдын сэтгэлд хүрэхгүй бол ямар хэрэг байх вэ. Бид яг энэ хандлагаар явах гээд байгаа учир өнөөдөр урлаг зугаа болоод байгаа юм. Дуундаа анхаарах бус хөөрхөн царай, задгай хувцаслалт эцэст нь хэн нэгэн хүний ширээний хажууд очиж дуулдаг, үнэ цэнгүй дуучныг л бий болгох аюултай юм шүү. Харин мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрдэг, дуугаа өөрөө мэдэрч, сэтгэл зүрхнээсээ ажиллаж чаддаг, тайзны ёс зүйгээ барьдаг дуучныг хэн ч “Би энд зугаацаж байна, Чи ирээд дуулаач” гэж дуудахгүй.Тэгэхээр уран бүтээлч хүн өөрийн үнэ цэнээ бүрдүүлж, ямар үед, хэний өмнө дуулах ёстой дуучин бэ гэдгээ бусдад харуулахын тулд зөв бодолтой явах нь чухал.  

-Яг энэ ёс зүй, баримталж буй зарчим тань хэзээнээс эхтэй юм бэ. Таныг их багаасаа дуулсан гэж сонссон?

-Би анх хоёр нас, зургаан сартай байхдаа улсын уралдаанд оролцож байсан. Мэдээ орох цагаас минь л хүмүүс намайг “Дуулдаг Чунт” гэж дууддаг байсан. Энэ үеэс би өөрийгөө дуулах л ёстой юм байна гээд ойлгочихсон. Би 10 жил онц сурсан. Гэхдээ суурь боловсролын гэрчилгээ надад бараг хэрэг болсонгүй. Учир нь би хоёр жилд нэг удаа болдог, хүүхдийн урлагийн  “Дуулах өв” тэмцээнд орж түрүүлээд, СУИС-д суралцах урилга авсан юм. Энэ уралдаанд би гурван удаа оролцохдоо хоёр удаа түрүүлж, нэг удаа дэд байрт орсон түүхтэй. Ингэж миний урлагийн, тэр дундаа дуучин болох зам ямар ч өөр сонголтгүйгээр өрнөсөн. Багаасаа Г.Хайдав багштайгаа багш шавийн барилдлагатай болсон учир сонгодог урлаг гэдгийн сайхныг мэдэрчихсэн хүүхэд байлаа. Тиймээс өөр зүйл рүү урваж, сатаарах хүсэл байгаагүй.

-Таны сургуулиа төгссөн үе бол 2000-аад оны эхэн. Тэр үед Монголын сонгодог урлаг одоогийнх шиг ийм хүчирхэг байгаагүй. Ялангуяа нийтийн дуу шуугиулж байсан үе шүү дээ?

-Тэр ч үнэн шүү. Тухайн үед нийтийн дуу их хүчтэй байлаа. Ах эгч нар бүгдээрээ л энэ урсгал руу орж байхад би ч ялгаагүй зохиолын дуу дуулах болсон. Нийтийн дуу нь жижиг, дуурь нь том гэж огтхон ч хэлж болохгүй. Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж байгаа бүх уран бүтээл, урсгал гайхалтай гэж би боддог. Бүгд л адилхан хөдөлмөрлөж, зүтгэж байж дуу төрдөг. Би уран бүтээлч мөн л юм бол сонсогчид юу хүсэж байна тэр бүгдийг нь өгч чаддаг байх ёстой. Тэр зарчмын дагуу ажилласан. Ингээд уран бүтээл хийж явахад надад үндсэн чанартаа урлаг гэдэг алсын зорилго, бодлоготой байх ёстой юм байна. Цагийн аясыг дагадаг байж болохгүй гэсэн бодол төрсөн. Нэгэнт л дуурийн дуучин мэргэжлээр төгссөн учир миний эцсийн очих ёстой зогсоол тэр л байх ёстой гэж өөртөө хэлсэн. Яг л энэ бодлынхоо дагуу өдгөө сонгодог тайзан дээрээ ажиллаж байна.

-Сонгодог бүтээлийг зарим нь элитүүдийнх, цөөнхийн урлаг гэж ярьдаг. Үнэхээр гарал угсаа сайтай, дээд боловсролтой хүнд л зориулсан урлаг юм уу. Үүнийг монгол дотроо хэрхэн нийтэд сурталчилж, таниулах ёстой юм бэ? 

-Үнэхээр цөөнхийн сонсох ёстой урлаг юм уу гэдэгт цаг хугацаа хариулчихаад байна. Учир нь ард түмэн гэдэг чинь их олон хүний нийлбэр. Тэд өөр өөрийн хүсэл сонирхол эрмэлзэлтэй. Аливаа зүйлийг тунгаан бодох, сэтгэлийн жаргалыг олохдоо харилцан адилгүй. Сонгодог урлаг хошин шог шиг хүнийг хүчээр инээлгэдэггүй. Арай илүү гүн бодолд оруулж, ухаарал хайрлаж байна. Тиймээс үеийн үед цөөнхийн урлаг байсаар ирсэн байх. Үүнийг өөрчлөх гэж оролдлого хийхээс бус 100 хувь өөрчилсөн улс дэлхийн хаана ч байхгүй. Итали гэхээрээ бүгд дуурь сонсдог гэсэн үг биш. Миний хувьд аливаа газар дуулахдаа эхлээд сайхан монгол дуугаа дуулж эхлүүлээд дундуур нь дууриа дуулах зэргээр аль болох тунг нь тааруулахыг хичээдэг. Харин манай орны хувьд эрх мэдэлтэй хүмүүс нь Монголыг гадаадад сурталчлах үйл ажиллагаа, тоглолтод ихэвчлэн танилын хүрээллээ түлхүү авч явах тохиолдол элбэг. Миний хувьд дарга нараас гуйж, зүүгдэж амьдрахыг хүсдэггүй учир тиймэрхүү тоглолтод оролцож байсан удаагүй. Харин хувь уран бүтээлчийнхээ хувьд адилхан дуучидтайгаа нэгдээд, төсөл хэрэгжүүлж, өөрсдийн бор зүрхээрээ л олон улсад монгол сонгодгоо дуулж, сурталчилж явна.  

-Та Монгол Улсын консерваторид багагүй хугацаанд багшилсан. Цаашдаа шавь бэлтгэх бодол бий юу. Ингэж асуусны учир нь ийм багшийн шавь яг л тань шиг сонгодог урлагийг чин сэтгэлээсээ хайрладаг болж төлөвших байх гэж бодлоо?

-Би 30 настай, Монголын түүхэнд хамгийн залуу багш  нарын нэг. Өөрөөсөө хэдхэн насаар дүү хүмүүст хичээл заах болсон. Тиймээс их ч судалж, өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог байлаа. Би оюутнуудаа хамгийн түрүүнд монгол хүн, эр хүн болгож төлөвшүүлье гэж боддог байсан. Түүнээс биш гялс мундаг од, дуучин болгочихъё гэж нэг ч удаа бодож байсангүй. Хүссэн хүсээгүй хичээлүүд нь орж байгаа учир дуучин болно. Хамгийн чухал нь нийгмээ мэдэрдэг, цэвэрлэж чаддаг, мэргэжлээ хайрладаг байгаасай. Ер нь аливаа ажил мэргэжлийн өмнө хүн байх гэсэн хамгийн чухал ухагдахуун заавал байх ёстой. Дууг хоолойн чадал бяраас бус ухаанаар дуулдаг юм шүү дээ. Тиймээс зөв монгол төлөвшилтэй дуучин энэ цаг үед хэрэгтэй байна. 

-Та хувийн амьдралаа тэр бүр дэлгээд байдаггүй. Сошиал хаягийг тань дагаад, харж байхад их сайн аав байх гэсэн бодол төрдөг юм?

-Би хоёр ихэр охин хүүтэй. Мэдээж хүний хүүхэд ээж аавдаа хөөрхөн авьяастай байдаг л байх. Түүнтэй адилхан манай хоёрын урлагийн авьяас одооноос мэдрэгдээд л байгаа. Хүү маань илүү хөгжимд дуртай. Хүүхдүүд хөгжмийн зэмсэг бариад хамаагүй дарж байхад хүү маань их эвлэгхэн барьж, содон аялгуу гаргах жишээтэй. Тэгэхээр хүний ген гэдэг гайхалтай юм. Надад ч ялгаагүй эцэг өвгөдийн өвлүүлсэн ген бий. Агуу уртын дуучин Н.Норовбанзадад анх дуу зааж өгөөд, хот руу явуулсан хүн нь манай өвөө байсан юм билээ. Н.Норовбанзад гуай манайхтай саахалт байсан гэдэг. Гэхдээ хүүхдүүдээ заавал урлагийн хүн бол гэж албадахгүй. Харин урлагийн сайхныг мэдэрч, ойлгодог, хүн чанартай болгохсон гэж хүсдэг. Ер нь хүн энэ хорвоод ирсний утга учир нь удмаа залгах шүү дээ. Тиймээс өөрсдийн хувь заяа, хүсэл тэмүүллээр амьдраасай гэж хүсдэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)