П.АМГАЛАН

Вьетнам улсад угсарсан ногоон автобуснаас үүдэн Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Тэдний хүсэлтийг Ерөнхий сайдад хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн юм. Тэгвэл өчигдөр  МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэв. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг томилохоор улстөрийн шийдвэр гаргалаа. Мөн  Х.Нямбаатарыг УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг  УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Уг шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан учраас би хувь хүн, улстөрчийн хувьд эрсдэлтэй алхам хийлээ гэж гоншигнохгүй. Хотын даргаар  томилогдвол алсдаа эм мэт тустай, ойрын үедээ давс мэт гашуун шийдвэрийг гаргахаас өөр аргагүй. Үүнийг эртхэн хэлэх нь зөв байх” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn