Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам хамтран технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах арга хэрэгсэл болох сэндбокс зохицуулалтын орчныг бий болгосон. Энэхүү шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний зохицуулалтын орчны талаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн, дэд дарга, Сэндбоксын зөвлөлийн дарга Н.Хүдэрчулуунтай ярилцлаа.  

 

-Сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ ихээр нэвтэрч байна. Сэндбокс зо­хи­цуулалтын орчин нь санхүү, тех­но­логийн байгууллагын гол сэдэв болж байна. Энэ тухай яриагаа эхэлье?

-Сэндбокс гэдэг нь шинээр нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй тохиолдолд тус бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрэхэд шаардагдах хууль, эрх зүйн өөрчлөлт болон үүсч болох эрсдэлийг судлах санхүүгийн зохицуулалтын шинэ арга хэрэгсэл юм.

Сүүлийн жилүүдэд Сэндбокс зохицуулалтын орчныг санхүүгийн зах зээлдээ нэвтрүүлж буй улсын тоо нэмэгдэж байна. Мөн олон улсын томоохон байгууллага, хөгжлийн бодлого тодорхойлогчид уг арга хэрэгсэлд ихээхэн анхаарлаа хандуулж байна.  Тодруулбал, дэлхийн 60 орчим улсын зохицуулагч байгууллага дөрвөн төрлийн 95 гаруй Сэндбоксын орчныг нэвтрүүлэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бодит зах зээлд турших, түүний эрх зүйн орчныг бий болгох ажлыг эхлүүлээд байна. Манай улс 2021 онд технологид суурилсан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрэхийг дэмжих зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпорацийн хамтран “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг баталсан. Ингэснээр Сэндбоксын эрх зүйн орчин бий болж, санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг аюулгүй орчинд туршдаг улс орны эгнээнд нэгдсэн. Сэндбокс зохицуулалт нэвтрээд удаагүй ч багагүй өөрчлөлтийг авчирсан. Мөн зохицуулалтын орчныг зах зээлийн өөрчлөлтөд нийцүүлэх, сайжруулах үүднээс Сэндбоксын зохицуулалтын журмыг 2023 оны дөрөвдүгээр сард шинэчлэн баталсан. 

-Монгол Улс санхүүгийн зах зээлд Сэндбокс зохицуулалтыг нэвтрүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Тус зохицуулалтын үр ашиг, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Манай улс Сэндбоксын зохицуулалтын орчныг бий болгосноор санхүүгийн зах зээлд урьд өмнө нь байгаагүй P2P үйлчилгээ, краудфандинг буюу хамтын санхүүжилт зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Тус бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь олон улсад аль хэдийн танигдсан, зохицуулалттай бүтээгдэхүүн хэдий ч манай улсын хувьд зохицуулалтын орчин нь бүрдээгүй шинэ санхүүгийн үйлчилгээ болж байгаа юм. Тиймээс бүтээгдэхүүн үйлчилгээг Сэндбоксын зохицуулалтын дагуу бодит орчинд туршсан. Ингэсэнээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ санхүүгийн зах зээл дээр эрэлттэй байна уу, манай улсад тохиромжтой, нутагших боломжтой үйлчилгээ мөн үү гэсэн асуултад хариулт авах, хэрэглэгчид учрах эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирсон зохицуулалтын орчныг бий болгох боломжтой.

 -“Сэндбокс зохицуулалтын орчны журам”, түүний хэрэгжилт, сэндбоксын үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессын тухай уншигчдад товч мэдээлэл өгөөч?  

-“Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг 2023 оны дөрөвдүгээр сард шинэчлэн батласан. Журамд Сэндбоксын орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээг турших, туршилтын хугацааг сунгах, хугацаа нь дуусах үед сэндбоксын орчноос гаргах зэрэг шийдвэрийг гарган, холбогдох зөвлөмжөөр хангах чиг үүрэг бүхий Сэндбоксын зөвлөл байна гэж заасан байдаг. Тус заалтын дагуу 2021 оны аравдугаар сард анх Сэндбоксын зөвлөл байгуулсан. Тус зөвлөлд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам зэрэг төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнаас гадна судлаач, эрдэмтдийн төлөөлөл болох МУИС-ын Бизнесийн сургуулийн захирал, СЭЗДС-ийн ректор зэрэг санхүү болон технологийн салбарын төлөөллүүд холбогдох шийдвэр, зөвлөмжийг гарган ажилладаг. 

Мөн тус Зөвлөлийн дэргэд Сэндбоксын орчинд орох хүсэлтийг хүлээн авч, холбогдох судалгаа, шинжилгээг гүйцэтгэх, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын бодлого, хяналтын газруудтай хамтран сэндбоксын туршилтын хугацаанд оролцогчдын үйл ажиллагааг хянан, шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий Сэндбоксын алба Санхүүгийн зохицуулах хорооны бүтцэд шинээр байгуулагдан ажиллаж байна.  

Өөрөөр хэлбэл, Сэндбоксд орох материалыг хүлээн авч холбогдох бодлого, хяналтын мэргэжилтнүүдийн саналыг тусган судалгаа, дүгнэлтийг боловсруулж, Сэндбоксын зөвлөлд танилцуулдаг. өвлөл нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг туршихтай холбоотой дүгнэлт, зөвлөмжийг гарган санхүүгийн зохицуулагч байгууллагад хүргүүлэх гэсэн дарааллаар тус зохицуулалт маань хэрэгжиж байна.  

-Өнөөгийн байдлаар Сэндбокс зохицуулалтад хэдэн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ туршиж байна вэ. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших хэрэгцээ, шаардлага, зах зээлийн эрэлт хэр зэрэг байна гэж та харж байна вэ? 

-Сэндбокс зохицуулалтын орчин Их Британи, Сингапур, Австрали, Хонг-Конг зэрэг зөвхөн өндөр хөгжилтэй улс орнууд л санхүүгийн зохицуулалтдаа нэвтрүүлсэн харьцангуй шинэ ойлголт байсан. Бидний хувьд ч уг зохицуулалтыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхдээ хөгжиж буй, харьцангуй жижиг зах зээлтэй манай улсын хувьд зах зээл хэрхэн хүлээж авах талаар эргэлзээтэй байлаа. Харин Сэндбоксын зохицуулалт нэвтэрснээс хойш хоёр жилийн хугацаанд энэ орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших 15 хүсэлт ирсэн нь зах зээлд эрэлт, хэрэгцээ байгааг харууллаа. Мөн манай улсын санхүүгийн зах зээлийн оролцогчид техник, технологийн хурдтай хөгжлөөс хоцролгүй алхаж байгааг харуулж байна. 

Энэ хугацаанд тус орчинд таван компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ туршсан. Одоогийн байдлаар нэг компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сэндбоксын орчинд амжилттай туршин Сэндбокс зохицуулалтаас гарч, 1 компани нь өөрсдийн шинээр нэвтрүүлж буй мөнгөний зах зээлийн платформын үйлчилгээг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр хугацаагаа сунгаж, гурван компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинээр туршиж байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар нийт дөрвөн компани өөрсдийн хөгжүүлсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Сэндбоксын орчинд туршиж байна.  

Түүнчлэн санхүүгийн зах зээлийн оролцогчдын зүгээс Сэндбоксын орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ туршихаас гадна өөрсдийн хөгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын талаар зөвлөгөө, мэдээлэл авах, одоо хэрэгжиж буй зохицуулалтын орчны талаар санал, бодлоо илэрхийлэх зэргээр Сэндбоксын албатай хамтран ажиллаж байна. Сэндбокс зохицуулалт нь нэг ёсондоо санхүүгийн зохицуулагч байгууллагууд болон технологийн шийдлийг нэвтрүүлж буй санхүү, технологийн компаниудыг холбох гүүр нь болж байгаа юм.  

-Цаашид Сэндбокс зохицуулалтын орчны хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна? 

-Сэндбокс зохицуулалт нь өндөр хөгжилтэй орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогоос хамааран хэд, хэдэн төрөл болон хөгжиж байна. Тухайлбал, Англи, Сингапур улсууд зохицуулалтын Сэндбоксоос гадна, инкубаторын үүрэг гүйцэтгэх илүү гарааны үе шатандаа яваа компаниудад зориулсан сэндбокс, шинээр нэвтэрсэн зохицуулалтад бүтээгдэхүүн, үйлчилгээг оруулахдаа дамжуулах зорилго бүхий хурдасгасан сэндбокс, их өгөгдөлд суурилсан дижитал сэндбокс, цаашлаад технологид суурилсан хяналт зохицуулалт буюу ректек, субтек гэх мэт олон төрлөөр сэндбокс зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Иймд бидний зүгээс Сэндбокс зохицуулалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахаас гадна, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх талаар холбогдох судалгааг хийж, бодлого боловсруулах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.  

Сэндбокс зохицуулалт маань технологид суурилсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах цор ганц арга хэрэгсэл биш, зөвхөн нэг хэлбэр нь тул цаашид бидэнд санхүүгийн зах зээлийн зохицуулалтад бусад төрлийн инновацын хурдасгуур хэрэгслүүдийг ашиглах, санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хяналтын үйл ажиллагаанд регтек, суптекийг нэвтрүүлэх зэрэг олон ажлууд хүлээгдэж байна.  

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)