Ц.МЯГМАРБАЯР

 

Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнээс эрчим хүчний бодит өртөг, хэрэгцээ, хэрэглээний  талаар зарим зүйлийг тодруулав.

 

-Эрчим хүч хэрэглэгчид өнөөдрийн байдлаар 1/ кВт.ц эрчим хүчийг ямар үнэ өртөгөөр худалдан авч байна вэ?

-Цахилгаан эрчим хүчний өртөг нэг к/Вт.ц тутамд 224 төгрөг байна. Хэрэглэгчдэд борлуулж буй үнэ дундажаар 211-213 төгрөгт хэлбэлзэж байна. Харин ахуйн хэрэглэгч 1/кВт.ц цахилгаан эрчим хүчийг 142  төгрөгөөр худалдан авч байна. Энэ нь бодит өртөгөөс 58 орчим хувиар доогуур түвшинд байна. Дулааныг өөрийн өртөгөөс нь  55 орчим хувиар доогуур үнээр эрчим хүчийг худалдан авч байна.

-Эрчим хүчний алдагдал нь  ямар эрсдэлийг даггуулж байна  вэ?

-Эрчим хүчний салбар 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Үйл ажиллагааны алдагдал нэмэгдэх тусам дулааны цахилгаан станцууд болон шугам сүлжээнд шаардлагатай засвар үйлчилгээг хийж чадахгүй хойшлуулах, шинэ тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэхгүй орхигдох эрсдэлтэй. Ингэснээр хэрэглэгчдийг найдвартай, аюулгүй эрчим хүчээр хангахад сөрөг нөлөөтэй. Тиймээс эрчим хүчний үнийг өөрийн өртөгт хүргэх зайлшгүй шаардлага үүссэн.

-Бодит өртөгт нь хүргэх гэхээр ахуйн хэрэглэгчдэд хүндээр тусах эрсдэлтэй гэдэг. Харин аж ахуйн нэгжүүдэд бол өнгөрсөн онуудад үнэ тарифд өөрчлөлт орсон нь алдагдлыг багасгахад нөлөөлөл үзүүлсэн үү?

-2022 онд зөвхөн аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үнэ  тарифт өөрчлөлт оруулсан. Аж ахуйн нэгжүүдийг хэрэглээгээр нь ангилж сард таван мянган к/Вт.ц  эрчим хүч хэрэглэсэн бол тарифыг 14, түүнээс дээш хэмжээгээр  хэрэглэсэн бол 28 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Дулааны эрчим хүчний тарифыг аж ахуйн нэгжид мөн 28 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Харин ахуйн хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй болно.

- Цахилгаан эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос хэд дахин дахин өсөн нэмэгдэнэ гэсэн тооцоо байдаг. Энэ тохиолдолд импортоор энэ  хэрэглээг хангах байх л даа?

 -Өсөн нэмэгдэх хэрэгцээг  2022 оны дүнгээр авч үзвэл өмнөхөөс  5.8  хувийн өсөлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 10.3 тэрбум  к/Вт.ц эрчим хүч хэрэглэсэн. Үүний 21 орчим хувийг импортоор худалдаж авсан. Тэгэхээр дотооддоо нийт хэрэглээний 79 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэсэн гэсэн үг.

-Тэгэхээр эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болтлоо  аваарын байдалтай ажилласаар байх уу?

- Шинэ эх үүсвэр баригдах тохиолдолд  Эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тарифаа батлуулах ёстой. Мэдээж өртөг  борлуулж буй дундаж  үнээс доогуур түвшинд байвал тухайн хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөөтэй.Тиймээс шинэ эх үүсвэр ашиглалтад орсон тохиолдолд үнэ, өртөг хөрөнгө оруулагчын сонирхолыг хангахуйц байх шаардлага үүсэх нь тодорхой.