Б.Дамдин-Очир

 

УИХ энэ хавар авлигын эсрэг томоохон эрх зүйн шинэчлэлт хийсэн хуулиудыг “үйлдвэрлэнэ” гэдгээ зарлалаа. Бас авлигын, тодруулбал, нүүрсний, Хөгжлийн банкны зэрэг хэрэгт холбоотой гишүүдийн асуудал яригдана. Энэ утгаараа, авлигын эсрэг “аймаар” чуулган болох төлөвтэй байна. Гэхдээ нэг том асуудал бий. Ингээд сайн сайн хууль гаргаад л байдаг. Гэтэл тэр бүхэн хэрэгжих итгэл үнэмшил хэр байна вэ. Сүүлд ил болсон авлига, албан тушаалын хэргүүд дээр мөрдөх байгууллага, прокурорууд хэр чадлаараа ажиллаад байгаа нь анзаарагдах болсон. Харин шүүх?!
Саяхан, судалгааны томоохон байгууллагууд “...Шүүхэд итгэх иргэдийн итгэл 90 хувь давтлаа унасан” гэдэг ноцтой  дүгнэлт бүхий судалгаа хийсэн талаарх мэдээлэл түглээ. Гайхаад байх дүн биш ч байгаад байж болохгүй дүгнэлт юм. 
Ер нь тэгээд “...Шүүгч, улстөрч, бизнесмэн гурав хамт сууж байгаад л бусдад “татгалзахын аргагүй санал” тавьдаг” гэсэн мэдээлэл ч яригдаад удлаа. “Татгалзахын аргагүй санал” гэдэг нь дарамт, шантааж гэсэн л үг шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө, 2023 оны гуравдугаар сарын 9-нд  Дээд шүүх Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцжээ.


Б.Баттүвшин нь ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байхдаа, Ш.Эрдэнэболдын “Онгиболд” компаниар дамжуулж, зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг дэмжиж, дээрх төсөлд 1 550 000 000 төгрөгийн санхүүжилтийг өгч, нөгөө хоёртойгоо хамт уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм. Гэтэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дарьсүрэн “...Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихжээ. Тиймээс Дээд шүүх “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй” гэж үзээд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэ хэрэг нь одоо шүүх дээр байгаа Хөгжлийн банкны хэрэгтэй агаар нэг. Өөрөөр хэлбэл, иймэрхүү явдлууд л шүүхэд ингэтэл нь эргэлзүүлчихээд байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)