Базарбямбын Нямсүрэн 

“Зууны мэдээ” сонин салбар сал­барын тэргүүлэгчид, шинийг санаач­лагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. 
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас өнгөрсөн сарын 31-нд улс орнуудын авлигын индексийг зарласан. 30 гаруй жилийн түүхтэй энэхүү байгууллага ямар шалгуураар, хэрхэн авлигын индексийг томъёолдог, тэр нь ямар чухал ач холбогдолтой байдаг талаар “Транспэрэнси Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргалтай ярилцлаа. 


Манай улсын хувьд өнгөрсөн жил 35 оноотой байсан бол энэ жил 33 оноо авч, 110-р байрнаас ухарч 116-д жагссан үзүүлэлтэй байгаа юм.


 
МОНГОЛ УЛСЫН ҮНЭЛГЭЭГ НАЙМАН ЭХ СУРВАЛЖААР ДҮГНЭДЭГ

 

Авлигын индексийг 13 хүртэлх эх сурвалжаар хэмждэг. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн форум, Ардчиллын олон талт байдал, эдийн засгийн эрсдлийн үнэлгээ зэрэг олон 13 хүртэлх эх сурвалжийн судалгаан дээр тулгуурладаг. Монгол Улсын хувьд 13 эх сурвалжаас найман эх сурвалж үнэлгээндээ хамруулдаг. Арга зүйн хувьд эх сурвалж бүр тус тусын шалгуур үзүүлэлттэй. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын хувьд авлига, хуулийн засаглалтай холбоотой үзүүлэлтүүдийг шалгуур үзүүлэлтээ болгож ашигладаг, зарим нь цөөн тооны асуумжаас бүрддэг бол тоон болон чанарын үзүүлэлт бүхий ярилцлага, бүхэл бүтэн цогц эрсдэлийн үнэлгээ, индекс хүртэл байдаг. Асуумж, судалгаа бүр улс орны ерөнхий дүр зураг гаргах зорилготой учир гадаад, болон дотоодын компаниуд байгууллагуудын удирдлагуудаас хөрөнгө оруулагчдад хандаж байгаа хандлага зэргийг холимог байдлаар авдаг. 
Монгол Улсын авлигын индексийн хувьд, оноо буурсан хэд хэдэн шалтгаан нөхцөл байна. 


Буурсан эх сурвалжийн хувьд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг эх сурвалж нь Монголын бизнес эрхлэгч удирдлагуудаас асуумж авч дүгнэдэг. Энэ эх сурвалжийн хувьд 34 онооноос 30, ПРС группийн улс орнуудын эрсдэлийн үнэлгээнээс 37 онооноос 32 болж тус тус буурсан нь манайд бизнес эрхлэхэд төрөөс ирдэг дарамт, шахалт ихэссэн, монополь болон шударга бус өрсөлдөөнийг хязгаарлаж чадахгүй байна гэж ойлгож болно.
Varieties of Democracy байгууллагын үзүүлэлтийн хувьд ардчиллын чухал шалгуур болох хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч хууль тогтоох болон хэрэгжүүлэх шат хэр авлигад өртөмтгийг харуулдаг. Дээрх үзүүлэлт дээр 34-өөс 28 болж буурсан. Энэ бол ард иргэдийн нүдэн дээр ил байдаг асуудал. Жишээ нь, олон тэрбум төгрөгийн хохирол улсад учруулаад хэдхэн сая төгрөгөөр торгуулаад өнгөрдөг, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэгтэй холбоотой. Гэтэл нөгөө талдаа гар утас давтан хулгайлаад хэдэн жилийн ял авдаг билээ. 

 

 

Блиц


Боловсрол:

2006 он: ШУТИС-КТМС
2008 он: АНУ-Иллиной мужийн их сургууль, 
2013 он: Канад Карлтон их сургууль
2018 он: Азербайжан Хазара их сургууль, 


Ажлын туршлага:

Олборлох салбарын ил тод байдлын шинжээч, бизнесийн шударга байдал комплаенсээр мэргэшсэн, мэдээллийн шинжээч (Дата экстрактор). Олон улсын төсөл, хөтөлбөр, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын авлига, ашиг сонирхлын зөрчил, ил тод байдлын чиглэлээр үнэлгээ, судалгааны ажил, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн.

 

 

АТГ-ААС ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙН 25 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ ШИЙДВЭРЛЭГДСЭН 

 

Монгол Улс, хөгжиж буй улс орны хувьд ард иргэдийн амьдралын баталгаа бага, төрийн албан хаагчдын цалин бага байгаа зэрэг нь petty corruption буюу жижиг хэмжээний авлига их гарахад нөлөөлдөг. Өндөр хөгжилтэй Европын улс орны жишээ татахад жирийн цагдаа, эмч нар нь ажлаа хийж байхад л амьдрал нь баталгаатай учраас жижиг хэмжээний авлига авч ажлын байраа эрсдэлд оруулах шаардлага байдаггүй. Харин өндөр албан тушаалтан буюу сайд нар нь хүртэл холбогдсон хэрэг тодорхой хэмжээгээр гардаг. Энэ нь эргээд жижиг хэмжээний авлигын хэрэг их гарч байгаа нь авлигын төсөөллийн индексд сөргөөр нөлөөлдөг. Манай улсад өндөр хэмжээний авлига мэдээж байгаа. Энэ нь ихэнх тохиолдолд байгалийн баялаг, тэдгээрийн хуваарилалттай холбогддог. Хөрөнгө орлогын мэдүүлэг тодорхой албан тушаалтнуудаас авдаг ч орлогоо давсан хэрэглээ нь хэн бүрийн нүдэн дээр ил байдаг. Байгалийн баялгийг удирдаж буй Төрийн өмчит компаниудад засаглал сул байгаа нь өндөр түвшний авлига гаарших, эдийн засагтаа дорвитой дэмжлэг болохгүй байгаа учраас мөн түрүүнд дурдсан жижиг хэмжээний авлига буурахгүй байна. 2018 оны судалгаагаар АТГ-с гэмт хэргийн шинжтэй гэж үзээд шүүхэд шилжүүлсэн хэргийн 25 хүрэхгүй хувь нь шийдвэрлэгдэж бусад нь хэрэгсэхгүй эсвэл тодорхой шалтгаанаар буцаагдсан байдаг. 

 

"Транспэрэнси Интернэшнл" байгууллагын үүсгэн байгуулагч Петер Эйгэний хамт. 2014 он.

 

ХОЁР ЭХ СУРВАЛЖИЙН ОНОО ДЭЭШИЛСЭН

 

Энэ жилийн авлигын индексээр хоёр эх сурвалжийн оноо тус бүр нэгээр дээшилж, гурван эх сурвалжийн оноо өөрчлөгдөөгүй. Монгол Улс Африкийн улс орнуудтай нэг хэмжээнд байна гэх мэтээр жишиж байна. Мөн оноо нь буурч байгаа 10 орны нэг гэж байгаа. 
Бүс нутгаар авч үзэх юм бол Ази номхон далайн улс орнууд (өндөр хөгжилтэй Япон, Өмнөд солонгос, Австрали, Шинэ Зеланд гэх мэт)-ын дундаж оноо 45. Эдгээр улсуудтай харьцуулахад Монголын 33 оноо харьцангуй бага юм. Харин пост совет улс орнууд буюу Зүүн Европ болон Төв Азийн улс орнуудын дундаж оноо нь 35 байгаа. Эдийн засгийн хувьд middle lower Income буюу бага дунд улс орнуудын дундаж оноо 33 байгаа нь Монголынхтой ижил байна. Сүүлийн таван жилд оноо нь буурч байгаа улс орнуудын хувьд Монгол багтаж байгаа бөгөөд дөрвөн оноо алдсан. Оноо нь буурч байгаа улс орнуудын эхэнд Их Британи улс долоон оноо алдсанаар бичигдэж байгаа. 

 

ТӨК-ИЙН ЗАСАГЛАЛЫН РЕФОРМ ХИЙСЭН АНГОЛ УЛС  

 

Авлигатай тэмцээд өндөр үр дүнд хүрч байгаа улс орнуудын сайн жишээ олон байна. 
2018 онд Ангола улс 19 оноотой 165 дугаар байранд жагсаж байсан бол өнөөдөр Монгол Улстай ижилхэн 33 оноотой 116 дугаар байранд жагсаж байна. Энэ улсын хувьд хууль тэгш үйлчлэх зарчим буюу бүх иргэдэд тэгш үйлчлэх эхэллээ тавьж чадсан. Үүнийг төр засгийн удирдагчдад авлигын хэрэгт оногдуулсан ял, тэдгээрийн хүүхэд, хамаарал бүхий этгээдүүдээс хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулсан зэргээс харж болно. Мөн төр засгийн удирдагчид нь авлигаас ангид, засаглал сайжрахын хэрээр улс орондоо хэрэгтэй шийдвэрүүд гаргаж эхэлсэн, эдгээрийн нэгийг дурдвал Төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулах реформ боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ТӨК- ууд нь тодорхой хэмжээнд авлигаас ангид байхад түлхэц өгсөн төдийгүй жирийн ард иргэд нь хүртэх ёстой байгалийн баялагтаа хяналт тавьж, үр шимийг нь хүртэж эхэлсэн.   

 

АВЛИГЫН ИНДЕКС ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

 

Авлигын индекс нь улс орнуудын эдийн засаг, нийгмийн байдлыг дүгнэхэд нэлээд томоохон шалгуур үзүүлэлт болдог. Жишээ нь, улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтооход нөлөөлдөг, ардчиллын хэм хэмжээг хэмжихэд ч томоохон үүрэг гүйцэтгэдэг. Мөн хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулахад хэр эрсдэлтэй байх зэрэг мэдээллийг авахад энэ үзүүлэлтийг бас голлон хардаг. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани сүүлийн 10 жилд 15 мянгаас 2000 болж буурсан. Үүнд цар тахлаас эхлээд олон хүчин зүйлс мэдээж нөлөөлсөн. Одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нь харахад Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд давамгай байдаг. Энэ нь магадгүй хөрш орны хувьд Монгол Улсад ирээд бизнесийн орчинтой нь танилцах, монгол түнштэй болоход дөхөм байдаг байж болох юм. Харин бусад улс орны хөрөнгө оруулагчдын хувьд аль ч улс оронд хөрөнгө оруулалт хийхдээ тухайн улс орны хүн, ам эдийн засгийн үзүүлэлтүүдийг судалхаас гадна хөрөнгө оруулалт хийхэд хэр эрсдэлтэй байх талаар дээрх эх сурвалжуудаас зарим тохиолдолд төлбөр төлж мэдээлэл авдаг. Нэг ёсондоо эрсдэл өндөртэй байх нь төлөвлөгдөөгүй буюу албан бус зардал, авлигад зарцуулагдах учраас хөрөнгө оруулалт хийхээс цааргалдаг. Энэ нь энгийн иргэнд яаж тусдаг вэ гэхээр өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад орлого бага хэрнээ яг ижил бүтээгдэхүүнийг зарим тохиолдолд нугалсан үнээр худалдаж авч байгаагаас харж болно.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)