Т.САЙХАН

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл хуралдаж, санал асуулгын асуултыг эцэслэн хэлэлцэв.
Зөвлөлдөх санал асуулгын асуултын үндсэн хувилбарыг Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 19-нд Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгчээ. Үндэсний статистикийн хороо асуултыг санал асуулгын программд оруулж, хуулийн дагуу эхний туршилт судалгааг хийсэн байна. Туршилт судалгаа явуулсны үндсэн дээр тус хороо асуултын томъёолол, найруулга болон хэлбэршлийн талаар тодорхой саналууд ирүүлснийг Зөвлөлдөх зөвлөл өчигдрийн  хуралдаанаараа хэлэлцэж, асуулт бүрийн эцсийн найруулгаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Ийнхүү зөвлөлдөх санал асуулгын асуултыг Зөвлөлдөх зөвлөл баталж, судалгаа авахад хэрэглэх эцсийн байдлаар Үндэсний статистикийн хороонд дахин хүлээлгэн өглөө.


Энэ талаар Үндэсний статистикийн хорооны  дарга Б.Батдаваа “Бид 1570 хүнийг хот хөдөө, нийгмийн янз бүрийн байдалтай хүмүүсээс түүвэрлэлтийн аргаар санал санал асуулга авахаар бэлтгэлээ хангасан. Түүвэрлэлтийг хийх шат болгоныг олон нийтийн хяналт, эрдэмтэн судлаачдын хяналтан дор хийсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын эхээр их сургуулийн багш судлаач, статистикийн чиглэлээр ажилладаг хараат бус хүмүүсийг цуглуулж түүврийн арга зүйг хэлэлцүүлж дэмжлэг авсан. Дараа нь түүврээ хийхдээ судалгаанд оролцох нэгжүүдийг мөн хяналтан дор хийсэн.

Үүнтэй холбоотой хяналт тавихаар Зөвлөлдөх зөвлөлөөс хяналтын комисс байгуулж ажиллаж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар хоёр үе шаттай санал асуулга зохион байгуулахаар заасан. Хоёрдугаар шатанд эхний ээлжид хамрагдсан 1570 хүний 50-иас доошгүй хувь нь Улаанбаатар хотод, Төрийн ордны их танхимд ирж оролцох ёстой. Эдгээр оролцох иргэний тоог 50-иас доошгүй хувьтай бүрдүүлэх нь маш том сорилт юм. Иймээс аймаг, нийслэл, тухайн засаг захиргааны нэгжийг уриалах, санал асуулгад оролцож буй иргэдийг Улаанбаатарт ирж оролцоогоо хангах талаас нь уриалга явуулах ажлыг орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтарч явуулахыг ЗГХЭГ-аас урилга хүргүүлж байгаа” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 18, 19 (7003, 7004)