Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд арваад хонолоо. НПГ-аас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.Одоогоор шүүх дээр ямар нэг “хөдөлгөөн”-д ороогүй байна. Тэр байтугай уг хэргийг шүүх бүрэн хүлээж авсан гэхэд ч хэцүү нөхцөл үүсчээ. Учир нь, анхан шатны шүүх шууд хүлээж аваад шүүгч нартаа хуваарилаад шийдүүлчих боломжгүй тогтоолыг ШЕЗ-өөс гаргасан байна. Энэ талаар ШЕЗ-өөс тогтоож өгсөн нийтлэг журмын дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавих эрх үүрэг бүхий Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тайлбар хийсэн байна.

 

Түүндээ “...ШЕЗ-ийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын  Нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна. Уг аргачлалын 3.1.2.4-т “...Цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн хуулийн этгээдийг НПГ-аас шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна” гэжээ. Эндээс харвал ШЕЗ-ийн тогтоолын дагуу хэрэг хүлээж авах гэвэл  80 хүн, дөрвөн хуулийн этгээд тус шүүх дээр “цуглах” ёстой болж байна. Товчхондоо, энэ тогтоол нь амьдрал дээр хэрэгжих, тэр тусмаа Хөгжлийн банкны хэрэгт үйлчлэх боломжгүй юм. Тиймээс Хөгжлийн банкны хэрэг ШЕЗ-ийн тогтоолын дагуу анхан шатны шүүх дээр арваад хоног “гацчихаад” байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)