Т.САЙХАН

 

Төрийн гурван өндөрлөг Шинэ жилийн мэндчилгээндээ юу онцолсон  талаар тоймлон хүргэж байна. 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 
-...Улиран одож буй 2022 он бол манай ард түмэн эх орныхоо байгалийн баялагт эзэн байх зүй ёсны шаардлагыг тавьсан.  Манай залуу үе нийгэмд хариуцлага, шударга ёс тогтоохыг шаардсан жил байлаа. Ард түмнийхээ дуу хоолой, хүсэл зориг, санал шаардлагыг соргогоор мэдэрч ажил хэрэг болгох явдал нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Монголчууд бид одоогоос 30 гаруй жилийн өмнө ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хийж чадсан гайхамшигтай ард түмэн. Ардчилсан ололт, амжилтаа бататгана гэдэг бол алдаа, оноогоо байнга засаж, шинэчлэн сайжруулж байдаг тасралтгүй хөгжлийн үйл явц юм. Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Цаашид баялагтаа эзэн монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод, нээлттэй болгох ёстой. Мөн ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. 


Хүн төрөлхтөн хүйтэн дайнаас хойших хамгийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Энэ эгзэгтэй үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал зүйл бол үндэсний эв нэгдэл юм. “Хот айл муудалцахад холын дайсан баярладаг” гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн. Иймээс бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ. Бидний цөөхөн Монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай. “Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээн Их Эзэн Чингис хаан сургасан билээ. Тиймээс Их эзэн хааныхаа үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ хадгалан хамгаалж, талцаж биш эвлэж, зөрчилдөж биш зөвшилцөж, тарж биш нэгдэж амьдрах нь монголчуудын хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх онд тогтолцооны өөрчлөлт хийнэ гэдгээ тодотгов.  Мөн тэрбээр “Ирэх 2023 он Монгол Улсын хувьд нийгмийн зөвшилцлийг хангаж, бугшмал асуудлуудаа даван туулах, алдаа дутагдлаа засаж, тогтолцооны шинэчлэл хийх, үнийн өсөлтийг зогсоох, экспорт, үйлдвэржилтийг идэвхжүүлэх зэрэг томоохон сорилтуудыг шийдэх жил байх болно. Энэ зорилгоор эдийн засаг, нийгэм, улс төр, засаглалын реформ хийх Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг УИХ-аас дэвшүүлж ажиллана. Нийгэмд нэгэнт үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь ирэх оны хамгийн чухал зорилт байх болно” гэжээ.  

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засаж, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна. Улиран одож буй 2022 он цар тахлын болон олон улсын геополитикийн хямралт байдлыг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад бүхэлдээ чиглэгдлээ. Харин 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд он солигдох торгон заагт нийт монголчууддаа итгэл төгс мэдэгдэж байна. Ирэх онд Шинэ сэргэлтийн бодлогоо улам эрчимжүүлсэн жил байх болно. Хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралдаа эргэн шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн жил байх болно. 2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалт идэвхжин сэргэх болно. 2023 онд нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шийдэж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшигийн хөндийд баригдаж шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх болно. 2023 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станц, эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх болно. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 1 (6986)