Б.ДАРЬСҮРЭН

“Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн”-ийг санаачлагч М.Бүжинлхамтай ярилцлаа.

-Энэхүү аяныг эхлүүлэх санаа хэрхэн төрөв. Одоогоор хэчнээн иргэн, аж ахуйн нэгж оролцож байна вэ?

-Дахивар авах явуулын станц буюу “Даяс” өдөрлөгийг хамгийн анх 2019 оны хавар хийж байсан. СХД-ийн Орчлон хорооллын иргэдээс үндэсний үйлдвэрлэгчдийн дахиж ашиглаж болох шилийг авч эхлүүлж байлаа. Анх удаа болохоор их олон шил цуглуулж чадаагүй ч манай “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авсан хүмүүс  Яармаг, Нисэх гээд холоос ирж байсан. Энийг хараад, дахиж ашиглаж болох зүйлсийг хаялгүй хадгалдаг, ангилдаг хүмүүс олон байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л хотхон, хорооллуудтай хамтраад манай улсад байгаа дахин боловсруулах үйлдвэрүүдийн чадамж болон онцлогт тохирсон бүх түүхий эд буюу дахивруудыг авч эхэлсэн.

Энэ удаа аравдугаар сарын 1-ний бямба гарагт 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өмнөх үйл ажиллагаануудын үр дүнд нийт 21.3 мянган тонн нүүрсхүчлийн хий ялгаруулах байсан дахивруудыг цуглуулж үйлдвэрүүдэд тушаасан байна билээ. Харин энэ удаа бид “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн “Хуванцрын хаягдалгүй дэлхий” хөтөлбөртэй хамтран хуванцраа ангилдаг СӨХ-дын дунд “Шилдэг СӨХ” уралдаан зарласан. Одоо хотхон хорооллоороо хогоо ангилдаг болох ёстой. Энэ соёл хүссэн хүсээгүй нэвтэрч байна. Тэгж байж л нэг талаар бидний үл хөдлөх хөрөнгөний үнэлгээ буурахгүй. “Иргэд шинээр байр худалдаж авахдаа хог хаягдлаа ангилж ялгадаг хотхоныг сонгох нь их давуу тал болж байна” гэж үл хөдлөх хөрөнгө зуучийн компанид байдаг найз маань хэлж байсан.

-Аянаас ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ. Сав түүн борлуулдаг иргэд цөөрсөнөөс хуванцар хог хаягдал ихэссэн?

-Цөөрвөл сайн л байна. Хэцүү ажил шүү дээ. Гэхдээ “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн хуванцар савны нийлүүлэгч TML үйлдвэр ашиглалтанд орох хүртэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд 20 мянган тонн хуванцрыг цуглуулсан байна. Үүнд дахивар нөөцийн цэгүүд, түүгчид томоохон үүрэгтэй оролцсон доо.

-Хамтран зохион байгуулж буй байгууллага олон байна лээ. Санал тавихад, хэрхэн дэмжив. М-Си-Эс Кока-Кола ХХК нь өөрөө хуванцар сав бүхий ундаа үйлдвэрлэдэг шүү дээ?

-Ямар ч байгууллагатай хамтарч ажиллах санал тавихад бүгд нааштай хүлээж авдаг. Яг хэрэгжүүлээд тууштай ажиллах эсэх нь л эргэлзээтэй. Учир нь дэлхий нийтээр хог хаягдлаа бүрэн шийдэж чадахгүй дэлхийгээ, далайгаа бохирдуулсаар байна шүү дээ. Тиймээс 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Үүнийг улс орнууд хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. Дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байгаа хүлэмжийн хийг бууруулахын тулд үе шаттай ажиллах ёстой юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр хичээж ажиллаж байгаа бизнесүүдийн үйл ажиллагаа цаашид тогтвортой байж, тэсэж үлдэх нь тодорхой болоод байна. Худалдан авагчдын хандлага ч эрс өөрчлөгдсөн. Тухайн үйлдвэрлэгч, импортлогчид байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж байж бизнес нь өргөжих, тэсэж үлдэх цаг үе ирсэн болохоор зөвхөн ашиг олно гэдэг зорилт тавьж ажиллах нь ямар ч бизнес алсдаа дампуурна л гэсэн үг.

-Танайх байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор хэчнээн ажил хэрэгжүүлж, ямар дүнг гаргав?

-Манай “Хоггүй Монгол” ТББ 2017 онд байгуулагдсан. Хог хаягдлын менежмент бүх талын оролцоог хангах, дэлхийн чиг хандлагыг сурталчилан таниулах, хэрэгжүүлэх зорилготой. Одоогоор бид Хогон мангас, Дахивар авах явуулын станц, “Байгууллагын болон сумдын хатуу хог хаягдлын менежментийн шийдэл” гэсэн гурван төсөлд төвлөрч ажиллаж байна.

“Хогон мангас” нь бага насны хүүхдэд хогоо ангилж хэрэглээгээ бууруулах нь байгалиа хайрлах эхний үйлдэл, хандлага гэдгийг ойлгуулж хэвшүүлэх зорилготой төсөл юм. Одоогоор гурван цуврал үлгэрийн ном, хүүхдийн жүжиг, хүүхэлдэйн кино бүтээсэн. 3-12 насны хүүхдүүдэд зориулсан төсөл юм. Багш нар, сургууль цэцэрлэгүүдийн сургалтанд ашиглагдаж байна. Ганцхан жүжиг маань л гэхэд манай улсад хэрэгжиж байгаа хог хаягдал бууруулах чиглэлийн төслүүдийн ачаар 20 мянга гаруй хүүхдэд хүрсэн. Ном маань нийт 10 мянга орчим хүүхдэд уншигдсан байна. Хүүхэлдэйн киногоо бид манайхаас сургалт авсан сургууль, цэцэрлэгүүдийн багш нарт үлдээгээд явдаг.

“Дахивар авах явуулын станц” бол хогоо ангилдаг, холиод хаяж чаддаггүй 100, 100 айл өрхөд тулгарч буй асуудлыг шийдэж өгдөг төсөл юм. Манай улсын хэмжээнд ажиллаж буй дахин боловсруулах үйлдвэрүүдийн чадамжинд тулгуурлан тэдний түүхий эдийг иргэдээс цуглууж аваад тушаадаг гэсэн үг. Ямар ямар дахиварыг хэзээ, хаана, хэдэн цагаас  авах тухай зарыг фэйсбүүкийн “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” хуудсаар түгээдэг. Ангилагчид маань тэр үеэр ангилсан дахивруудаа авч ирдэг өдөрлөг юм. Ангилагчдын хувьд ДАЯС бол баярын өдөр байдаг. Тэд юуны төлөө, яагаад хогоо ангилдаг вэ гэдээ маш сайн ойлгож байдаг учраас хэзээ ч төвөгшөөж байгаагүй. Халуун, хүйтэнд ч дахивруудаа машиндаа ачаад ирдэг. Хүүхдүүддээ зааж өгдөг. Энэ дашрамд хэрэглээгээ бууруулж хогоо ангилдаг, манай үйл ажлыг дэмжиж оролцдог бүх ангилагчиддаа талархдаг гэдгээ хэлье.

-Ярилцлагын төгсгөлд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд юу байна. Иргэддээ уриалга дэвшүүлээч?

Хийх ажил их байна. Хаягдал шил дахин боловсруулах үйлдвэрийнхээ ажлыг хурдлуулж, Монгол Улсдаа шил дахин боловсруулах үйлдвэртэй болохоор бид зорьж ажиллаж байна. Энэ бол ямар ч шийдэлгүй хаягдаж байсан шилийг эдийн засгийн эргэлтэнд оруулж нэмүү өртөг шингэсэн импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнийг өөрсдөө бүтээх, байгальдаа ээлтэй, нийгэмдээ хариуцлагатай бодитой үйлдэл болох юм.

Одоо бүх зүйл өөрчлөгдөж байна. Дэлхийн хөгжил, байгалиа авч үлдэх ёстой гэсэн бодлого юм. Тиймээс бид ч гэсэн хэрэглээд л хаяад байдаг энэ тойргоосоо салах хэрэгтэй. Би ганцаараа ангилаад ямар ч нэмэргүй гэж бодвол юу ч өөрчлөгдөхгүй. Харин гурван сая иргэн надаас их зүйл шалтгаална гэж үйлдэл хийх нь том өөрчлөлтийн эхлэл болно. Монгол муухай байна, болж бүтэх зүйл алга, гадагшаа гаръя гэж байгаа хүмүүсийг би жаахан гайхдаг. Бүгд гараад явчих юм бол энэ Монгол Улсыг тэгээд хэн өөрчлөх юм бэ? Үеийн үед л манай Монгол байна шүү дээ. Тэгэхээр ямар нэг болохгүй зүйл байвал өөрчлөхийн төлөө бүгд оролцож үйлдэл хийх ёстой л гэж боддог доо.

Эх сурвалж: www.polit.mn