Уул уурхайн 100 жилийн өндөрлөгөөс боловсруулах үйлдвэрийг тольдохуй

0
хуваалцах
138
үзсэн

Б.ОД

Монгол Улсын эдийн засгийн  гол тулгуур уул уурхайн салбарын 100 жилийн түүхэн ой өдгөө тохиож байна. Түүх сөхвөл, Монгол Улсад Ардын хувьсгал ялсны дараа шинэ засаг төрөө эмхлэн байгуулсан 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарч байв. Энэ өдрийг уул уурхайн салбар үүсэж хөгжсөн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг юм. Өнөөдөр 100 жилийн өндөрлөгөөс харвал төсвийн орлогын 30 орчим хувь, ДНБ-ий 25 хувийг уул уурхайн компаниуд бүрдүүлж байна. Энэ удаа боловсруулах үйлдвэрийн нүүр царай болсон “Ачит-Ихт” компанийг онцолж байна. Тус компани нь Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр зургаа дахь удаагаа шалгарсан юм.

 

Эрдэс баялгийг сорчлохгүй ашиглаж зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ

Лондонгийн металл биржийн гишүүн, “Ачит-Ихт” компани байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан, үүсмэл ордын хүдрийг боловсруулан, дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэх зорилготойгоор ажилладаг. Тус компани Лондонгийн металлын биржид гишүүнээр элссэн Монголын анхны хувийн хэвшлийн компани болсноос хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ.

Түүхэн замналын тухайд “Ачит-Ихт” компани нь балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг ашиглан, үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй 2010 онд байгуулсан байдаг. Тодруулбал, бидний сайн мэдэх “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, агуулга муутай, балансын бус, холимог хүдрийг  1978 оноос 2004 он хүртэл хоёрдугаар овоолгонд тавьсан юм. Балансын бус гэдэг нь ашиглах боломжгүй хэмээн ялгасан хүдрийг хэлдэг аж.

Энэ балансын бус хүдрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд “Ачит-Ихт” компани  санхүүгийн болон технологийн асар том эрсдэл үүрч ажилласнаар 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулсан нь өдгөө Монголын боловсруулах үйлдвэрийн сайн жишээ болж байна. Катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор балансын бус хүдрийн овоолгоос байгаль, цаг уурын нөлөөллөөр хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж ирсэн уусмалыг байгаль орчинд ээлтэй технологиор ногоон үйлдвэр болгож, “хаягдал”-аас баялагийг бүтээгч үндэсний үйлдвэрлэгч болсон юм. Үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш жилдээ 10 мянган тонн Лондонгийн металл биржийн “А” зэрэглэлд багтах 99.999 хувийн сорьцтой тунгаамал зэсийг үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд гаргаж байна. Найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “А” зэрэглэлийн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн горим нь хүний оролцоо багатай, бүрэн автомажсан, ажилтандаа ээлтэй, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан гэдгээрээ салбар нэгтнүүддээ үлгэр дуурайлал болдог юм.Ийнхүү “Ачит-Ихт” компани эрдэс баялгийг сорчлохгүй ашиглаж зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ гэсэн алсын хараатай ажиллаж байна.

Тус компанийн талаар Монгол Улсын анхны ерөнхийлөгч, ШУТИС-ийн зөвлөх профессор, академич П.Очирбат “Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хэмээн ялгасан хоёрдугаар овоолгыг ашиглах боломжтой гэсэн судалгааг “Ачит-Ихт” компани удаан хугацаанд хийсний эцэст жинхэнэ байгалийн баялгийг сорчилж ашиглахгүйгээр бусдын хаягдал гээд байгаа зүйлийг эрдэс баялгийн үнэт зүйл болгож ашиглах шийдвэрийг гаргасан нь сайшаалтай” гэсэн юм.

Мөн БНМАУ-ын Ашигт малтмалын нөөцийн улсын комиссыг тухайн үед удирдаж байсан  Д.Содном гуай “Бид бага агуулгатай, исэлдсэн хүдрийн овоолгыг балансаас хасаж байсан, тэр үед ийм хүдрийг ашиглах технологи байгаагүй. Харин одоо монгол залуус маань  барууны өндөр технологийг нэвтрүүлж, тэр хүдрийг ашиглаж байгаа нь тун сайшаалтай. Үүнд нь бид баярлах ёстой” гэж хэвлэлд ярьж байлаа.

 

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”

Байгуулагдсан цагаасаа хойш “Ачит-Ихт” компани нь Монгол улсын болон олон улсын хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг дэмжин үйлдвэрлэл эрхлэхдээ орон нутагт ажлын байрыг бий болгох замаар нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ хугацаанд нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу татвар, хураамжийг хуулийн хугацаанд нь төлж, үйлдвэр ашиглалтад орсноос хойш улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд нийт 258 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Уул уурхайн компаниудын хамгийн чухал зүйл бол аюулгүй ажиллагаа юм.  Тиймээс “Ачит-Ихт” компани үйлдвэрлэлийн бүх үе шатанд аюулыг тодорхойлох, эрсдэл ба боломжийг үнэлэх, дүн шинжилгээ хийж, хянан, эрсдэлийг удирдан ажлаа зохион байгуулдаг аж. Үүнээс гадна тус компанийн хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалах осол, гэмтэл, өвчлөлөөс сэргийлэх, ажлын байрны эрүүл, аюулгүй байдлыг үйл ажиллагаандаа эрхэмлэн ”Аюулгүй ажиллагаа- амжилтын үндэс” уриатай ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр шалгаруулдаг уул уурхайн салбарын “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар хоёронтоо шалгарч байсан нь тус компанийн аюулгүй байдал хэр сайн хангагдсаны баталгаа болов уу.

Дашрамд дурьдахад “Ачит-Ихт” компанийн дэлхийн зах зээлд гаргадаг катодын зэс хавтан нь анодын уусмалыг ашиглан электролитын аргаар зэсийн тунадас үүсгэн, цэвэршүүлэх аргаар гарган авсан хавтгай, зэсийн гадаргуу нь механик бохирдолгүй, гэмтэл хугаралгүй, Монгол Улсын MNS 4501:1997 стандарт, Лондонгийн металл биржийн BS EN 1978:1998 Copper Cathodes стандартуудыг хангасан бүтээгдэхүүнийг хэлдэг юм. “Ачит-Ихт” компани үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг дөрвөн удаа боловсруулж 2014 онд ТЭЗҮ-ээ ЭБМЗ-өөр батлуулж байжээ. Үүний дараагаар 2018 онд Үүсмэл ордын нөөцийг  ашигт малтмалын Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлж, 2019 онд ТЭЗҮ тодотголыг батлуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 180 (6912)