Б.ОД

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн Хоол судлалын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Коронавируст халдвар хоол хүнсээр дамжихаас сэргийлэх” сургалтыг зохион байгуулж байна.

НҮБ-ын ХХААББ, ДЭМБ-аас “COVID-19” хүнсээр дамжин тархаж болзошгүйг улс орнуудад анхааруулж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм, журам, стандартуудыг чанд дагаж мөрдөж ажиллахыг хүнсний хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж гаргажээ.

Мөн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 125 сая хүн (40 сая 5 хүртэлх насны хүүхэд) хоол хүнсээр дамжих өвчнөөр өвдөж 50 сая хүн нас барж байна.

Харин Монгол Улсын хувьд 2017-2020 онд хоолны хордлогын 51 удаагийн дэгдэлт бүртгэгдэж, 2326 хүн өвджээ. Нийт дэгдэлтийн 29 хувь нь гэр бүлийн хүрээнд 23 хувь нь хүүхдийн байгууллага, 22 хувь нь албан байгууллагын хоолны газар, ресторан, зоогийн газарт тус тус гарсан болохыг мэргэжилтнүүд хэлж байв.

Энэ үеэр НЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны Гэдэсний халдварын тасгийн дарга Б.Энхтунгалаг “Дэлхийн хэмжээнд жил бүр 10 хүн тутмын нэг нь бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас 420 сая хүн цаг бусаар нас барж байна.  Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал анхаарах ёстой асуудлын нэг мөн. Эрүүл мэндийн статистикийн судалгаагаар нийт халдварт өвчний 20 хувь нь гэдэсний халдварт өвчин байх жишээтэй. Иймд хүнсний аюулгүй байдал аль ч улс орны хувьд нийгмийн болон хувь хүний эрүүл мэндийн хувьд нэн чухал асуудал” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn