Ч.ГАНТУЛГА

Монголын тал нутаг, өргөн дэлгэр хөвч хангай олон төрлийн ан амьтдаар элбэг. Манай оронд 130 гаруй зүйлийн хөхтөн амьтан нутагладгаас экологид ээлтэй, улирлаар зүс нь хувирдаг баданга хүдрийг мэдэх хүн ховор. Энэ амьтныг судалдаг хүн ч гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг ажээ. Хүдэр нь нэн ховор амьтны тоонд орж, устахад хүрээд буй юм. 1996-2001 оны тайлангаар 2500-3000 толгой бий гэсэн судалгаа гарч байсан. Гэтэл 2020 оны байдлаар 300 хүрэхүй толгой байна гэсэн тоо гарчээ. Хүдрийн эрийг гирээ, эмийг гирэгчин, төлийг нь шовшоорой гэдэг. Энэхүү амьтан нь бүлэрхэж амьдардаг онцлогтой. 5-6 хүдэр нэг бүл болдог юм байна. Нэг бүлд эм шовшоорой төрвөл том болсон хойноо бүлээ орхиж, өөр эр хүдэртэй нэгдэж, өөрийн бүлийг бий болгодог ажээ. Баданга хүдэр ховордох болсон гол шалтгаан нь эр хүдрээс ялгардаг тансаг үнэрт заар юм. Энэ нь дэлхийн зах зээлд өнөөдөр алтнаас илүү үнэтэй байдаг бөгөөд Европын орнуудад гоо сайхны бүтээгдэхүүн, уламжлалт эмчилгээ, тансаг үнэрт сүрчиг гаргаж авахад хэрэглэдэг аж. Тиймээс хүдрийг нууцаар агнах тохиолдол элбэг байдаг юм байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад баданга хүдэр хүйсийн хувьд тэнцвэргүй болжээ. Тиймээс өсөж үржих нөхцөл нь хязгаарлагдаад байгаа юм. Анх энэхүү хөхтөн нь Бүрэнгийн нуруу, Бүтээлийн нуруу, Хантай, Харлаг, Эвэртийн нуруугаар элбэг байдаг байжээ.  Харин сүүлийн жилүүдэд нэн ховордсон учир Архангай аймгийн Булган, Ихтамир  сумын нутгаас баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг БОАЖЯ гүйцэтгэсэн аж. Байгалиас хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гардан хийжээ. 

 

Хүдэр жилд нэг шовшоорой төрүүлдэг

Гирээгээс ялгарч буй заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт л байдаг юм байна. Энэхүү заар нь хүдэр өсөж үржихэд олон талын ашигтай. Учир нь ороо орсон эр хүдрийн үнэрээр эмэгчин нь түүнийг олж, хээлтдэг аж. Мөн эр хүдэр бусдыгаа удирдаж, тэргүүн эгнээнд явдаг. Ингэхдээ бүлээр амьдрах эзэмшил газарт заараа цацаж, нэг ёсондоо тэмдэг тавьдаг. Цацсан үнэрээр бусад хүдэр явах зүг чиг, эзэмшил газраа мэдэж авдаг онцлогтой. Хүдэр судлалаар Монголд гаршсан эрдэмтэн нь Монгол Улсын зөвлөх мал зүйч, хүдэр судлалын доктор Д.Дэлэгням юм. Тэрбээр “Миний хувьд хүдрийн үржлийн биологийг түлхүү судалж, хээлтэх хугацааг тогтоолоо. Хүдэр арваннэгдүгээр сард хээлтүүлгэд орж, зургаан сар тээдэг. Энэ тухай өмнө нь судлаачид тодорхой бичиж тэмдэглээгүй байдаг. Оросын эрдэмтэд ч нарийн тогтоогоогүй юм билээ. Барагцаалбал тийм хугацаанд тээдэг юм шиг байна гэж бичсэн байдаг. Би үүнийг нарийвчилж судлаад, үржлийн карт, баримт бий болгосон. Намайг анх судалгааны ажлаа эхэлж байхад надад багш, сурах бичиг, судалгаа гэж байсангүй. Би өөрөө л бодитоор ажиглаж, сурахаас өөр арга байхгүй байлаа. Тиймээс эхээс төрж байгаа үйл явц, газар гишгэж буй гээд бүгдийг нь зураг авч, видео бичлэг хийж, баталгаажуулсан. Хүдэр жилд нэг шовшоорой л төрүүлнэ. Гэхдээ ихэрлэх магадлалтай” гэжээ.

 

Нэг хүдэр 25 гр заар ялгаруулдаг

 

Баданга хүдрийг 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховордсон амьтнаар, Монгол Улсын улаан номонд, зэрлэг амьтан  ба ургамлыг аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэсэн. Нас биед хүрсэн хүдрээс 25 гр заар ялгардаг ажээ. Уг нь хүдрээс заарыг нь авахдаа нойрсуулах арга хэрэглэхийг зөвшөөрдөг. Гэвч манай хууль бус анчид энэ аргаар бус шууд агнахыг илүүд үздэг гэнэ.  Тиймээс тоо толгой нь өдрөөс өдөрт багасч, өнөөдөр устахад хүрээд байна.  Баданга хүдэр нь хүрэн бор зүстэйгээс гадна хондлой, зоо, нуруу, биеийнхээ хоёр талаар бүрхэгдсэн шар толботой. Шанаандаа хоёр цагаан зураас бүхий сааралдуу тэмдэгтэй. Нас биед хүрсэн хүдэр нь 1.6 метр өндөртэй байдаг аж. Энгийн 40 гаруй ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэргээр хооллодог юм байна.

 

Баданга хүдрийн тухай сонирхолтой баримтаас

 

♦ Баданга хүдэр ямаа, гөрөөстэй адил амархан төллөдөг амьтан. Богино хугацаанд буюу 4-5 минутад дүлээд төлөө гаргачихдаг ажээ. Төрөхдөө нууц байдалд төллөнө. Хүн хараад байвал дүлж чаддагүй. Ихэнхдээ 650-700 грамм жинтэй, муурын зулзага шиг цоохор шовшоорой төрүүлдэг аж.

♦ Хүдэр өвлийн эхэн сард гэдсээ татаж, нэгнээ хазаад, догширч эхэлдэг ажээ. Үүнээс гадна ихээхэн сонор сэрэмжтэй амьтан гэнэ. Унтана гэж бараг үгүй, байнга зогсоо байж эргэн тойрноо ажигладаг юм байна.

♦ Хүдэр нь аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуу гаргадаг. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орж, хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг байна. Өөрөөр хэлбэл, хүдэр нь “Ойн амьтдын цагдаа" ажээ.

♦ Жилийн дөрвөн улиралд өөр, өөр өнгөтэй болдог. Тиймээс зарим судлаачид Хамелон гэж нэрлэдэг ажээ. Зун цэцэг шиг цоохор, намар шаравтар өнгөтэй болдог юм байна.

♦ Хүдэр дээд тал нь  10-12 жил насалдаг. Энэ амьтан нь дэлхийн 10 гаруй оронд л тархжээ. Амьдралын хувьд илүү нууцлагдмал бөгөөд шөнийн цагаар илүү соргог, амьдралын идэвхитэй болдог нь судлаачдын судалгаагаар нотлогдсон байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 124 (6856)