Б.ОД

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тус хуулийн төслийг олон нийтэд хэлэлцүүлж эхэлснээс хойш доромжлох, худал мэдээлэл тараах гэсэн заалт хүн бүрийг гэмт хэрэгтэн болгох нь гэсэн шүүмжлэл дагуулсан.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийн хуучнаар гүтгэх одоо бол худал мэдээлэл тараах гэмт хэргээс илт худал мэдээлэл тараасан бол гэдэг заалтын илт гэдгийг хассан байна. Тэгэхээр худал мэдээлэл тараасан бол гэмт хэрэг болох нь. Худлаа ярьдаг хүн болгон ял эдлэх болчихоод байна. Доромжлохыг бол дэмжихгүй байгаа. Ер нь монголд нэр хочгүй хүн гэж байхгүй. Энэ болгоныг яллах уу” гэж асуулаа.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэсэн өгүүлбэрт хоорондоо худлаа ярих тухай нэг зүйл ч байхгүй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүчингийн гэмт хэрэг хийсэн гэж олон нийтийн сүлжээгээр тараахыг хэлж байгаа юм.Түүнээс биш хоорондоо худлаа ярих, мэтгэлцэх, цаашлаад доромжлох, шооч үйлдэл, зан гаргах тухай огт яриагүй. Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол торгуулийн ялтай болж байгаа. 
Доромжлох гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон зан суртахууны шаардлагын хэм хэмжээ, хүний үндэс, зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ. Түүнээс биш бие биедээ нэр хоч өгсөн үйлдлийг ойлгохгүй гэж дээд шүүх тайлбарласан” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn