Ч.ГАНТУЛГА

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхижуулах хөтөлбөрт “Зууны мэдээ” сонины хамт олон амжилттай хамрагдлаа. Хөтөлбөрт хамрагдах редакцийг  хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулсан бөгөөд өдөр тутмын сониноос “Зууны мэдээ”, цахим мэдээллийн сайтаас “Go Go”, телевизээс “Малчин” телевиз сонгон шалгаруулалтын болзол хангаснаар нийт 12 цагийн хөтөлбөрт хамрагдаж, мэдлэгээ баталгаажуулах эрхтэй болсон юм. Эхний өдрийн хөтөлбөр үндсэн дөрвөн төрлийн мэдээлэл олгосон бөгөөд үүнийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн багш Ц.Чимэддондог нар удирдаж, сургалтыг зохион байгуулав. Сургалтын эхний өдөр “Сэтгүүл зүйн үнэ цэн: Бидэнд яагаад жендэрийн линз хэрэгтэй вэ” сэдвийг баяжуулж  Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн ач холбогдол, үр ашиг нь юу болох, Жендэрийн эрх тэгш байдлыг редакцийн бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйн салшгүй чухал хэсэг болох, Зорилгоо хамтдаа тодорхойлсноор сэтгүүл зүйн суурь зарчмаа хэрхэн баталгаажуулах тухай мэдээлэлтэй болсон юм.

Д.Мөнхчимэг багшийн хувьд сэдэв бүхнээ бодит жишээн дээр тулгуурлаж, харилцан ярилцах, мэдээлэл солилцох журмаар хичээлийг улам сонирхолтой болгож байлаа. Харин Ц.Чимэддондог багшийн “Мэдээллийн хэрэгцээ: Хүмүүс юу сонирхдог вэ, Амьдралын үнэ цэнийг нийтлэл бичвэрт тусгах нь” хичээлээр олон нийтийн мэдээллийн хэрэгцээний үндсэн гурван шинж болон мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох зургаан алхамтай танилцсан юм. Эхний өдрийн хичээлийн хамгийн сонирхолтой сэдвийн нэг нь “Шинэ тренд: Олон улсын шилдэг туршлагаас суралцах нь” сэдэв байв. Энэ хичээлээр дэлхийд алдартай “BBC” телевизийн жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хэрхэн үйл ажиллагаандаа амжилттай тусгасан бодит жишээг ярилцсан юм. Тус телевиз жендэрийн эрх тэгш байдлыг бий болгохын тулд “50:50” төслийг хэрэгжүүлсэн нь санаанд оромгүй үр дүнг авчирчээ. Энэхүү санаачилга нь бодит байдлыг шударгаар төлөөлөх сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн контентыг байнга бий болгох тал дээр BBC төдийгүй дэлхий даяар байгууллагуудад урам зориг өгөх, дэмжих зорилготой байжээ. Энэхүү ажил нь дөрвөн жилийн өмнө BBC-ийн Лондон дахь редакцаас эхэлсэн байна. Тэд нэг мэдээний нэвтрүүлэг дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг хэмжих, нэмэгдүүлэх энгийн санаа гаргажээ. Тэр цагаас хойш тус телевизийн 690 хэлтэст зөвхөн мэдээ төдийгүй бүх платформ дахь агуулгын багууд нэвтэрчээ. Мөн дэлхийн 26 орны 120 гаруй байгуулага BBC-тэй түншлэн энэхүү аргачлалыг нь ашиглаж байна. Жендэрийн хувьд мэдээ, нэвтрүүлгүүд эрх тэгш болсноор тус сувгийг үзэх үзэгчдийн тоо нэмэгдэж, орлого санхүүгийн хувьд ч таатай нөхцөл бүрдсэн бодит үр дүнгүүд  гарсан ажээ. Яг үүн шиг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жендэрийн мэдрэмжтэй байж, хүйсийн тэгш байдлыг эрхэмлэн эх сурвалжаа сонгох нь чухал тухай багш нар онцолж байв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 106 (6838)