Зэс “ирээдүйн металл” болно. Яагаад гэвэл, техник технологийн эрин зуунд олон зүйлс нүд ирмэхийн зуур хурдацтай өөрчлөгдөж, хиймэл оюун ухааны хөгжил төсөөлж байгаагүйгээр тэсрэлт хийж байна. Шатахуун ашигладаг авто машинаас цахилгаан хөдөлгүүр рүү, нүүрс ашигладаг станцаас сэргээгдэх эрчим хүч рүү гээд дэлхий дахинд эко “нүүдэл” хэдийнээ эхэлчихсэн. Зэс цахилгаан тээврийн хэрэгслийн технологийн амин сүнс нь. Бас зэс халдвараас сэргийлдэг. Зэс байгалийн гаралтай нянгийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна зэс гадаргууг эмнэлгийн орчинд ашигласнаар халдварын тархалтыг бууруулдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс зэсийн эрэлт дэлхий дахинд жил бүр 1.5-2.5% -иар өсөх төлөвтэй байна.
Яагаад зэсийг ийнхүү онцолж дурдаад байна гэхээр “ИРЭЭДҮЙН ҮНЭТ МЕТАЛЛ” -ын нөөцөөрөө Монгол Улс дэлхий дахинд дээгүүрт эрэмбэлэгдэх болов. Дэлхийн улс орнууд зэсийн ирээдүйг урьдчилан таамаглаж, “шатрын хүүг” онож нүүж, хожил авчрахын төлөө холыг харсан тоглолтууд хийж байхад Монголын тал нүдээ аниад сууж байж таарахгүй.
“Эрдэнэт” үйлдвэрийн геологичид “Оюут” нэртэй зэсийн шинэ ордын нөөцийг тогтоож чадлаа. Урьдчилсан хайгуулын дүнгээр 357.0 сая тонн хүдрийн нөөцтэй болох нь тогтоогдов. Шинээр “Оюут” ордыг нээснээр “Эрдэнэт” үйлдвэр 100 жил ашиглах нөөцтэй боллоо гэж мэргэжилтнүүд мэдээлээд байна.
Үүний араас Монголын зэсийн ордтой холбоотой нэгэн мэдээлэл олон улсад анхаарлын төвд орлоо.
Тодруулж хэлбэл, 2025 оны 9-р сард Канадын The Northern Miner сэтгүүл хайгуул хийгдэж байгаа зэсийн агууламж,нөөц өндөртэй топ-20 ордыг зарласан байна. “Онтрэ” компанийн эзэмшиж байгаа лиценз энэхүү жагсаалтыг тэргүүллээ.
Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноороо дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болж буй. Тэгэхээр Оюутолгойн араас Онтрэ, Оюутын орд Монголын зэсийн ирээдүйг тодорхойлох нь. Ийм нөхцөл байдал өрнөж байхад Монгол Улс зэсийн талаарх баримтлах бодлогоо тодорхой болгож, “Онтрэ”-гийн эзэмшлийн ордод ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ үзэглэж, “үүцээ” дэлгэх цаг ирлээ.
Оюутолгойн орд бол Монгол Улсын стратегийн хамгийн том ордуудын нэг. Энэ бүлэг орд дээр таван лиценз олгосны хоёр нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд буй. Хайгуулын түвшинд зэс үйлдвэрлэгч, олборлогч “акулууд”-ын овоо хараанд өртөөд, олон улсад толгой цохиод байгаа нөгөө орд шүү дээ.
Тодруулж хэлбэл, 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Рио Тинто”-гийн эзэмшлийн талбайн хоёр талд “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн талбай байдаг гэсэн үг. Тус компани 2003 оноос хойш 22 жилийн турш энэ ордыг эзэмшиж байгаа юм.
Гэтэл өнөөдөр ямар нөхцөл байдалд өрнөв гэхээр “Рио Тинто” Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улстай нэгэнт байгуулсан, шинэ дүрэм зохиохгүй гэж тулгаж байна. Өөрийн боловсруулсан ТЭЗҮ-дээ “Онтрэ”-гийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайг багтаан, Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тогтворжуулалтуудыг эдэлж, давуу боломжуудыг ашигласаар байхаар тооцоолжээ.
“Рио тинто Монгол” компанийн захирал Х.Амаржаргал “2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Оюутолгойн гэрээт талбайд таван лиценз орж байгаа. Үүний хоёр нь “Онтрэ”-гийн хоёр лиценз юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээг тусад нь байгуулах асуудал яригдахгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Алдаа мадаг ихтэй, өнөөг хүртэл монголчуудын шүүмжлэлийн бай болсон энэ гэрээ нь хөрөнгө оруулагч талд илүү ээлтэй, өгөөжтэйг цаг хугацаа, үр дүн харуулсаар буй. Анх гэрээ байгуулагдахад Монголын тал өгөөжийн 53 хүртэлх хувийг хүртэнэ гэж тайлбарлаж байсан ч өнөөдөр бодит хөрсөн дээрээ 34 хувьдаа ч хүрэхгүй байна.
“Онтрэ” компанийн эзэмшлийн орд дээр шинэ гэрээ байгуулах эрх зүйн боломж Монгол Улсад бүрэн бий. Учир нь, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар тухайн компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 хувийг эзэмшинэ, Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоно….Засгийн газар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ гэж тусгасан байдаг.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7 -д Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд УИХ-аар орж хэлэлцэнэ гэж заасан байгаа.
Тэгэхээр “Онтрэ”-гийн лиценз стратегийн ордод хамаарах учир Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Тиймээс 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших үү эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлээд Засгийн газар хөрөнгө оруулагчтай хэлэлцээрийн ширээний ард суух л үлдээд байна.
Монголын тал шийдлээ хурдан гаргаж, нүүдлээ түргэсгэж, алдсан алдаагаа ухаарч, шинэ боломж, нөхцөлийг тооцлохгүй бол 2025 оны 2-р сард Оюутолгой компани Онтрэ компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулчихсан байна. Хоорондоо ашгаа 20:80 хуваана гэж тохироод батлагаажуулжээ. Үүнийгээ Монголын талд огт мэдэгдээгүй гэж Засгийн газрын гишүүд, сайд, албан тушаалтнууд илэрхийлээд байна.
Хашаанд тэжээж байсан үхрийн жинхэнэ эзэн нь шийдвэрээ гаргаагүй байхад хамтрагч хоёр нь нядлаад махыг нь борлуулж ашгаа хоёулаа ингэж хуваана гэж ханцуй дотроо наймаалцсантай адил зүйл болжээ. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг.
Тиймээс Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг үндэслэн Оюутолгойн гэрээн дээр гаргасан алдаанаасаа суралцаж, “Онтрэ” дээр сайн жишиг тогтоох боломж бүрдлээ.
Х.Тамир