Ц.БАЯР

 

Ил тод, хариуцлагатай уул уурхайн дэлхий нийтийн түншлэл болох Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлүүд болон эрдэс баялгийн салбарт ил болж буй бусад төрлийн өгөгдөл, мэдээллийг оролцогч талуудын итгэлцлийг бэхжүүлэхэд бодлогын түвшинд ашиглахаар болжээ.

Энэ зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац УУХҮЯ-тай иргэд болон төрийн албан хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг энэ сарын 13-нд байгуулав.

Арга хэмжээнд төрийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, “Уул уурхай ба орон нутгийн иргэд: итгэлцлийг бэхжүүлэх нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал уул уурхайн салбарын урт хугацааны бодлогыг танилцуулаад, “Өнөөдрийн арга хэмжээ мэдээллийн тэнцвэргүй байдлыг бууруулахад чиглэж байгаа бөгөөд оролцогч тал бүр ойлголтоо нэгтгэх нь чухал” гэдгийг онцолсон юм. Хөрөнгө оруулагч, нутгийн иргэд хоорондын ойлголцлыг нээлттэй өгөгдөлд түшиглэсэн бодит мэдээллийн тусламжтай сайжруулж, үр дүнд нь төрийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг оролцогч талуудад таниулах, ойлголтыг нэгтгэхэд хэлэлцүүлэг чиглэгджээ. 

УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт эрдэс баялгийн салбар нь ирэх 20-30 жилд ч Монголын эдийн засгийн тулах багана хэвээр байх бөгөөд хамгийн гол нь олон улсын стандартын дагуу ил тод, хариуцлагатай байна гэдгийг тунхагласан. Тиймээс одоогийн Засгийн газар ч уул уурхайн засаглалыг хариуцлагатай, ил тод болгохоор “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж буй. Эхний ээлжинд хайгуулын салбараа идэвхжүүлэхээр тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж эхэлсэн. Энэ нь орон нутгийн иргэдтэй одоогийнхоос илүү ойлголцож байж уг бодлого амжилттай хэрэгжинэ гэсэн үг. Тиймээс талуудын ойлголтыг нэгтгэж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгахад нээлттэй өгөгдлийг илүү сайн ашиглах нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилготой нийцэж буй аж.

Одоогоор Монгол Улсад эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг бий болгож буй 51 мэдээллийн сан байгаа юм байна. Эдгээрээс томоохон нь АМГТГ-ын Кадастрын бүртгэлийн систем, БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн сан, ОҮИТБС-ын Ereporting.eitimongolia.mn цахим систем юм. Эдгээр болон бусад санг ашиглан тусгай зөвшөөрөл, орлогын дахин хуваарилалт, байгаль орчны болон худалдан авалт, ханган нийлүүлэлтийн мэдээллүүд гээд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд тулгуурлан нээлттэй өгөгдлүүдээ эрэмбэлэн ил тод болгох юм байна. ОҮИБС нь Ereporting.eitimongolia.mn цахим системээр дамжуулан ил тод байдлыг хангах олон улсын стандартын дагуу нийт 29 хавсралтаар 100 гаруй төрлийн мэдээллийг компаниудаас хүлээж авдаг бөгөөд 2022 оны байдлаар уурхайн компаниудын 2006 оноос хойшх тайлагнасан 14 мянга гаруй тайлан цахим хэлбэрээр байршиж байна.

Нээлттэй өгөгдлүүдийн ашиглалтыг нэмэгдүүлснээр олон нийт, орон нутгийн иргэд хариуцлагатай ба хариуцлагагүй уул уурхайн зааг ялгааг мэддэг болж, Үндсэн хуулийн 6.2-т заасан газрын хэвлийн баялгийн өгөөжийг тэгш, шударга хүртэх боломж нэмэгдэнэ.

Нээлттэй өгөгдлийн ач холбогдлын талаар ОУСК-ын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Уул уурхайн хөрөнгө оруулалтын өгөөжийг оролцогч тал бүр эн тэнцүү хүртэхэд дэмжлэг болохын тулд ил тод байдлыг үр дүнтэй хангах, өгөгдөл мэдээллийг ашиглах туршлага чухал” гэсэн юм.

Ялангуяа ажлын байр шинээр бий болгох, ханган нийлүүлэлтэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах боломжийг нээх гээд уул уурхайн эерэг нөлөө, түүнчлэн иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй байгаль орчин, нийгмийн эрсдэлийг орон нутаг бодитой ойлгож мэдэх гээд олон чухал мэдээллийг нээлттэй өгөгдлийн тусламжтай олж авдаг. Тиймээс санамж бичгийн үр дүнд хөрөнгө оруулагчид, орон нутаг хоорондын харилцан итгэлцэл бэхжиж Монгол Улсад уул уурхайн салбар тогтвортой, хүртээмжтэй хөгжихөд түлхэц болно гэж ОУСК үзэж буй аж.

ОУСК-ын “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа өгөгдлийн сангийн ашиглалтыг сайжруулж, мэдээллийн тэгш бус байдлыг арилгахын тулд юуны өмнө хүлээн авагчийн хэрэгцээнд нийцүүлэх, баталгаатай, шинэлэг байх, нээлттэй өгөгдлийн форматтай байх, ашиглах ур чадвартай байх зэрэг сорилтуудыг даван туулж байж сая нээлттэй өгөгдөл итгэлцлийг бэхжүүлэх үүргээ гүйцэтгэдэг олон улсын туршлага байдгийг учирласан юм.

 

ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон:

-Бид www.eitimongolia.mn, www.ereporting.eitimongolia.mn гэсэн хоёр цахим хуудсаар дамжуулан ОҮИТБС-ын талаарх мэдээлэл, нээлттэй өгөгдлүүдийг олон нийтэд хүргэж байна. ОҮИТБС-ын нээлттэй өгөгдлийг төрийн байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийнхэн, сэтгүүлчид ашигладаг хүмүүс бий. Гэхдээ хангалттай гэж хэлэхэд эргэлзээтэй. Компани, төрийн байгууллагуудаас тайлан хүлээж авдаг үед хандалт маш өндөр байдаг. Бид мэдээллээ илүү ойлгомжтой болгож, олон нийтэд хүргэх, өгөгдлийн ашиглалтыг сайжруулах тал дээр байнга л ажиллаж байгаа.

 

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан:

-Тухайн төслийн нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд л мэдээлэл хүргэх нь хамгийн чухал. Яагаад гэвэл тэд ил тод мэдээллийн эцсийн хэрэглэгч юм. Тэднийг мэдээллээр хангана гэдэг салбар хоорондын уялдаа шаардсан ажил. Зөвхөн УУХҮЯ гэлтгүй олон яам, агентлаг мэдээллүүдээ ил тод, ашиглагдахуйц болгох нь чухал. Сумын түвшинд ялгаагүй. Ингэж салбар хоорондын уялдааг хангахын тулд уул уурхайн хамгийн их мэдээллийг ил тод болгож буй ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийг УУХҮ-ийн Сайд биш Ерөнхий сайд юм уу, ЗГХЭГ тэргүүлэх хэрэгтэй байгааг зөвөөр ойлгох хэрэгтэй болов уу.

Уул уурхайг тогтвортой хөгжилд чиглүүье гэвэл БОАЖЯ, ХНХЯ ч УУХҮЯ-тай зэрэгцэн манлайлах хэрэгтэй.

 

“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн асуудал эрхэлсэн ерөнхий менежер Г.Сугар:

-Оюу толгой төслийн үе шат болгонд орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээ өөрчлөгдөж байсан. Жишээ нь, хайгуулын үед байгаль орчны мэдээллийг илүүтэй сонирхож байсан бол төслийн бүтээн байгуулалтын үед ханган нийлүүлэлт, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой мэдээллийн хэрэгцээ нэмэгдсэн. Харин олборлолт явуулж эхлэхэд усны менежмент, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө хэрхэн зохицуулж байгааг, цаашлаад тогтвортой үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангадаг талаарх мэдээллийн хэрэгцээ нэмэгдэж ирсэн. Ер нь орон нутгийн иргэдтэй ойлголцох тусгайлсан жор байхгүй. Энэ бол хоёр талаасаа хүчин чармайлт шаардсан, урт хугацааны хамтын ажиллагаа байдаг.

 

“Эдийн засгийн судалгааны хүрээлэн”- ийн захирал Б.Түвшинтөгс:

-Уул уурхайн компаниуд тухайн орон нутагт зам тавих, сургууль барих нь нийгмийн лиценз авахад нэг их тус болдоггүй. Хамгийн гол нь идэвхтэй харилцаж, үйл ажиллагаагаа чанартай тайлбарлаж чадвал орон нутгийн иргэд сайн хүлээж авдаг. Уул уурхайтай л бол амьжиргаа сайжирдаг гэсэн ойлголт байдаггүй, олон улсад ч тэр. Амьжиргаанд эерэг нөлөөтэй тодорхой хэдэн төслүүд л бий. Тиймээс иргэдтэйгээ ойлголцож, амар тайван байдлаа хангахад мэдээлэл өгөх нь хамгийн чухал.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)