Яам дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулахыг хориглоно

0
хуваалцах
227
үзсэн

С.УЯНГА

 

Парламент цахим хөгжлийн багц хуулийг баталснаар Монгол Улс дижитал үндэстэн болох суурийг баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулан цахим хөгжлийн таван хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Төр, хувийн хэвшил ч цахим шилжилтэд онцгой анхаарч хуулийн хэрэгжилтийг хангахын тулд салбарын экспертүүд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Инновац, цахим бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал”  сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийн үеэр тус байнгын хорооны дарга Н.Учрал “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе ирж байна. Хуулиудыг дагаж мөрдөхтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох ёстой. Цахим шилжилт хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчдын хичээл зүтгэл их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм” гэв.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд”, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мэдээлэлтэй холбогдуулан оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авах үеэр Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр томилох ёстой вэ” гэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа энэ гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцсон юм.

Түүнчлэн хэлэлцүүлгийн төгсгөлд цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаас гадна Ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулна гэж ярилцлаа. Мөн санхүүжилтийг 2023 оны төсөвт суулгахад онцгой анхаарна. Гэхдээ хамгийн чухал нь хүний нөөц. Тиймээс хүний нөөцийг бэхжүүлж, чадавхжуулах шаардлагатай. Түүнчлэн төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг барих ёстой. Үүний тулд яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг болиулж, төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлнэ гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 94 (6826)