Ч.ОЛДОХ

 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

 

-  Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа  нэмэлт, өөрчлөлт хийсэн. Энэ удаа улс төрийн намуудын зүгээс  Үндсэн хуулийн цогц шинэчлэл хийх шаардлагатай гэсэн  саналыг  дэвшүүлж байгаа юм байна.  Ямар өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн хуулийг хэлэлцэхээр УИХ-ын төлөвлөгөөнд орсон. Энэ хуулиудыг хэлэлцэхэд Үндсэн хуулиа хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн цэцээс Монгол Улс зөвхөн мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулна гэж зарласан. Гэтэл сонгогч олон нийт, улс төрийн намуудын байр суурь пропорциональ юм уу, эсвэл холимог системийг оруулъя  гэдэгт нэгдэж байна. Үүнийг нээлттэй болгохын тулд гарцаагүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол болохгүй. Иймээс МҮАН санаачлан  “Үндсэн хууль ба улс төрийн намууд” сэдэвт хэлэлцүүлгийг  өнгөрсөн долоо хоногт хийсэн.

Оролцогчдын олонх нь “Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй. Хөгжлийн Үндсэн хууль болгож өөрчлөх ёстой” гэсэн байр суурьтай байна.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг улс төрийн намуудтай хэрхэн холбож авч үзэж байна?

-Үндсэн хуульд улс төрийн нам гэсэн заалт цөөхөн. Гэсэн атал Үндсэн хуулийг амилуулж авч яваа  хөдөлгөгч хүч нь улс төрийн нам юм. Улс төрийн намын оролцоогүй байгууллага,  нам  оролцоогүй бүтэц зохион байгуулалт, шийдвэр  огт байхгүй.  Тэр тусмаа намын бүлэг гэдэг байгууллага төрийн дээр гарчихсан байна. Бид 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхдээ төрийн дээр гарсан намыг татан буулгая гэсэн бол одоо нэг  биш  хэсэг нам төрд  гарах байдалтай байна. Тэгэхээр улс төрийн намын оролцох, оролцохгүй асуудлаар хил хязгаарыг тогтоох шаардлагатай. Дээр нь бид парламентын засаглалыг төлөвшүүлнэ гэж ярьдаг, ийм зорилго дэвшүүлдэг. Парламентыг улс төрийн нам бүрдүүлдэг. Улс төрийн намыг бэхжүүлэх үндэс нь пропорциональ тогтолцоо байдаг. Ийм тогтолцоогоор сонгуулиа явуулж байгаа улс орнуудад  парламент нь   төлөвшсөн, төрийн бодлого нь тогтвортой явж ирсэн. Үүнийг Европын ихэнх орнууд, холимог тогтолцоог хэрэгжүүлдэг Герман, Итал, Солонгос, Шинэ Зеландын жишгээс  харж болно.  Бидний мэдэх өндөр хөгжилтэй орнууд пропорциональ юм уу, холимог тогтолцоотой байгаа.

-Парламентад олон намын тогтолцоог бий болгох тухай ярьж байна. Нийт сонгогчдын  төрд төлөөлөх  боломж хангагдах нь гэж үзэж болох уу?

-Манай улс найман удаа сонгууль явуулахдаа долоог нь мажоритар тогтолцоогоор хийсэн. Энэ тогтолцоог Англи, Франц зэрэг орнууд, эдгээр орны колони улсууд хэрэглэдэг. Тэгэхээр илүү засаглаж байгаа гэх үү, нөлөөлж байгаа орноос тухайн орныхоо иргэдийн сонгох, сонголт хийхэд хязгаарлагдмал мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар нөлөөтэй байж бодлогоо хэрэгжүүлдэг ийм тогтолцоо юм. Манай долоон удаагийн сонгуулийн үр дүнг харахад нийт сонгогчийн 30 хувиар парламентынхаа 80-90 хувийг, Засгийн газраа 100 хувь бүрдүүлчихдэг. Пропорцианаль тогтолцоогоор бол сонгогчдын санал бараг орхигдохгүй. Тэгэхээр энэ тогтолцоо нь илүү нийтийн эрх ашгийг хангах, түүний төлөөх томоохон бодлогууд хэрэгжихэд дөхөмтэй. Жишээ нь,  хөгжлийн бодлогууд, замын түгжрэл, утааг багасгах, үйлдвэржилтийн бодлогууд пропорциональ тогтолцоон дээр хэрэгжинэ. Мажоритар тогтолцоон дээр өнгөрсөн долоон удаагийн сонгуулийн үр дүнг авч үзэхэд тойргоо “маллах”, тойргоо барьцаалах,  тэр хоорондын харилцаан дээр гэх юм уу, сургууль цэцэрлэгийн дээвэрхэн засах, шинэчлэх асуудал ярьдаг. Томоохон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, дэлхийн түвшинд хөгжих, үсрэнгүй хөгжлийн асуудлаа ярья гэвэл гарцаагүй пропорциональ элементийг сонгох шаардлагатай.

-Улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийе гэсний дотор пропорциональ тогтолцоогоо дагаад УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100-215 болгоё гэж байсан. Энэ тоог гаргахдаа ямар тооцоо, судалгаанд үндэслэсэн юм бол?

-УИХ-ын  76 гишүүнтэй болсон нь 30 жилийн өмнөх үйл явц. Тэр үед манай улсын хүн ам хэд байв, 1.7-1.8 сая байсан байх. Тэр утгаараа өнөөдөр төлөөллийн зарчмыг авч үзвэл бараг 150 гишүүнтэй байх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Мөн үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц нэг асуудал байгаа нь манай улс хоёр том хөршийн дунд оршдог, жижиг эдийн засагтай, хүчирхэг биш орон. Энэ байдал нь гадны нөлөөнд автах аюултай. Цөөхөн гишүүнтэй, нэг байнгын хороонд 14-15 гишүүний бүрэлдэхүүнтэй, ийм байхад  таван хүн нэгдмэл байр суурьтайгаар ямар ч хуулийг аваад гарчих жишээтэй. Хоёр нь гадаадад томилолттой, гурав нь чөлөөтэй байхад ийм юм болохоор. УИХ дээр гэхэд 20 гишүүн нэгдээд ямар ч хуулийг батлуулчих, ийм аюултай. Энэ нь аажимдаа үндэсний аюулгүй байдалд ноцтой  аюул учруулж болохуйц байгаа. Тиймээс ийм нөлөөллийг бууруулах үүднээс зайлшгүй парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа. Нөгөөтэйгүүр, эрх барьж байгаа намын зүгээс парламентын гаднаас үйл ажиллагаа явуулаад байх нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Парламент дотроо бодлогоо хамгаалж чадахгүй байна гэдэг үүднээс олон жил ярьж ирсэн “Давхар дээл” –ний асуудлыг сүүлийн үед ихээхэн хөндөж байна. Ийм байдлаар УИХ-ын гишүүд давхар Засгийн газрын гишүүн байх юм бол Засгийн газрын  УИХ-д нөлөөлөх нөлөөллийг бууруулах үүднээс зайлшгүй парламентын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй. ХБНГУ  зэрэг төрийн эрх барих дээд  байгуулагадаа  500-600  гишүүнтэй  улс оронд   парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болдог. Манайх 76-хан гишүүнтэй, түүний 20 нь Засгийн газрын сайд байна гэдэг юу гэсэн үг вэ. Хоёр гишүүнтэй яриад өөрсдөдөө зориулж  хууль батлаад, ямар ч хяналтгүйгээр захиран зарцуулах ийм байдал байж болохгүй. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн мөн чанар өөрөө үгүй болчихож байгаа юм. Үндсэн хууль үйлчлэхээ болино гэсэн үг. Хэрэв УИХ-ын гишүүн сайд байна гэж үзвэл гишүүдийн тоог зайлшгүй 130  буюу түүнээс  болгож, ямар нэгэн  нөлөөлөл байхааргүй түвшинд   хүргэх ёстой.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа нь тогтолцоонд нөлөөлж байна гэж үзэж, дөрвөөс доошгүй гэсэн заалт оруулсан. Мөн Ерөнхий сайд танхимдаа  хэнийг авч ажиллуулахаа өөрөө шийдэх  эрхийг нь өгье гэсэн санал ч гарч байсан. Ингэснээр юу ч өөрчлөгдөхгүй, харин ч өнгөрсөн 30 жилийн алдаа давтагдах юм  биш үү?

-Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоёрыг хооронд нь холих, эсвэл тодорхой тооны гишүүн нь сайд байх, бусад нь Засгийн газрын гишүүн байх гэдэг чадамжийн хувьд эрс өөр.  Засгийн газрын болон УИХ-ын кноптой хүн байхад зарим нь заримдаг чадамжтай гэх юм уу, ийм зүйл болно. Тэгэхээр тэгш эрхийн зарчмыг зайлшгүй ярих ёстой. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг асуудлыг голлон ярьсан. Тэр нь юу вэ гэвэл, өөрсдөдөө зориулж төсвөө батлаад байна. Мөн өөрсдөдөө зориулж хууль батлаад байна, ийм зүйл байж хэрхэвч болохгүй. Энэ байдал нь Үндсэн хууль зөрчиж байгаад шүүмжлэлтэй хандаж, асуудал дэвшүүлж байсан. Түүнчлэн тухайн үеийн  нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн эдийн засгийн бүлгийг байгуулах, нутгийн өөрөө удирдах ёсыг улс төрийн нөлөөлөл буюу намчирхал, талцлаас ангижруулах, мерит тогтолцоог төлөвшүүлэх гэсэн гол заалтуудад  өөрчлөлт оруулж чадаагүй орхигдсон. Өнөөдөр Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуулиар дамжаад Үндсэн хуульдаа гар хүрэх нөхцөл бүрдэж байвал дутуу хийсэн зүйлүүдээ боловсронгуй болгож цогцоор нь шийдчихээч, болдогсон бол нэлээд чамбайруулаад авах нийгмийн болоод дотоод, гадаад нөхцөл үүсч байна. Энэ байдалтай уялдуулан өнгөрсөн 30 жилдээ үнэлэлт, дүгнэлт өгч, ирээдүйгээ хэрхэн авч явах вэ гэсэн  чиглэл рүү дорвитой өөрчлөлт хийх бололцоо бидэнд бий.  Үүнд эрх баригч нам, Ерөнхийлөгчийн зүгээс, улс төрийн намуудын нэгдэл, парламентад суудалтай намын бүлгүүдээс идэвхтэй байр суурь илэрхийлж байгаа нь сайн талтай гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 83 (6815)