Б.ТӨГС

 

МАН ирэх сарын 6-нд  болох 30 дугаар Их хурлаараа хүний эрхийн асуудлыг онцгойлон авч хэлэлцэнэ  гэдгийг  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зарласан. Тус намын хувьд УИХ-ын хоёр удаагийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр цөөнгүй заалтыг тусгасан юм.  Энэ тухайд тэд эрдэмтэн, судлаач,  хуульчидтай хамтран олон талт судалгааг явуулсан  байна.  Тэгвэл хүний эрхийн чиглэлд  эрх баригч нам ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар МАН-ын   Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбатаас тодрууллаа.

 

-МАН  хүний эрхийн асуудлыг ямар түвшинд хүргэх амбийцтайгаар ажиллаж  байна вэ. 30 дугаар Их хурлаараа энэ асуудлыг  онцгойлон авч хэлэлцэхээ зарласнаар  нийгэмд  тодорхой хүлээлт үүсгэчихлээ л дээ?

-Хүний эрх бол хүнээс салгаж болохгүй буюу хамгийн түгээмэл шинжтэй, жам ёсны агуулгатай зүйл. Тиймээс төр, иргэн,  аливаа байгууллага хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хамгаалж байх ёстой. Энэ бол бидний 1992 оны Үндсэн хуулиар баталгаажуулсан том үзэл санаа. МАН эрх баригч бөгөөд засаглалыг хэрэгжүүлж байгаагийн хувьд хүний эрхийг хамгийн өргөн утгаар ойлгож, хүлээн зөвшөөрч,  хүндэтгэж, хангаж, хамгаалах шаардлагатай. Тиймээс бид өөрсдийн  үйл ажиллагаанд мониторинг, анализ хийгээд Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн төлөв  байдал ямар түвшинд байна вэ, бид юунд алдав, бас юуг амжилттай хэрэгжүүлж байна вэ гэдгийг тодруулах ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Ингэснээр гурван том тайлан гаргалаа.  Гэхдээ энд нэг хүний эрх зөрчигдлөө, тэнд нэг сайн шийдвэр гарлаа гэдэг тодорхой тохиолдолд дүгнэлт хийх биш  нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэх зорилготойгоор ажилласан. Нэгдүгээрт, “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг хийсэн.  Судалгааны дүнгээс харахад өнгөрсөн хугацаанд бидэнд олсон ололт амжилт байна, гэхдээ шийдвэрлэх шаардлагатай асуудал ч байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ингэснээр дөрвөн бүлгийн хүрээнд тулгамдаж буй  нийт 200 орчим хүний эрхийн асуудлыг гаргаж ирсэн.

-Дурдвал хүний эрхтэй холбоотой тулгамдсан ямар асуудал бидэнд байна вэ?

-Жишээлбэл, бид хүний эрхийн тухай ойлголт, нэр томьёог орчуулахдаа   алдсан байна, үүнээс болоод өргөн хүрээнд ойлгох ёстой зүйлийг хумигдмал байдлаар ойлгодог тохиолдол байна. Тодорхой хуулийн заалтаас болоод хүний эрх зөрчигдөж байгаа бол  хууль, дүрэм журам нь тодорхой байхад амьдрал дээр хэрэгжүүлж буй албан тушаалтнууд  хүмүүсийг сонсож хүлээж авахгүй, эрхийг нь сэргээхгүй, хайнга хандаж  байна гэх мэтээр бүлэглэж болж байгаа юм. Хоёрдугаарт  хүний эрхийн төлөв байдлыг жирийн иргэд хэрхэн үнэлж байгааг судалсан.   Нийт 3.2 сая хүнээс 2.6 саяыг түүвэрлээд хүснэгтээр болон ярилцлагын аргаар судалгаа авлаа. Эдгээр судалгаанаас харахад иргэдийн дундах хүний эрхийн ойлголтыг яг сонгодог утгад нь нэг мөр болгох шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Өөрөөр  хэлбэл, хүний эрхийн тухай ойлголт нийтийн дунд  олон янзаар ойлгогддог юм байна. Хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх хандлага төдийлөн сайн биш  байна.    Гуравдугаарт, бид улсынхаа хүний эрхийн нөхцөлийг дандаа цахим орчноор дүгнэж байна. Өөрөөр хэлбэл,  нийт судалгаанаас харахад хүний эрхтэй холбоотой мэдээллийг  50-60 хувь нь   цахим орчноос болон телевизээс   авдаг гэж хариулсан. Харин аль салбарт хүний эрх ихээр зөрчигдөж байна гэвэл  судалгаанд оролцсон хүмүүсийн 80 хувь нь  “Шүүх” гэж хариулж байгаа атлаа та өөрөө шүүхээр үйлчлүүлж байсан уу гэхээр “Үгүй” гэж хариулах жишээний.  Тэгвэл яагаад ийм дүгнэлтэд хүрэв гэхээр “Ер нь цахим орчноос харахад шүүх л хүний эрх зөрчөөд байх шиг харагддах” гэх зэргээр хариулж байна. Үүнээс үзэхэд бид хүний эрхийн талаар маш цэгцтэй, зөв ойлголттой болох ёстой. Цаашлаад иргэд өөрсдөө эрхээ хамгаалж чаддаг болох ёстой. Хэн нэгэн хүний эрхийг зөрчих нөхцөл үүсгэлээ гэхэд  иргэн өөрөө мэдээлэлтэй байх буюу “Үгүй, надад ийм эрх бас үүрэг бий” буюу болох,  болохгүйн хязгаараа маш сайн мэддэг байсан цагт бид нийтээрээ хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээнэ.

-Тэгвэл одоогийн хууль эрх зүйн орчныг ямар байдлаар өөрчлөх шаардлагатай вэ?

-Монгол Улс нийтдээ 800 хуультай. Үүнээс 318 нь нийгмийн харилцааг тухайлан зохицуулдаг. Бидний өдөр тутмын харилцааг зохицуулдаг  энэ хуулийн нийт 11900 заалтын 800 орчим нь хүний эрхийг зөрчиж байна гэдэг дүгнэлт гарсан.  Заалт нэг бүр дээр ажиллаж, деталь  руу орсон гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, одоогийн хууль эрх зүйн орчны хүрээнд хүний эрхийг хамгаалахад хангалттай биш байна. Жишээлбэл, хүний сэтгэлзүй, бие махбодийн хохирлыг үнэлэх тогтолцоо зайлшгүй шаардлагатай байна. Машин эвдрэхэд хохирлыг нь төлдөг атлаа хүн нас барахад ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр гэж олгохгүй байна. Мэдээж хүний амийг  үнэлж баршгүй ч гэлээ  эдийн засгийн утгаар үнэлэх ёстой.  Цаашилбал, бид цахим орчинд нэгнийгээ амьдрах аргагүй болтол нь дайрч давшилж, хүнд байдалд оруулдаг. Гэтэл  тухайн мэдээлэл зарим үед худлаа болж таардаг. Энэ тохиолдолд тухайн хүний нэр төр, алдар хүндийг яаж үнэлэх вэ. Энэ мэтээр хүний эрхийг хамгаалах цоо шинэ  шаардлага үүсэн гараад байна. Тийм ч учраас яваандаа бид  хүний эрхийн бие даасан хуультай болох саналыг ч судлаачдын зүгээс гаргасан. Тиймээс бид хийх ажлаа илүү нарийвчилъя  гэж байгаа юм.  

-МАН хүний эрхийн чиглэлд хүрэх цэгээ хэрхэн тодорхойлчихоод байна вэ. Хэдийгээр МАН эхлэлийг тавьж байгаа ч тодорхой хуулийн өөрчлөлт рүү орохын тулд олон талын оролцоог хангаж  таарах байх?

-Энэ ажлыг арван хүн суугаад хийчихэд учир дутагдалтай. Учир нь манай улсын хэмжээнд  бүртгэлтэй 64 байгууллага байна. Бүртгэлгүй хэдэн зуун иргэний нийгмийн байгууллага байна. Монголд хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа 100 гаруй олон улсын байгууллага бий. Тэгэхээр эдгээр байгууллага болон иргэд, судлаачид, салбарын мэргэжилтнүүдтэйгээ хамтарсан байдлаар маш өргөн хүрээнд хүний эрхийн асуудлыг авч хэлэлцэх ёстой юм. Бид өнгөрсөн хугацаанд 6-7 хэлэлцүүлэг хийсэн. Энэ тоог цаашид 50-60-д хүргэж, олон хүний дуу хоолойг сонсох учиртай. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар үг хэлэх, ярих хүсэлтэй хэн бүхнийг  ямар нэг цензургүйгээр нээлттэй сонсоно. Ингэж судалгаа, нөхцөл байдал хоёроо нийлүүлж байж бидний хийх ажлын  төлөвлөгөө тодорхой гарна. МАН сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд энэ төлөвлөгөөнийхөө  үндсэн гол хэсгийг хэрэгжүүлж дуусгана гэсэн зорилготойгоор ажиллаж байна.   

-30 дугаар Их хурлаас хүний эрхтэй холбоотой бодлогын баримт бичиг гаргана гэсэн үг үү?

-МАН-ын Их хурлаар үндсэн дөрвөн бодлого хэлэлцэнэ. Үүний нэг нь Хүний эрхийг хамгаалж, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого байх юм.   Намын удирдлагуудын зүгээс Их хурлын төлөөлөгчдөд үндсэн бодлогын концепцоо танилцуулаад,  хэрэгжилттэй холбоотой ерөнхий тогтоол гаргана.  МАН-ын дээд байгууллагаас энэ тогтоолыг заавал хэрэгжүүлэх ёстой гэдэг чиглэлийг гаргана гэсэн үг. Ингэхээр  бүх шатанд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж ойлгож болно. Тухайлбал, УИХ, Засгийн газрын гишүүд болон  МАН-аас сонгогдсон  бүх шатны  Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид  дор бүрнээ энэ ажлыг чиг үүргээ болгоод ажиллана гэсэн үг.

-МАН  хэд хэдэн удаагийн сонгуульд хүний эрхийг хангах чиглэлээр  маш олон заалтыг тусгасан.  Амлалтаа биелүүлэх нь мэдээж үндсэн шаардлага болж таарна.  Өөр ямар шаардлагын үндсэн дээр хүний эрхтэй холбоотой тусгайлсан бодлого боловсруулахаар ажиллаж байгаа юм бэ?

-Хүний эрхийг хамгаалж, хууль эрх зүйн орчныг  сайжруулах үндсэн дөрвөн хэрэгцээ, шаардлага байгаа юм. Нэгдүгээрт, бид угаасаа амласан. Амлалтыг маань иргэд дэмжээд сонгосон учраас ямар нэгэн шалтаг, тайлбаргүйгээр амлалтдаа хүрэх ёстой. Хоёрдугаарт, хүний эрхийн төлөв байдлын олон улсын нөхцөл байдал. 200 орчим орныг эрэмбэлэхэд манайх 100, 150-ыг эрэмбэлэхэд 70-д гэх мэтээр  тэг дунд нь яваад байгаа юм. Тэгэхээр бидний зорилт бол энэ тоог  огцом урагшлуулж, хүний эрхийн дэвшилтэт орны тоонд оруулъя гэж байгаа юм. Гуравдугаарт, угаасаа дэлхий дахинд хүний эрхийн нөхцөл байдал шинэ түвшинд гарч ирж байна. Жишээлбэл, ногоон эрхтэй холбоотой буюу байгаль орчин, технологитой холбоотой гэх зэргээр. Тэр бүү хэл, тээгч эхийн асуудал  Монголд бодитой болчихсон учраас  сүүлийн үед анхаарал татаж эхэлсэн. Энэ тохиолдолд тухайн хүүхдийн ээжийг  хэн нь гэж үзэх, үрчлэх процессыг хэрхэн явуулах, тээгч эхийн эрхийг яаж хамгаалах вэ  зэргээр зохицуулах шаардлагатай шинэ шинэ эрх үүсэх болсон.  Эдгээр ойлголтыг дэлхий нийтэд зохицуулаад жигдэрснийх нь дараа биш Монгол Улс тэргүүн эгнээнд шийдвэрлээд хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд явъя гэж байгаа юм. Тэгэхээр иргэдийн хүлээлт, эрх баригч намын суурь үзэл баримтлал, дэлхий дахины нөхцөл байдал нэг цэгт давхцаж байгаа учраас дээрх дөрвөн хэрэгцээ, шаардлагад тулгуурлаад хүний эрхийг хамгаалах  бодлогыг гарган хэрэгжүүлэх нь зайлшгүй.

-Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчин л хүний эрх ярьдаг, эрх баригчид тойрч дөлдөг  гажиг жишиг тогтсон байлаа шүү дээ. МАН энэ байдлыг өөрчлөх санаачилга гаргалаа гэж ойлгож болох уу?

-Ер нь МАН-ын мөрийн хөтөлбөр, дүрэмд байгаа юм.  Бидний хичээн эрмэлзэх зүйлийн хамгийн суурь үзэл баримтлал нь хүний эрхтэй холбоотой. Үүнд тэгш боломж, тэгш эрх, ардчилал, эрх чөлөө, хүний эрх, тусгаар тогтнол гэдэг ойлголтыг хангалттай суулгаж өгсөн байдаг. Тэгэхээр энэ бол угаасаа бидний суурь үнэт зүйл. Энэ бол бидний хувьд шинэ сэдэв биш учраас байнга авч явдаг бөгөөд  одоо бодлогын тэргүүлэх түвшинд гаргаж ирж байгаа сэдэв.  Эрх баригч нам биеэ хураагаад өөрсдийгөө өмгөөлөөд, сөрөг хүчин нь хүний эрх ярьдаг гэх ойлголтыг таслан зогсоох ёстой. Яагаад гэвэл эрх баригч хүчин олонхын дэмжлэгийг авсан учраас олонх юу хүсэж байна, түүнийг эрх баригч нам тэр хэмжээнд мэдэрч байж нөхцөл байдлыг өөрчилнө. Тиймээс эрх баригчийнхаа хувьд ч улс төрийн намынхаа хариуцлагын хувьд ч  хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулсаар байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.29 ДАВАА № 233 (6710)