С.УЯНГА 

БШУ-ны сайдын тушаалаар сурах бичигт дүн шинжилгээ хийх Ажлын хэсгийг  өнгөрсөн гуравдугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ахлагчаар нь гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон.  Энэ ажлын хэсэг ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Ингэхдээ сурах бичгийн агуулга, аргазүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо,  дизайн гэсэн үндсэн дөрвөн хэсэгт төвлөрч ажиллажээ.

Шинжилгээний ажлын үр дүнг ерөнхийд нь авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцсэн. Гэхдээ энэ нь хөтөлбөр сайн гэсэн ойлголт биш гэж үзжээ. Харин сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон.   Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон. Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан. Сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан. Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид,  редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг Ажлын хэсгээс гаргасан байна.  

Эх сурвалж: www.polit.mn