Б.ЭНХЗАЯА
БСШУЯ, “Модерн Экспо” агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2012” үзэсгэлэн яармаг энэ сарын 2-нд нээлтээ хийж, төгсөгчдөд мэдээлэл өгч эхэллээ. Үзэсгэлэнд магадлан итгэмжлэгдсэн дотоодын 30 гаруй их, дээд сургууль, коллежи оролцож байгаа аж. Мөн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэн оюутан элсүүлж буй гадаадын их, дээд сургуулийн төлөөлөгчид сургуулийнхаа тухай мэдээллийг өгч, элсэгчдийг бүртгэж байсан. Үзэсгэлэнгийн тухай мэдээллийг дараах сурвалжлагаас уншаарай.

“ОХУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ШАЛГАЛТЫН ДҮНГ ХАРГАЛЗАХГҮЙ”
“Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2012” үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүүхдүүд хамгийн түрүүнд улсын сургуулийн мэдээллийг хайж байв. Үзэсгэлэнгийн эхний өдөр магадлан итгэмжлэгдсэн, хувийн хэвшлийн сургуулиуд мэдээ, мэдээллээр үйлчилж байсан юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд тэтгэлэгт хөтөлбөр зарласан гадаадын их, дээд сургууль цөөнгүй оролцож байгаа аж. Тэдгээр сургуулийн мэдээллийг сонирхох хүүхдийн цуваа ч тасрахгүй байв. Тухайлбал, Оросын холбооны улсын Эрхүү, Томск, Омск хотын их, дээд сургуулийнхан элсэлт авахаар иржээ. Томск хотын Политехникийн их сургууль, Омск хотын Зам харилцааны сургууль, Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль зэрэг салбар сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Жизнь” боловсролын төвд элсэгчид бүртгүүлэхийг зөвлөж байлаа. Эдгээр сургуульд сурах үүд хаалга нээлттэй байгааг сургуулийн төлөөлөгчид ам уралдан ярьж байв. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг харгалздаггүй байна. Энэ нь хүссэн мэргэжлээрээ суралцах сонирхолтой ч шалгалтын оноо хүрэхгүй байгаа оюутнуудад ихээхэн ач хологдолтой ажээ. Түүнчлэн манай улсын боловсролын систем Оросын холбооны улс болон гадаадын боловсролын системд хамаардаггүй учир шалгалтын оноо харгалздаггүйг албанынхан хэлж байна. Тус сургуульд суралцахын тулд эхний жил хэлний бэлтгэлд сурч, мэргэжлээ сонгодог байна. Бэлтгэлд онц, сайн суралцсан оюутан Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой аж. Мөн сургалтын төлбөрийг хоёр хувааж төлж болох бөгөөд урьдчилгаа төлбөр авдаггүй гэнэ.
Эрхүү хотын Техникийн их сургуульд сурдаг оюутан ийнхүү ярьж байна.
С.Номинзул: СПОРТ, УРЛАГИЙН ОЛОН ЧИГЛЭЛЭЭР ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ
“Эрхүү хотод сурснаар орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмшиж байна. Мөн бие даан амьдрах чадварыг ч олж авч байна. Бид хичээлээс гадуурх цаг заваараа урлаг, спортын төрөл бүрийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг. Гэрээсээ хол байхаар оюутан, залууст эх орноо гэсэн сэтгэлгээтэй болдог. Гадаадад зөвхөн ганцхан зорилготой очдог. Тэр зорилгодоо ч хүрдэг. Гадаадад сурдаг оюутнууд суралцаад эх орондоо ирж ихийг хийж бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг нь ажиглагддаг”
“ЭРЭЛТ ИХТЭЙ 20 МЭРГЭЖЛИЙН ЭХНИЙ ТАВАН МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛДЭГ”
Энэ жилийн боловсролын яармагт их, дээд сургуулийн элсэлт авах шаардлагыг хангасан сургуулиуд оролцож байгааг зохион байгуулагчид онцолж байсан. Энэ үеэр элсэгч, төгсөгчдөд зориулсан мэдээ, мэдээллийг өгөхөөс гадна мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө лекцийг зохион байгуулсан юм. Боловсролын яамнаас эрэлт ихтэй 20 мэргэжлийг зарласнаар их, дээд, сургууль, коллежийнхэн бодлогын хүрээнд уялдуулан ажиллаж байгаа нь ололттой байлаа. Шаталсан сургалттай барилгын жишиг сургууль болох Техник технологийн коллежийн босго оноо 450. Гэхдээ ийм оноотой хүүхэд бүр энэ сургуулийн босгыг алахгүйг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, элсэгчдээ оноогоор нь жагсааж, хяналтын шугам татдаг аж. Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон Техник технологийн коллежид IX анги төгссөн хүүхэд 2.5 жил сураад арван жилийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг бол IX ангийн төгсөгчид Инженерийн мэргэжлээр суралцах боломжтой байдаг байна. Харин ерөнхий шалгалт өгч амжаагүй хүүхдүүд техникийн дунд боловсролын ангиудад сурч болно. Дээрх мэргэжлээр суралцах сургалтын төлбөрийг сонирхвол, инженерийн анги 1.1 сая, дунд боловсрол 750 мянга, мэргэжлийн боловсролын салбар 300 мянган төгрөгийн сургалтын төлбөрийг тушаах ёстой гэнэ. Боловсролын яамнаас зарласан эрэлт ихтэй 20 мэргэжлийн эхний 5 нь энэ сургуульд бэлтгэгддэгийг сургуулийн Мэргэшсэн чиг баримжаа олгох төвийн зөвлөх багш Л.Сэлэнгэ хэлж байна.
ТӨЛБӨР БОЛОМЖИЙН, СУРГАЛТ САЙТАЙ СУРГУУЛЬД ОРОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА
Ажлын таван өдрийн турш элсэгч, төгсөгчдөд мэдээлэл, зөвлөгөө өгөх “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2012” үзэсгэлэн яармагт магадлан итгэмжлэгдсэн, хувийн хэвшлийн сургуулиуд бүртгэлээ авч байсан юм. Бүртгүүлэгчид ээж, аавтайгаа ирж, зөвлөлдөн сургууль бүрийг сонжих ажээ. Хувийн сургууль хэрэггүй гэх ээж аавууд байхад, сургалтын чанарыг лавлан, төлбөр тооцоо, материаллаг баазыг нь сонирхох гэр бүлүүд ч иржээ. Ахисан төвшинд магадлан итгэмжлэгдсэн олон жилийн туршлагатай Монголын үндэсний дээд сургуулийг сонирхох элсэгчид цөөнгүй байв. Сургуулийн элсэлтийн талаар тус сургуулийн магистр багш Н.Мандахаас тодрууллаа.
Н.Мандах: ЭЛСЭГЧДИЙН ТООНД ХЯЗГААР ТАВИХГҮЙ
Манай сургуулийнхан босго оноогоо 500-700 болгож тогтоосон. Голч оноо хүрч буй тохиолдолд элсэгчдийн тоонд хязгаар тавихгүй. Оюутнууд маань Солонгос, Хятад зэрэг улс руу оюутан солилцоогоор суралцдаг. Бусад сургуулиудтай харьцуулахад олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн, боловсролын салбарт анх удаа ISO9001 гээд чанарын стандартыг нэвтрүүлснээрээ онцлог юм.
Урлагийн сургуулийн төлөөлөл болсон Кино урлагийн дээд сургуулийн элсэлтийн талаар сонирхлоо. Босго оноогоо 500 байхаар тогтсон энэ сургууль жүжигчин, найруулагч, зураглаач, сэтгүүлч, зураач, дууны найруулагчийн мэргэжлээр элсэлт авч байгаа аж. Жүжигчний ангид элсэхийн тулд монгол хэл, гадаад хэлний шалгалт өгөх ёстой бол дууны найруулагчийн ангийнхан математик, гадаад хэлний шалгалтыг өгсөн байх ёстой. Кино, урлагийн салбарт эрэлттэй байгаа дууны найруулагчийн мэргэжлээр тус сургууль бэлтгэдэг нь сайшаалтай байв.
ҮЗЭСГЭЛЭНД УЛСЫН СУРГУУЛИУД ОРОЛЦСОНГҮЙ
Үзэсгэлэн яармагийг сонирхохоор ирсэн хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Г.Алтанхуяг
-Техникийн чиглэлийн ангийг сонирхож байна. Ялангуяа Төмөр замын удирдлагын анги, уул уурхайн инженер. Ангийнхан маань компьютер, анагаахын чиглэлээр сурах сонирхолтой байгаа. Төлбөр боломжийн, сургалт сайтай сургуульд орохыг эрмэлзэж байна.
Б.Балжинням
-Автын инженерийн мэргэжлээр ШУТИС-т сурах хүсэлтэй байгаа. Гэтэл улсын сургуулиуд үзэсгэлэнд ирээгүй байна.
Б.Сийлэгмаа
-Мэдээж улсын сургуулийг сонирхож байна. МУИС-ийн Удирдлагын ангийг сурах гэж байна. Босго оноо 620 юм байна лээ. Төлбөрийн хувьд 1.2 сая төгрөг гэсэн. Онлайнаар бүртгэж байгаа гэсэн болохоор бүртгүүлэхээр ирлээ.