Цөлжилтөөс урьдчилан сэргийлж, ой моджуулах үйлсэд хувь нэмрээ оруулан, хойч үедээ экологийн боловсрол олгох зорилгоор Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд орших Агро парк цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж бий болгоход туслан “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний аын зар нийгэмлэг” (Цаашид “Бурханы сүм” гэх)-ийн итгэгч залуучууд 500 мод тарилаа. 
Дэлхий даяар ой хээрийн түймэр, хэт халалт, үер, ган гачиг зэрэг байгалийн гамшиг нүүрлээд байгаа. Монголд ч гэсэн ган гачиг, цөлжилт  аюултай түвшинд хүрээд байгааг саяхан Өвөрхангай аймагт болсон хүчтэй элсэн шуурга нотлоно. Ийм үед Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны зүгээс ч цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Баянгол дүүргээс нийт 50,000 м2 талбайтай Агро паркыг байгаль орчны ач холбогдлыг оюутан залуучууд болон иргэдэд ойлгуулах зорилгоор экологийн сургууль болгон ашиглаж байна. Ирээдүйд Баянгол дүүрэгт хотын ногоон байгууламж байгуулах хамгийн чухал талбар болгохын төлөө Агро паркыг моджуулах төсөлд дүүргийнхээ олон байгууллагад оролцох хүсэлт тавьсан байна. Энэ хүсэлтийг хүлээн авч “Бурханы сүм” 500 хайлаас мод хандивлаж, 9-р сарын 26-ны өдөр сүмийн 80 гаруй залуус мод тарьж, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ орууллаа. 

 

Тус арга хэмжээний үеэр Баянгол Агро парк орон нутгийн өмч төсөвт үйлдвэрийн газрын ойн инженер Н.Баярцогзол: “Бурханы сүмийн хамт олон өнөөдөр амралтын өдрөө мод тарих ажилд зориуллаа. Цаашдаа ч бас ийм сайн үйлсийн аян өрнүүлж байгаасай гэж хүсч байна. Модны арчилгаа усалгаа гээд олон ажлууд байгаа. Та бүхний тарьсан модыг сайтар арчилж, сайн ургуулах болно” хэмээн ярилаа. 
Техникийн ухааны доктор, дэд профессор Д.Энхжаргал: “Моджуулах энэ сайхан ажилд би өөрийн биеэр хамт оролцлоо. Манай Ерөнхийлөгч НҮБ-ын 76-р чуулга уулзалт дээр тэрбум мод тарина гэсэн сайхан санал санаачлага гаргасан. Үүнтэй ч бас бидний хийж байгаа ажил уялдаж байгаад таатай байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шорооны нүүдэл ихээр нүүрлэж байгаа болохоор бидний энэ хийж байгаа ажил хувь нэмэр болох байх гэж бодож байна. Модыг тарихаас гадна услах, арчлах ажил чухал байдаг. Бүгдээрээ мод тарьцгаая, тарьсан модоо арчилцгаая” хэмээн уриаллаа. 
Мод тарих өдөр гадаа нилээд хүйтэн, намрын жихүүн салхи жиндүү байсан ч залуус хөөр хөгжилтэйгээр чин сэтгэлээ шингээн суулгацыг хөрсөнд шигтгэн  тогтоогоод, дээрээс нь шороогоор хучин тэгшилж байхдаа духнаас нь хөлс бурзайн дусалж байлаа. 

“Бурханы сүм”-ийн итгэгч Г.Гантуяа: “Өнөөдөр энэхүү мод тарих үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Манай улсад жил ирэх тусам машины тоо ихэсч, агаарын бохирдол ихээр нэмэгдэж байгаа учир бидний амьсгалах хүчил төрөгч багасч байна. Өнөөдөр мод тарьж байгаа маань хүчил төрөгч, амьсгалах агаар бэлэглэж байгаа гэж бодохоор маш их баяртай байна. Залуучууддаа уриалж хэлэхэд бүгдээрээ мод тарьцгаая, хүнбүр нэг мод тарихад маш олон мод тарих боломжтой болно шүү” хэмээн догдлон ярилаа. 
Өнгөрсөн 7-р сард ч мөн “Бурханы сүм”-ээс “Ковид-19”-өөр өвчилсөн өрхүүдэд туслах зорилгоор Баянгол дүүргийн ИТХ-д 1.2 сая төгрөг хандивлаж, тэдэнд сэтгэлийн дэм өгсөн байна. Тухайн үед Баянгол дүүргийн ИТХ-аас "Сэтгэлээрээ эмчилье" уриан дор сайн үйлсийн аяныг өрнүүлж байсан бөгөөд уг ажлын хүрээнд тус дүүргийн батлагдсан өвчтөнүүдийн ар гэрийнхэнд эм, эмнэлгийн хэрэгсэл хандивласан байна. Энэ мэт “Бурханы сүм” бусдын зовлонг хөндлөнгөөс хараад суух биш хэзээ ямагт тусламжийн гараа харамгүй сунгаж иржээ.

“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх хандив тусламжийг ч мөн тэд идэвхтэй үзүүлсээр байгаа юм байна. 2021 оны 7-р сард Эрүүл мэндийн яаманд 10,000 амны хаалт хандивласан бөгөөд 8, 9-р сард Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд 4000, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төвд 3000 маск тус тус хандивлажээ. 2020 оны 12-р сард “Ковид-19”-ийн улмаас эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байгаа иргэдэд 1 шуудай гурил, 5 кг будаа, 2 кг элсэн чихэр, 1л-ийн тос агуулсан 30 багц хүнсний бүтээгдэхүүнийг 30 өрхөд хандивласан байна. “Ковид-19” гарахаас өмнө ч тэд цусны донорын өргөн цар хүрээтэй хөдөлгөөнүүдийг тасралтгүй зохион байгуулж, цусны архаг хомсдолыг арилгахад хувь нэмрээ оруулсан бөгөөд өвөлдөө хүнд хэцүү байдалд зовж байгаа иргэдэд туслах аянг өрнүүлж сайн үйлсийн ажлуудыг тогтмол өрнүүлсээр иржээ.

Дэлхийн 175 оронд 7500 салбартай “Бурханы сүм” гамшгаас үүссэн хор уршгийг арилгах, хүрээлэн буй орчныг цэвэрлэх, цусаа хандивлах, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн дэмжлэг үзүүлэх гэх мэт сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр ажлаараа тэд хүн төрөлхтөнг аврахын тулд золиос амссан Христийн хайрыг бусдад үзүүлж, ар гэрийнхнээ хайрлан халамжилдаг “Эхийн сэтгэл”-ээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн зоны аз жаргал, сайн сайхны төлөө ажилладаг юм. Энэ оны эхний хагас гэхэд “Бурханы сүм” 21,000 гаруй сайн дурын үйл ажиллагаа явуулжээ. Тэдний энэ мэт тогтмол явуулж ирсэн сайн дурын ажлыг өндрөөр үнэлэн АНУ-ын ерөнхийлөгч Байден, Трамп, Обама нарын засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагналыг (хамгийн нэр хүнд бүхий шагнал) 48 удаа хүртээжээ. Үүнээс гадна БНСУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээсэн байна. Түүнчлэн Ногоон алим (Green apple) шагнал зэрэг олон орны засгийн газар, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудаас шагнал хүртээсээр байгаа юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)