Б.ТӨГС

 

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар Үнэт цаасны бүртгэлийн журмын шинэчилсэн найруулга болон компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журмыг баталсан. Энэ хүрээнд Монголын компаниуд хөрөнгийн зах зээлд ногоон бонд гаргах боломжтой болсон юм. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаштай ярилцлаа.

 

-Юуны өмнө дээрх хоёр журмыг баталснаар ямар зохицуулалтууд шинээр бий болсон талаар товчхон танилцуулахгүй юу?

- Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үнэт цаасны бүртгэлийн журмын зохицуулалтаар аж ахуйн нэгжүүд IPO хийх, мөн компанийн өрийн хэрэгсэл гаргахтай холбоотой харилцааг нэг журмаар хамтад нь зохицуулж байсан бөгөөд санхүүгийн хэрэгслийн онцлогтой холбоотой харилцаа нь нарийвчлан зохицуулагдаагүй байсан нь үнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч, хөрөнгө оруулагчдын дунд зарим талаар ойлголтын зөрүүтэй байдлыг үүсгэж байсан.

Энэ сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар компанийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас болон компанийн өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргах харилцааг тус тусад нь зохицуулсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулга, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг тус тус баталсан. Ингэснээр арилжаа эрхлэх байгууллага болон төрийн зохицуулагч байгууллагын хоорондох бүртгэлийн давхардал арилж, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны үр ашиг нэмэгдэх, андеррайтер, үнэт цаас гаргагчийн чиг үүрэг, хариуцлага, мэдээллийн ил тод байдал сайжрах, компанийн хувьцаа болон өрийн хэрэгслийн зохицуулалтын давхардал арилж товч тодорхой болох боломж бүрдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, түүний тогтвортой байдал, үр ашиг, ил тод байдлыг хангахад чиглэсэн бодлогын томоохон арга хэмжээ болсон. Тухайлбал, өмнө нь нийтэд санал болгон гаргах хувьцааны үнэлгээг хэт өндөр тогтоосноос болж хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд ханш ихээр унах хандлага ажиглагддаг байсан бол үнэт цаасны бүртгэлийн шинэчилсэн журмаар хувьцааны үнэлгээг тогтооход андеррайтер голлох үүрэг гүйцэтгэж, хамгийн багадаа нэг сарын турш хувьцааны үнэ тогтворжуулах чиг үүрэгтэй болсон. Бонд гаргагчийн хувьд урт хугацаанд шаардлагатай санхүүжилтийг нэг удаад татан төвлөрүүлж, нэмэлт хүүгийн төлбөрийн зардал гаргадаг байсан бол шинэ журамд заасан “Бонд гаргах хөтөлбөр” хэрэгжүүлснээр нэг удаад нийт бондоо бүртгүүлж, шаардлагатай тухай бүр нийлүүлэлт хийх буюу хэд хэдэн транчаар бондоо олон нийтэд санал болгон гаргах боломжтой болсон гэх мэт зохицуулалтууд бий боллоо. Түүнчлэн, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өмнө байгаагүй “Bond Indenture” буюу бонд гаргагч, андеррайтерийн компанийн хооронд байгуулах гэрээтэй холбоотой харилцааг шинээр тусгаснаас гадна бонд гаргагч тодорхой үнийн дүн бүхий бондуудыг бүхэлд нь нэг удаа бүртгүүлж, тэдгээрийг нэг удаа, эсхүл хэд хэдэн удаа хэсэгчлэн санал болгож, шаардлагатай санхүүжилтийг татах боломж бүхий “Бонд гаргах хөтөлбөр” хэрэгжүүлэх, “Ногоон бонд” гаргах боломжийг бүрдүүлсэн.

- Тэгэхээр өмнөх журмаар манай компаниуд “Ногоон бонд” гаргах боломжгүй байсан гэж ойлгох уу?

-Ногоон бондтой холбоотой зохицуулалт өмнө байгаагүй боловч тухайн төрлийн бонд гаргах боломжгүй байсан гэсэн ойлголт биш юм. Шинэ журмаар ямар бондыг “Ногоон бонд”-д тооцох, тухайн этгээдэд үйлчилгээ үзүүлэх хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын үүрэг, тавигдах шаардлага зэргийг тодорхойлж өгсөн. Мөн тухайн этгээдийн “ногоон” буюу байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаатай холбоотой танилцуулга, мэдээллийн агуулга, тайлагналтай холбоотой зохицуулалтыг бий болгосон гэсэн үг.

-“Ногоон бонд” гаргах компани ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Ногоон бондыг Монгол Улсын “Ногоон таксономи” эсхүл олон улсын холбогдох стандарт, шалгуурт заасан ангилал, шалгуурын дагуу “ногоон”, “байгаль орчинд ээлтэй” үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг санхүүжүүлэх зорилгоор гаргах боломжтой. Ингэхдээ бонд гаргагч нь хөндлөнгийн мэргэжлийн баталгаажуулалтын байгууллагыг томилж, дүгнэлт гаргуулах боломжтой. Энэхүү замаар эх үүсвэр татахад тусгайлсан танилцуулгыг хөрөнгө оруулагчдад зориулан бэлтгэж, тайлагнадаг. Мөн ногоон үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр урт хугацаанд үе шаттайгаар бонд гаргах боломж бүрдсэн.

-Жишээлбэл, ямар чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ёстой вэ?

-Ногоон бонд гаргах боломжтой этгээд нь сэргээгдэх эрчим хүчний, эсхүл эрчим хүчний хэмнэлттэй төслөөр хязгаарлагдахгүй. Монгол Улсын “Ногоон таксономи”-д маш өргөн хүрээтэй зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, хог хаягдлыг багасгах замаар бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал гэх мэт болон бусад үйл ажиллагаа хамаарна.

-Энэ чиглэлийн хүсэлтүүд танайд ирж байна уу. “Ногоон бонд” гаргах сонирхолтой компаниуд хэр олон байх бол?

-Олон улсын хэмжээнд ногоон бондыг хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах замаар сөрөг нөлөөг бууруулах зэрэг болон бусад байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор гаргаж байна. Монгол Улсын хувьд энэ төрлийн санхүүгийн хэрэгсэл хараахан гараагүй боловч, шинэ зохицуулалт бий болсноор сонирхогч талууд нэмэгдэх хүлээлттэй байна. Энэ төрлийн шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэнээр  хөрөнгийн зах зээл тэлэх, нөгөөтэйгүүр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа өргөжих боломжтой. Гадны ногоон санхүүжилтийн хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын шинэ боломж бий болно. Журам батлагдаад удаагүй байгаа тул одоогоор тухайн төрлийн бүтээгдэхүүн гаргах хүсэлт гаргасан компани байхгүй байна.

Монгол Улс өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан Уур амьсгалтай холбоотой зорилтуудыг хэлэлцэх олон улсын чуулган дээр “Парисын хэлэлцээр”-ийн хүрээнд тодорхойлсон Хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтаа 2030 он гэхэд 27.2 хувьд хүргэхээр нэмэгдүүлэн тодорхойлсон. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол бий. Ногоон санхүүжилтийн зах зээлд ногоон бонд гаргах боломжийг нэмэгдүүлэх бодлого баримталж, хөгжүүлснээр энэ үр дүнд хүрэхэд дэмжлэг болох юм. Мөн баялаг бүтээгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүд нь байгаль орчинд ээлтэй шинэ төрлийн үйл ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн хэрэгцээт эх үүсвэрээ хөрөнгийн зах зээлээс татах боломжтой.

-Олон улсад хөрөнгө оруулагчид ногоон бондод хөрөнгө оруулах нь өнгөрсөн жилээс 30 хувиар нэмэгдсэн судалгаа байна. Ногоон тодотголтой бондуудын өгөөж ямар байдаг бол. Энэ талаар судалгаа бий юу?

-Олон улсын зах зээлд Ногоон бонд гаргах үйл ажиллагаа нь жил бүр өссөн үзүүлэлттэй байдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүний эрэлт их байгааг илтгэж байна. Харин өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр энэ үзүүлэлт бага зэрэг буурсан. “Уур амьсгалын бондын санаачлага” олон улсын байгууллагын мэдээгээр өнгөрсөн онд нийт 270 орчим тэрбум ам.долларын ногоон бондыг шинээр гаргасан байна. Өгөөжийн хувьд бусад бондоос ялгарах онцлог төдийлөн байхгүй боловч бодлогын хүрээнд энэ төрлийн бонд гаргагчдад үзүүлж байгаа дэмжлэг нь голлох нөлөөг үзүүлж байна гэж хардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.30 ЛХАГВА № 130 (6607)