Мэдээлэл ба ардчиллын форум сэтгүүл зүйн төлөө шинэ бодлого хэрэгжүүлэхийг уриалж байна

0
хуваалцах
917
үзсэн

Ковид-19 цар тахал сэтгүүл зүйн үйл ажиллагааг асар ихээр дордуулж буй энэ үед Мэдээлэл ба ардчиллын форумаас “Сэтгүүл зүйн төлөө шинэ бодлого” (A New Deal for Journalism) сэдвийн дор цогц зөвлөмж гаргаж байна. Үүнд сэтгүүл зүйн нийгэмд хүлээсэн чиг үүргийг цаашид бэхжүүлэхийн тулд нэг жилийн ДНБ-ий 0.1 хүртэл хувийг түүний үйл ажиллагаанд зарцуулахад чиглэсэн хөтөлбөрийг уг тайланд тусгав.

2020 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан тус Форумын дэргэдэх сэтгүүл зүйн тогтвортой байдлын асуудал эрхэлсэн ажлын хэсгээс сэтгүүл зүйн ирээдүйн төлөө хөтөлбөр боловсруулав. Сэтгүүл зүйн тодорхой алсын хараа бүхий “Сэтгүүл зүйн төлөө шинэ бодлого” хэмээх уг хөтөлбөр нь нэг жилийн ДНБ-ий 0.1 хүртэл хувийг түүнд зарцуулах тухай цогц зөвлөмжийг агуулжээ. Ажлын хэсэг байгуулагдсаныг Соёлын олон янз байдлын холбоо болон Хэвлэлийн эрх чөлөөний эвслийн зүгээс дэмжин сайшаасан юм.  

Энэхүү “Шинэ бодлого” нь сэтгүүл зүйн нийгмийн үүргийг баталгаажуулахад үндэсний болоод олон улсын хэмжээнд асар том үүрэг амлалт болох юм. Тус Форумын дарга Кристоф Дэлуар энэ талаар “Сэтгүүл зүйн төлөө шинэ бодлого нь өнөө хүртэл салангид оршсоор ирсэн төрөл бүрийн асуудлыг, тухайлбал, зах зээлийн бүтэц, зохион байгуулалт, технологийн орчин, сэтгүүлчдийн үйл ажиллагаа, ажиллах арга барил болон ёс зүйн уялдаа холбоог тогтооход чиглэгдэж буй. Энэ нь сэтгүүл зүйг “хэвлэл мэдээллийн салбар” гэдэг утгаар бус, харин мэдэх эрх дээр тулгуурласан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чухал элементын хувьд түүнийг сэргээн шинэчлэхэд оршино” гэв.

Олон улсын 17 мэргэжилтнээс бүрдсэн тус ажлын хэсгийн удирдах хороог Оксфордын Их Сургуулийн Ройтерс сэтгүүл зүйн судалгааны хүрээлэнгийн захирал Расмус Клейс Нилсен даргалдаг. Дээрх тайланг мэдээллийн экосистемийн шинжээч Самер Паданьягаар удирдуулсан илтгэгчдийн баг бэлтгэсэн юм.

Нилсен “Сэтгүүлчид болон тэдний үйлчилгээ хүртдэг олон нийтэд тайтгаруулах үгс хэрэггүй. Тэдэнд тодорхой шийдвэр хэрэгтэй” гээд, тайланд тусгагдсан зөвлөмжүүд нь “он удаан жилийн идэвхгүй сул байдлыг халах боломж олгож” байгааг дурдлаа.

Тайлангийн агуулга хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн хараат бус байдал, эдийн засгийн таатай нөхцөл ба тогтвортой дижитал загварын дэмжлэг гэсэн дөрвөн бүлэгтэй бөгөөд дараах зөвлөмж тусгагдав. Үүнд:

  • Ил тод байдлыг хангах, авлигатай тэмцэх, санхүүгийн шударга байдлыг хангах өргөн хүрээний арга хэмжээний нэг хэсэг болгон хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг бүрэн хангах
  • Бүх оролцогч талын итгэх итгэлийг сэргээх үүднээс “Сэтгүүл зүйд итгэх санаачилга” (Journalism Trust Initiative) гэх мэт чанартай сэтгүүл зүйг онцгойлж, түүнд дахин харьцангуй давуу тал олгох талаар санаачилга өрнүүлэх
  • Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас санал болгож буй дэлхийн аж ахуйн нэгжийн татварын хамгийн бага хувь хэмжээ гэх мэт дижитал талбарт ногдуулах татварын талаарх олон улсын арга хэмжээг дэмжин, хэрэгжүүлэх
  • Арилжааны болон ашгийн бус хэвлэл мэдээлэлд зориулж төр, хувийн хэвшлийн санхүүгийн хэрэгсэл бий болгох замаар филантропи, олон нийтийн дэмжлэг хосолсон хэвлэл мэдээллийн санхүүжилтийн холимог хэлбэрийг дэлгэрүүлэх
  • Нийтийн ашиг сонирхолд үйлчлэх сэтгүүл зүйд зориулсан хөгжлийн албан ёсны тусламжийг жилд нэг тэрбум доллар хүртэл хэмжээгээр үлэмж нэмэгдүүлэхэд засгийн газруудаас нөөц бүрдүүлэх
  • Иргэдэд өөрсдийн сонгосон хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих боломж (хэвлэл мэдээллийн эрхийн бичиг, захиалгын татварын хөнгөлөлт, орлогын албан татварын тэмдэглэгээ гэх мэт) бүрдүүлсэн дэмжлэгийн механизм бий болгох
  • Хиймэл оюун ухааны талаарх үндэсний стратеги, замын зураглалд сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийг стратегийн салбарын хэмжээнд авч үзэн, багтаах замаар сэтгүүл зүйд хиймэл оюун ухааны үзүүлэх үр нөлөөний тусгалыг төлөвлөн зохион байгуулах.     

Сэтгүүл зүйг дайрч буй хямралын далайц, түүнийг нийтээрээ даван туулахад хүчин мөхөсдөж буйн сөрөг үр дагавар нь “Шинэ бодлого”-ыг анхааралдаа авах шаардлага тулгарч буйг илтгэж байна. Энэхүү өргөн цар хүрээтэй төлөвлөгөө нь засгийн газрууд, зохицуулагч байгууллагууд, аж үйлдвэр, хөрөнгө оруулагчид, санхүүгийн хандивлагчид, технологи болон иргэний нийгмийн арав ба түүнээс дээш жилийн хамтын хүчин чармайлтын үр дүнд зорилгодоо хүрнэ гэж тус тайланд тодорхой дурджээ. Мөн сэтгүүл зүйн үйл ажиллагаанд жилд ДНБ-ий 0.1% хүртэл хувийг зарцуулах үндэслэлийг мөн тайлбарласан байна.

Рузвельтын “Шинэ бодлого”-ын “3Rs” буюу тэтгэмж, сэргээн босголт, шинэчлэл (relief, recovery and reform) гэсэн жишгээр олон арван улс орны хамтын хүчин чармайлтаар коронавирусын хямралаас үүдэн доголдож буй сэтгүүл зүйн экосистемд зориулсан хөрөнгө босгох (тэтгэмж), дижитал эринд бүрэн шилжих нөхцөл бололцоо бүрдүүлэх (сэргээн босголт), 21 дүгээр зууны технологийн төлөв байдлын цаашдын өөрчлөлтийг урьдчилан таамаглах (шинэчлэл) үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. 

Мэдээлэл ба ардчилал санаачилгын анхны чуулга уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд 2021 оны 9 дүгээр сард зохион байгуулна. Тус санаачилга нь иргэний нийгэм, ардчилсан засгийн газруудын үйл ажиллагааг томъёолж буй бөгөөд даяаршил, дижиталчлалын эрин үе дэх мэдээлэл харилцааны орон зайд ардчиллын баталгааг бүрдүүлэх зорилготой юм. Мэдээллийн эмх замбараагүй байдалтай тулгарсан үед энэ нь эрх зүйн хандлагыг (цахим талбарыг зохицуулах бодлого боловсруулах) геополитикийн бодлоготой (цахим талбарын зарчмуудыг таниулан сурталчлахын тулд ардчилсан засгийн газруудаас бүрдсэн эвсэл байгуулах) холбоно.     

Олон улсын түншлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Мэдээлэл ба ардчиллын форумыг 11 иргэний нийгмийн байгууллага 2019 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулсан юм. Тус форумаас 2020 оны 11 дүгээр сард “Инфодемик буюу мэдээллийн цар тахлыг эцэслэх нь” сэдэвт анхны бодлогын хүрээгээ тодорхойлсон. Энэ хүрээнд цахим платформуудын ил тод байдал, контентийн хүлээцтэй байдал, хувийн захидал харилцааны үйлчилгээний зохицуулалт, мэдээллийн найдвартай байдлын талаар 250 нарийвчилсан зөвлөмж гаргасан билээ.

 

Эх сурвалж: https://rsf.org/en/news/forum-information-and-democracy-calls-new-deal-journalism