УЕПГ:Сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараасан байж болзошгүй гомдлыг шалгаж байна

0
хуваалцах
203
үзсэн

Б.ОД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх долоон гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс Цагдаагийн байгууллага тав, Тагнуулын байгууллага  хоёр гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Эдгээрээс хоёр нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан, худал мэдээлэл тараасан гэсэн агуулгатай, бусад нь “бэлэн мөнгө тараасан байж болзошгүй” гэсэн гомдол, мэдээлэл байна. Одоогоор эдгээр гомдол, мэдээллүүдийг шалгаж байгаа юм.

Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа “Иргэд, хуулийн этгээдээс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй нийт 80 гомдол, мэдээллийг гаргасан. Үүнээс 78.8 хувь нь нийслэлд, 21.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хууль зөрчих зөрчилд нийт 36 төрлийн зөрчил хамаардаг. Үүнээс  “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн, харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан”,  “Сонгогч нь санал авах байрнаас гарахдаа саналын хуудас авч гарсан, саналын хуудсанд  тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн” гэсэн Зөрчлийн  тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16, 30 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 39 бүртгэгдсэн нь хамгийн их байна. Мөн “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан”, “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад  хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сурталчилгаа явуулсан” гэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл тус бүр найм бүртгэгдсэн.Бусад нь “Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан”,  “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн”, “Хүн, хуулийн этгээд нь сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийсэн”,  “Сонгуулийн сурталчилгаанд хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан, эсхүл бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан” зэрэг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүд байна” гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn