Мөрөөдлөө биелүүлсэн эмч

0
хуваалцах
1196
үзсэн

Р.ОЮУН

 

Монгол Улсад COVID-19 цар тахлын халдвар тархаад багагүй хугацаа өнгөрч  байна. Энэ аюултай халдварын голомтод өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүмүүс бол эмч, эмнэлгийн ажилтнууд юм. Тэдний нэг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчний асуудал  хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа эмчийг “Амьдралын тойрог” булангийнхаа зочноор урьсан юм.

 

Хот, хөдөөгийн 40-өөд халдварын том дэгдэлтийн голомтод орж ажилласан

 

Амаржаргалын Амбасэлмаа Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн. Түүний бага нас бусад хүүхдийн адил эцэг эхийн гар дээр өсөж, 10 жилийн сургуулиа төгссөн байна. Багаасаа эмч, эмнэлгийн ажилтан болох сонирхолтой байсан учраас анагаах ухааны дээд сургуульд орж 1982 онд эрүүл ахуйч мэргэжлээр төгсчээ. Ингээд Дундговь аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцад эрүүл ахуйч эмчээр ажиллаж байгаад тухайн үеийн бүтэц, зохион байгуулалтаар Эрүүл ахуйн халдвар судлалын хяналтын газар байгуулагдахад Хяналтын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагчаар ажилласан аж. 2005 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд ХӨСҮТ-д эмч, тасгийн эрхлэгч, албаны дарга, 2009 оноос Халдварт өвчний тандалт, судалгааны албаны даргаар 2021 оны гуравдугаар сарын 1 хүртэл ажилласан байна. Тэрбээр 30 гаруй жил халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг зохион байгуулж орон нутагтаа халдварт өвчний том том голомтод ажилласан туршлагатай нэгэн юм.

Тухайн үед улсын хэмжээнд 40-өөд төрлийн халдварт өвчин бүртгэгддэг байжээ. Тухайлбал, балнад, мененгоккт халдвар, улаанбурхан, сахуу өвчний голомтод ажилладаг байсан талаар нийтлэлийн баатар маань ярьж байлаа. Тэрбээр Улаанбаатар хотод ирээд ХӨСҮТ-д Халдварт өвчний тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байхдаа улсын хэмжээний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, бодлого, чиглэлийн ажлыг удирдан зохион байгуулж иржээ. Энэ хугацаанд хот, хөдөөгийн 40-өөд халдварын том дэгдэлтийн голомтод орж ажилласан байна. Тухайн үед 40 гаруй халдварт өвчин бүртгэгддэг байсан бол одоо 20 гаруй төрлийн халдварт өвчин бүртгэгддэг болжээ. Тухайлбал, том дэгдэлт болж гардаг байсан улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин нэвтэрснээр энэ халдварууд буурсан байна. Монгол Улс үндэсний хэмжээндээ халдварт өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг тав таван жилээр боловсруулж үүнийхээ дагуу улсын хэмжээний бодлого, чиглэлийг хэрэгжүүлж байгаа аж. А.Амбасэлмаа гуай 2002-2010 оны анхны хөтөлбөр дээр ажилласан бол 2010-2015, 2016-2021 онд хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг удирдан зохион байгуулж улсын хэмжээний халдварт өвчний бодлого, чиглэлийг тодорхойлж иржээ. Мөн ДЭМБ, олон улсын харилцаа, олон улсын халдварт өвчний бодлого, чиглэлтэй уялдуулж ажилладаг байна.

 

ХӨСҮТ Үндэсний зохицуулагч байгууллага

 

А.Амбасэлмаа эмчээс цар тахлын үед хэрхэн ажиллаж байсан талаар асуухад “БНХАУ-ын Ухань хотод корона вирусын цар тахал гарлаа гэдэг мэдээллийг бид олон улсын эрүүл мэндийн дүрмийн хаягаар авсан. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр ХӨСҮТ Үндэсний зохицуулагч байгууллага гэж явдаг. Тиймээс дэлхий дахинд гарч байгаа шинэ болон сэргэж байгаа халдварын мэдээллийг тусгай хаягаар авдаг. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 6-нд БНХАУ-д шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин гарлаа. Энэ халдвар олон хүнийг нэгэн зэрэг өвчлүүлж, нас баралт өндөртэй байна гэсэн мэдээллийг аваад бид анх санаачлаад Монгол Улсад орж ирэх эрсдэлийг үнэлж, 2017 оны хөндлөнгийн үнэлгээгээр бид халдварын эрсдэлийг үнэлэх, салбар хоорондын байгууллагын хамтын ажиллагааны талаар журам боловсруулсан байсан. Журамд эрсдэлийн үнэлгээ хийх арга, аргачлалыг хийсэн. Энэ аргачлалын дагуу анхны эрсдэлийн үнэлгээг мөн гаргасан. Нэгдүгээр сарын 6-нд эрсдэлийн үнэлгээг хийхэд Монгол Улсад орж ирэх эрсдэл дунд зэрэг, бүсийн хэмжээнд дунд эрсдэлтэй, дэлхий дахинд бага эрсдэлтэй, БНХАУ-даа өндөр эрсдэлтэй байсан.

Дунд эрсдэлтэй гэдэг нь хэзээ ч дээшээ өндөр эрсдэлээ олоход амархан. Тиймээс хилийн нэвтрэх цэгийн хяналтыг сайжруулъя, эрүүл мэндийн байгууллага, салбар хоорондын байгууллагуудын бэлэн байдлыг хангая гэдэг асуудлыг Эрүүл мэндийн яаманд тавиад Эрүүл мэндийн яамаараа уламжлаад тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсанаар эрт хариу арга хэмжээ авсан. Ингэж ажилласны дүнд улсын хилээр орж ирж байгаа зорчигчдын халууныг хэмжих, эрүүл мэндийн асуумж авах, энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдыг сургаж, дадлагажуулах, халдварын сэргийлэлтийн бэлэн байдлыг хангах, эмнэл зүйн менежментийг сайжруулах гэсэн ажлыг хийж хугацаа хожсон. Намайг ажиллаж байх хугацаанд 22 удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн байдаг. Ингэж хариу арга хэмжээ авч ажилласнаар Монгол Улс 10 сар халдварыг эх орондоо оруулахгүй барьж чадсан” гэсэн юм.

Энэ халдварт өвчинтэй тэмцэхэд мэргэжлийн төв байгууллагаас гадна олон салбарын хамтын ажиллагаа чухал ажээ. Тухайлбал, Тагнуул, цагдаа, онцгой, төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, ард түмний нэгдмэл байдал нөлөөлсөн байна. Цар тахал гарсан үед дэлхийн өнцөг буланд, аль нэг газарт өргөн хүрээтэй шинэ халдвар гарч амьсгалын замаар тархдаг. Ийм үед ямар ч улс бэлэн байдлаа хангах ёстой. Цар тахлын вирус ямар ч хил хязгааргүй, хэзээ ч орж ирэх боломжтой учраас арваннэгдүгээр сард анхны халдвар бүртгэгдэхэд кластер багц өвчлөлийг голомтод нь дөрвөн сар барьж чаджээ. Энэ нь төмөр зам дагасан зургаан аймаг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, бусад үйл ажиллагаа, буяны ажилтай холбоотой том голомт үүссэнийг эмч, эмнэлгийн ажилтнууд нэг ч амралтгүй ажилласнаар хязгаарлаж чадсаныг бүгд мэднэ. Монгол Улс цар тахлын бүх үеийг дамжиж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд энэ халдварыг мэддэг, голомтод ажиллаж сурахаас гадна эмчилдэг болсон. Цар тахлын шинэ вирусын халдварыг хүн тойрч гарахгүй. Дархлаа тогтож байж гарна. Эсвэл халдварт өртөнө эсвэл вакцинаар хамгаалагдана. Вакцинаар хамгаалагдаагүй хүн халдварт өртөх эрсдэлтэй гэсэн үг. Халдварт өртсөний дараа байгалийн дархлаа тодорхой хэмжээгээр тогтоно. Үүнийг тойрч гарч болохгүй учраас өргөн хүрээтэй тархсан үед болгоомжтой байх хэрэгтэй гэж байлаа.

 

Гавьяаныхаа амралтыг авсан ч гэрээгээр ажиллаж байна

 

А.Амбасэлмаа эмч өөрийн хүсэлтээр гавьяаныхаа амралтыг авсан ч Эрүүл мэндийн сайд, яамны мэргэжилтнүүд санал тавьснаар 20 гаруй хоног амраад Эрүүл мэндийн яам, ДЭМБ-д гэрээгээр ажиллаж байна. Энэ хэцүү цагт тэрбээр эрх зүйн баримт бичгүүд дээр ажиллахаас гадна өөрийн мэддэг, чаддаг бүхнээ харамгүй хуваалцаж явна. Тархалт гарсан үед аль болох хохирол багатай гарах хэрэгтэй. Өртөж болно хүндрүүлэхгүй, нас баруулахгүй аль болох цөөн нас баралттай ажиллах нь бидний зорилго хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байсан.  А.Амбасэлмаа эмчийн аав Амаржаргал Дундговь аймгийн Сайнцагаан, Дэрэн суманд удирдах ажил хийж байсан аж. Тухайлбал, тэр үеийн багийн дарга, мал аж ахуйн бригадын дарга, сумын орлогчоор ажиллаж байжээ. Харин ээжийнх нь бие өвддөг байсан болохоор ээжийгээ эмчлэгч эмч болно хэмээн шийдсэн аж. Х анги төгсөх жил сангийн аж ахуй яваад ирэхэд сургуулийн захиргаанаас эхний 30 хүүхдийг хоёр анги болгоод эрүүл ахуй, халдвар судлалын мэргэжилтэн гэж хуваарилсан болохоор таван жил сурч эрүүл ахуйч их эмчээр төгсөж ирээд аймагтаа ажил, амьдралын гараагаа эхэлсэн байна. Айлын том охин тэрбээр дороо таван эрэгтэй дүүтэй ч зарим нь тэнгэрт хальжээ. А.Амбасэлмаа гуай нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга хийсэн байна. VI, VII ангиасаа “Сурагч шуудан хороо”, “Сурагч кино театр” гэсэн ажлыг хийж, кино гарах бүрт сургуулийн хүүхдүүдийг дэг журамтай байлгана. Үймүүлсэн хүүхдүүдийн нэрийг бичиж аваад багшид нь хэлж зэмлүүлснээр “Сурагч кино театр”-ынхан ирлээ гээд чимээгүй болдог болжээ. “Сурагч шуудан хороо” гэдэг нь холбооноос очиж хэвлэлээ аваад тарааж өгнө, уншина гэх мэтээр юм юманд оролцдог хариуцлагатай хүүхэд байсан аж. Багаасаа ариун цэврийн комиссын дарга хийсэн нь ирээдүйд халдварт өвчинтэй тэмцэх, хүмүүсийг эрүүл ахуй, ариун цэвэрт сургах учиртай байжээ.

Сургуулиа төгсөөд нутагтаа ирэхэд нь нян судлалын бактерлогич эмч Жаргал, станцын дарга Мягмардорж, халдвартын эмч н.Адьяа нар хүлээн авч их зүйлийг зааж сургасан байна. А.Амбасэлмаа эмч “Халдварт өвчинтэй тэмцэх нь багийн ажил байдаг. Ганцаараа очоод хүнийг эмчлэхгүй. Дундговь аймагт 1984, 1985, 1987 онд мененгокктын том дэгдэлт гарахад халдвартын н.Адьяа эмч, миний үеийн Цэцэгмаа, Бямбасүрэн эмч, нян судлалын лаборант ахмад эмч Цэвэлсүрэнтэй нэг баг болж явахад Цэвэлсүрэн гуай надад их зүйлийг зааж сургасан. Мененгоккт халдварын дэгдэлтийг тэр үеийн сайд, дарга нар тушаал гаргаж маш хариуцлагатайгаар арга хэмжээ авсан. Багаасаа эмч болохыг мөрөөдсөн болохоор мэргэжилдээ хайртай. Олон жил ажилласан дадлага, туршлага, хөдөө орон нутгийн голомтод улаан гараараа ажиллаж байхад, халдварын эх уурхайг нь олчихоод энэ хүнээс халдсан байна. Ингэж дамжсан, халдвар ингэж ирсэн байна гээд учрыг нь олчихоод сууж байх хамгийн сайхан. Залуу байхад одоогийнх шиг гар утас байхгүй, холбоон дээр очоод гэр рүүгээ ярихад Сайхан-Овоо явсан хүн яагаад Цагаандэлгэрт байдаг юм гэнэ. Хоёр хүүхэдтэй ч гэр оронгүй юм шиг явдаг байлаа. Миний хань н.Самданпэрэнлэй нефть баазад ажиллаж байсан, бид нэг сургуульд сурч байхдаа танилцаж 35 жил амьдрахдаа нэг охин, хоёр хүүгийн аав ээж болсон. Хань маань хүнд өвчний улмаас бурханы оронд залраад таван жил болж байна” гэв.

 

Цар тахал гарснаар хүмүүс халдвар судлагч, эрүүл ахуйч гэдгийг ойлгодог болсон

А.Амбасэлмаа эмч уг нь эрүүл ахуйч их эмчээр төгссөн ч халдвар судлаач болжээ. Учир нь халдварт өвчний тандалтыг мөрддөг учраас 1984 оноос халдвар судлагч эмчийн олгох курст Улаанбаатарт ирж гурван сар сураад, 1989 онд дахин дээшлүүлж, 1990 онд гадагшаа яваад нийгмийн эрүүл мэндийн зохион байгуулагч гэдэг удирдах ажилтны курст сурч мэргэшсэн байна. Харин эрүүл ахуйч нь дотроо хүүхдийн, хүнсний, хөдөлмөрийн, орчны эрүүл ахуйч гээд хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг чухал мэргэжил ажээ. Цар тахал гарснаар хүмүүс халдвар судлагч, эрүүл ахуйч гэдгийг ойлгодог болсон байна. Эрүүл ахуйч хүнийг аль болох эрүүл, аюулгүй орчинд байлгах, өвчнөөс сэргийлэх дээрээс нь хүний амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хяналт тавьж, зааж зөвлөдөг. Харамсалтай нь Монгол Улс 2004 оноос эрүүл ахуй, халдвар судлагч гэдэг нарийн мэргэжлээр төгсгөлгүйгээр нийгмийн эрүүл мэндийн ажилтан гээд нэг хэсэг явчихсан. Тиймээс өнөөдөр халдвар судлагч, эрүүл ахуйч ховор байна. Халдвар судлагч эмч ямар чухал болохыг энэ цар тахал мэдрүүлж байна. Халдварын учрыг олдог, мөрддөг, цагддаг нарийн мэргэжлийг орхигдуулж болохгүй гэж байсан юм.

А.Амбасэлмаа эмчийг залуу байхад нянгийн гаралтай халдвар их байсан бол өнөөдөр 70 хувь нь вирусын гаралтай мөн зоонозын гаралтай халдвар нэмэгдэж байгаа нь эрсдэлтэй. Глобалчлалын эрин болсон учраас дэлхийн хаана өвчин гарна дорхноо тархаж байна. Зоонозын шинэ халдвар гарахад хүн ам бэлэн байх ёстой. Үүнээс сэргийлэх мэргэжилтнүүд чухал гэдэг нь харагдаж байна. Тиймээс эрүүл ахуйч, халдвар судлаачийг хангалттай бэлтгэх хэрэгтэй. Монгол Улс Номхон далайн баруун бүсүүдийн санаачлагаар Талбарын тархвар судлалын хөтөлбөрийг 2009 оноос хэрэгжүүлэхэд Д.Нямхүү захирал ХӨСҮТ-д Талбарын тархвар судлалын албыг байгуулахад нөлөөлжээ. Талбарын тархвар судлалаар өнөөдөр 60-70 халдвар судлагчийг бэлдэж авсан нь одоо ач холбогдлоо өгч байна. Энэ хүмүүс нэлээд өндөр түвшинд газар дээр нь бэлтгэгдэж байгаа. Зөвхөн эрүүл мэндийн салбарынх биш ОБЕГ, мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, хөдөө аж ахуйгаас ч бэлтгэж байна. Монгол Улсын хэмжээнд цөөн боловч чанартай халдвар судлагч нар ажиллаж байгаа нь сайшаалтай.

 

Эрүүл мэндийн байгууллагын мөрдөн байцаагч

 

А.Амбасэлмаа эмч их, дээд сургуулиа төгсөж байгаа залуучуудад хандаж “Эхний мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Сонгосон мэргэжлээрээ ажиллаад байвал тодорхой үр дүнд хүрнэ. Энд тэнд ажиллаад, орж гараад явдаг хүн бол амжилтад хүрэхгүй, дадлагажиж, туршлагажихгүй. Би 40-өөд жил ажилласан ч залуучуудаа сургахын хажуугаар тэднээс их зүйл сурч байна. Ер нь мэргэжил эзэмшсэн бол түүндээ шунан дурлаж ажиллах, тэр мэргэжлийнхээ сайхан чанарыг олж харж чаддаг, мэргэжлийнхээ ид хавыг гайхуулж явах хамгийн сайхан. Ялангуяа, халдвар судлагч бол юмны учрыг олох гээд хөөцөлддөг нэг ёсондоо эрүүл мэндийн байгууллагын мөрдөн байцаагч юм. Би тагнуул, цагдаа, онцгойгийнхноор бахархсан. Миний удирдлага дор “Дохиоллын удирдлагын тогтолцоо” гэдгийг нэгдүгээр сарын 8-нд ХӨСҮТ-ийн захирал, тухайн үед ОБЕГ-ын дарга байсан Бадрал генералаар батлуулаад 40-өөд хүнтэй салбар хоорондын багийг удирдаж байсан. Тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал гэсэн салбарыг нийлүүлж, нэгтгэж ажилласны хүчинд Францын иргэний явсан газрыг барьж авч чадсан. Энэ нөхөр хаагуур явсныг та нар ол гэж тагнуул, цагдаа, онцгойгийнхонд хэлэхэд “За дарга, аа” гэнэ. Ингэж ажилласнаар Францын иргэн Францад байхдаа халдвар авсан байна гэж хөөж олсон. Янз бүрийн хүн байна. Тэрийгээ нууна, үүнийг нь тагнуул, цагдаагийнхан олно. Ингэсний дараа халдварынх нь цар хүрээг тогтоож, голомтоо хязгаарлаж хумиж авна. Үүнийг зөөвөрлөгдсөн үед ч юм уу, кластер голомтоо барьж авсан үед хийгээд байж болно. Одоо нийтийг хамарсан, өргөн тархалттай болсон үед яаж тусгаарлаж, илрүүлгээ яаж хийх вэ, эрэмблэн ангилалт, тусгаарлалтаа яаж хийх вэ гэдгээ нарийн зохион байгуулах ёстой гэв.

 

Амьдралын тэсвэр тэвчээрийн дээдийг эмэгтэй хүн л гаргадаг      

 

А.Амбасэлмаа эмчээс “Амьдралын тэсвэр тэвчээрийн дээдийг эмэгтэй хүн л гаргадаг” гэж хэлснийг нь сонирхож асуухад “Би насаараа эмэгтэй хүнтэй ажилласан. Орон нутагт байхдаа 30-40-өөд хүнтэй ажиллахад 7-8 нь л эрэгтэй байсан. Улаанбаатарт ирээд ХӨСҮТ-д ажиллахад 700-800-гаад хүний 80-90 хувь нь эмэгтэй, үүн дотроо манай алба 40 гаруй хүнтэй гэхэд мөн л 10-аад эрэгтэйтэй байх жишээтэй. Энэ олон эмэгтэй амьдралын төлөө ямар их тэмцэж байна. Хань ижилтэй, хагацаж салсан, зодуулдаг ч хүн байна. Насаараа ганцаараа явсан хүн ч бий. Энэ бүгд яаж амьдарч, ямар их тэсвэр тэвчээр эмэгтэй хүнээс гардаг юм бэ гэдгийг өөрийн нүдээр харсан. Тэгээд дарга дээрээ орж ирээд уйлдаг, нэгийгээ ховлодог, ядарч зовсон амьдралаа ярьдаг хүн ч байна. Энэ бүхэнд ямар хүнд ачааг үүрч явсан юм бэ. Сайхан, сэргэлэн цовоо яваа нь нүдэн дээр ил байна. Олон жил, олон эмэгтэй хүнтэй ажилласан, тодорхой хэмжээгээр удирдаж явсан учраас эмэгтэйчүүддээ хайртай. Зарим эрэгтэй хүнд эмэгтэй хүн л хамаг амьдралыг чинь авч явдаг, туулж давдаг гэж хэлж дургүйг нь хүргэдэг. Ер нь хамгийн хатуу хөтүүг эмэгтэй хүн туулдаг. Тиймээс хоорондоо эв нэгдэлтэй бай, нэгийгээ битгий муу хэл, ядарсан зовсондоо тусалж бай” гэж хэлдэг гэсэн юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.14 ДАВАА № 118 (6595)

иргэн
Та сайн эмч. Монголын Ард түмэн таныг хүндэтгэн, таны мэдлэг, боловсролыг сайшаан дэмждэг. Танд эрүүл энхийг хүсье. Чадлаараа Монгол улсынхаа төлөө зүтгэж, ард түмэндээ тус нэмэр болж яваад талархаж байна.
Иргэн
Амбасэлмаа эмчид эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Хэцүү хүнд үед идэвхи зүтгэл,тэвчээртэй ажиллаж байгаа танд баярлалаа.