​Л.Энхсайхан: Суурь өвчтэй хүүхдүүд “COVID”-ийн халдвараар нас барах эрсдэл өндөр байна

0
хуваалцах
174
үзсэн

Б.ТУУЛ

Сүүлийн үес хүүхдүүд COVID-19-ийн халдвар авах тохиолдол эрс нэмэгдэж буйг албаны хүмүүс онцолсон. Ингэхдээ зарим хүүхэд шинж тэмдэггүй өвчлөх нь их байгаа бөгөөд халдвар авсан хүүхдүүд  гадаа тоглох зэргээр бие биедээ халдвар тараах эрсдэл өндөр байгааг эмч нар хэлж байна. Тиймээс ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан олон нийтэд хандсан дараах зөвлөгөө, мэдээллийг өгч байна.

Тэрээр “Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тохиолдол нэмэгдсэн байна. Үүнийг дагаад R утга мөн адил өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины 2 тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон халдвар авсан байдал 0,5 хувьтай байна. Үүнээс ВероСелл вакцинд хамрагдсан хүний 0,22 хувь, АстраЗенека 0,36 хувь, Пфайзер 0,11 хувь, Спутник 0,51 хувь нь халдвар авчээ. Нийт вакцин хийлгэсэн иргэдийн 36.5 хувь буюу гурван хүний нэг нь вакцины хоёр тун хийлгээд 15 хоносон байна. Энэ хувь нь бага учраас иргэд аль болох олон нийтийг хамарсан цуглаанд оролцохгүй, тэмдэглэлт арга хэмжээг хойшлуулах нь зүйтэй.

Халдвар авсан таван хүн тутмын нэг  нь хүүхэд байна: Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн нийт халдваруудын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол сүүлийн 14 хоногт хүүхдийн халдвар авах тохиолдол нэмэгдэж 28 хувьд хүрлээ. Халдвар авсан таван хүн тутмын нэг  нь хүүхэд байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд 9797 тохиолдол бүртгэгдснээс 2661 нь хүүхдийн халдвар байна. Сүүлийн 14 хоногт халдвар авсан эдгээр хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл, 0-4 насны 637, 5-9 насны 867, 10-14 насны 780, 15-17 насны 377 хүүхэд байна.

Архаг суурь өвчтэй хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байна:  Хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь вакцинд хамрагдаагүй иргэд их өвчилж байгаагийн нэг илрэл юм.  Халдвар авч байгаа хүүхдүүдийн дунд архаг суурь өвчтэй хүүхдүүд байгаа учраас нас барах эрсдэл байна. Иймд дэлхий нийт 12-оос дээш насны хүүхдийг вакцинд хамруулж эхэлсэн. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хаалт тогтмол зүүлгэж, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомын талбайд тоглуулахгүй байх мөн хүүхдийг хөхөөр сайн хооллох хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn