"Эрдэнэт"-ийн захирлууд "Веросэлл вакцин хийлгэхгүй бол ажилд гаргахгүй" гэж дарамталжээ

0
хуваалцах
224
үзсэн

С.САРУУЛ

Цар тахалтай тэмцэх нь бүх нийтийн эрүүл мэндийн хамгийн чухал асуудал болоод байна. Гэвч нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрийдлээр хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг олон улсын байгууллагууд өнгөрсөн хугацаанд хангалттай анхааруулж ирсэн. Ялангуяа, вакцинжуулалттай холбоотойгоор хүнийг албадах, эрхийг нь зөрчих асуудал байж болохгүй. Коронавирусын эсрэг дархлаажуулалт бол сайн дурын үндсэн дээр хийгдэх хувь хүний сонголт гэдгийг ч хууль журмаараа зааж өгсөн. Гэтэл улс орон даяар коронавирусын эсрэг вакцинжуулалт эрчимжиж байгаатай холбогдуулан ХЭҮК-т багагүй гомдол ирж байгаагийн 70-80 хувь нь цар тахал, хөл хориотой холбоотой байгаа аж. Тэр дунд  “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнаас ХЭҮК-т хандсан байна. Тодруулбал, “Эрдэнэт”  үйлдвэр бүх ажилчдадаа болон гэр бүлийн 18-аас дээш насны бүх гишүүнд коронавируст халдвараас сэргийлэх Хятад улсын Синофарм үйлдвэрийн “Веросэлл” вакциныг сонголтгүйгээр хийхийг тулгасан байна. Хэрэв үйлдвэрийн удирдлагуудын үгэнд орж гэр бүлийн гишүүдээрээ “Веросэлл” хийлгэхгүй бол ажилд нь гаргахгүй гэж айлган сүрдүүлснийг үйлдвэрийн ажилтан гомдолдоо дурджээ.

Дархлаажуулалтын вакциныг сайн дурын үндсэн дээр хийхээс гадна эрүүл мэндийн буюу харшлах шалтгаантай хүмүүст хийхийг хориглосон. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хүчээр вакцинд хамруулж байгаа нь бидний эрхийг зөрчиж байна хэмээжээ.

Харин ХЭҮК уг асуудлыг шалгаж үзээд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал М.Бадамсүрэн болон бусад удирдлагад зөвлөмж хүргүүлээд байгаа аж. Гэтэл зөвлөмж хүргүүлээд сар болох гэж байхад ямар нэг хариу ирээгүй байна.

ХЭҮК-ын зөвлөмжид “...Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу коронавирусын халдвараас сэргийлэх вакцинд албадан хамруулах хууль зүйн үндэслэлгүй тул тус үйлдвэрийн газрын ажилтан, түүний гэр бүлийг вакцинд хамруулах удирдамж, зааварчилгаа нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах эрхийг зөрчиж болзошгүй байна. Иймд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус үйлдвэрийн газрын нийт ажилтан болон гэр бүлийн гишүүдэд коронавируст халдвараас сэргийлэх вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг олгох, вакцин хийхэд харшлах өвчинтэй хүнд хийхгүй байх үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөх, вакцинд хамрагдаагүй ажилтны бусад эрх, тухайлбал хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй байх”-ыг тусгажээ.

Эх сурвалж: www.polit.mn