С.САРУУЛ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч урд шөнө (2021.04.08) 18:00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ.   19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.

Дээрх хоёр цэрэг нь галт зэвсэгтэй, ойрын айлаас мотоцикл хулгайлан зугтсан байна. Уг хэрэгтэй холбоотойгоор ХХЕГ-аас тодруулахад “Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна. Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан.Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргийн алба хаагч нь хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд, харуулын даргыг буудан хороогоод оргосон байна. Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүг зугтаж, энэ хэргийн талаар мэдээлсэн” гэв.

Эх сурвалж: www.polit.mn