Ц.Оюунбаатар: Төрөөс хүлэмжийн аж ахуйг  дэмжиж, хөгжүүлбэл монголчууд урт наслах боломжтой

0
хуваалцах
171
үзсэн

Ч.ЗОТОЛ

 

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах  нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатартай ярилцлаа.  

-Монгол Улсын хэрэглэгчийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байна. Ямар зорилт дэвшүүлэн  ажиллаж байна вэ?

-Монголын гурван сая иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт  17 салбар,  200 орчим сумын хэрэглэгчийн байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагааг нь чиглүүлэн ажилладаг. Манай хэрэглэгчийн байгууллага хуультай гурван ТББ-ын нэг бөгөөд МҮЭ, МХАҮТ шиг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах монгол хүний эрүүл орчинд амьдарч ажиллах, хүний эрхийг хангах чиглэлд 10 гаруй мянган идэвхтэн гишүүд төв, сум орон нутагт ажиллаж байна.

-Ногоон хувьсгал хийж “Өрх бүрт ногоон хүлэмж-эрүүл хүнс” аян зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар тодруулна уу?

-2021 оны хувьд ардын хувьсгалын 100, тусгаар тогтнолын баярыг угтан хүн ардынхаа эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал эх орны газар шороонд эрүүл хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний ногоо, нарийн ногоогоор хангахад анхаарлаа хандуулж айл бүр хашаандаа хүлэмжтэй болж эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний ногоогоор улс орноо хангах аяныг эхэлж байна. Монгол орны аль ч бүс нутагт хүлэмжийн аж ахуй эрхэлж хүнсний ямар ч төрлийн нарийн ногоо, жимс жимсгэнэ ургуулах бололцоотой бөгөөд хашаанд амьдардаг айл бүрт нэгээс доошгүй хүлэмжийг барьж хавар, зун, намрын улиралд бүх төрлийн нарийн ногоо жимс жимсгэнэ тарьж өрхийн хэрэгцээгээ хангаж, илүү гарсангаа баг, сум, хөрш айлдаа худалдан борлуулах, нийтийн хоолны газруудад худалддаг болсноор бид урд хөршийн эрүүл ахуйн хувьд эргэлзээтэй элдэв ногоо импортлохыг хязгаарлаж зогсоох нөхцөл бүрдэнэ.

-Монголчууд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлээд хүнсний ногоогоо өөрсдөө тариалж эрүүл хүнсээр ард түмнээ хангаж чадах юм бол үнэхээр бодит өөрчлөлт болж, химийн элдэв бордоо хэрэглэсэн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний ногоо импортлохоо болих юм бол монголчууд эрүүл амьдарч урт наслах бололцоотой болно. Төр, засаг энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд дотооддоо хүнсний ногоо нарийн ногоог тарих ажлыг эрчимжүүлж импортын хүнсний ногоог хязгаарлах тухай маш чухал зорилт дэвшүүлсэн.

 Монгол хүний амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлэх ажлыг хэрэглэгчийн байгууллага хариуцан эхлүүлж байна. Улаанбаатар, хангай, говь, аймаг, сум, багийн төвд айл бүр хашаандаа хүлэмж босгож, энэндээ нарийн ногоо сонгино сармис, огурцы помидор, шийгуа, жимс жимсгэнэ тарьж өөрсдийнхөө хэрэгцээг хангаж  илүү гарсныг худалдан борлуулах дотоодын зах зээлд нийлүүлэх ажилд төр засгийн дэмжлэг маш чухал шийдвэрлэх ач холбогдолтой.

Өлссөн хүнд загас өгөх биш загас барих аргийг зааж өгнө гэж бид их ярьдаг. Тэгвэл монголчууддаа хүнсний нарийн ногоог хүлэмжинд тарих технологи, аргыг бүх нийтийн сургалтаар хүргье. Хямд үнэтэй удаан эдэлгээтэй хүлэмжээр хангаж өгье, ЖДҮ-ийн зээлийг айл өрхийг хүлэмжээр хангахад зарцуулъя, дотоодын хүнсний нарийн ногоог иргэдээсээ худалдан авах сүлжээг бий болгоё.

Сүү, будаа, ноолуурт урамшуулал олгодог шиг хүнсний нарийн ногоо тариалж, зах зээлд нийлүүлэлт хийж борлуулж байгаа айл өрхөд урамшуулал олгож болно. Магадгүй энэ сүү, ноолуур, тарианаас чухал айл өрх бүрийн амьжиргааг сайжруулах  боломж, тийм чухал менежмэнтийг 30 жилийн хугацаанд Монголын төр, засаг ярьсан болохоос хэрэгжүүлж чадаагүй бодлого. Ингэснээр элдэв өвчлөл, харшил, диабит, зүрх судасны өвчин үүсгэж байгаа ногоо Эрээнээс зөөдөг олон арван сая долларын импортыг хязгаарлах. Энэ мөнгөө дотоодын үйлдвэрлэгч айл өрхдөө хүлэмжийн аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг болгон ажиллах шаардлагатай. Энэ талаар миний бие хүнс хөдөө аж ахуйн яам, УИХ-ын зарим гишүүд зэрэг олон хүнтэй уулзаж дэмжлэг авахаар ажилласан.

Одоо Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөж байна. Засгийн газар тогтоол гаргаж “Өрх бүрт ногоон хүлэмж-эрүүл хүнс” аяныг дэмжиж бүх нийтийн үйлс болгож чадвал жинхэнэ ногоон хувьсгал болох юм. Монгол орны эрүүл цэвэр хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хэрэглэгчиддээ үйлчилж байгаагаа нийтийн хоол үйлчилгээний газар, дэлгүүр зах, худалдааны төвүүд ил тод мэдээлж байх хэрэгтэй. Тухайлбал, ресторан, хоолны газар булганы айраг, Сүхбаатар аймгийн үхрийн мах гэдэг шиг ямар хүнсний ногоогоор иргэдэд үйлчлүүлж байгаагаа хоолны цэс, дэлгүүрийн лангуун дээрээ бичиж ил тод тавих үүнд нь мэргэжлийн хяналт. Хэрэглэгчийн байгууллага хяналт шалгалт хийснээр асуудлыг бүрэн шийдэх боломжтой.

-Монголчууд үнэхээр бүх нийтээрээ хөдөлвөл хүнсний ногоо, нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бололцоотой. Үүнийг харин олон нийтэд хүргэж хэрэгжүүлэх нь чухал?

-Өнөөгийн Засгийн газар зоригтой шийдээд, тогтоол шийдвэрээ гаргаад, айл өрх бүрт тулж ажиллаж, хашаа бүрт хүлэмжтэй болоход нь дэмжлэг үзүүлэх тарих үр,тариалах технологи аргачлалаар хангах, ТВ онлайн сургалт явуулах, хөнгөлөлттэй зээлэнд хамруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Энэ олон ТВ, сонин хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж эрүүл хүнс нарийн ногоогоор эх орноо хангах хөдөлгөөнд нэгдэж бүх нийтээрээ мэрийн ажиллаж чадвал гурван жилийн дотор ногоон хувьсгалаа жинхэнэ утгаараа хэрэгжүүлэх юм. Айл бүр хашаандаа хүлэмжнээс гадна  3-10 ширхэг мод тарьчих юм бол бодит үр дүн гарч агаарын бохирдол арилахад дэм болж, амьдрах орчин сайжирна.Бид намчирхаж, талцаж бие биенээ үгүйсгэн хөгжлийг чөдөрлөж, ард түмнийхээ элбэг хангалуун сайхан амьдрах боломжийг үгүй хийж ирсэндээ дүгнэлт хийх цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.9 БААСАН № 72 (6549)