С.САРУУЛ

Энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд гарсан зөрчил өмнөх 2 дугаар сартай харьцуулахад 77.3 хувиар өссөн байна. Гуравдугаар сард 167276  зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 98.87 хувийг цагдаагийн байгууллага, 0.21 хувийг мэргэжлийн хяналт, 0.05 хувийг онцгой байдал, 0.86 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ. Дээрх хугацаанд зөрчил үйлдсэн 166116 хүн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлсэн нь өмнөх сараас 78.4 хувиар, 237 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 75.6 хувиар тус тус өссөн байна.

Зөрчлийн улмаас тэрбум 154 сая 884 мянган төгрөгийн хохирол учирч, 72.9 хувь нь нөхөн төлөгджээ.  

Зарим төрлийн зөрчлийн гаралт нэлээдгүй хувиар өссөн байна. Тухайлбал, Мөрийтэй тоглох зөрчил нэг дахин, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 86.2 хувиар, Хулгайлах зөрчил 38.5 хувиар, Хүний биед халдах зөрчил 25.6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил өмнөх сард гараагүй бол энэ сард гурван удаа гарчээ.

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 37.9, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9.8 хувиар буурсан байна.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх хувь нь Нийслэлд үйлдэгдэж байна. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил Баянзүрх дүүрэгт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил  Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт хамгийн олон гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn