С.УЯНГА

Хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Засгийн газраас бүх хэлбэрийн сургалтын үйл ажиллагааг хориглосон. Энэ хугацаанд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн байгууллагын зүгээс хэрхэн ажилласан бэ?

-Шинэ төрлийн коронавирусын дэгдэлтийн улмаас өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас хичээл, сургууль зогсоосны дараахан буюу нэгдүгээр сарын 30-нд нийслэл, орон нутаг руу шуурхай үүрэг чиглэл өгсөн. Хүүхдийг харгалзах хүнгүй, гэр, орон сууцанд цоожтой орхихоос сэргийлэх. Мөн сар шинийн баяр болохтой холбогдуулан бага насны хүүхдийн түлэгдэлт, ахуйн осол, бэртэл, гэмтэл авах, гэр орон сууцны гал түймрийн тоо, хохирол, өсөх хандлагатай байдаг. Тиймээс хүүхдийг осол гэмтлээс хамгаалах, гэр, орон сууцны галт түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэл орон нутагт зохион байгуулах үүрэг өгсөн. Тухайлбал, Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, болзошгүй гал түймрийн аюулд өртөх, түлэгдэлт, ахуйн осол, бэртэл, гэмтэл авахаас сэргийлэх, эрсдлийг буруулах арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд зохион байгуулах чиглэл өгсөн. Түүнчлэн орон нутагт зорчихдоо болгоомжтой байх, малчид хүүхдийг малд явуулахдаа даарч осгохоос сэрэмжлүүлэхийг сум, багийн Засаг даргаар дамжуулан зохион байгуулах үүрэг өгсөн.

Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад нэгдүгээр сарын 30-наас эхлэн “Хором бүрээ анхааръя” ахуйн осол, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байна. Мөн байгууллагуудтай хамтарч хүүхдийн аюулгүй байдлыг хангах мэдээллийг төрөл бүрээр нь боловсруулж олон нийтэд түгээж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эрүүл мэнд, боловсрол, олон улсын байгууллага зэргээр салбар, байгууллагын онцлогыг тусгасан зурган постерыг аль болох ойлгомжтой хэлбэрээр хийж нийслэл, орон нутгийн бүхий л суваг олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээхэд нэлээдгүй анхаарч байна. Иргэдийн хувьд ч гэсэн аль болох зөв мэдээллийг бусдад түгээхийг уриалж байна.  

-Сургалтын үйл ажиллагааг зогсоосноос хойшхи хугацаанд хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээлэл хэр их ирсэн бэ?

-Хөл хорио тогтоосноос хойш дуудлага харьцангуй гайгүй байлаа. Харин хөл, гараа пааранд хавчуулах, усны цоргонд хуруугаа хийдэг, цонх руу авирдаг, нуугдаж тоглож байгаад угаалгын машинд орж нуугддаг, амандаа янз бүрийн юм үмхдэг тохиолдол гардгийг аврагчид хэлдэг. Тиймээс эцэг, эхчүүд маань хүүхдээ үлдээхдээ хөрш айлдаа захих, цайныхаа цагаар эргэж байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулдаг.

-Дарханд харам­салтай зүйл боллоо. Эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхгүй юу?

- Дархан суманд бага насны хүүхдээ харгалзах хүнгүй үлдээснээс амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс эцэг, эхчүүд маань анхаарал болгоомжоо хэзээд алдаж болохгүй. Гэрээс гарахдаа гэр, орон сууцны аюулгүй байдлыг маш сайн шалгах хэрэгтэй. Хамгийн наад зах нь усны крант, цахилгааны залгуурыг аюулгүй эсэхийг нягталж шүдэнз, хий, асаагуур, ус буцалгагч, халуун сав, индүү, халуун тогоог хүүхдийн гар хүрэхгүй газар тавьж хэвшье. Хүүхдүүд өөрсдөө галаа түлэх гэж шүдэнз, хий асаахыг оролддог. Залгуурт олон төрлийн юм залгадгаас цахилгаан хэрэгслийн ачаалал хэтрэх зэргээр эрсдэл их.

Гамшиг осолд өртөж байгаа хүмүүсийн 30 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь хүүхэд байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх мэдээлэл сэрэмжлүүлгийг ямар ч үед тасралтгүй хүргэж ирсэн. Улирлын онцлогоос шалтгаалсан сэрэмжлүүлэг мэдээллийн цаг тухайд нь хүргэж байна. Хавар болохоор бага насны хүүхдээ малд явуулдгаас шуурганд төөрөх, хөлдөж осгох эрсдэлтэй. Зун зургадугаар сараас гол усны аюул эхэлдэг бол намар гал түймрийн аюултай. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хэдэн цагт тарж, хаана явааг нь анзаардаггүйгээс бусадтай дарвиж гол ус руу анхаарал болгоомжгүй явж орох, өвөл чарга аваад ууланд  гарах тохиолдол их гардаг. Нэг үеийг бодоход гол усны анхааруулга тэмдэглэгээ, хашлага хийж байна. Мөн малчдад цаг агаарын мэдээллийг орон нутгийн онцлогт тохируулж сум бүрээр нь гар утсанд нь Монгол хэлээр мессеж хэлбэрээр өгч байна.  20 гаруй мянган малчинд мэдээлэл өгсний үр дүнд шуурганд төөрөх, осгож хөлдөх дуудлага эрс багассан гэж хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.10  ДАВАА  № 27, 28 (6252, 6253)