Д.МЯГМАР

 

Ирэх онд нийслэлийн­хэн  хэрхэн аж төрөх бол, хэр хэмжээний төсөвтэй ажиллаж, хэдэн төгрөгийн орлого олох бол. Иргэн та хаана хэдий хэмжээний газар эзэмшиж, өмчилж болох, аж ахуйн нэгжүүд хаана байрлан ажиллавал ээлтэй зэрэг олон асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ. Хотын төсөв санхүү гэхээс илүүтэй иргэдэд хэрэгтэй, наалдах мэдээлэл нь газар билээ. Яаж өөрийн гэсэн 0,07 га газраа аятайхан байрлалд авчих вэ гэсэн хүлээлт, хүсэлт хүн бүрт л бий. Тиймээс Улаанбаатар хотын газрыг ирэх онд хэрхэн хуваарилж, зохион байгуулах төлөвлөгөөг дэлгэж байна. Иргэний гэр бүлийн хэрэгцээнд одоо эзэмшиж байгаа 68.75 га газрыг өмчлүүлэх аж. Мөн иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр таван байршилд 34.2 га газар өмчлүүлэх төлөвлөгөөг өргөн барилаа.

Газартай иргэн, аж ахуйн нэгж тодорхой хэмжээгээр газрын төлбөр төлдөг. 2013 онд  15037 иргэн, аж ахуйн нэгжээс 17451.5 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх аж. Нийтийн эзэмшлийн газарт түр үйлчилгээ явуулж байгаа газруудыг төлбөрт хамруулж нөхөн төлбөр, алданг тооцон торгуулийн орлогыг нэмэгдүүлэхээр тэд зорьжээ.

Ирэх жил Улаанбаатар хот газраа шинээр, дахин төлөвлөхөөр болов. Мэдээж ингэхийн тулд нийслэлийн газрын зураг төсвийг шинэчлэх шаардлага гарч ирнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор гэр хорооллынхонд 24 байршилд 1050.5 га газар олгож, цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэгийг 12 байршилд 11.06 га-д байгуулахаар тооцоолжээ.

Иргэний гэр бүлийн хэрэгцээнд өмчилсөн газрыг хуулийн дагуу татварт хамруулж болзошгүй нь. Нийт 103.3 га газрын татвар болох 3.6 сая төгрөгийг хураах ажлыг татварын байгууллага хариуцахаар тэд төсөл хийжээ.

 Хуучин барилгыг нурааж чанартай, шинэ барилга бариасай гэж хэн хүнгүй ярьдаг. Үүний ТЭЗҮ-ийг боловсруулан 14 байршилд 1.58 га газарт шинээр барилга барих бололтой. Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ гэж нэг зүйл гарч ирсэн. Үүнд 113 байршилд 86.02 га газар өгч мэдэх юм.

Нийслэлд тулгамдаж буй асуудлын нэг нь дэд бүтэц, нийтийн үйлчилгээний газар болсон. Үүнд 24 байршилд 118.53 га газар зориулахаар төлөвлөжээ. Нийслэл рүү тэмүүлсэн хөдөлгөөнөөс үүдэн худалдаа, үйлдвэрлэлийн салбар тэлж, хэрэгцээ нь ч өссөн. Ийм зориулалтаар таван байршилд 5.1 га газар олгох магадлалтай байна. 

Улсын нийслэлийн шүдний өвчин болсон замын асуудал энэ төсөвт томоохон байр суурь эзэлжээ. Хэд хэдэн эх үүсвэрээр хотын дарга нар нийслэлийн замыг ирэх оноос сайжруулж тордох аж. Хорооллын доторх авто замын нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгцээ хотын хаана ч тулгарч буй. Тиймээс судалгааг үндэслэн 11 байршилд 152.2 га газарт зам зурайлгахаар болов.

Замыг шинээр барих зураг төсөл ч бий. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр 14 байршилд 489.6 га газарт зам, гүүр барих аж. Нийслэлийн төсвөөр 17 байршилд 126.1 га газарт авто зам, зам барих, засч сайжруу­лахаар төлөвлөжээ. Урд хөршөөс Монголын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр зургаан хэсэг газарт 58.9 га газарт зам тавьж бас сайжруулах юм. Хотод машинтай нь түгжирч, явган нь сүнгэнэсэн сонин төрхтэй болж байгааг хүмүүс хэлдэг. Тиймээс явган хүний замыг орхилгүй хоёр байршилд 3.5 га газрыг зориулах юм. 

Аливаа шинэ ажлыг хэрэгжүүлэхэд нөхөх олговор хэрэгтэй болдог. Зам барихын тулд газарт орсон айл, албан газрыг нүүлгэж, газар чөлөөлөхөд  мөнгө хэрэгтэй болно. Төрийн болон төсөвт байгуул­лагын зайлшгүй хэрэгцээтэй газрын асуудлыг шийдээч хэмээн шийдвэр хүлээсэн улс нийслэлд зөндөө. Тэднийг нэгтгэн тоймолсныг хүргэе. Шинээр барих 13 цэцэрлэгийн 7.48 га,    11 сургуулийн  12.5 га, өргөтгөл хийх нэг сургуулийн 0.2763 га, соёлын гурван ордны  2.25 га,  улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзал барих 2.0 га газрыг тэд суллаж авна. Үүнд  нийт 24.53  га газрыг  нөхөх олговортой чөлөөлөх шаардлага гарлаа.  Мөн төлөвлөгөөнд тусгасан нэр бүхий  есөн авто замын трасст 241 айлын өмчилсөн газар орсон аж. 5.9 га, зургаан инженерийн байгууламж газарт оржээ. 271 айлын өмчилсөн газар өртжээ. 3.5 га газрыг нэг ам метр газрыг 13200 төгрөгөөр чөлөөхөд 1235.3 сая төгрөг. Нэг ам метр газрыг 100 мянган төгрөгөөр чөлөөлнө гэж тооцвол 9 359.1 сая төгрөгийн нөхөх олговор шаардлагатай болж байна. 

Үүний зэрэгцээ нэг хөндсөн асуудал нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг нарийвчлан тодорхойлох явдал юм. Зурагт тодорхойгүйн улмаас хилийн цэсийн зөрүү үүсч, цэгүүдийн байршлыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэж тэд үзжээ. Тиймээс дөрвөн өөрчлөлтийг нийслэлийн нутаг дэвсгэрийн цэст суулгах аж. 

Барилгажилт, суурьш­лийн бүсийн дайралтад өртөөд байгаа газар бол Богд хан уул билээ. Энэ бол тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг хүмүүс мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг дайрдаг. Зоргоороо авир­ладаг мөнгөтэй эрхмүү­дийг ирэх оны газар зохион байгуу­лалтын төлөвлөгөөгөөр хазаарлаж мэдэх нь. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Богд хан уулын ой модыг сүйтгэн газрыг нь орон сууцжуулж байгаа компанийн талаар “Мантуушийн маапаан” цуврал нийтлэлээр хөндөн асуудал дэвшүүлж байсан нь ийн хотын дарга нарын хараанд тусч ажил хэрэг болох нь ээ. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар Богд хан уулыг баталгаа­жуулжээ. Төлөвлөлт хийж буй 4400 га талбайн 1145 га нь Богд хан уулын дархан цаазат газрын хилд орсон байна. Тусгай хамгаалалтын газар нутгийн хилийг дахин нарийвчлан тогтоож, тухай бүсэд  хотжилт явуулахгүй байх гаргалгааг хотын дарга нар хийжээ. Богд хан уулын дархан цаазат газрын Арцат, Нүхт, Тайнь, Хүүшийн ам багтсаныг хасуулах саналыг тэд нийслэлийн чуулганаар хэрэл­цүү­лэхээр өргөн барьж байна.

2013 онд шинээр эзэмшүүлэн өмчлүүлэх газрыг энэ төлөвлөгөөнд тусгаагүй гэв. Учир юу гэвээс, Газрын тухай багц хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичиг батлагдахыг хүлээзнэж буй аж.

Энэ мэтээр онгичоод байвал их зүйл байна. Ирэх пүрэв гаригт болох Нийслэлийн ИТХ-аар дээрх асуудлыг эцэслэн баталгаа шаардах юм.