Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
“Ижий бурхад”-ын энэ удаагийн зочид Монголын ууган геологич, геологи-эрдэс судлалын ухааны анхны доктор Жалцавын Дүгэрсүрэн гэж эрхэм хүний охид Д.Эрдэнэсанаа, Д.Цэцэгсанаа нар.

Эгч дүү хоёртой Монгол Улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан гаргасан “Мишеле лицейн монгол сурагчид” үзэсгэлэнгийн үеэр танилцсан юм. Тэдний аав Ж.Дүгэрсүрэн 1926-1930 онд Франц улсын Парис хотноо Мишеле лицейд суралцсан анхны монгол сурагчийн нэг бөгөөд сургуулиа төгсөөд Сорбонны их сургуульд орох болоод байтал өрнөдөд сурч байсан залуусаа буцаан татах шийдвэрийн дагуу эх орондоо иржээ.
Тэрээр Францаас ирснийхээ дараа буюу 1930 оноос эхлэн шинжлэх ухааны байгууллагад геологийн салбарт 50 жил хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Аранзан зэст, Эрдэнэт, Хэнтийн Тугалтайн нурууны баялаг, Бэрхийн хайлуур жонш, Өмнөговийн Тавантолгой, Охин хөтлийн нүүрс, Дорноговийн Өндөр шилийн гөлтгөнө, Зүүүнбаянгийн нефть зэрэг ашигт малтмалын 30 гаруй томоохон ордыг нээн илрүүлж, нөөцийг нь тогтоон, шинжлэн судалжээ.
Гэхдээ энэ удаа Ардын засгийн анхны сургуулийн сурагч бөгөөд анхны пионер, баруунд суралцсан анхны оюутан, геологийн салбарын анхны дээд мэргэжилтэй инженер, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны анхны доктор, Монголын анхны газрын зургийг бүтээлцсэн гээд анхны гэсэн олон тодотголтой нэртэй эрдэмтний найдвартай ар тал болж хагас зуунаас ч илүү жилийг хамтдаа туулсан хань Цэрэндашийн Сэжидмааг онцлон охидтой нь ярилцлаа.
ӨВӨӨГИЙНХ БУРИАДААС 1920 ОНД НҮҮЖ ИРСЭН ЮМ БИЛЭЭ
Д.Эрдэнэсанаа /Д.Э/:Ижий Буриадын Хорь аймгийн Шинэст гэдэг газар одоогийнхоор Заиграевский районы Эрхирэг гацаанд 1909 оны тахиа жилийн шинийн нэгэнд төрсөн юм билээ. Багадаа нутгийн орос айлд өссөн. Ах, эгчээсээ олон насны зөрүүтэй төрсөн бага охиноо өвчин зовлон ороож, эндэж осолдохоос айсан аав ээж нь айлд байлгаж, эргэж тойрдог байж. Азаар тэднийх ээжтэй үеийн охинтой учраас ханиндаа өсч, сургуульд сурч есөн нас хүртлээ байсан гэдэг.
Д.Цэцэгсанаа /Д.Ц/:Октябрын хувьсгалын дараа Орост улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн нь зах хязгаар нутгийн буриадуудад ч нөлөөлж, цагаантан, улаантан гэх талуудын хөлд амьдрал амаргүй болсон гэдэг. Байн байн дээрэм тонуулд өртөж, мал хуйгаа алдаж, охид хүүхдээ нуун тун ч зүдэргээтэй амьдарч байсан учраас буриадууд олноороо нутгаа орхин нүүж ирсэн. Цэрэндорж өвөөгийнх мал ахуй сайтай, чамгүй чинээлэг айл байсан гэдэг. Тиймдээ ч хүү Цэвэгжавыгаа Петербургт Ардын их сургуульд, хоёр охиныхоо том Сэржмядагийг Читад Анагаахын сургуульд, бага буюу бидний ээж Сэжидмааг эмэгтэйчүүдийн гимназид сургасан. Хүү Цэвэгжав нь Хүрээнд байгуулсан анхны сургуульд Хаант Оросоос уригдаж ирсэн багш нарын нэг. Цаг хэцүү болох үед өвөө мал хунараа зараад наашаа нүүсэн гэдэг. Тэгэхэд ижий 11-тэй байсан гэхээр 1920 онд ирсэн юм билээ. Тэр үед ах нь Намын сургуульд багшилж байж.
Д.Э:Ижийгийн ах, эгч хоёулаа эрдэм номтой, мундаг хүмүүс байсан. Даанч урт насалж чадаагүй юм. Цэвэгжав ах Монголын сор болсон сэхээтэн, анхны дээд мэргэжилтэй газар зүйч байв. Анхны дунд сургуулиас гадна Гадаад яамны Орчуулагчийн сургууль, Цэргийн сургууль, Намын төв сургууль зэрэгт багш, захирал хийж боловсролын салбарт зүтгэсэн ахыг нь 1937 онд эсэргүү хэмээн баривчилж, 45-хан настайд нь буудаж хороосон. Тэгээд 29 жилийн дараа цагаатгасан шүү дээ.
Д.Ц:Сэржмядаг эгч Читад Анагаахын дундаа төгсөөд аав ээжийнхээ араас ирсэн. Дараа нь Эрхүүгийн Хүн эмнэлгийн дээд сургуульд сурч манай улсын анхны дээд мэргэжилтэй эмч болсон юм. Төгсөж ирээд Улаанбаатарт Эх нялхсыг хамгаалах газарт ажиллаж, орон нутагт эмнэлгийн салбар байгуулах ажлыг гардан хийж байсан төдийгүй Монголд анхны нялхас асрах газар буюу яслийг байгуулсан хүн. Сумдад эрүүл мэндийн салбарын тогтолцоог бий болгохоор зүтгэж явахдаа ослоор амиа алдсан. Тэгэхэд эгч нь ердөө 31 настай байсан юм билээ.
Д.Э:Сэржмядаг эгчийн зураг Хувьсгалын музей буюу одоогийн Үндэсний түүхийн музейд БНМАУ-ын анхны эмч гэсэн тайлбартай байдаг юм. Эгчийг өнгөрөхөд Алтан өлгийд жанжин Сүхбаатарын хажууд нутаглуулсан. Гэвч 1970-аад онд жанжны шарилыг бунханд байршуулахаар авах үед дэргэд нь байсан эгчийн шарил дээр босгосон хөшөө дурсгал алга болсныг ганц охин нь сэргээлгэхээр нэлээд хөөцөлдсөн ч бараагүй. Бас Өмнөговийн эмнэлгийг эгчийн нэрэмжит болгох тухай санал гаргасан ч дэмжигдэлгүй өнгөрсөн гээд гомдолтой зүйл байдаг юм.
ЗӨРСӨН БҮХЭН ЭРГЭЖ ХАРДАГ ГОЁ ОХИН БАЙСАН ГЭЖ ААВ ЯРЬДАГ
Д.Э:Ижий минь аавынхаа 39-тэйд гарсан болохоор ч тэр үү, өвөө бага охиндоо илүү амь байсан гэдэг юм. Хүрээнд ирсэн хойноо хөөрхөн цоохор морь авч өгөөд зах худалдаагаар дагуулж явна. Урт гэзэгтэй, монгол дээл жавхайтал бүсэлсэн гоё охиныг зөрсөн хүн бүр эргэж хардаг байсан гэдэг. Аав ч бас анх хараад л тэр гоё охинд сэтгэл алдарч, нэрийг нь мэдэх төдий хэрнээ зургийг нь найзаасаа олж аваад нандигнан хадгалж яваад Францаас ирсэн хойноо дотно танилцсан гэж ярьдаг.
Д.Ц:Аавын тэр дурсамж их гоё. Тэднийг дунд сургуульд байхад “Народный дом” гэж нэртэй орос клубт хүүхдүүд жүжиг, концерт тоглож, үдэшлэг зохиодог байж. Нэг удаагийн концертын дараа охид гоёмсог цаасан цэцэг хүмүүст өгч талархал илэрхийлэхэд ижий аавын энгэрт цэцэг хатгаж таарсан гэсэн. Үдэшлэгийн дараа аав тэр гоё охиныг гэрт нь дөхүүлж өгсөн ч ичимхийгээсээ ч юм уу нэрийг нь ч асуугаагүй. Дараа нь хэд хэдэн удаа “Народный дом”-д таарч бүжиглэхийг нь харж, боломж олдвол ганц нэг таанц эргэсэн ч ойр дотно танилцаж чадаагүй гэдэг. Нэлээн хойно Цэвэгжав багшийг хичээл зааж байхад нөгөө харж явдаг охин нь хаалгаар шагайж багшид юм өгөөд эргэхэд багш нь Сэжидмаа гэж дуудахад л нэрийг нь мэдэж байж. Харин Францаас ирсэн хойноо Намын төв сургуульд Цэвэгжав ахтай хамт ажилладаг болсноор дүү охинтой нь ойртож танилцах боломж гарч, та нарын ээжийг гэргийгээ болгосон юм шүү дээ гэж ярьдаг сан.
Д.Э:Танилцсан хойноо өөрсдийгөө Хорь буриадын нутгаас ирсэн бараг нэг дорын улс гэдгээ мэдсэн юм билээ. Аав ижий хоёр чацуу. Гэхдээ аав Хүрээнд арай эрт ирсэн. Аавын аав Жалцав гэж нутагтаа нэртэй лам хүн, Төвд, Энэтхэг, Тайланд, Хятадаар явж юм үзэж нүд тайлсан номтой нэгэн байсных ганц хүүгээ Хүрээний орос сургуульд өгсөн нь Автономитын үеийн анхны дунд сургуулийн сурагч, баруунд сурах анхны монгол хүүхдүүдийн нэг болох замыг заасан гэдэг юм.
Д.Э:Тэр жил Найрамдалд байсан чинь зурагтаар “Уулзахын баяр” гэж нэвтрүүлэг гарлаа. Үзээд сууж байтал ах дүүсээ хайж байна гээд бидний 1960-аад онд авахуулсан зургийг харуулдаг юм. Тэр дор нь дүү нар руугаа яриад асуулгасан. Тэгсэн манай төрлийн 96 настай хөгшин биднийг эрж сураглаж байж. Тэгээд очиж уулзаад ах дүүстэй нь танилцаад ирсэн.
Д.Ц:Эрдэмбилэг ах, Ким ах хоёроос бусад нь явсан. Бид өвөг дээдсийнхээ тухай ярьж мөн ч сайхан уулзалт болж билээ. Ээж аавынхаа төрсөн газрыг заалгаж очсон. Бүгд оросоор яриад, орос хэл мэдэхгүй болохоор надад л жаахан хэцүү байсан.
ПУШКИН, АНДЕРСОНЫ ҮЛГЭРҮҮДИЙГ ОРОСООР УНШИЖ ӨГДӨГ БАЙВ
Д.Ц:Ижий минь есөн хүүхэд төрүүлж өсгөсөн. 1957 онд “Алдарт эх”-ийн анхны одонг авсан юм. Бидний том ах Эрдэмбилэг монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй, Москвад аспирантурт сурч, эрдмийн зэрэг хамгаалсан, Гадаад яамны орлогч сайд, НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайдаар ажилласан дипломатч хүн. Удаах эгч Амарсанаа эмч, Ким ах орчуулагч, Чимэгсанаа эгч Хятадад төгссөн агрономич, Эрдэнэсанаа эгч англи хэлний багш, Сайнсанаа эмч, би шаазангийн мэргэжлээр Германд төгссөн, Оюунсанаа номын санч, бага дүү Билэгт аавтай адилхан Москвад Геологи хайгуулын дээд сургууль төгссөн. Геофизикчээр ажиллаж байгаад Нийгмийн ухааны академид сурч ирээд Энхтайван, найрамдлын байгууллагад насаараа ажилласан.
Д.Э:Гурван хүү, зургаан охиноо бүгдийг нь сургууль соёлоор явуулж, боловсролтой мэдлэгтэй болгоход ижийгийн нөлөө маш их байсан. Аав геологич учраас хавар гараад намар ирнэ. Байнга хөдөө явдаг ханийнхаа ажлыг хамгийн сайн ойлгож, үр хүүхдээ өсгөх, ар гэрээ авч явах бүхий л ажлаа нуруундаа үүрсэн ижийд аавын минь ээж Должмаа эмээ их нэмэр болдог байсан. Ижий их тайван, олон үг ярихгүй ч бидний хүсэл сонирхлыг дандаа дэмжинэ. Би л гэхэд дунд сургуульд байхдаа теннис тоглох их дуртай байв. Хичээлээ тараад л теннис тоглохоор явна. Ижийгийнхээ дэмжлэгээр энэ спортоор хичээллэж, Улаанбаатар хотын аварга болж байлаа.
Д.Ц:Ер нь биднийг бүхий л талаар дэмждэг, бидэнд үргэлж үлгэрлэдэг байсан даа. 1977 онд манай Шаазангийн үйлдвэрийн луутай хөх гүц, завьяа Лейпцигийн яармагаас алтан медаль авдаг жил ижий надад өөрийнхөө хэрэглэж байсан мана чулуугаар хийсэн жин, эврээр урласан тунгийн халбага хоёроо надад өгснийг би одоо ч нандигнан хадгалж яваа.
Д.Э:Аавыг 1934 онд Москвад Геологи хайгуулын дээд сургуульд явахад ижий хамт очоод эм найруулагчаар сурсан юм. Ирээд Төв аптект эм найруулагчаар ажилласан. Төв аптекийн байшин Занабазарын музейн ард одоо ч байгаа. Дараа нь Янжмаагийн нэрэмжит улсын нэгдүгээр цэцэрлэгт багшилдаг болсон. Тэр цэцэрлэгт бид бүгд хүүхэд насандаа хүмүүжиж байлаа.
Д.Ц: Манай ижий орос хэлтэй, ном их уншдаг мундаг хүн байсан шүү. Биднийг багад Пушкин, Андерсоны үлгэрүүдийг оросоор уншиж өгнө. Би аравдугаар анги төгстөлөө орос хэл, химийн хичээлээ ижийгээс асуудаг байсан.
Д.Э:Их ухаантай хүн байсан юм. Биднээр тогтохгүй ач зээгийнхээ хичээлийг давтуулдаг байв. Чимэгсанаа эгчийн охин Энхчимэг Менделеевийн үелэх системийг цээжээр мэддэг эмээгээрээ химийн бодлого тайлбарлуулж, Оросын уран зохиолын номуудыг хамт уншдаг байсан гээд ярьдаг.
ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХ ИХ ДУРТАЙ САН

Д.Э:Хүүхдүүдийнхээ төлөө л бол юунаас ч шантрахгүй зүтгэдэг тун дайчин эмэгтэй байсан юм. Аавыг Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал байхад 1947 онд хилс хэргээр хэлмэгдүүлж шоронд хорьсон. Тэр үед ижий минь долоон хүүхэдтэй, бас бие давхар үлдсэн юм.
Д.Ц:Аавыг хоригдсон тэр хэцүү үеийг ярих их дургүй. Битгий асуугаад бай гэнэ. Ах нь хэлмэгдсэн, нөхөр нь хоригдсон учир санаанд нь дандаа л хар бараан дурсамж байсан байх. Би гурав дөрөвхөн настай, гараад тоглохоор хүүхдүүд чулуу шиднэ. Яагаад тэгж байгааг нь ойлгохгүй. Ижийг бас ажлаас нь халсан. Ер нь бүх зүйл хэцүү байсныг эмээ минь ярьдаг байв.
Д.Э:Би санадаг юм. Унтаж байхад буутай цэрэг ирээд аавын дээлийг толгой дээгүүр нь нөмрүүлээд аваад гарсныг. Аав улбар шар дээлтэй байсан. Тэр өнгөнд би одоо ч дургүй.
Д.Ц:Аавыг шоронд байх үед Налайхын нүүрсний олборлолт зогсож, нэгдүгээр цахилгаан станц нүүрсээр тасарч, хот тэр чигээрээ гэрэлгүй болоход хүрч. Нүүрсээр дагнан ажиллаж байсныг нь Чойбалсан гуай мэдэх учраас аавыг сураглаж, тэгээд шоронгоос Налайхад нутаг заан суллаж нүүрс тасарсан хүнд үеийг давсан. Тэр үед ижий эмээ бид хоёрыг аав руу Налайх явуулж бусдыг нь хотод авч үлдсэн. Хань ижлээ шоронд хэр удахыг мэдэхгүй шаналсан ижийгийн минь сэтгэл тэгж л жаахан уужирсан байх.
Д.Ц:Ижий минь хүүхдүүдээ баярлахыг харах дуртай байсан. Хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг аль болох баяр цэнгэлтэй тэмдэглэж өгөхийг хичээдэг, гоё хоол хийгээд цэцэг шиг боов тосонд хайрч ширээ засаад л суудаг байсан үе нь нүдэнд харагддаг юм. Бас бидний төрсөн өдрийг бичсэн аяга зориуд хийлгээд очиход минь яг л тэр аяганд цай хоол хийж өгдөг байлаа. Өнгөрснөөс нь хойш аав тэр аягануудыг бидэнд тараагаад өгчихсөн.
Д.Э:Аавыг гэртээ хүүхдүүдтэйгээ бужигнаад сууж байгааг харах л хамгийн жаргалтай гэдэг байв. Гэхдээ ижий хэзээ ч аавын ажилд саад болохыг зөвшөөрдөггүй. Халуун хоол цайг нь дөхүүлээд, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд амгалан тайван сууж байдаг сан.
Д.Э:Кино үзэх их дуртай. Залуудаа Ленин клубт шинэ кино ирэх бүрт үздэг. Бас бүжиглэх дуртай. Гоё ч бүжиглэнэ. Олон хүүхэдтэй болохоор тэр бүр бүжигт яваад байж чаддаггүй байсан байх. Нас ахисан хойноо ч бидэнтэй хамт явж кино их үздэг байсан сан. Баяр тэмдэглээд хүүхдүүдтэйгээ бужигнаж суухдаа “Хүдэр дунгуй нутаг”, “Сүхээ гол”-ыг дуулна. Бас “Калинка” гээд орос бүжиг хийнэ.
Түүнээс гоёл чимэглэл, дэгжин ганганы хойноос хөөцөлдөхгүй. Тун даруухан хувцаслана. Үснийх нь засалт ч нэг л янзаараа. Их цэвэрч, гаднаас орж ирсэн бол гараа угаа, хувцсаа цэвэрхэн өмс, гэрээ байнга цэвэрлэ гэж бид хэдээр тогтохгүй ач зээгээ ч нямбай ажилсаг занд сургасан.
Д.Ц:Бас зуны цагт биднийг дагуулаад зуслангийн ой модоор явах дуртай. Эмийн ургамал таньдаг, ямар ургамлыг юунд яаж хэрэглэдэг талаар хэлж өгдөг байсан. Жамьянмядаг гэж гоё цэцгийг ижий дандаа Сэржмядаг гэж эгчийнхээ нэрээр нэрлэдэг байж билээ. Бас жимс их түүнэ. Авчраад гоё чанамал хийнэ.
ИЖИЙГИЙН ХООЛНЫ АМТТАЙГ ЯАНА
Д.Э: Ер нь манайх дэлгүүрээс гурил л авна. Эмээ талхаа барьчихдаг, ээж янз бүрийн боов амттан хийнэ. Манайх нэг хэсэг Богдын ногоон ордны ардхан жижигхэн цагаан байшинд байлаа. Намын төв сургуулийн багш нарын байр. Одоо ч тэр байшин минь байгаа. Тэгэхэд хэдэн тахиа, үхэртэй байсан. Ижийгийн хийсэн царцаамаг их амттай. Борш, котлет гээд хийж чадахгүй хоол ч байхгүй. Гэхдээ бидний хэн нь ч ижийгийнхээ хийдэг хоолны амтыг гаргаж чаддаггүй юм.
Д.Ц:Олон хүүхдээсээ онцлоод ялгаад байхгүй ч Ким ахад арай илүү байсан санагддаг. Ахын нэр уг нь Эрдэсбилэг юм. Төрөхөд нь орос эмч эх барьж авсан, бас монгол нэрийг нь дуудахад хэцүү байсан болохоор тийм нэр өгчихсөн гэдэг. Сүүлд нь ач зээ олонтой болоод тэднийхээ төлөө илүү санаа тавьдаг болсон байх аа. Хүүхэд харах “томилолт”-оор дуудсан газар бүр рүү дуртайяа явдаг байж билээ.
Д.Э:Ижий бас хүнд юм өгөх их дуртай. Аав СЭВ /Эдийн засгийн харилцан туслах зөвлөл/-д ажиллахаар болж тэр хоёр маань дөрвөн жил Москвад амьдарсан. Монгол руу хүн явбал, эсвэл шуудангаар байсхийгээд хүүхдүүддээ бэлэг сэлт явуулна. Ач, зээ нартаа хувцас хунар авна. Хэнийг ч орхихгүй, яаж тэгж бүгдэд хүртээмжтэй байж чаддаг байсныг одоо гайхдаг юм.
Манай бага дүү Билэгт геологид ажилладаг байхдаа хоёр гэрийнхээ идшийг бэлдээд ирнэ. Аваад ирснийг нь ижий бүх хүүхэддээ тараагаад өгчихнө.Түүнээсээ сэтгэлийн их таашаал авч байгаа бололтой суудаг сан.
Д.Ц:Аавынх Их дэлгүүрийн хажуугийн номын дэлгүүртэй байранд байхад ижий нимгэн цаасанд нарийхан ороосон тамхиа хааяа нэг сороод гал тогооны өрөөнийхөө цонхоор харж суудагсан. Бид одоо ч хажуугаар нь явахдаа ижийгийнхээ суудаг байсан цонх руу дандаа хардаг.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ижийгийнхээ тухай охид нь ийн дурссан. Та нарын хэн нь ижийтэйгээ илүү адилхан бэ гэхэд “Том ах, Сиймаа хоёр” хэмээн нэгэн дуугаар хариулсан эгч дүү хоёрыг залууд нь Сэжидмаагийн охид гэж хүмүүс шууд л таньдаг байсныг ч ярьж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 97 (7594)