TV-9 телевизээс зохион явуулж буй “Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх үү, өнгөц өөрчлөлт хийх үү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн ээлжит дугаарт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн, Шадар асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Р.Бурмаа, Монголын хүний төлөө намын дарга, хуульч Х.Бат-Ялалт нар уригдан оролцсон юм. Тэдний байр суурийг хүргэе.
Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат: Явдал 2000 оны өөрчлөлтөөс эхэлсэн

-1992 оны Үндсэн хуулийн гол зорилт хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулах зарчмаар явсан. Бид 30-аад жил дагаж мөрдөөд явж байна.
-Өнөөдөр хариуцлагагүй явдал газар авч, түүний сөрөг үр дагавар нь манай нийгэмд учирч байгаа хүндрэл юм. Тэгэхээр үүнийг л засах ёстой.
-Засгийн газрын эрх мэдэл ихээхэн доройтсон мэтээр ярьдаг. Тийм зүйл огт байхгүй. Эрх мэдэл хуваарилах дэлхийн сонгодог онолд тулгуурлан харилцан хяналттай гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын хуваарийг яг хийж өгсөн.
-УИХ-ын өмнө хариуцлага хүлээх гүйцэтгэх засаглал өөрөө УИХ-ыг бүрдүүлчихээд дураараа авирлаж байна.
-2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч хууль бус гэж үзэж, Цэц хүчингүй болгосон шийдвэр хэвээрээ байгаа. УИХ хүчээр батлаад явчихсан.
-Цэц Үндсэн хуулиа хамгаалж байгаа. Хамгаалах, хамгаалалтыг давах хоёр өөр ойлголт юм.
-Цэц иргэдийнхээ мэдээллийн мөрөөр өөрийн санаачилгаар хянан шийдэх, УИХ, Засгийн газрын гишүүд асуудал ирүүлвэл шууд хэлэлцэнэ гэсэн хоёр ялгаатай заалт бий.
-Одоо УИХ-аар ярьж байгаа зүйлд нэг ч үндэслэл алга, өөрчилнө л гэж зүтгээд байх юм.
-УИХ эрх мэдлээ хууль зөрчин хэрэгжүүлж байна, үүнийг өөгшүүлж архагшуулж болохгүй гэдгийг ард түмэн хэлэх байх.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: Үндсэн хуулийг цогцоор нь өөрчлөх ёстой

-1992 оны хууль тухайн цаг үедээ дэвшилттэй байсан ч, өнөөгийн улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн хүндрэлтэй нөхцөлд Үндсэн хуулийн цогцоор нь өөрчлөх шаардлага тулгарсан.
-Баялгийн хуваарилалт, шударга ёс алдагдсан. Улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн мухардалд орсон нь өнөөгийн Үндсэн хуулийг өөрчлөх гол үндэслэл юм.
-Албан тушаалтнууд алдаа завхралаа Үндсэн хууль руу чихэх гэдэг. Нөгөө талаас Үндсэн хуульд ийм зохицуулалтууд дутмаг байгаа юм.
-Өнөөдөр шүүхийн засаглал Монтескогийн засаглал хуваах зарчмыг бариагүй. Гүйцэтгэх засаглалыг эрхийг Ерөнхийлөгчид өгсөн гэх мэт шударга ёсны зарчим ихээхэн алдагдсан. Үүнийг засах ёстой, гэхдээ нөхөөс засвар хийх төдий биш цогцоор нь өөрчлөх хэрэгтэй.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх барьж буй аль нэг улс төрийн нам дангаараа шийдэх боломжгүй.
-1999 онд төрд байсан бүх нам нийлж долоон өөрчлөлтийг ярьж, 2000 онд Үндсэн хуульд оруулсан.
-Шүүх хуулийн байгууллагын тогтолцоог 1992 оны үед олж хараагүйгээс “Хонгилын шүүх” бий болж, сөрөг хүчин, өрсөлдөгчөө хянан мөрдөж, нэгбүрчлэн ангуучилж хэлмэгдүүлэх 1939 оны завхрал гарч ирсэн. Өнөөдөр ч үргэлжилж байна.
Нийгэм, улс төрийн зүтгэлтэн Р.Бурмаа: Цэц үүргээ гүйцэтгэхгүй байна

-1992 оны Үндсэн хуулиас хойш олон жил өнгөрлөө. Нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгцээ, шаардлага гарч болох ч Үндсэн хуулийн үзэл баримтлалд тааруулах ёстой.
-Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлтөөс хальсан өөрчлөлт оруулсан. Одоо ч ийм зүйл хийх гэж байгаа нь дутагдалтай. Иймд TV-9 телевиз олон талын байр суурийг хүргэж байгаад талархаж байна.
-Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлт хууль зөрчсөн асуудлаар би Цэцэд хандсан ч шийдэхгүй байна.
-УИХ нь хууль бусаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байна гэдэг бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг юм.
-УИХ, Засгийн газрын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болох санаачилга гаргахад эхлээд Цэцэд хандаж хянуулах ёстой. Гэтэл үүнийг хийхгүй байна.
- Үндсэн хуулийн цэцийн эрхийг улстөрчид боогдуулж, УИХ асуудлыг шийдээд байна.
-УИХ хууль зөрчсөнөө хүлээж, өөрсдөдөө давуу эрх авсан алдаагаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах ёстой.
-Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгосон эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй байна. Эрх мэдэл нь хангалттай байгаа.
Эрхзүйч, хуульч Х.Бат-Ялалт: Төр хяналтгүй болж гэмт хэрэгтнүүд үүрлэчихлээ

-1992 оны Үндсэн хуулийн юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг сайтар ярих ёстой.
-Ардчилсан Үндсэн хууль нийгмийн зохион байгуулах зураг төсөл гэж үзвэл гэрэлтэй, аз жаргалтай ордон барихаар хуульчилтал тэр нь чийгтэй, харанхуй, хүний эрхийн баталгаагүй “Ганц худаг” болчихсонд гол учир байгаа юм.
-Монгол Улсын өнөөдрийн гол асуудал нь албан тушаалын гэмт хэргүүд юм. Үүнийгээ шийдэж чадахгүй байна.
-Үндсэн хуульд төр ямар байхыг заасан зургаан зарчим мөрдөгдөхгүй, алдагдчихаад байна. Үүнээс болж хулгай, луйвар гарч байна.
-Бид хаана алдаж вэ, ямар алдаа гарч вэ гэдгийг эхлээд ярих ёстой.
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд хууль зөрчиж байгаагаас харахад хууль дээдлэх зарчим алдагдсаны илрэл.
-П.Очирбат гуай Монголын өндөр албан тушаалуудыг хашсан атал өнөөдөр хариуцлагагүй явдлыг яриад сууж байгаа нь харамсалтай. Таны үед “Алт” хөтөлбөр, өмчлөл хувьчлал, алт дилерийн хэргээс эхлэн шударга бус байдал, хариуцлагагүй явдал эхэлсэн.
-Манай улс хууль баталдаг ч огт хэрэгждэггүй. Хуулиа сурталчлан таниулах ажил дутмаг байна.
Эх сурвалж: www.polit.mn