Б.БАЯРЖАВХЛАН
Ус сувгийн удирдах газрын ахмадын зөвлөлөөс жил болгон зохион байгуулдаг бүтээлч ахмад өдөрлөг өнөөдөр /09.04/ УСУГ-т боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнд 200 гаруй ахмад оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулж, солилцож, зарж борлуулсан юм. Ахмадууд нарийн боов, ногоо, хоол хүнс зэргийг авчирсан байснаас гадна эмээлийн гөлөм, хэт хутга, Монгол гутал, дээл хувцас зэргийг авчирсан байв. Энэ үеэр ус сувгийн удирдах газрын ахмадын зөвлөлийн дарга З.Алтанцэцэг “ Ахмад ажилчдынхаа хийсэн бүтээсэн ажлыг хооронд танилцуулж, тэднийг уулзуулах нь бидний гол зорилго юм. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар сүү цагаан идээ, эдлэл хэрэглэл зэргийг нь ажилчдад зарж борлуулах боломж бүрддэг” гэсэн юм. Энэ жил УСУГ-ын 60 жилд болж байгаа бөгөөд тэд ойн баяртаа зориулсан олон зүйлсийг энэ өдөр дэлгэсэн байлаа. Төв цэвэрлэх байгууламжийн ажилтан асан Ц.Нарангэрэл “Энэ жил 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойдоо зориулж бялуу хийж авчирсан. Бид жилийн өмнөөс энэ өдөрлөгтөө бэлддэг. Мөн өдөрлөгтөө зориулан шинэ зүйлсийг сурдаг” гэж байсан юм. Таван жил дараалан оролцож буй ахмад С.Тэгшээ “Цагаан идээгээр жил бүр оролцдог. “Бүтээлч ахмад” өдөрлөг бол 20 гаруй жил нэг байгууллагад ижилдэж дассан нөхөдтэй минь уулзах боломжийг олгодог. Ахмадууд бид чинь тэтгэвэрт гарсан гээд зүгээр сууц чаддаггүй хүмүүс. Гэвч хийсэн бүтээснээ хуваалцах боломжийг олгодог УСУГ-ын ахмадын зөвлөлдөө талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм.


Эх сурвалж:www.polit.mn