“Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор Монголын барилгын салбарын шилдгүүд нэг дор цугларч, хэрэгжүүлж буй орон сууцны төсөл, нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт технологио танилцуулах "Барилга Орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн, яармаг 2019 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно.
Ногоон хөгжлийн чиг хандлага, салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг олон нийтэд дэлгэн танилцуулах энэхүү үзэсгэлэн, яармагт үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, интерьер дизайн, зураг төсөл, архитектур, амины орон сууц барьдаг байгууллага, аж ахуйн нэгж зэрэг гадаад, дотоодын 110 гаруй компани оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм.
Харин оролцогч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг дор хамгийн олон зорилтот хэрэглэгчдэдээ бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, хэрэглэгчидтэйгээ нүүр тулан уулзаж санал бодлыг нь сонсч судалгаа авах, бизнесийн хамтын ажиллагаа, хүрээгээ өргөжүүлэх гээд бизнесийн маш өргөн боломж олгодгоороо давуу талтай. Мөн үзэсгэлэн, яармагийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхний уулзалт, семинарыг зохион байгуулахын зэрэгцээ оролцогч байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах арга хэмжээг тогтмол зохион явуулдаг. Иймээс орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээ өсөн нэмэгддэг зах зээлийн хамгийн таатай нөхцөл бүрддэг намрын үзэсгэлэн яармагт оролцож, хэрэглэгчддээ бизнесээ таниулж, илүү өргөжин тэлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтойг зохион байгуулагчид тодотгож байна.
Эх сурвалж: www.zms.mn