С.САРУУЛ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар  Үндэсний их баяр наадмын ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо. Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар боллоо.
Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх,  сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй гэдэг санал гаргалаа. Мөн допингийн шинжилгээний хариу ирсний дараа улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Ерөнхийлөгчид уламжлахаа энэ  үеэр Шадар сайд хэлэв.

Үндэсний их баяр наадмын барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгасан бол журамд заасан хугацаанд Б сорьцын шинжилгээ өгөөгүй  Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэв.

Эх сурвалж: www.polit.mn