С.САРУУЛ
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг шүүх хурал өчигдөр /2019.07.24/ болж оройн 22:00 цагт өндөрлөлөө. Шүүх нийслэлийн Прокурорын газраас Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан…” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Хэргийг эргэн сануулбал, Эрчим хүчний сайдаар асан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” корпорацид давуу байдал олгож, Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн АТГ-д шалгагдаж байсан юм. Улмаар мөрдөн байцаалтын явцад түүний үйлдлүүд баримтаар нотлогдож ял шийтгэлээ.
Эх сурвалж: www.polit.mn