С.САРУУЛ
Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” 2019 оны тайланг гаргажээ. Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо жил бүр буурч байсан бол 2018 онд өмнөх оноос 14-өөр өсчээ. Цаасан сонины борлуулалтын тоо өмнө жилээс гурван хувиар өссөн бол сэтгүүлийн тоо өссөн ч борлуулалт долоо орчим хувиар буурсан байна. Радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг 20-оо, телевизийнх хоёр цагаар багасчээ. Харин хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал хувийг сэтгүүлч, редактор эзэлж байгаа бол хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутагт сэтгүүл, сонин хоёрын тоо тус бүр нэгээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Орон нутгийн сонины борлуулалт нийт сонины борлуулалтын 9 хувийг эзэлж байсан бол энэ нь өнгөрсөн жилийнхээс 3,6 хувиар өсчээ.
Мэдээллийн сайтын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад есөөр нэмэгдэж 2019 оны эхний байдлаар 109 сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг нь эрчимжиж байна. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 гаруй хувь өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсыг ажиллуулж, мэдээллээ түгээн, сурталчилж, хэрэглэгчидтэй шууд харьцаж байна.
Эх сурвалж: www.polit.mn