С.САРУУЛ
“Зууны мэдээ” сонины /2019.06.12/-ны дугаарын “Нэгдүгээр хүн” булангийн зочноор уригдсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

–Монголд улстөрчийн хувьд хашиж болох хамгийн өндөр алба бол Ерөнхийлөгчийн алба. Ард түмний эрх ашгийн дэргэд ямар ч том бүлэглэлийн эрх ашиг жижиг шүү дээ. Ард түмэндээ үнэнч байсаар, түүний эрх ашгийг хамгаалж байсаар дуусахаас өөр аргагүй.
-Германы алдарт социологич, философич эрдэмтэн Макс Вэбэр улс төр бол мэргэжил байгаад зогсохгүй амьдралын дуудлага гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр төрийн тэргүүний тангараг өргөсөн хүний хувьд улстөр бол амьдралын дуудлага байдаг гэсэн үг.
-Ер нь хүн өндөр албан тушаалд очсон хойноо нэгэн вакуумд ордог. Эргэн тойронд нь байгаа хүмүүс өөрт нь таалагдахын тулд алдаа гаргасан байсан ч өөрийг нь магтана, эсхүл өөрсөддөө ашигтай мэдээлэл өгч мэдээллийн төөрөгдөлд оруулна. Хэцүү шүү дээ. Яг ийм үед мэдлэг боловсрол, туршлага их шаардагдана. Тэгэхээр яг дэргэд нь байгаа биш хүмүүсийн хэлсэн үгийг, ялангуяа шүүмжлэлийг нь сонсож байвал их зүгээр. Тэгвэл алдаа бага гаргана. Нийгмээ зөв мэдэрнэ. Өндөр албан тушаалд ажил хийх гэж очсноо санана, тэгснийгээ мартахгүй байна. Ингэснээр өөрөө ч, иргэд ч аль аль нь хожно.
-Хийж бүтээх нь их энгийн юмнаас эхэлнэ. Зүгээр л “амласандаа хүрч ажилла” гэж хэлж болно. Амласнаа хэрэгжүүлээд эхлэхээр амлаж зүрхлэхгүй байсан том асуудлууд аяндаа бүтэх боломж бололцоо нээгддэг юм байна лээ.
–Сүүлийн 5-10 жилийн байдлыг харахад Монгол Улс доройтсон гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байх. Энэ дүгнэлтийг би ч хэлээд байгаа юм биш. Ард түмэн тийм дүгнэлттэй байгаа нь судалгааны байгууллагууд санал асуулга явуулахад тайлангаас нь тодорхой харагдаж байгаа.
-Миний хувьд улс орны байдал доройтсоныг олон тоо баримтаар тогтоон хэлж болох ч яг тоогоор илэрхийлэх боломжгүй нэгэн чухал үзүүлэлтээр ингэж дүгнэж байгаа юм. Энэ дүгнэлт улстөр-философийн, сэтгэл санааны гэж хэлж болно. Юу вэ? гэхээр хүмүүс маань ирээдүйдээ итгэх итгэл нь их алдагдсан байна. Ард түмэн итгэлгүй болохоос илүү аюултай юм гэж байхгүй. Энэ нь хамгийн наад зах нь бараг бүгдээрээ, ялангуяа залуучууд маань Монголдоо биш гадаадад гарч сурах, амьдрахыг хүсэн тэмүүлж байгаагаас тодорхой байна.
-Ер нь манай өнөөгийн төр, засгийн тогтолцооны нэгэн онцлог гэх үү, эсхүл дутагдал гэх үү нэг юм ажиглагддаг. Эрх баригчид бусдынхаа, тэр тусмаа ард түмнийхээ дуу хоолойг сонсохоо больчихсон гаж тогтолцоотой байгаа. Тэглээ ч тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ийм дүлий төр, засгийн тогтолцоо байна шүү дээ. Төр засагт ажиллаж байгаа хүмүүс нь чихтэй, сонсголтой байж болно. Гэхдээ гаж тогтолцоо нь тэднийг дүлий, сохор, тархигүй болгочихдог.
-Боб Дилан гэж Америкийн алдарт дуучин, зохиолч байдаг. Уран бүтээлээрээ Нобелийн шагнал авсан. Тэр хүн “Хүчит салхи хариуг хэлнэ, найз минь” гэсэн алдарт дуу зохиосон. Тэнд ийм үг, утга санаа байдаг. “Хүний зовж зүдэрч байгааг олж харахын тулд хэдэн нүд хэрэгтэй юм бэ? Хүмүүс зовж зүдэрч байгаа дуу хоолойг нь сонсохын тулд хэдэн чих хэрэгтэй юм бэ?” гэж. Ийм байдалд ард иргэдийн итгэл алдагддаг. Улс орноосоо дайжин явахын хүслэн болдог.
-Уг нь жинхэнэ ардчилсан улс оронд ард иргэдээ гадаадад гаргахыг амлаж байгаа улс төрч сонгуульд ялдаггүй. Харин манайд болохоор сонгогдоод байдаг. Шударгаар биш. Хар машинаар, 60 тэрбумаар, мөнгө тарааж, архидуулж, худлаа амлаж, хууль шүүхийн байгууллагыг ашиглаж сонгогддог.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд бол харамсалтай нь МАН-ынхан өнөөгийн гаж тогтолцооны учир начирыг сайн олж хараагүй, ойлгохгүй байх шиг байна. Эсхүл энэ гаж тогтолцоо ард түмэнд ашиггүй ч тэдэнд ашигтай байгаа учир гаж тогтолцоог засахын оронд гаж тогтолцоог улам бэхжүүлэх гээд зүтгээд байх юм.
-Тэдний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөгийн гаж тогтолцоог улам бэхжүүлнэ, ард иргэдийн амьдралыг улам дордуулна. Энэ тухай МАН-ын хуучин, шинэ удирдлагад аль алинд нь хэлсэн. Шинэ Дээд хуулийнхаа төслийг гардуулж өгсөн. Хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Гаж тогтолцоог засч Монгол хүнд, монголын ард түмэнд үйлчилдэг шударга тогтолцоотой болохын төлөө санаа бодлоо солилцьё гэсэн. Наанаа сонссон царай гаргасан ч үнэн хэрэгтээ сонсоогүй юм шиг байна

-Байгалийн баялгийг ард түмний өмч гэж шийдвэрлээгүй цагт баян ядуугийн хоорондын ялгаан дээр тогтсон нийгмийн шударга бус харилцаа хэзээ ч засрахгүй.
-Шүүхийн тогтолцоог өөрчилж, шүүгч нарыг дарга нар өөрсдөө томилж эргээд өөрсдийгөө хамгаалуулдаг, өрсөлдөгчдөө хэлмэгдүүлдэгийг болиулъя. Эс тэгвээс шударга ёс тогтохгүй нь гэхэд өнгөн дээрээ өөрчлөх гэж байгаа мэт боловч бараг хэвээр нь үлдээж байх жишээтэй.
-Үндсэн хуулийг өөрчилбөл гагцхүү ард түмнээр хэлэлцүүлж байж өөрчлөх хэрэгтэй. Гэтэл хэлэлцүүлсэн мэтээр ярьж байгаа нь үнэн хэрэгтээ Үндсэн хуулинд халдаж, эрх мэдлийг өөрсөддөө ашигтайгаар хуваарилах гэж байгаа болчимгүй үйлдэл мөн. Ийм луйвар булхайг одоогийн УИХ-аар хийлгэж болохгүй. Уг нь МАН-д Үндсэн хуулийг ингэж өөрчилж болохгүй гэдгийг ойлгож байгаа гишүүд байгаа. Гэхдээ тэд янз янзын асуудлаар барьцаалагдчихаад амаа үдүүлсэн байдалтай байна.
-Одоо Ерөнхийлөгч болоод улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөн, хэвлэл мэдээллийнхэн, нийт ард иргэд бүгд дуугарч МАН-ынханы дангаараа хийх гэж завдаж буй энэхүү луйвар булхайг таслан зогсоох хэрэгтэй.
-Шинэ Дээд хуульд “Монгол хүн төр, засгийн хамгаалалтад байна” гэсэн чухал зарчим орсон байгаа.
-Монголчууд дэндүү цөөхөн. Тийм учир хамгийн үнэ цэнэтэй байх ёстой нь Монгол хүн. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд түүнийг улсын дээд сургуульд үнэгүй сургаж, тодорхой мэргэжилтэй болгох ёстой. Дээр нь Монгол хүн өвдвөл улсын эмнэлэгт үнэгүй үзүүлнэ. Монгол хүнийг төр засаг ингэж хамгаалж, мэдлэг боловсрол, мэргэжилтэй, эрүүл саруул болгож байж Хятад, Орос, Солонгос, Япончуудтай оюун ухаанаараа өрсөлдөнө.
-Монголын хувьд хөршүүдтэйгээ тоогоор өрсөлдөөд амжилтанд хүрэхгүй нь ойлгомжтой учир оюун ухаанаараа өрсөлдөхөөс өөр ямар ч арга байхгүй. Үнэгүй дээд боловсрол, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ бол амьдралын шаардлага, Монголчууд орших эс оршихын тухай асуудал юм.
-Ер нь явж явж байгууллагуудаас хамгийн хүчтэй нь Хүний эрхийн байгууллага байх ёстой. Эс тэгвээс шоронд төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын шууд болон шууд бус оролцоотойгоор Монгол хүнийг эрүүдэн шүүж байхад одоогийн Хүний эрхийн байгууллага: “Бидэнд энэ бүхнийг мэдэх, мэдээлэх, таслан зогсоох ямар ч эрх мэдэл байхгүй” гэсэн ядуухан тайлбартай сууж байна шүү дээ.
– “Жаргалын найман хот” бол нийслэл Улаанбаатар хотоос гадна Чойбалсан хот, Өндөрхаан (Чингис) хот, Эрдэнэт хот, Дархан хот, Хархорин хот, Улиастай хот, Ховд хот, Чойр хотыг загвараар хөгжүүлэх бодлого. Эдгээр хотод хамгийн энгийнээр хэлэхэд тус бүр 200 мянган хүн орон сууцанд тав тухтай оршин сууна, тэнд улсын их, дээд сургууль, улсын томоохон эмнэлгүүдийг нүүлгэн шилжүүлнэ, хот болгон тухайн бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийн бүстэй, тэр хотыг хүнсээр хангадаг хөдөө аж ахуйн бүстэй байна гэсэн үг.
– “Мянганы төмөр зам” бол эдгээр “Жаргалын найман хот”-ыг хооронд нь холбосон хурдан галт тэрэгний цахилгаанжсан төмөр зам гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүс нутаг бүрт хөгжил очно гэж ойлгож болно. Алслагдсан нэртэйгээр орхигдсон, хаягдсан аймаг байхгүй болно.
-“Тэг түрээсийн байр” гэсэн хөтөлбөрийн тухайд. Улс орон сууц бариад тэнд айл өрхөө тэг түрээсийн зарчмаар оруулах нь хамгийн зөв шийдэл болно. Орон сууцны байранд орсон айл өрх урсгал зардлаа хариуцан төлнө гэсэн үг. Шийдэх боломжгүй хүнд асуудал гэж байдаггүй. Шийдэх гэж зорих хэрэгтэй. Харин шийдэх боломжгүй гээд байх юм бол асуудал болгон мухардалд орно.
-Бидэнд, Монголчуудад шинэ гарц байна. Итгэж зүтгэх шаардлагатай байна. Тэгэхийн тулд Үндсэн хуулийг өөрчилж шинэ Дээд хуулийг ард түмнээр хэлэлцүүлж эдгээр зохицуулалтыг оруулах эсэхийг шийдвэрлүүлж батлах хэрэгтэй байна. Улстөр бол боломжгүйг болгохын төлөө зүтгэдэг амьдралын дуудлага юм.
– Манай өнөөгийн УИХ легитимит шинж чанаргүй. Ийм УИХ байх тусмаа нэр хүнд нь унана, нийгмийн тогтворгүй байдал өргөжин гүнзгийрнэ, ард түмний төр, засагт итгэх итгэл алдагдана. Өөр улс оронд ийм нөхцөлд ард түмнийхээ итгэлийг сэргээж легитимит шинж чанартай болохын тулд сонгууль зарладаг. Манайд үүнийг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй учир УИХ тарахыг тогтворгүй байдал бий болно гэж худлаа яриад байгаа юм.
