С.САРУУЛ
ОБЕГ-аас цаг уурын нөхцөл байдал, гал түймэртэй холбоотой мэдээллийг өглөө. Цаг агаарын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Зуны эхэн сар гарсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурлаа. Цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон, цасанд боогдсон 20 гаруй дуудлага ирж, 64 иргэнийг авран хамгаалсан. Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймагт дөрвөн иргэн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймагт 12 гэр, дөрвөн модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж, хорогдсон байна. Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 14-17-нд салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Мөн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар ахиу хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулсан. Тиймээс малчид малдаа явахдаа дулаан хувцаслах, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын таагүй нөхцөл байдалтай үед замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэсэн юм.
Харин ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах“2019 оны гарснаас хойш Улсын хэмжээнд 2,318 удаагийн объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Түймрийн улмаас 4.2 тэрбумын өмч хөрөнгө шатаж, 23 хүн галд өртөж нас барсан. Мөн 10 хүн түлэгдэж бэртсэн.
Өнөөдрийн байдлаар онцгой байдлын алба хаагчид 459 иргэнийг авран хамгаалж, 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Гал түймрийн гаралт, учирсан хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн гаралт 35 хувиар өсөж, хохирлын хэмжээ 62.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 11 аймгийн 43 суманд нийт 55 удаагийн ой хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Түймрийн улмаас 2.4 мянган га ой, 217.2 мянган га хээр нийт 219.6 мянган ой хээрийн бүс гал түймэр өртсөн. Хамгийн хохирол ихтэй дөрөвдүгээр сарын 22-нд ОХУ-аас Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт хил дамнаж орж ирсэн ой хээрийн түймэр бөгөөд үүнийг унтраахаар нийт 20 хоног ажилласан. Ой, хээрийн түймэр гарч буй шалтгаан нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, хайхрамжгүй хандаж шар өвч шатаасны улмаас гал алдаж байгаатай холбоотой” гэв.
Эх сурвалж: www.polit.mn