С.САРУУЛ
Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран энэ сарын 12-нд болох “Дүнжингарав" уралдааны талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар““Хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрхийг хамгаалах тухай асуудалд манай агентлаг болон Монголын морин спорт уяачдын холбоо энэ жилээс нэгдсэн нэг ойлголтод хүрсэн.
Уяачид уралдаанд орж байгаа хүүхдээ заавал даатгалд хамруулах ёстой байдаг. Даатгалын нөхцөл байдал өнгөрсөн жилийг хүртэл харьцагуй бодит байдалд нийцэхгүй, нөхөн олговорын хэмжээ хамгийн дээд тал нь таван сая төгрөгийн хэмжээтэй явж ирсэн. Энэ мөнгөн дүн хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүссэн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэлцэхүйц хэмжээтэй биш гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд даатгалын компаниудтай уулзалт хийж бодит байдалд нийцсэн хэмжээтэй буюу даатгалын жилийн хураамж 100 мянган төгрөг, нөхөн олговорын хэмжээ 20 сая төгрөг хүртэл байх зохицуулалтыг хийгээд байна.
Уяачид нэг ижил стандартаар нийт 330 суманд 100 мянган төгрөгөөр унаач хүүхдээ даатгуулна. Энэ даатгалд зөвхөн уралдааны үед гарах эсрдлээс гадна ахуйн шинжтэй ослуудын тохиолдол багтана. Нэг жилийн хугацаатай байх юм. Мөн даатгалын тохиолдол гарахад хүүхдийг яаралтай нарийн мэргэжлийн эмчийн хяналтад, зориулалтын тээврийн хэрэгслээр эмнэлэгт хүргэх зардлыг даатгалын нөхөн олговорт багтааж байгаа” гэлээ.
Харин ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар “ММСУХ даатгалын компаниудтай тодорхой шаардлагуудыг тавьж гэрээ байгуулах чиглэл барьж байгаа. Даатгалын хураамж 100 мянган төгрөг болсноос хойш 4,000 орчим хүүхэд даатгуулж, 49 удаагийн даатгалын тохиолдол гарсан. Даатгал улсын хэмжээнд хийгдэх ёстой учраас 330 суманд хүрч ажиллах боломжтой компанийг сонгож гэрээ байгуулах шаардлагатай. ММСУХ 21 аймаг, 330 суманд салбар нэгжтэй томоохон төрийн бус байгууллага" гэв.
“Дүнжингарав" уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарчээ. Уралдааны бүртгэл 10, 11-ний өдөр хийгдэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины уралдаанд 7 болон түүнээс дээш насны хүүүхэд морь унаж оролцох боломжтой.
Эх сурвалж: www.polit.mn