Б.НАМУУНТАМИР

Нийслэлчүүдийн дийлэнх нь амттай кофег өдөр тутамдаа хэрэглэхийг илүүд үзээд буй нь хэдхэн алхамын зайтай тааралдах кофе шопуудын хурдацтай цэцэглэн хөгжиж буйгаас  харж болно. Манай улсад хүн амын 30 хувь нь кофег байнгын болон тодорхой давтамжтай хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Монголчууд  кофены соёлд сүүлийн хоёр жилийн өмнөөс л суралцаж буй улс юм.  Өдгөө кофе уудаггүй, ууж үзээгүй хүн байхгүй биз ээ.

Нийслэл хотод маань тансаг кофег сайн номтой хослуулан таашааж,  хотоо бүхлээр нь тольдох боломжтой тохилог орчинтой Caffeine кофе шопоос энэ удаагийн сурвалжилгаа бэлдлээ.

Босго давах төдийд л кофены сэнгэнэсэн үнэр, тансаг хөгжим, хотыг бүхлээр нь тольдох боломжтой саруул цонх, бүүдгэр гэрэл, тухтай сандлууд,  ханийн тавиураар дүүрэн номтой классик орчин  намайг угтлаа. Эл кофе шоп үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Үйлчлүүлэгчдийнхээ оюунд нь хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор анх нээгджээ. Гурван тусдаа заалтай. Аз-хур номын дэлгүүрт  долоо хоног болгон бест селлер болж буй номнуудыг зааландаа байршуулдаг байна. 1200 гаруй номнууд өрөөстэй байна. Номнуудыг нухацтай ажиглавал хүүхдийн номын булан, гадаад ном, XX зууны түүхэн романууд гээд ангилал бүрээр нь нямбайлан ангилсан байна.

Caffiene кофе шопийн менежер У.Мөнгөнцэцэг “Сүүлийн үед кофег оюуны ажил эрхэлдэг хүмүүс болон, оюутнууд ихээхэн хэрэглэдэг болчихсон. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс ихэвчлэн 16-32   насны хүмүүс байдаг. Өдөртөө л гэхэд  200-350 хүн үйлчлүүлдэг. Монголд хуурсан кофег ашигладаг Монгол контенттэй гэж кофе шопоо тодотгох дуртай. Учир нь манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай кофе шопийн сүлжээнүүд ихээр орж ирээд, хаа сайгүй сүлжээ болчихсон байгаа. Манай кофе шопийн хувьд бусдаасаа ялгарах давуу тал нь энэ гэж боддог. Анх нээгдэж байсан үеэ бодоход үйлчлүүлэгчдийн  тоо харьцангуй нэмэгдсэн. Бас нэг бахархууштай нь гадны жуулчид ихээхэн орж ирдэг. Европ чинь өөрөө кофены эх орон. Тэгэхэд европын жуулчид танайд уусан кофе  миний эх оронг санагдуулж байна, гадны орнуудын кофены соёлын  төвшинд хүрсэн байна гэх мэтээр таатай сэтгэгдэл бидэнд үлдээдэг. Энэ нь зөвхөн манай кофе шоп ч биш, улсаа дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж явааг харуулж байгаа хэрэг юм. Одоо үеийнхний соёлын нэгээхэн хэсэг болсон кофены төрөл янз бүр байдаг. Үүнтэй адил кофе шопуудын дизайн, өнгө төрх ч өөр өөр. Сүүлийн жилүүдэд латте арт хэмээх ойлголт кофены ертөнцөд онцгой байр суурь эзлэх болсон. Энэ нь латте кофен дээр хөөсрүүлсэн сүүгээр элдэв дүрс, хээ, угалз чимэглэх урлаг илүү нарийн хөгжсөнтэй холбоотой юм. Хүнд зүгээр энгийн кофе өгөх, эсвэл дээр нь сүүгээр янз бүрийн юм зурж өгөх хоёр тэс өөр. Наанадаж үйлчлүүлэгчид ууртай байсан ч тэр зурсан хэлбэр дүрс, өнгө төрхийг нь хараад сэтгэлийн таашаал аван, инээмсэглэл тодруулдаг” гэлээ.

Кофены хэрэглээг дагаж, кофе шопоор үйлчлүүлж байгаа залуус маш соёлтой, оюунлаг хүмүүс олшроод буйг эндээс харж болно. Мөн эднийх цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр лектор Г.Мөнгөн, Ганжавхлан зэрэгтэй хамтран долоо хоног бүрийн ням гарагт кофе шопийнхоо хурлын танхимд хувь хүний хөгжилд зориулсан цуврал лекцүүдийг явуулж, залуусын сэтгэх цар хүрээ, хандлагад зөв төлөвшил суулган,оюунд нь томоохон хөрөнгө оруулалт хийн, чөлөөтэй ярилцдаг байна.

Үүгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг ажвал дийлэнх нь ганцаараа явж байгаа бололтой, барагцаагаар арав гаруй хүн кофе уун, нэг нэг ном барин шимтэн уншиж байгаа нь бахархууштай санагдлаа. Одоо үед ном моодноос гарч, сошиал ертөнц моодонд ороод байгаа энэ үед залууст зөв сэтгэлгээ, соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа нь оюуны том хөрөнгө оруулалт болж байна гэлтэй. Мөн эдгээр хүмүүсийн дийлэнх нь байнгын үйлчлүүлэгчид бөгөөд 14 цагаас болох хувь хүний хөгжлийн лекцийг хүлээн, өмнө нь уншиж дуусгаагүй байсан номоо уншиж дуусгах гэж байгаа аж. Мөн цаад хурлын өрөөнд лектор Г.Мөнгөн хувь хүнд зөвлөгөө өгч буй нь шилэн хананы цаанаас харагдана.

Кофе шопод хичээл, ажлаа хийх нь гэртээ, номын санд хийхээс илүү бүтээмжтэй байдаг. Кофе шоп доторх хүмүүсийн яриа, аяга таваг тачигнах болон кофены машины хүнгэнэх чимээ зэрэг нь төвлөрлийг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс би энд дандаа ирж хичээлээ хийдэг хэмээн уг кофе шопоор үйлчлүүлдэг Л.Бямбасүрэн хэллээ.

Сайны хажуугаар саар гэгчээр үйлчилгээний зааланд байрлуулсан номыг уншихдаа зарим үйлчлүүлэгчид ариг гамгүй хандаж нугалах, урах, хулгайлах гэх мэт асуудлууд гардаг байна. Харин энэ асуудлыг тэд “үйлчилүүлж байх үед эргэн тойрны хэн нэгэн заалнаас ном авч унших үедээ номыг урах, дээр нь бичих тэмдэглэх болон авч гарахыг оролдсон тохиолдолд та бидэнд хэлж тусална уу. Соёлтой үйлчлүүлж ном, эд хогшлыг хайрлаж хамгаалсан таныг бид таны дуртай кофегоор үнэгүй дайлна” гэсэн санамж энд тэнд наалттай харагдана.

Менежертэй нь хэсэг яриа өрнүүлж байгаад гайхамшиг хэмээх номыг  латтегаар даруулан уншиж, өөрийн гол зорилгоо умартан эндээс гармааргүй тав тухыг мэдрэн суулаа.  Дараагаар уг кофе шопын интериэр дизайныг шохоорхоход хананд өлгөсөн их л хуучны маягийн унадаг дугуй миний сонирхлыг татлаа. Учрыг лавлахад захиралынх нь хайртай дугуй юм гэнэ. Үүнээс авхуулаад орчны шийдлийн хувьд намайг алмайруулсан зүйл зөндөө байлаа.  Номын хорхойтнуудын хувьд ч тэр мөн адил олон ховор, гайхамшигтай номоороо үйлчлүүлэгчдээ ч бас алмайруулдаг байна.

Эх сурвалж: www.polit.mn