Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй нэг шалтгаан, нөхцөл нь төрийн албан дахь хууль бус томилгоо, мэргэжлийн бус шаардлага хангахгүй хүмүүсийг танил тал, ашиг сонирхлын үүднээс томилдог, мэргэжлийн албан хаагчдыг хууль бусаар халж, чөлөөлдөг асуудал юм. Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах, ажлын байрны тодорхойлолтыг нэгдсэн журмаар баталж мөрдүүлэх, хууль бус томилгоо, өөрчлөлт хийдэг албан тушаалтнуудын үйл ажиллагааг таслан зогсоох, мэдээлэл солилцооны хурдыг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хяналт шалгалтын ажлын үр дүнг сайжруулах талаар 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдын төлөөлөл болон АТГ-ын удирдлагууд ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэл, хүрээг өргөжүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрлээ гэж АТГ-аас мэдээллээ.