(Номын шүүмж)

Оршлын оронд

Сэтгүүлзүйн шинжлэх ухаан өөрийн гэсэн өвөрмөц зорилго, түүндээ хүрэх тодорхой зарчим, чиг үүрэгтэй. Бичлэгийн ялгарах аргуудтай. Түүнийг нь бичлэгийн төрөл, зүйл гэж нэрлэнэ. Төрлөөр нь дөрөв хуваана.

Нэгд Мэдээллийн бичлэгийн төрөл. Үүнд нь мэдээ, тайлан, ярилцлага, сурвалжлага, тойм, номын мэдээ, сурвалжилсан тэмдэглэл, захидал гэсэн бичлэгийн аргууд багтана. Хоёрт Шинжлэлт бичлэгийн төрөл гэж бий. Өгүүлэл, хэвлэлийн тойм, шүүмж, эссе, мөшгих сэтгүүл зүй буюу эрэн сурвалжлага, прогноз буюу таамаглал, хувилбарт бодол, туршилт, тайлбар нь шинжлэлт бичлэгийн төрөлд хамаарна. Гуравт нийтлэл-уран сайхны бичлэгийн төрөл. Найруулал, шог найруулал, улстөрийн шог, тэмдэглэл, уран нийтлэл энэ төрөлд багтана. Дөрөвт бичлэгийн жижиг зүйлүүд. Зах зээлийн эдийн засгийн харилцааны өнөө үед харьцангуй түргэн хурдацтай тархаж буй эл төрөлд лавлагаа мэдээллийн  шинжтэй жижиг зүйлүүд /асуулт-хариулт, товч намтар, эмгэнэл, зарлал, блиц асуулт/, шинжлэлт танин мэдэхүйн шинжтэй жижиг зүйлүүд /анкет, хэвлэлд зориулсан албан мэдээ, мониторинг, рейтинг, хүлцэл, зөвлөмж, мэдэгдэл, социологийн судалгааны дүн зэрэг/, зугаацал-уран сайхны шинжтэй жижиг зүйлүүд /домог, шог яриа, элэглэл, хоч шүлэг, наргиа, тоглоом, сонжоо, үгийн сүлжээ, ертөнцийн сонин хачин зэрэг/ багтдаг.

Эдгээр дөрвөн төрөлд багтаж буй дээрх бичлэгийн аргуудыг сэтгүүлзүйд жанр буюу зүйл гэж нэрлэнэ. Дор бүрнээ өөрийн гэсэн өвөрмөц арга, дүр дүрслэлтэй. Нэг нь нөгөөгөөсөө ялгарна, бас нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж баяжуулна. Жирийн иргэд эдгээрийн ялгааг төдийлөн мэдэхгүй. Харин мэргэжлийн сэтгүүлчид бол андахгүй. Их, дээд сургуульд дөрвөн жил судалж, бичлэгийн дадлага хийж, курс дипломын ажил бичиж, үйлдвэрлэлийн дадлагаар танхимд олсон мэдлэгээ баталгаажуулдаг учраас тэр юм. Сэтгүүлзүйн дөрвөн төрөлд нийтдээ дор хаяхад бичлэгийн хорь гаруй жанр /зүйл/ байна. Жижиг зүйлүүдийг нэмбэл бүр дөч гараад явчихна.

Их, дээд сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэсэн мэргэжлийн сэтгүүлчид бол аль ч төрөл, зүйлээр нь бичиж чаддаг мэдлэг, дадлагатай болсон байх учиртай. Энэ бол тэдний үүрэг юм. Тэгэхдээ өмнөх он жилүүдийн үйл ажиллагааны практикаас ажиглаж байхад тийм байж чаддаггүй. Гол төлөв аль нэг төрөл, жанраар дагнаж бичиж дадлагажиж чармайж байж тодорхой амжилтад хүрсэн байдаг. Энэ ч зөв зүйтэй алхам буй заа гэж бодож байна. Баримт түшиж ярья.

Тоймлон хураангуйлбал:

Бүх шинжлэх ухааны оргил нь математик гэдэг. Түүн лүгээ сэтгүүлзүйн төрөл, зүйл дотор хаан суудалд залардаг жанр нь мэдээ. Мэдээнээс бүх зүйл эхэлнэ. Бага зайд том агуулгыг багтааж, ашигтай шинэлэг мэдээллийг өөртөө агуулсан мэдээ бол том уран бүтээл байдаг. Хоёр гуравхан үгнээс бүтдэг мэдээ гэдэг өөрөө хосгүй нандин зүйл.

Монголын сэтгүүлзүйн түүхэн дэх мэдээ хэмээх бичлэгийн нэрт төлөөлөгчдийг бүр  1913 оны “Шинэ толь хэмээх бичиг” сониноос эхэлж олж үзэж болдог. Жанцансамбуу гэдэг эрхэм тийм мэдээг бичдэг байв. Дөчөөд онд “Үнэн” сонинд Н.Цэенжав гэдэг хүн энэ жанраар тодрон ялгарсан байдаг. 1945 оны “Үнэн” сонины № 169-д түүний бичсэн “Эрдэмтэн болов” гэсэн товч мэдээ бий. Гуравхан өгүүлбэртэй.  Н.Жагварал гэдэг хүн ЗХУ-д эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн болсон тухай.

“Огторгуйн уудамд анх удаа хүн ниссэн тухай” хэмээх  гарчигтай МОНЦАМЭ-гийн товч мэдээ  1961 оны  4-р сарын 12-нд “Үнэн” сонинд нийтлэгджээ.  Юрий Гагарин “Восток” хөлгөөр сансарт цойлон гарсан тухай өгүүлсэн аж. “Олон улсын шинэ баг тойрог замд” гэсэн гарчигтай ТАСС-МОНЦАМЭ-гийн бас нэг мэдээ бий. Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан баг сансарт ниссэн тухай юм. Үүн дээр би “Ардын эрх” сонины “Эрхлэгчийн булан”-д  нийтлэгдсэн Ц.Балдоржийн “МАНАН-г арилгагч” /1993/ хэмээх бяцхан нийтлэл мэдээг нэр зааж нэмнэ.

Эдгээр мэдээ нь “уруугаа харсан пирамид”-ын онолыг ягштал баримталж ур чадвар, бяр тэнхээ зааж бичсэн товч мэдээний тодорхой үлгэр загвар мөн болно. Хэн, юу, хэзээ, хаана, яагаад гэсэн асуултад яс хариулт өгчээ. Товч, тодорхой, түргэн шуурхай, үнэн зөв байх шаардлагыг гүйцэд хангаж чадсан байна. Ингэж бичдэг эрхмүүдийг сэтгүүлзүйн бичлэгийн хаан суудалд заларсан мэдээний жинхэнэ мастерууд гэж нэрлэж тодорхойлж болно.

Үүн лүгээ нэгэн адил сурвалжлагыг жинхэнэ утгаар нь бичиж чаддаг зохиолч, сэтгүүлчид Монголд цөөнгүй байжээ. Түүний нэг нь “Улаан наран” романы зохиогч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн С.Дашдэндэв гуай юм. Түүний бичсэн “Нэгэн сэтгэлгээ” хэмээх алдарт сурвалжлага “Үнэн” сонины  1945 оны  10-р сарын 22-ны өдрийн № 242-т нийтлэгдсэн байдаг. Монголын түүхэнд анх удаа  болсон ард нийтийн санал-асуулгын талаар хийсэн амьд тод сурвалжлага. Монголын ард түмэн  1945 оны  10-р сарын 20-ны өдөр нэгэн сэтгэлгээгээр тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн тухай нүдэнд үзэгдэж сэтгэлд хоногштол дүрслэн үзүүлсэн байдаг.  Сурвалжлагыг нь задалж үзэх юм бол “Үнэн” сонины сурвалжлагч С.Дашдэндэв гуай жинхэнэ сурвалжлагч хүн байсан ажээ. Залуу сэтгүүлчдээс энэ жанраар мэргэжиж урагшлан дэвшиж яваа хүний нэг нь  “Өдрийн сонин”-ы Э.Энэрэл гэж би боддог. Д.Мөнгөндалай ч сайн бичиж байна.

Ярилцлага хэмээх торгон жанр бий. Социализмын он жилүүдэд энэ зүйлээр У.Амарсайхан, С.Жамбалдорж нарын сэтгүүлчид амжилттайгаар дагнаж ажилладаг байв. Сүүлд тэдний халааг Б.Ганчимэг гардан авч нэн чадмагаар үргэлжлүүлж алдрын оргилд хүрч чадсан юм. Сумогийн их аварга Д.Дагвадоржтой хийсэн ярилцлагад нь нарийвчилсан задлан шинжлэл хийж нийтийн хүртээл болгосон тул ахиж нуршихаас түдгэлзэв. Сэтгүүлч хүн бичлэгийн аль нэг төрөл, зүйлийг жинхэнэ ёсоор өөрийн болгож эзэмшье гэвэл Б.Ганчимэг шиг шаргуу ажиллах хэрэгтэй гэж зөвлөх байна. С1 телевизийн “Цензургүй яриа” олон хүний анхаарлыг татдаг. Энэ бол теле ярилцлагын чиглэлээр Л.Мөнхбаясгалан оройлон манлайлж байна гэсэн үг юм.

Аян замын тэмдэглэл хэмээх дэндүү тансаг сайхан бичлэгийн жанр монголын сэтгүүлзүйд бий. Энэ чиглэлээр бичиж алдаршсан нь цөөнгүй. Академич  Цэндийн Дамдинсүрэн гуайн “Дайны үеийн өдрийн тэмдэглэлээс” /”Үнэн” сонин, 1942/, зохиолч Дондогийн Цэвэгмид гуайн “Алс дорнод тивд” /”Үнэн, 1961/ тэмдэглэлүүд бол үлгэр жишээ бичлэгт зүй ёсоор тооцогдоно. Үүн дээр нэмж Гэндэнжамцын Дэлэг гуайн “Дөрвөн тивийн буудалд”, Лодонгийн Түдэвийн “Нью-Йорк урт чацтай хот”, өвгөөдэй Дамдинсүрэн гуайн “Буурь суурь” зэрэг нийтлэлийг ч нэмж нэрлэх хүсэлтэй байна.

Алдар суут найрууллын жишээнд Бямбын Ренчингийн “Их говийн зоригтон хүмүүс” /”Үнэн”, 1944/ Мөнгөний Бизъяагийн “Өвлийн нүүдэл”/”Үнэн”, 1945/ хэзээ ямагт нэрлэгддэг. Эдгээр найруулалд зохиогчид нь малчин Дамбадаржаа, Балдан, Цалмахмид нарын зэрэг амьд бодит хүмүүсийн дүрийг утга зохиолын түвшинд хүртэл товойлгон гаргаж чадсанд бичлэгийн арга барилын амжилтын нууц нь оршдог билээ.

Найруулал дотроо бас ялгарна. Хөрөг найруулал гэж бий. Хөрөг найрууллыг бичих арга барилыг төгс гүйцэд эзэмшсэн мастер нь Ш.Цэрэнпил юм. Түүний “Хэнээт” хэмээх алдарт найруулал үүний баталгаа. Ерээд онд хэрэв Ш.Цэрэнпил байгаагүй бол монголын сэтгүүлзүйн бичлэг дэх хөрөг найруулал хэмээх гайхалтай  жанр “устаж” алга болох байсан ч байж мэднэ гэж надад үе үе бодогддог юм. Найрууллыг хүссэн хүн бүр бичиж чадахгүй. Бяртай, уртай нь бичдэг юм.

Өгүүлэл хэмээх жанр байна. Мэдлэг зааж бичнэ. Хөлсөө урсгаж хөдөлмөрлөж чадсан нь өгүүллийн, ялангуяа асуудал дэвшүүлсэн өгүүллийн салбарт амжилтад хүрнэ. Жишээ нь, Цэрэндоржийн Балдоржийн “Далай ээж минь цаазын тавцнаа” өгүүлэл бол үүний тод бишээ. Ширнэнгийн Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”, Гочоогийн Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”,  Жамбалын Мягмарсүрэнгийн “Шонхроо шогнойлгож Монголоо монцойлгох юм гэнэ”, Ц.Дашдондовын “Дээд комиссын доод ажил”,  Х.Цэвлээгийн “Хариулт хүлээсэн зарим асуудал” зэрэг шүүмжлэлт нийтлэл нь асуудал дэвшүүлсэн өгүүллийн сонгодог жишээ болно.

Уран нийтлэл нь Дашдоржийн Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн”-гээс эхлэлтэй. Эл торгомсог бичлэгийн хөгжил төлөвшилд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулсан бүтээл бол Сэнгийн Эрдэнийн “Миний эх орон-миний тоонот” номд орсон “Алтай” зэрэг нийтлэлүүд, Баастын Золбаярын “Аав”, “Намрын урсгал”, “Хөөмий эгшиглэсэн чандмань” зэрэг уран зураглалууд юм. Үүн дээр би залуу сэтгүүлч Н.Гантулгын уран нийтлэлүүдийг нэмж нэрлэнэ.

Мөшгих сэтгүүл зүй буюу эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бичлэгээр монголын сэтгүүлзүйн түүхэнд тод ул мөрөө үлдээсэн нь Ж.Барамсайн “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз”, А.Даваасамбуугийн “Дэглэгсдэд дэг хэрэгтэй” зэрэг нийтлэл болно. Эл сэдвийг дагнаж судалсан нь Монголд сэтгүүл зүйн доктор Ч.Базар, М.Зулькафиль нар байх жишээтэй. Сэтгүүл зүйн хөгжил дэвшил, ялангуяа бичлэгийн төрөл, зүйлийг баяжуулж хөгжүүлэхэд мэргэжлийн шүүмжлэгчдийн үүрэг онцгой учраас би үүнийг зориуд тэмдэглэн хэлж байна.

Монголын сэтгүүлзүйн шүүмж шүүмжлэлийг өнгөрсөн зууны хориод оны сүүлч, гучаад оны эхээр  үүсгэн хөгжүүлсэн хүн нь Чимэддоржийн Дашням бөгөөд С.Буяннэмэх бас өөрийн жинтэй хувь нэмрийг оруулжээ. Их зохиолч Д.Нацагдорж хүртэл хүний нийгэм өглөө бүр өөрийгөө толинд тольдон харж байх үүрэгтэй гэж хэлж байжээ. Энэ бол сэтгүүл зүйн шүүмж шүүмжлэлийн онцгой ач холбогдлыг товойлгож тодорхойлсон санаа юм. Харамсалтай нь сэтгүүл зүйн шүүмж Монголд өнөөг хүртэл хангалттай түвшинд хөгжиж чадахгүй байгаа бөгөөд энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Нийгэм, төр засгийн зүгээс ямар нэгэн дэмжлэг үгүй, хэн нэгний бүтээлийг задлан шинжилж бичлээ гэхэд ололт амжилт, ялангуяа бичлэгийн дутагдал доголдлыг нь хэлж анхааруулж өгсөн шүүмжлэгч магтаал сайшаал сонсохоосоо илүүтэйгээр хараал хавчилт, дарамт шахалтад өртөх нь элбэг тул энэ тамын ажил руу сайн дураараа дурлаж тэмүүлэх тэнэг толгойтон бараг байдаггүй нь маш ойлгомжтой юм.

Харин сэтгүүлзүйн судлал нь Монголд харьцангуй өндөр түвшинд яваа. Сэтгүүл зүйн салбарт дөч гаруй доктор, бараг гурван зууд дөхсөн магистр төрж гарсан нь үүний нотолгоо болно. Монголд сэтгүүлзүй үүсч хөгжсөн түүхэн үйл явц, зүй тогтлыг нухацтай судалж томоохон бүтээлүүд туурвиж гаргасан нь Г.Дэлэг, Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн нарын зэрэг эрдэмтэд бөгөөд өнгөрсөн зууны далаад оныг хүртэлх цөөнгүй сэтгүүлчдийн нийтлэлд агуулгын задлал  хийсэн нь доктор Г.Дэлэг юм. /”Монголын хэвлэлийн түүх” I, II ботиуд/ Түүнийг амжилттай үргэлжлүүлж хоёр мянган оны түвшинд баяжуулж хөгжүүлсэн нь доктор Л.Норовсүрэн, түүний “Монголын нийтлэл”, “Монголын сэтгүүлзүйн түүх” цуврал 6 боть болно. Энэхүү уламжлалыг миний бие “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал 6 ботиороо үргэлжлүүлэхийг хичээж, “Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн” зэрэг бусад судалгаагаараа баяжуулах гэж оролдсон билээ. Сэтгүүл зүйн онол, практикийн тулгамдсан асуудлаар тууштай ажиллаж арван боть бүтээл туурвисан нь доктор профессор М.Зулькафиль юм. Тэдний араас Ч.Чойсамба, Б.Болд-Эрдэнэ нарын зэрэг залуу, дунд үеийн судлаачид амжилттай туурвиж бүтээж байгаа.

Эл товчхон хураангуйд миний бие сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйлийн тухай голлон өгүүлж, хэн ямар жанраар бичиж туурвиж онцгой амжилт үзүүлж алдрын оргилд хүрснийг цухас төдий дурдлаа. Үүний цаад учир бол монголын сэтгүүлзүйн өнгөрсөн зуун зургаан жилийн түүхэнд төдийлөн хөгжил дэвжиж чадаагүй нэгэн жанр байдгийг зориуд тодотгон хэлж, эл бичлэгээр хэн ч Монголд төрж гарахгүй нь дээ гэж бараг горьдлого тасарч байснаа нуулгүйгээр дэлгэж, учир шалтгаан нь юунд байдаг юм бол гэж мэргэжил нэгтнүүдтэйгээ санал бодлоо хуваалцах гэсэн нууцхан бодол цээжиндээ тээж явсан минь билээ. Аз болоход Бурхан тэнгэрийн авралаар тэрхүү санаа бодлоо миний бие гээх хэрэгтэй боллоо. Учир нь монголын сэтгүүлзүйд миний удтал хүсэн хүлээсэн горьдлого минь биелж гоц авъяастан нь төрж мэндэллээ. Энэ бол хэний ч нүдэнд бараг үл өртөх, туйлын даруухан, дугтрахаас нааш дуугарч өгдөггүй нэгэн банди буюу Дамдинсүрэнгийн Дамдинжав хэмээх хөвгүүн бөлгөө. Ойрмогхон түүний бичиж хэвлүүлсэн “Гол тоглогч”  хэмээх нийтлэлийн номыг эхнээс нь дуустал хэдэнтээ эргүүлэн тойруулан уншаад магнайн үрчлээс арилах шиг болж машид таашаан баясав аа.

Учирлан тайлбарлах нь. Монголын сэтгүүлзүйн бичлэгийн төрөл, зүйл дотор хэн ч барьж авч зүрхлэхгүй дөлж зугтсаар эдүгээг хүргэсэн нэг жанр байсан юм. Энэ бол памфлет. Нэг намын системтэй социализмын он жилүүдэд үүнийг ойлгож болох байлаа. Ардчилсан, олон ургальч үзэл дэлгэрсэн, чөлөөт хэвлэлүүд өрсөлдсөн сүүлийн гучаад жилд ч уг жанраар манайд бичих хүн байсангүй. Фельетон бичдэг цорын ганц хүн төрсөн нь Б.Цэнддоо байлаа.

Бусад улс оронд бол түгээмэл байдаг памфлетыг манайхан яагаад барьж авч чаддаггүйн учир шалтгааныг судлаачид тайлбарлах байх. Харин би уг бичлэгийн талаарх товч ойлголтыг эхлээд уншигчдад өгье. Памфлетыг монгол хэлнээ улстөрийн шог гэж орчуулжээ. Нэг их тод бус ч жанрыг зүйл гэж орчуулснаас арай дээр сонсогдож байна. Грек үг. Памма буюу бүгдийг, филего буюу шатаах, устгах гэсэн үгнээс үүсэлтэй гэнэ. Улстөрийн хурц мэтгэлцээний нэг чухал арга агаад сэтгүүлзүйн бичлэгийн нэг хэлбэр юм.

Улстөрийн шогт дайрч давшилсан мэт шинж тэмдэг илэрхий мэдрэгдэнэ. Ёжлон ёгтолсон өнгө аястай, адилтгал зүйрлэл, ихэсгэл багасгалыг өргөн хэрэглэнэ. Товч тодорхойг эрхэмлэнэ. Шоглол дээд зэргээр илрэн гарах бөгөөд хурц хэллэгтэй, аянга нижигнүүлж, цахилгаан гялбуулсан “хилэнт үгс”-ээр халгиж бялхсан, тэгсэн атлаа уран дүрслэлтэй, уншууртай сонирхолтой байна. Элэглэл, дооглол, ёгтлолоор элбэг баян, хэтрүүлэл егөөдлөөр зай завсаргүй шаглаж чимхэлж имэрдсэн байдаг.

Дэлхийн улс орнуудын утга зохиол, сэтгүүлзүйн түүх, практикаас харахад улстөрийн шог буюу памфлетыг нийгмийн байгууллыг бүхэлд нь буруушаан шүүмжлэх буюу улс нийгмийг удирдаж буй урагшгүй албатууд, тэдний үнэн нүүр царайг илчлэн үзүүлэхэд байнга ашиглаж иржээ. Памфлет гэдэг үг нь бүгдийг бүрэн няцааж, шатааж устгах гэсэн үгнээс гаралтайг бүү мартаарай. Монголын нийгмийн толгойд бөгс бөөрөөрөө нийлж нэгдэн, хэтэвч түрийвчээрээ холбогдож гагнагдсан олигархи бүлэглэлүүд ид эрч хүчээ аван дураараа дургиж дунд чөмгөөрөө  жиргэж буй эгзэгтэй өнөөгийн цаг үед памфлет бичдэг сэтгүүлч төрөн гарч ирж буйг би хувьдаа санамсаргүй тохиолдол гэж бодохгүй байна.

Английн хөрөнгөтний хувьсгалын үед нэрт соён гэгээрүүлэгчдийн нэр алдарт төлөөлөгчид, тухайлбал алдарт Дж.Мильтон, Д.Дефо, Дж.Свифт нар улстөрийн шогийг бичиж нийгмийн бурангуйтай шаргуу тэмцэж байв. Ф.Энгельс  1842 онд “Христосын философич Шелленг буюу амьдралын ухааныг бурхны ухаанд хувиргасан нь”, К.Маркс  1852 онд “Луй Бонапартын брюмерийн арван найман”, “Капиталын шашин” зэрэг алдарт памфлетаа бичиж байв.

Пролетарийн их зохиолч гэгддэг Максим Горький  1906 онд “Оросын хаан”, “Шар шулмасын хот” хэмээх улстөрийн шогоо туурвиж Оросын нийгмийн хоцрогдол, хаан болоод бусад ихэс дээдсийн арчаагүй байдлыг илчлэн шүүмжилж байжээ.

Памфлет бол зохиогчийн эсэргүүцэл тэмцлээ илэрхийлэх хамгийн хурц дайчин бичлэгийн аргын нэг юм. Нийгэмд оршин буй муу муухай зүйл, үзэгдэл юмстай эвлэршгүй байх үүднээс эсэргүүцэн босч дургүйцэн бичиж буйн нэг илэрхийлэл болно. Нийгмийг буруу зүг рүү буйллан чангааж байгаа, улс нийгэм, ард түмнээ бус зөвхөн өөрсдийгөө бодон хувиа бодож довоо шарлуулж байгаа урагшгүй удирдагчид, улстөрчидтэй үгийн зэвсгээр үзэлцэж байгаа нэг хэлбэр юм. Сэтгүүлчийн мэргэжил бол тэмцэгчийн мэргэжил мөн гэж хүн төрөлхтөний суут ухаантнууд зүгээр ч нэг хэлээгүй нь эндээс илүүтэй тод мэдрэгдэнэ. Агуулгын хувьд ер бусын хүчтэй эсэргүүцэл бүхий байх бөгөөд бузар булайг уг үндсээр нь уудлан илчлээд түүнийгээ шээс алдам хэтэрхий хурц үг хэллэг, ам ангайм адилтгал зүйрлэлээр тодотгон товойлгож үзүүлээд элэг хөшим хэмжээнд элэглэн дооглож, ёгтлон ёжлох нь сэтгүүл зүйн памфлет хэмээх бичлэгийн үндсэн төрөлх шинж чанар нь юм. Ийм ур чадварыг эзэмшинэ гэдэг тун бэрх, бараг байхгүй. Өдрийн од шиг ховорхон. Гайхалтай нь монголын сэтгүүлзүйд тийм зоригтой, тэнгэрлэг золбоотон төржээ. Одоо тэрхүү сэтгүүлч буюу Дамдинсүрэнгийн Дамдинжавын “Гол тоглогч” номын жишээн дээр баримт түшиж өгүүлье.

Гол тоглогчдоор хэн хэнийг тодруулав

“Гол тоглогч” ном  2018 оны 5-р сард хэвлэгдэж уншигчдын гарт хүрсэн. Уг номд “Женко”, “Сүүлчийн гавъяат “жүжигчин”, “Манай үеийн мангас”, “Хүн зуудаг “хоточ”, “Хүйтэн цуст” капиталист”, “Зэлтэрийн гацааны Зи “пацаан”, “Хүнд жингийн “Коммунист”, “Нохой шуугиулсан баатар”, “Монголоо мандуулсан маршал”, “Хашин бэрс”, “Зайлшгүй сайд”, “Поп”-ын хаан” зэрэг  16 памфлет ба хөрөг оржээ. Халтмаагийн Баттулга, Цахиагийн Элбэгдорж, Намбарын Энхбаяр, Цэндийн Нямдорж, Сүхбаатарын Батболд, Зандаахүүгийн Энхболд, Ухнаагийн Хүрэлсүх, Херо Баатар, Хорлоогийн Чойбалсан, Гомбожавын Занданшатар,  Жадамбын Энхбаяр, Сайнхүүгийн Ганбаатар нарын улстөрч, зарим уран бүтээлчийн тухай бичжээ. Сүүлийн гучин жилд Монголын төр засгийн эрх мэдлийг гартаа атгаж, улс орны эдийн засгийн хөгжлийг залж чиглүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх буюу дошлуулах үйлсэд ямар нэг байдлаар оролцож, үүрэг хариуцлага хүлээж ирсэн эрхмүүдийг нээн үзүүлэх гэж оролдсон бололтой. Тэгэхдээ гүйцэд биш аж. Энэ тухай сүүлд жич өгүүлнэ.

Үг хэллэг хурц бөгөөд дайчин давшингуй, адилтгал зүйрлэлээр элбэг баян агаад тэдгээр нь ончтой оновчтой, ёгтлол ёжлол хийгээд элэглэл инээдмээр дүүрэн, дүр дүрслэл нь сонин ба сонирхол татахуйц уншууртай ном болсныг юуны өмнө онцлон тэмдэглэе. Одоо ийнхүү тодорхойлсноо Д.Дамдинжавын тодорхой бүтээлүүдийн жишээн дээр нотолж батлах гэж оролдъё.

“Женко” хэмээх улстөрийн шогийг Женко хэрхэн төрсөн бэ? Женко яаж баяжсан бэ? 600 сая төгрөгтэй “сейф”-ийг 44 саяар худалдаж авсан түүх,  17 чингэлэг спиртийг ус болгож чадсан түүх, Женко гэх вант улс, Мафи маягийн улстөр, Өөрийн нохой, Өрөөлийн нохой, Олигархи, Дуулиан, Жинхэнэ гавъяа, Хэвлэлийн гал цогтой гигант, Жинхэнэ “НЕRO”, Ганцаардсан чоно, Женко хэрхэн төгсөх бол? гэсэн  15 жижиг гарчигт хувааж асуулт ба түүндээ өгсөн хариулт хэлбэрээр бичсэн аж. Жишээ нь  17 чингэлэг спиртийг ус болгож чадсан түүх хэмээх гарчигтай бичлэгт “1997 онд Монгол Улсын хилээр төмөр замаар  17 чингэлэг ачаа орж ирсэн нь 340 тонн спирт болох нь илэрч баригджээ. Энэ хэрэгт “Женко” группийн эзэн Х.Баттулга, “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг шалгасан байдаг...  1997 оны  10-р сарын 5-ны шөнө тухайн үеийн УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд битүүмжлэгдэж хадгалагдаж байсан 17 чингэлэг спирт гэнэт усаар солигдсон байж. Хилээр орж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис хэмээн гаалийн бүртгэлд хуурамчаар оруулсан баримтыг Монголын үндэсний телевизийн сэтгүүлчид тухайн үед хальсандаа буулгасан байсан боловч харамсалтай нь тэр бичлэг мөн ижил цаг хугацаанд хулгайлагдсан. Бичлэг алдагдсан хэрэгт сэтгүүлч Д.Төрмөнх холбогдож байсан нь бас сонин. Тэрээр бичлэгийг Х.Баттулгад хулгайлан авч өгсөн үндэслэлээр хэсэг хугацаанд хоригдож байсан түүхтэй.

Алдарт энэ хэргээс болж, манай гол баатар Монголдоо ирэхээс эмээж, олон сараар гадаадад амьдарсан нь бодит үнэн. Монголд түүнийг интерполоор эрэн сурвалжилж байх үед тэр Түвдэд мөргөл үйлдэн, Хонконгод зургаан сар орчим орогножээ. Хэрвээ Ц.Элбэгдорж байгаагүй бол Х.Баттулга дээлээ нөмрөөд дуусах байсан ч гэж яригддаг... Энэ үеэс тэдний нөхөрлөл илэрхий зузаарсан нь бас бодит юм. Онцгой албан татваргүй  340 тонн спирт ийнхүү маш нууц операцийн дор монголчуудын ходоод руу цутгасан гэж болно. Яг тэр үед Женкогийн хөрөнгө  10 дахин нугарсан байх магадлалтай. Тэр энэ үеэс л бусдаасаа тасарч, Монголын тэргүүн баян болж чадсан байдаг...  Улстөр, эрх мэдэлгүйгээр ямар ч мөнгө цаас болж хувираад салхинд хийсч магадгүйг тэр ойлгожээ. Яг спиртийг ус болгож чадсан тэрхүү ид хав, эрх мэдлийг өөрөө эзэмшихийг хүсч байлаа” гэх зэргээр бичсэн байна.

Үүнийгээ БНН-ын дарга Б.Жаргалсайханы хэлсэн “Тэр хувийн цагдаатай, тагнуулчтай, прокурортой, шүүгчтэй, өөрийн харъяаны сайн эрс, гэмт хэрэгтнүүдтэй, намтай, улстөрчидтэй, хэвлэл, радио, телевизтэй. Түүнд байхгүй юм байхгүй” гэсэн үгээр баталгаажуулан шигтгэж өгчээ.  15 гарчиг тус бүрт хэн нэгний Женкогийн тухай онож хэлсэн ончтой үгийг ишлэж татсан аж. Жишээ нь “Х.Баттулга бол нохой. Гэхдээ хүний биш, өөрийн нохой” хэмээсэн Д.Бямбасүрэнгийн үгийг “Өөрийн нохой” хэмээх дэд гарчигтаа ишлэсэн бол “Дуулиан” хэмээх өөр нэг дэд гарчигтаа “Энэ хүний шунал яасан их юм бэ, яагаад дуусдаггүй юм. Яагаад түгжилдэж хажуу дахь руугаа хутга шааж явдаг юм. Би үнэхээр ойлгохгүй байна” гэж УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлснийг ишлэсэн байх жишээтэй.

Зохиогч Женкогийн тухай “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг монголын хөрөнгийн биржээр худалдах гэж байж. Гэвч арилжаа эхлэхээс 10 минутын өмнө тусгайлан Х.Баттулгад ямар ч өрсөлдөөнгүйгээр  44 сая төгрөгөөр зарсан байдаг. Зочид буудлаа худалдаж авангуутаа Х.Баттулга шууд зочид буудал дээр өөрийн хамгаалагчдын хамт очиж битүүмжлэн хураахад тус зочид буудлын дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гээд бодоход энэ нь хувьчлал байсан уу, луйвар байсан уу гэдэг нь ихээхэн анхаарал татна” /600 сая төгрөгтэй “сейф”-ийг 44 саяар худалдаж авсан түүх/, “1999 онд таван тэрбумын өртэй гэгдэж асан “МАХИМПЕКС” –ийг өөрийн болгов. “МАХИМПЕКС” компанийн төрийн өмчийн  51 хувийг  7,5 тэрбумаар авсан юм.  2000 онд “Талх чихэр” компанийг вант улсдаа нэгтгэв. Женко ёстой л ангайсан бүхнээ залгиж байлаа” /Женко гэх вант улс/, “Нэг бол “МСS”, нөгөө бол “Женко”. Нэг бол Ж.Оджаргал, нөгөө бол Х.Баттулга ...Монголд дор хаяж хоёр олигархи байгаа” /Олигархи/, “2008 оноос хойш Барилга хот байгуулалт, Зам тээврийн сайд, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллахдаа төрийн мөнгийг завшсан, угаасан, шилжүүлсэн гэх олон дуулиант хэрэгт нэр холбогджээ. Гэвч тэдгээр нь нэг ч удаа нотлогдож, батлагдаж байсан удаагүй. Баримт нь байгаа хэрнээ гагцхүү манай гол баатарт холбоотой, эсвэл буруутай гэсэн баримт л олдож өгдөггүй зовлонтой” /Дуулиан/, “Женко бол эх оронч, үндэсний үзэлтэй гэдэг нь маргаангүй... Женкогийн хийсэн, бүтээсэн, сэдсэн, сэтгэсэн бүхэн үндэсний бахархал, Монголын дархлааг бий болгох зорилгыг агуулдаг” /Жинхэнэ “НЕRО”/, “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэнтээ “Монгол Улсад хөгжих бодлого байсаар байтал хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх сонирхолгүй хэсэг хүмүүс байна. Бодлого гаргах ажилд хамгийн нөлөөтэй хүмүүс буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ бодлогыг хэрэгжүүлэх сонирхол алга. Харин Х.Баттулга мэтийн гишүүдэд бол ажиллах бодол байна” гэж хэлж байв. Аргагүй дээ, тэднийг адилтгаваас ялгаагүй л чононууд. Нэг нь шархадсан чоно бол нөгөө нь ганцаардсан чоно бөлгөө” /Ганцаардсан чоно/, Х.Баттулга “Үг дуу цөөнтэй. Гэм хор ч үл цухуйна. Гэвч холбогдсон хэргүүд, хийсэн үйлдлүүд нь яавч бага гарын “цагаан захтан”-ы үйл хэрэг биш байдаг юм... Түүнтэй холбоотой ямар ч хэрэг утаа мэт замхран алга болдог тавилантай... Даруухан зантай, даржинхан боловсролтой энэ хүн бүхнийг яаж хийв ээ. Ийм замналыг тун цөөн хүн туулдаг” /Женко хэрхэн төгсөх бол/ гэх зэргээр бичжээ.

Уншигч та бидний өмнө нэг талаас хүн бүхэн мэдэх, нөгөө талаас нэг ч хүн үл мэдэх Женкогийн дүр урган тодорч байна. Өмөөрвөл үндэсний хөрөнгөтний төлөөлөл болсон шилдэг дүр төрх, “Тунгалаг Тамир” романы Итгэлт баяны дүртэй адилтгаж болохуйц эх оронч гэж хэлж болох Халтмаагийн Баттулга харагдах мэт. Өөлж муулбал барж идэхгүй хулгайч, худалч, луйварчин, гэмт хэрэгтэн, зохиогчийн өөрийнх нь хэлсэнчлэн хэн ч өөрийн эрхгүй сүрдэм олзондоо шунасан арслан бар адил аймшигт мангас нүдний өмнө өндийн босч ирж байна. Халтмаагийн Баттулгад байгаа эерэг ба сөрөг талыг өрсөлдүүлэн сөргөлдүүлэн сүлжиж урлажээ. Женкогийн дүрийг тод томруун гэж хэлж болохуйц түвшинд гаргаж чадсан байна. Үүнийг уншсан цөөнгүй уншигч Монгол Улс ийм Ерөнхийлөгчтэй юмуу гэж ам ангайн гайхах болно.

“Хүйтэн цуст” капиталист гэсэн гарчигтай өөр нэг памфлет байна. Сү.Батболдын тухай аж. “Шинэ үеийн хэнээтэн”, “Бизнесийн хэнээ”, “Улстөрийн хэнээ”, “Эргэлзээтэй лидер”, “Олигархи” гэж хэн бэ?”, “Таван толгойн гол толгой”, “Оффшорын эцэг” зэрэг 11 дэд гарчигт хувааж багцалж бичжээ.

“Хүйтэн цуст” капиталист хэмээх хэсэгт “Улстөр гэдэг ихэнх тохиолдолд улс эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьдаг хүнийг хэлдэг. Тэгвэл Сү.Батболдын хувьд тэгж хэлэхэд эндүүрэл болж мэднэ, эсвэл хэт дэгсдэж мэднэ. Учир нь өнгөрсөн хугацаанд уг хүн маань улсын ажлыг өөд нь татсан гэхээсээ илүүтэй хувийн бизнесийг өөд нь татсан гэж хэлэгддэг... “Фортуна” Батбаяр нэгэнтээ түүнээс “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд манай улс хэр баяжсан, та өөрөө хэр баяжсан бэ” гэж асууж байж билээ” гэж зохиогч бичсэн бол “Шинэ үеийн хэнээтэн” хэмээх удаах хэсэгтээ “Сү хэзээ ч сүгсэлздэггүй. Отго жинс, лидерийн туг дарцаг хийсгээд байдаггүй. Омголон давилуун, хөөрүү биш. Чимээгүй лидер гэвэл түүнийг л хэлнэ. Чив чимээгүй, алгуурхан гэтэх атлаа бүхнийг энэрэлгүйгээр нөмрөх сүүдэр мэт хүчирхэг нэгэн. Бизнесээс улстөрд орох өнөөгийн “хэнээрхэл” –ийг эхлүүлсэн хүн гэж түүнийг нэрлэж болно. Улстөр, бизнес хоёр сүлэлдэхийн эхний шанг татаагүй  юм гэхэд хүчтэйгээр түрсэн хүн бол тэр” гэжээ.

Эх орон, хүн ардаа биш зөвхөн өөрийгөө боддог, хувиа хичээдэг хүйтэн цуст бэртэгчин буюу адилтган зүйрлэвэл аливааг шимж амьдрагч хувалзны тод томруун дүр уншигчийн өмнө тодрон гарч ирж байна. Чив чимээгүй, алгуурхан гэтэх мэт хэмээн тодотгоод энэрэлгүйгээр нөмрөх сүүдэр мэт гэжээ. Цааш нь залгуулж “Сү.Батболдыг танья гэвэл Чингис зочид буудлын хувьчлалын түүхийг сөхөх хэрэгтэй болно. Зүгээр нэг сөхөөд зогсохгүй, уг ёзоор, учир шалтгаанаас нь эхлээд бүр уудлах ёстой. Эндээс л түүний хувь хүний этик, бизнесийн мораль, улстөрийн үзэл баримтлалыг өвч бүрэн таньж мэдэж болно. “Чингис хаан” зочид буудлыг хувьчилж авсан, зарсан, эргээд хувьчилж авсан түүх бол Сү.Батболдын уран нүүдэл гэхээсээ илүүтэй, Монголын төрийг хувийн бизнестэй хэрхэн хоршуулж, хэрхэн хожиж болдгийн бэлээхэн жишээ болсон гэхэд хилсдэхгүй. Түүний дараагийн бизнес болоод улстөрийн бүх нүүдэл зөвхөн “Чингис хаан” зочид буудлын хувьчлалын түүхтэй ижил жимээр өрнөсөн байдаг нь санаандгүй давхцал гэж харагддаггүй билээ. Анзаарвал, өнгөрснөөс гэвэл Монголд ямар ч ашиг авчраагүй Бороо гоулд,  өдгөөгөөс гэвэл Монголд мөн л ашиггүйгээр зарагдаж буй Тавантолгойн ордын хувь тавилан ноён Сү. Батболдын гараар орж, “Чингис хаан” зочид буудлын замаар “будаа тээсэн”-ийг анзаарч болно” хэмээжээ.

Мөшгих сэтгүүлзүй буюу эрэн сурвалжлагч сэтгүүлчийн торгон мэдрэмж, хардах эрх эндээс нэвт мэдрэгдэж байна. Үгүйсгэхийн тулд үгүйсгэн буруутгасангүй, үндэс язгуураар нь уудалж онгичиж үзэх гэж чармайжээ.

“Чингис хаан” зочид буудлын хувьчлалыг цэвэр луйвар байсан гэх яриа амь бөхтэй оршсоор байдгийг зохиогч онцлон тэмдэглээд түүнийгээ лавшруулж “төсвийн зардлаар боссон үйлдвэр, объектууд зүгээр л нэг зээлийн гэрээгээр хувьд очиж байсны нэг нь “Чингис хаан” зочид буудал болов. Сангийн яам, Өмч хувьчлалын комисс зөвшилцөн “Чингис хаан” зочид буудлын барилгыг 15 сая ам.доллараар үнэлж, хувьчлалын тендерийг зарласан байна. Тухайн үеийн ханшаар бол энэ нь 6,2 тэрбум төгрөг гэсэн үг л дээ. Хувьчлал явагдаж хэд хэдэн компани өрсөлдсөнөөс Сү.Батболдын “Алтай трейдинг” шалгарчээ. Гэвч шинэ эзний халааснаас мөнгө гарсангүй. Дээрх 6.2 тэрбумыг ирээдүйд төлнө гэсэн тохиролцоо л байсан юм. Энэ нь хэдийгээр тухайн үеийн нөхцөлөөр хийгдсэн хувьчлал мөн боловч ямар нэг луйвартай адил шинжүүдтэй байсан гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй” гэжээ. /”Бизнесийн хэнээ”

Уг зочид буудлын барилга  1997 онд 60 хувийн гүйцэтгэлтэй, тухайн үеийн ханшаар 10 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан гэнэ. Ийм их хөрөнгийг зээлийн нөхцөлөөр өөрийн болгох боломжтой юу гэж хэн нэгэн нь асуувал хариулт нь “Огт боломжгүй” гэж гарах байв. Харин Сү.Батболд чаджээ гэсэн байна. Уг хувьчлалд шалгалт хийж зах зээлийн бодит үнэлгээ биш байна, дахин үнэлэх хэрэгтэй гэж хоёр ч удаа УИХ-ын ажлын хэсгээс тогтоож байсан боловч Улсын Их Хурал үүнийг олон нийтэд танилцуулалгүй нуугаад өнгөрчээ.

“Хамгийн гайхалтай нь “Чингис хаан” зочид буудлыг Сү.Батболд хоёр удаа аваад, түүнээсээ олон удаа зарсан байдаг. Эхний удаад зээлийн гэрээгээр худалдаж аваад, эргээд төрд мөнгөөр зарчихсан гэж болно. Тэгмэгцээ Н.Энхбаярын “хаанчлал”-ын үед төрд зарсан зочид буудлаа буцаагаад өөрийн болгосон. Энд ямар технологи хэрэгжсэн бэ гэдэг асуултын хариу одоо хүртэл тодорхойгүй” хэмээн зохиогч анхааруулжээ. Сонирхолтой байгаа биз?

Төр бол хамгийн ашигтай, хамгийн том бизнес юм байна гэдгийг баттай ойлгож ухаарсан хүн бол Сү.Батболд. Тэр Монголын улстөрд Дамдины Сүхбаатарын Батболд гэсэн сурталчилгаа хэрэглэж орж ирсэн. “Ийм явган заль, нохой санааг тэр л гаргаж чадна. Тэгээд үүнийгээ алдар нэрээ хоногшуулах маркетинг гэж их цэвэрхэн нэрлэж байсан санагдаж байна” гэж номын зохиогч “Улстөрийн хэнээ” хэсэгтээ тэмдэглэжээ.

“Мэргэжилтэн, наймаачин, компанийн захирал, тэрбумтан, дэд сайд, намын дарга, Ерөнхий сайд гэх бадрангуй замналтай түүнийг улстөрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Н.Энхбаяр. “Алтай трейдинг” ХХК-ийн захирал, “Чингис хаан” зочид буудлын эзэн С.Батболдыг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр анх Гадаад хэргийн дэд сайдаар томилж байлаа.

Намын шинэ залуу үеэ дэмжинэ гэдэг нэрийн дор дэд сайд гэх албан тушаалыг Н.Энхбаяр бараг түүнд л зориулж бий болгосон гэлцдэг. Үнэний үртэс бий. Сү.Батболдыг дэд сайд болсны дараа дэд сайдын албан тушаал  500 сая хүрлээ гэх цуурхал тарсан” гэж зохиогч тодотгожээ.

Сү.Батболд гэдэг хүний хөшигний цаадах үнэн бодит дүр төрхийг зохиогч алхам алхмаар тодруулж, баримтаас баримтад лавшруулан дэлгэж тавих замаар нүцгэн үнэнийг нээн үзүүлж байна. Үүнд үнэний үртэс бий гэж өөрийн санаагаа маш урнаар илэрхийлсэн байна.

“Тэр Монголын төрд гавъяа ч байгуулсан, гай ч тарьсан. Түүнийг улстөрийн өндөр албан тушаалыг мөнгөөр үнэлэх явдлын тод төлөөлөгч, сод тэргүүлэгч нь гэж үзэх хандлага бий. Өөрөөр хэлбэл, Сү.Батболдыг дэд сайдаас эхлээд Ерөнхий сайд хүртэлх төрийн өндөр сэнтийг мөнгөөр үнэ хүргэж худалдаж авсан гэх яриа тэр гэх биегүй, энэ гэх хаяггүй тэнэсээр явдаг билээ.

Баяр түүнийг залгамжлагчаараа зарлахдаа үлэмж их буюу хэдэн арван тэрбумыг авсан гэх дуулиан одоо ч амь бөхтэй оршсоор байна. С.Баяр намын даргын суудлаа Ерөнхий сайдын сэнтийтэйгээ хамт Сү.Батболдод өгөөд явсны дараахан хилийн чанадад мөнөөх С.Баярын эзэмшил бүхий долоон байшин, эдлэн газрууд илэрсэн. Үүнийг бас атаархагчдын хормойноос боссон цуу салхи гэж бодоод өнгөрч болно. Гэвч энэ салхи үнэний уулнаас эх авсан бол хожмоо улсын суурийг ч ганхуулах их хуй болж мэдэх билээ” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэр бүхий хоёр эрхэмтэй холбоотой ноцтой асуудал хөндөгдөж байна. Сү.Батболд бүхнийг мөнгөөр үнэлж худалдан авдаг хүн, тэр нь С.Баярын ашиг сонирхолтой нэгдэж нийлсэн гэжээ. Тийм яриа тэр гэх биегүй, энэ гэх хаяггүй тархсаар эдүгээг хүргэв. Амь бөхтэй оршсоор байна. Алс холын Америкт байр байшин, эдлэн газар болон харагдаж байна. Үүнийг атаархагчдын хормойноос боссон цуу салхи гэж бодоод өнгөрч болох боловч хэрэв тэр бүхэн нь үнэний уулнаас эх авсан бол хожмоо улсын суурийг ч ганхуулах их хуй салхи болон хувирч мэднэ хэмээн сэрэмжлүүлэн анхааруулжээ. Утга агуулгын логик холбоог урамтай гоёмсгоор урлаж шаглаж илэрхийлэн гаргана гэж чухам үүнийг л хэлэх болов уу.

Д.Дамдинжав Ерөнхий сайд асан Сү.Батболдыг “Монголын баялгийн хусмыг биш өрмийг хамдаг эрхэм” гэж “Эргэлзээтэй лидер” хэсэгтээ товчхон тодорхойлоод хэдийгээр тэр өөрийгөө “Би харьцангуй цэвэр хүн” гэдэг ч үлэмж их хөрөнгө нь түүнийг “булингартуулдаг” гэжээ. Үүнтэй монголчуудын ихэнх нь санал нэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Тэр бол цэвэр биш харин туйлын бохир хүн. Эргэх цаг үе үүнийг аяндаа батлан харуулна. Үйлийн үрээс хэн ч мултарч чадахгүй.

“Сү.Батболд жирийн нэгэн ганзагачнаас төрийн бизнесийн судсыг атгасан нэгэн болсон нь бие хүний хувьд бахархалтай түүх  мөн. Харин улс орны хувьд “бахархал” төрүүлэх жишиг мөн эсэхэд эргэлзэнэ” гэж зохиогч өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ. Эх орон, газар шороогоо харийнханд найр тавин зарж борлуулагчид, албан тушаал, цол хэргэмийг алт мөнгөөр үнэлж наймаалагчдыг монголын ард түмэн дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалддаг ноёд, уут уут мөнгөөр улсаа наймаалдаг эзэд гэж дуу шүлгэндээ цоллодогсон биш билүү.

Сү.Батболд бол барууны хүйтэн цуст капиталистуудын загварыг Монголдоо туршиж, хамгийн сайн хэрэгжүүлсэн этгээд гэдэгт эргэлзэх юмгүй хэмээн зохиогч өгүүлээд Бороо гоулд компанийн үүх түүхээс өнгөцхөн боловч ончийг нь олон сөхөж “гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор эхний таван жилд татвараас 100 хувь, дараачийн таван жилд 50 хувь чөлөөлөх хууль батлагдсан юм. Ийнхүү тэр хуулиа захиалчхаад наймаагаа хийдэг том гарын наймаачин, барууны зэрлэг капитализм гэгчийг Монголд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгч болж хувирлаа. Уг хуулийг хэн захиалсан бэ гэж тэр үеийн парламентын хэнээс нь ч хамаагүй асуугаарай. Бүх хариулт эргэлзээгүй нэг л хүнийг заах болно” хэмээжээ.

Юу үнэн бэ гэвэл энэ үнэн. “Ёстой л хуулийн дагуу, бүхний нүдэн дээр Монголыг тонож байсан гэж хэлж болно. “Бороо гоулд” дэндүү их ашиг олсон нь ойлгомжтой. “Бороо гоулд” компани нь  1998 оноос хойш тасралтгүй татварын болон олон хөнгөлөлт эдэлж иржээ. Хэрэв Канадын “Бороо гоулд” компани эдгээр хөнгөлөлтийг эдлэлгүй татвараа бүрэн төлж байсан бол улсын төсөвт жил бүр  160 тэрбум төгрөг, Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлсөн бол жилд 10 тэрбум төгрөг төсөвт орж ирэх ёстой байлаа.  40 гаруй тонн алтны нөөцтэй гэх “Бороо гоулд”-ын орд эцэстээ нэгмөсөн хоосорч, Канадууд алтыг нь аваад авдрыг нь хаяад гарч явсан. Харин Сү.Батболд “Бороо гоулд”-ын хувьцаагаа Канадын “Сентера гоулд” –д 8 сая ам.доллараар зарчихсан, улсад тэрбум төгрөгийн татвар төлсөн гэдгээр нэр цэвэр үлдэж хоцорчээ” хэмээн “Гол тоглогч” номын зохиогч “Хүйтэн цуст” капиталист гэсэн хэсэгтээ Сү.Батболдын заль мэхийг сэртхийм тоо баримтаар сэжиглэн илчилж бичжээ. Энэ бол Сү.Батболд гэдэг хүйтэн цуст капиталистын түмэн булхай луйврын зөвхөн ил болсон ганцхан жишээ юм.

“Тэр улстөрд орж ирснээр тэлээгүй баяжсан гэдэг бол баримт. Түүний баталгаа нь Тавантолгойн орд буюу олны хэлдэгчлэн “Нүүрсний нам” гэгчийн албан ёсны төлөөлөгч, магад үүсгэн байгуулагч нь болсон явдал. Сү.Батболд Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нартай хамт өнөөгийн “Энержи ресурс”-ыг байгуулж байсныг өнөөдөр олон нийт сайн мэдэхгүй. Гэвч маргах аргагүй, мартах учиргүй үнэн бол энэ. Тавантолгойн ордын гол нөөцийг эзэмшиж байгаа энэ консерциум улмаар улстөрчдийг зохион байгуулалттайгаар эгнээндээ элсүүлсэн байдаг нь ч санамсаргүй хэрэг биш юм. Нэрлэвэл, Сү.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, П.Очирбат, М.Энхсайхан, Г.Батхүү нарыг нэг халаасанд нэгтгэж,  2010 онд “Монголын майнинг корпорэйшн” нэрээр Хонгконгийн бирж дээр хувьцаа гаргаж  700 сая ам.доллар босгосон түүхтэй. Ингэж л Монголд “Нүүрсчдийн нам” гэгч нэртэй бүлэглэл бий болсон юм даа” гэж зохиогч “Нүүрсчдийн нам” хэсэгтээ сануулаад “Монголчууд тэднийг  13 гэр бүл гэж онцлон нэрлэх нь ч бий. Тэд чухам яг хэн юм бэ гэх асуулт олны анхаарлыг ихээр татдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, С.Баяр, М.Энхсайхан, сайд асан С.Баярцогт, Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, Ц.Мөнх-Оргил, бизнесмен Ж.Оджаргал, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл нарыг ерөнхийлөн эдгээрт хамааруулсаар ирсэн. Яг тэд мөн гэдгийг баараггүй тогтоочихсон баримт бас л байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “МСS”-ийн дэд захирал байхдаа “Энержи ресурс” компанийн хувьцааг  100 хувь монгол хүмүүс эзэмшдэг” гэж хэлж байсан” гэжээ. Одоо эдгээр нэрийг хэлэх зоригтон ховордсон. Монголын 30 гэр бүл гэх ерөнхий нэрс л үлдэж  хоцорчээ гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Дамдинсүрэнгийн Дамдинжав сэтгүүлч ингэж хэлж чадаж байгаа нь өөрөө том зориг, том баримт юм.

“Сү.Батболдыг тэдэн дунд багтаан нэрлэдгийн хувьд бол маргаангүй мэдээлэл юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяр Сү.Батболдоос “Та Ухаа худаг”-ийн хувьцаанаас хэдэн хувь эзэмшдэг вэ?” гэж асуухад Ерөнхий сайд “Үүнийг би танд хариулах албагүй, мм-мм... гэхдээ багцаагаар 15 хувь” гэж хариулсан нь УИХ-ын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлджээ.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэлэхдээ “Сайд асан Сү.Батболд одоо болно оо. Шунал ихэдвэл шулам болно оо. “Чингис хаан” зочид буудлыг авсан. Бороо гоулдаас 45 тонн алт гаргасан. “Ухаа худаг”-ийн уурхайн ордыг бараг зүгээр авчихсаан. Одоо цадах хэрэгтэй” гэж бухимджээ хэмээн зохиогч өөрийн дээрх санааг баримтжуулан баталгаажуулжээ /”Нүүрсчдийн нам”/.

Зохиогч барьцаа цааш нь улам лавшруулж “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монгол тулгатны  100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тун ноцтой баримт дэлгэсэн. Тэрээр Сү.Батболд надтай уулзаад “Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байгаа, энэ ордыг эргэлтэд оруулмаар байна. Энэ ордыг явуулахад улстөрийн хамгаалалт хэрэгтэй гэж үзэж байна. Т.Бадамжунай орж байгаа. Ерөнхий сайд С.Баяр бас байгаа. АН-аас Ц.Элбэгдорж орж байгаа. Та үүнд орохгүй юм уу хэмээн санал тавьсан” гэж ярьжээ. Энэ нэвтрүүлэг олон нийтэд цацагдсанаас хойш Сү.Батболд энэ яриаг нэг ч удаа үгүйсгээгүй байгаа юм” гэсэн байна. “Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” гэсэн мэргэн үг бий. Хөдөлшгүй үнэнийг өгүүлсэн амьд гэрч нь байгаа юм болохоор Сү.Батболд яахан үгүйсгэж чадах. Сэтгүүлч Д.Дамдинжав  гогцоогоо зөв олж эрчийг нь чангаруулан атгаж чадсан байна.

Зохиогч Сү.Батболдыг Тавантолгойн “гол толгой” нь мөн гэж тодорхойлоод “Тавантолгойн анхны эзэн нь тэр. Сү.Батболд улсын хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон Тавантолгойн ордыг хэрхэн хувьдаа авсан нь мөн л хачирхалтай нууц баримт юм. Сү.Батболд Тавантолгойг хувьдаа авлаа, төрд буцааж өглөө. Уншигч авхай анзаарч байна уу? “Чингис хаан” зочид буудлын сценаритай яг адилхан байгаа биз. Тэр төрийн өмчийг энэ мэтээр хийцлэхдээ гаршсаны нотолгоо бол энэ давхцал юм... Сү.Батболд Өмнөговь аймаг дахь Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг мэдээлэлд ойр байгаа давуу эрхээ ашиглан бусдаас өмнө өрсөн эзэмшиж чаджээ” гэжээ. /Тавантолгойн “Гол толгой”/. Туйлын ноцтой баримт!

Цааш нь тэрбээр “Сү.Батболд өөрийгөө эх оронч баатар гэж хэлүүлэхийг хүсдэг байх. Гэвч үнэхээр эх орноо бодож хадгалж байсан уу, ирээдүйд үнэ хүрэхийг нь анаж байсан уу гээд жинлэвэл үнэн арай өөр талд гарч мэднэ” гэжээ. Уншигч авхай та ямар бодолтой байна? Би бол  сэтгүүлч Д.Дамдинжавтай адил бодолтой байна.

“Энд эргэлзээтэй олон баримт бий. Юун түрүүнд Тавантолгойг төрд өгөөд, өөрсөддөө авч үлдсэн гэх  14 хувь нь тус ордын нийт талбайн 4 хувийг хамрах хэдий ч нөөцийнх нь 30 хувийг эзлэх гол хэсэг нь байсан гэдэг.  Ухаа худаг бол Тавантолгойн нүүрсний сав газрын хамгийн их нөөцтэй, ашиглахад хамгийн хялбар хэсэг нь бөгөөд батлагдсан нөөц нь 460 сая тонн. Хамгийн гол нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд маш өндөр. Учир нь бусад хэсгээ бодвол коксжих нүүрснийх нь  чанар илүү, хөрс хуулалт бага. Маш бага зардлаар их олборлолт хийх цөм хэсэг нь гэж нэрлэгддэг. “Энержи ресурс” компани энэ ордын лицензийн төлбөрт ердөө  851,8 сая төгрөг төлжээ. Батлагдсан нөөцийг нь нүүрсний хамгийн доод үнээр /70 х460 сая/ тооцоход л  32 тэрбум  200 сая долларын өртөгтэй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн бүрт 11 сая гаруй доллар ногдох ёстой байж. Харин  2,7 сая хүний хүртэх  ёстой  32 тэрбум долларын нөөцийг 20 хүрэхгүй тооны хүн хуваан хүртэх эрхтэй гэж үү” гэж зохиогч асуужээ.

Энэхүү памфлетыг Д.Дамдинжав бичиж байх цаг үед Монголын хүн ам 2.7 сая байж. Сү.Батболдын өөрийн болгосон Ухаа худаг 460 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй. Нэг тонныг нь хамгийн доод үнэ буюу 70 ам.доллараар тооцож үзэхэд Монголын нэг иргэнд  11 сая гаруй ам.доллар оногдох тийм толгой эргэм хэмжээний их хөрөнгийг Сү-гээр толгойлуулсан хэдхэн тооны луйварчид хуваан дээрэмдэх эрхтэй гэж үү? Монгол Улсын Үндсэн хуульд газрын дорх баялаг Монголын ард түмний өмч гэж цагаан дээр хараар бичсэн байдаг биш бил үү? Эндээс  Сү.Батболд чухам хэн болох нь толинд тусах адил тодхон харагдаж байна.

Зохиогчийн “Хүйтэн цуст” капиталист памфлетын нэг онцгой давуу тал нь хөдөлшгүй тоо баримт, булташгүй нэр ус бүхий эрхмүүдийн нотолгоо баталгаанд нь байгаа санагдана. Дээрх тоо баримтыг дэлгэн тавихдаа “УИХ-ын гишүүн Н.Батбаяр түүнээс “Та Тавантолгойг МСS-д зарсан уу, эсвэл бэлэглэсэн үү?” хэмээн асуулт тавихад “Би Тавантолгойн лицензийг  10 гаруй жил хадгалж байгаад үндэсний компанидаа өгсөн. Хэн нэгэн гадаадын хүнд худалдаагүй” гэж хариулсан байдаг. Ингэхдээ энэ асуултад Сү.Батболд нэлээн барьц алдсаныг санаж байна. Алсуураа илт бухимдаж, уурссан байдлаа нуух гээд чадаагүй билээ” хэмээн Д.Дамдинжав онцолжээ.

Эндээс УИХ-ын гишүүн асан, бас чиг бизнесийн ухааныг муугүй мэддэг, олигархиудын муу муухайг мадаггүй гадарладаг Н.Батбаяр Сү.Батболдын эмзэг цэгийг олж хатгасан, түүнд нь цочирдож уурссан “хүйтэн цуст” капиталист хэрхэн барьц алдсаныг телевизээр харж суусан зохиогчийн дүр төрх харагдах шиг болж байна. Залгуулаад зохиогч С1-ийн “Цензургүй яриа”-гаар орсон “масктай хүн”-ий хэлснээс Тавантолгойтой хамааралтай дөрвөн  баримтыг холбогдох хүмүүсийн нэр устай нь ишлэжээ.

Д.Дамдинжав сэтгүүлч Сү.Батболдыг Монгол дахь оффшорчдын “эцэг” гэж цоллоод “Оффшорын эцэг” гэсэн дэд хэсгийг бичсэн байна. Капитализмыг Монголд нэвтрүүлж, хэв шинжийг нь тээгчдийн анхдагч болсон Сү.Батболд Монголоос хамгийн түрүүнд гадаадад буюу дэлхийн хэр баргийн баян худалдаж авч хүчрэхгүй өндөр үнэтэй Лондонгийн төв гудамжинд ганган тансаг орд харштай болсныг, мөн тэрбээр монголчууд сургийг нь ч сонсоогүй байхад харьд оффшор данс нээж мөнгөө арвижуулсныг онцлоод “Тэнд татварын дарамтаас зугтсан бизнесменүүд компаниа байгуулан бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд  нуугдан бизнес хийж мөнгөө эргэлдүүлдэг. Эсвэл алан хядагчид, хар тамхи, зэвсгийн наймаачид мөнгөө угаадаг, нуудаг. Товчхондоо ийм” гэж тодотгоод дэлхийн бүх улс оронд улстөрчдийг, тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс эзэмшихийг жигшин зэвүүцдэг гэсэн байна. Гэтэл Монголд Сү.Батболдыг жигшин зэвүүцэх бус харин УИХ-д ахин дахин сонгож өргөн мандуулдаг нь гайхалтай. Сү.Батболд энд тэнд оффшор данс нээн компани байгуулан үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй их хэмжээний мөнгөө эргэлдүүлсэн нь хэнд ч нууц биш юм.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум Панамын баримтуудыг дэлгэхэд Монголоос  49 хүний нэр дэлгэгдсэн. Түүн дотор Сү.Батболдын ах Сү.Бат-Очирын нэр байсан. Улмаар Панамын арлуудад бүртгэлтэй оффшор данстай зарим компанийг зарлахад Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр бас гарч ирсэн. Английн “Тhe Guardian” сонинд “Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд” гэснийг зохиогч номондоо иш татсан байна.

“Хүний хүн” гэсэн гарчигтай сонирхолтой хэсэг эл памфлет дотор байна. Сү.Батболдыг зохиогч “манай хүн” биш, “хүний хүн” гэж тодорхойлжээ. Үндэслэлийг нь үзье. “Түүний хийж ирсэн болоод хийхээр зэхэж буй бизнесүүдэд үндэсний гэх тодотгол төдийлөн зохидоггүй. Бороогийн ордыг канадуудтай, “Скател”-ийг солонгосчуудтай, Тавантолгойн ордыг хятадуудтай хамтран эзэмшдэг. Муухайгаар хэлбэл, гадаадынхантай хамсаж монголчуудаа “хомбох” бизнес эрхэлдэг. “Хомбоно” гэдэг нь монжих буюу илүүхэн ашиг хүртэх гэсэн утгатай. Сү-гийн олсон хоёр долларын нэг нь гадагшаа урсаж байдаг” гэжээ. Хэтрүүлсэн дүгнэлт гэж бодохгүй байна. Харин нүдийг нь оноод хэлчихжээ. Иймэрхүү хүмүүсийн уяаг нь уртасгаж, угаадсыг нь ахиухан бэлтгэж өгөөд толгойг нь илээд байвал улс монголынхоо тусгаар тогтнолыг ч дамлахаас буцахгүй. Газар шороогоо худалдах бол бүр энүүхэнд.

Памфлетынхаа төгсгөлд Д.Дамдинжав могойг гурав таславч гүрвэлийн дайтай гэдэгчлэн Сү.Батболд өнөөдөр Монголын улстөр, бизнесийн салбарт гол тоглогч хэвээрээ байна. Түүний хүч бололцоо гэрэлд биш, сүүдэрт илүү тодордог, тэр хүслээ ил зарладаг тэнэг биш. Яг одоо бол түүний цаг. Учир нь цагийн зүүний цохилт бүр түүний эрх ашгийн төлөө эргэлдэж байна. Ул суурьтай капиталистууд өөрийн цагийг төрийн цагтай тааруулж чаддаг гэсэн философи дүгнэлт хийжээ.

Тийм байж бүрэн болно. Тэр цаг хугацаа хэр удаан үргэлжлэх бол, төгсгөл нь хэзээ яаж ирэх бол гэдэгт л хамаг учир оршино. Бурханы сургаалд бүх зүйл хоосон чанартай, үйлийн үр эргэж ирдэг гэдэг билээ.

Д.Дамдинжавын бичсэн памфлетуудаас “Женко”, “Хүйтэн цуст” капиталист” хэмээх хоёр ширхэг улстөрийн шогийг зориуд сугалан авч нарийвчилсан дэлгэрэнгүй шинжилгээ хийлээ. Харьцуулан жишиж зэрэгцүүлж үзэж гүнзгийрүүлэн бясалгах эрхийг уншигч танд үлдээе. Хэн нь хэн бэ гэдэг нь илүү бодитойгоор тодорч харагдах буй заа. Зохиогч Монголын төр засгийг толгойлж явсан Цахиагийн Элбэгдорж, Намбарын Энхбаяр, Зандаахүүгийн Энхболд, одоо оройд нь дэрвэж яваа Ухнаагийн Хүрэлсүх, бас Цэндийн Нямдорж, Жадамбын Энхбаяр, Гомбожавын Занданшатар нарын тухай тус тус номондоо бичжээ. Өнгөрсөн үеийн төлөөлөл болгож Хорлоогийн Чойбалсангийн тухай “Монголоо мандуулсан маршал” гэсэн аятайхан хөргийг ч шигтгэж өгөхөө мартсангүй. Өчигдрийн Монгол ба өнөөгийн Монголын удирдагчдын үйл ажиллагааг харьцуулан жиших сайхан боломж олгосон байна. Өдөр, шөнө шиг зааг ялгаатай нь аяндаа мэдрэгдэнэ. Өөр ч хэд хэдэн хөрөг, памфлет номонд орсон байна.

Сэтгүүлч Д.Дамдинжав эдгээр улстөрийн шогуудаа урьд нь аль сонин хэвлэлд нийтлүүлж байсныг би мэдэхгүй юм. Нэгийг нь ч олж уншаагүй байх аж. Лав л төвийн өдөр тутмын сонинуудад гаргаагүй, голлох сониныг өдөр алгасалгүй гарчигладаг учраас ингэж хэлж байна. Нэг дор, нэг номноос шууд залгуулж уншихад надад маш хүнд байсныг нуух юун. Гол тоглогчид нь Монголоор голлож тоглогчид юм байна гэсэн хар сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна лээ.  Уншиж үзсэн хэнд ч “таарсан таар шуудайнууд юм даа” гэсэн бодол лавтайяа төрөх биз. Харин М.Энхболд, Т.Бадамжунай, Сахал Эрдэнэбилэг, С.Баяр, П.Очирбат, Н.Багабанди, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын тухай энд тусгайлсан бичлэг алга. Байсан бол сэтгэгдэл бүр ч хүндэрч гуниг харуусал улам нэмэгдэж цээж бөглөрөх байсан нь гарцаагүй. Бичээгүй нь ч болж яршиг. Амьсгаа авч байгаад сүүлд унших нь дээр биз.

“Гол тоглогч”-дын дүр төрх, мөн чанарыг, ялангуяа тэдний хөшигний ар дахь үнэн нүүр царайг зохиогч ончтой үг хэллэгээр оновчтойгоор ёгтлон илэрхийлж, илчлэн дэлгэж чадсан нь номын гол ололт гэж хэлье. Хошин мэдрэмж төрүүлэхүйц уран хошигнол, өнгө будаг нь зохицсон хөөрхөн зураглалууд нь памфлетыг гойд тодоор чимж, гол утга агуулгыг баяжуулж өгч байна. Жишээ нь “...Ц.Элбэгдорж намхан. Гэвч улстөрийн тэнгэр түүнд хэзээ ч өндөрдөж байгаагүй юм. Улстөрийн тайз хатуу. Ямар ч хүн тэр тайзан дээр  26 жилийн турш үзэгчдийг уйдаахгүйгээр “жүжиг” тоглоно гэдэг хэцүү” /”Сүүлчийн гавъяат жүжигчин”/

“...Шазуураа зуучихаараа тавьдаггүй “шавилхан биетэй бацаан”-ыг алх барьчихаараа ийм том дарангуйлагч болно гэж хэн санах билээ. Бөхөөр бол тэр зодог тайлах болоогүй байсан юм. Тэр ч бүү хэл, тахимаа ч өгөх хүсэлгүй байна... /”Зэлтэрийн гацааны Зи бацаан”/

“...Хотонд хоёр янзын хоточ бий. Нэг нь хотоо манадаг бол нөгөө нь хэвтрээ манадаг. Нэг нь чоно зуудаг бол нөгөө нь хүн зуудаг. Зуумтгай чанар бол түүний оршин байхын үндэс. Тиймээс л төрийнхөө хатуу чанга оосроор гинжлэн уяж,  25 жил хотоо мануулсан ганц зуудаг хоточ минь...”  /Цэндийн Нямдоржийн тухай бичсэн “Хүн зуудаг хоточ”/ гэх зэргээр тус тусын дүрийн өвөрмөц онцлогийг гаргаж нээн үзүүлэхийг чармайсан байна. Мэдээж энд алдаа, оноо аль аль нь байна. Дан ганц хараар будаж муулж муучлахыг, тэрчлэн дандаа энхийн цагаан тагтаа байсан гэж магтан дөвийлгөхийн аль алийг гол зорилгоо болгоогүй байж таарна. Тухайн хүнд нэвт шингээстэй байгаа сайн ба муу, эерэг болоод сөрөг талыг, өөрөөр хэлбэл гэрэл, сүүдрийг тэнцүүхэн авч үзэхийг эрмэлзсэн нь тод мэдрэгдэж байна. Баримт түшиж үүнийг батлахыг оролдъё.

Хар, цагааны харьцаа

“Гол тоглогч” номд “Зэлтэрийн гацааны Зи “пацаан”, “Хүн ба нохой” хэмээх хоёр памфлет оржээ. Эхнийх нь  13,5 хуудас, удаах нь  12 хуудас аж. Тус бүрийг 7 ба 6 дэд гарчигт багтаан зохиомжилж бичжээ. Эдгээрийг харьцуулан жишиж үзүүлье.

“Зэлтэрийн гацааны 3и “пацаан” памфлетад:

Ончтой мэргэн үгсээр ололт амжилтыг тодорхойлон  томъёолсон нь Элэглэн шоолж эвтэйхнээр ёжлон шүүмжилж чичлэн чимхэлсэн нь
1 Гэвч “түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр” гэж үг бий. З.Энхболд чих зөөлөн дуулгавартай нэгэн байсангүй. Харин эвэр шиг түрэмгий, бас их хурдан ургасан юм. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг ардчилал, өөрчлөн байгуулалт яриад жагсаал цуглаан хийж явахад З.Энхболд монтер хийгээд явж байлаа.
2 1996 онд гучхан настай, шавилхаан биетэй Төрийн өмчийн хорооны дарга болж очиход нь хүмүүс “энэ яасан эвгүй нөхөр вэ” гэж хүлээж авсан. Нүдэнд нь ёозгүй харагдсан зүйлийн өмнө хөндөлдөөд, мөргөлдөх гэсэн мэт анаад зогсчихдог бяруу шиг духаараа харсан, хүний доторхийг ухаад гаргаад ирэх гэж байгаа юм шиг нэвт сүлбэсэн харцтай, тэгсэн хэрнээ тохуутай инээсэн төрхтэй, ёж хэрнээ хорон үгтэй зэвүүн “бацаан” байсан Гэвч энэ “бацаан” хожмоо ёстой л эвэр шиг ургаад, хавьтсан хавиралдсан бүхнээ хатгаж сүлбээд, улстөрчдийн хувьд жинхэнэ аранга болж хувирсан юм. Эвэр жижигддэггүй гэж үнэн юм билээ.
  3 Тэр дарга болохоосоо өмнө “Интер” гэдэг хувийн компанитай, нийслэлийн Баянзүрх дүүрэгт оросуудаас хоёр байшин худалдаад авчихсан, “Мэргэжилтний 20 дугаар дэлгүүр”-ийн хувьчлалд оролцоод үзчихсэн, нэг ёсондоо “басаад байхааргүй” этгээд байжээ. Түүнийг “хатуу самар” гэж нэрлэх болсон юм. Үүнийгээ ч харуулж эхэлсэн... З.Энхболдын “зэвүүн түүх” ингэж л эхэлсэн юм.
  4 Ш.Отгонбилэг агсантай үзэлцсэн З.Энхболдын түүх бол үнэндээ түүнийг улстөрийн дээд зиндааны дэвжээ рүү шидэж орхисон билээ. Ардчилсан холбооныхон бүгд л “дээд зиндаа”-нд гэнэт гарч ирсэн тул салбар бүрт л нэг хэсэг нь бяралхаж, нөгөө хэсэг нь балчирдаж байсан үе л дээ. Харин З.Энхболдын хувьд бяралхагчдын тоонд багтаж чадсан юм. Энэ залуугийн хэрсүү, тэрсүү, гөжүүд зан Монголын улстөрийн зургийг өөрчилсөн ч байж магадгүй. Ш.Отгонбилэг агсныг ажлаас чөлөөлж, оронд нь Д.Дорлигжавыг томилсон явдал бол үнэндээ “Бяруу болоогүй байж бухын явдлаар явах” шинэ үеийнхний урам зоригийг бадраасан юм. Тухайн үедээ бол “нусаа ч татаж сураагүй жаалууд” эцгийгээ хоймроос угз татан унагаж байгаатай адил үйл явц шүү дээ. Ингээд тамга тэмдгээ өгөхгүй болохоор нь УИХ-ын гишүүн асан Д.Одхүү тэргүүтэй хүмүүс хаалгыг нь цүүцээр эвдэж орж байлаа.  Үүнээс хойш юм л бол хаалга эвдэж, тамга булаах үзэгдэл “моод” болж билээ. Энэ бол Монголын улстөрийн хаалгыг шинэ үеийнхэн “дэлбэ татаж“,эмх замбараагүйгээр дайрч орж ирэхийн эхлэл болсон гол цэг, гол акт нь байсан юм.
      5 З.Энхболд ... Р.Гончигдоржийн туслах хийж байсан. Улстөрийн тавцан дээр З.Энхболд өөрөө гол тоглогч болж тодрох хүртэл үргэлжилсэн жүжгийн үзэгдэлд туслах, хорших үүргийг тун амжилттай гүйцэтгэж иржээ. Энэ хугацаандаа ялж, ялагдаж явлаа... Р.Гончигдоржийг ялуулах гол орц, тунг мань З.Энхболд найруулсан гэдэг. ...2004 оны сонгуульд Өвөрхангай аймагт ТӨХ-ны дарга байсан Д.Сугартай нэг тойрогт өрсөлдөөд сонгуулийн дүн будилжээ. ...З.Энхболд эрх баригчидтай бүтэн жил зургаан сарын турш заргалдаж шүүхцэлдсэн юм даа. Тэр үеийн нөхцөл байдалд З.Энхболдоос өөр хүн байсан бол тахимаа өгөөд, буугаад өгчих байв. Намынхан нь хүртэл эрх баригчидтай тохиролцоонд орчих гээд тун төвөгтэй байсан гэдэг. Бусдаасаа сүүлдэж чуулганы танхимд орж ирсэн болохоор хэнз хурга гэх хоч зүүсэн. Энд зориуд онцлоход, түүнийг улстөрд тийм ч таатай нэр хоч дагалддаггүй. Гацаагч, зика вирус, хорчин, алх, Гончигоогийн хэнз хурга, өргөмөл хүү, Жамух...
        6 Тэр намдаа, нөхөддөө гай ч болсон, гавъяа ч байгуулжээ. 2012 онд засгийн эрхийг авмагцаа шатрын хүү бэрс болохоороо яаж “идэж уудаг”-ийг яруу тодоор харуулсан. Энд мөнгө төгрөг идэж уух тухай биш, эрх мэдлээр бусдыгаа идэж ууж, зажлахгүй залгиж, хүч түрэн эзэрхийлэхийг хэлж байгаа юм. УИХ-ын дарга болмогцоо хүчтэй сөрөг хүчин МАН-ыг зургаан сар бүлэггүй явуулж, Ц.Элбэгдоржийг дахин сонгуулах хуулийг батлуулж тусалсан. Н.Алтанхуягийг огцруулсны дараа байгуулагдсан  Ч.Сайханбилэ-гийн Засгийн газрыг ёстой л гарынхаа зангаа, нүднийхээ үзүүрээр хөдөлгөж байлаа шүү дээ. Ерөнхий  сайдынхаа тухай телевизээр ярихдаа хэнэг ч үгүй “Үгэнд ордог, дуулгавартай сайн залуу байгаа юм” гэж зангаргаа зарлаж байж билээ. Тухайн үеийн эвслийн удирдагч М.Энхсайханыг намын даргаас унагаж, өөрсдөө УИХ-д бүлэггүй болж, айлын хашаанд гэр дугуйлах ажилд З.Энхболд оролцож л явсан. Засгийн газруудын “Ясыг барьсан” тоогоороо Н.Энхбаярын дараа орж мэдэх нөхөр дөө. “Стандарт бус” гэгдсэн Засгийн газраас АН-ыг гаргасан этгээд бол З.Энхболдоос өөр хэн ч биш. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан хорыг бас мань хүн гүйлгэсэн. Ямар сайндаа л түүнийг Засгийн газрын хамгийн том аранга хэмээн цоллож, нийтлэлч Б.Баабар түүнийг “Жамух” хэмээн нэрлэж байх вэ дээ.
            7 Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хардлага батлагдаагүй байна. Энэ бүхэн цөм батлагдаагүй тул барим тавим үнэн гэж итгэж болохгүй. Батлагдсан үнэн нэг л бий. Тэр нь З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргаар хоёронтоо томилогдож, хувийн өмчит нийгмийг бий болгоход түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Хувьчлал зөв, буруу байсан гэдэг маргаан одоо үеэ өнгөрөөсөн. Харин зөв хувьчилсан уу, буруу хувьчилсан уу гэдэг яриа мөнхийн сэдэв байх бололтой. ТӨХ-ны дарга байхдаа хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг танил тал, найз нөхөд, нутаг усныхандаа хувьчилсан гэдэг муу нэр түүнээс салдаггүй. Салах ч үгүй байх. Учир нь түүнийг дарга байх үед л Монголын томоохон үйлдвэр заводууд хувьчлагдсан. Хувьчлалыг тойроод “Хямд худалдсан, луйвар орсон, арын хаалга хэрэглэсэн, авилга хээл хахууль авсан” гэх хардлага эцэс төгсгөлгүй хөвөрдөг нь жам. Нэр холбогддог хардлагуудыг жагсаавал хэдэн боть ч болж мэднэ. “Р.Гончигдоржийн ах Санжсүрэнд Дарханы мах комбинатыг хямдхан хувьчилсан нэрээр бэлэглэв. Р.Гончигдоржийн эхнэрт “Говь” комбинатын ээрэх шугамыг үнэ бууруулан 57 саяар өгч энэхүү мөнгөө Монголын төрөөр төлүүлжээ. УИХ-аас гаргасан хувьчилж болохгүй эд хөрөнгийн жагсаалтад багтсан “Мах импекс” компанийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хууль бусаар хуйвалдаж авсан... З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Геологийн төв лабораторийн өндөр байрыг хувьчилж авсан бөгөөд өдгөө уг барилгынхаа өрөөнүүдийг түрээслээд чамгүй ашиг олдог”  
    8 Монголын төр өмчтэй, үйлдвэртэй, хөрөнгөтэй байсаан, үнэн. Мах, тариа, талх, гурил, гутал хувцас, архи, ундаа, тэр ч битгий хэл бензиний үйлдвэртэй байсан. Тэр бүхнийг чухамхүү эд бад хийж, задлан ангилж, хуваарилан хувьчилсан хүн нь манай Зи байсан гэдэг нь маргашгүй
      9 З.Энхболдын улстөрд хэрэглэдэг сонгомол арга бол Зэлтэрийн гацаа юм. Өөрт нь таалагдахгүй л бол шууд гацаана гэсэн үг л дээ. Хүчээр зогсоох, хориглох гэсэн утгатай. УИХ-ын чуулган дээр гишүүн Ё.Отгонбаяр үг хэлж байхад “Чиний яриа надад таалагдахгүй байна” гэж хэлээд шууд микрофоныг нь хаадаг бол З.Энхболдоос л гарах зэрлэг үйлдэл. Тэр “Би л нэг гацааж байна, хориглож байна” гэж зарлаж, сүржигнэж, үсээ сэгсчин, шүлсээ үсчүүлэхгүй. Зүгээр л зэвүүн ёж инээгээд л гацаачихна. Гэхдээ гацаадаг учраас тэр муу хүн гэж ойлгож болохгүй. Энд түүний улстөрийн арга барилыг л ярьж байгаа болохоос биш, гацаасан агуулгыг огт хөндөөгүй шүү. Тавантолгойн гэрээ одоо хүртэл хийгдээгүй байгаагийн буруутан, эсвэл гавъяатан нь З.Энхболд. Түүний гацаасан хамгийн том төсөл бол Тавантолгой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулах шаардлагагүй” гэж мэдэгдсэн. Харин З.Энхболд УИХ-аар оруулна гэдгээ илэрхийлж, зүтгэсээр байгаад санасандаа хүрсэн. Ц.Элбэгдоржийн санаагаар бол Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулахгүйгээр батлаад явчих хүсэл байсан бол З.Энхболд үүнийг УИХ-аар оруулж гацаах  сонирхол байсан юм. З.Энхболд чуулганы индэр дээрээс “Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурах гэж оролдсон сайд нарыг огцруулна” гэж мэдэгдсэнээр бараг хөдөлж байсан” галт тэрэг”-ийг зогсоосон юм. Учир нь тэр үед Ч.Сайханбилэг түүний халаасанд байлаа. Хэрвээ Ч.Сайханбилэг түүнээс зөрөх л юм бол огцруулах эрх нь УИХ-ын дарга байсан З.Энхболдын гарт байсан билээ.
      10 Энэ үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан М.Энхсайхан “Тавантолгойн хэлэлцээр сунжрах тусам, бас УИХ руу орвол унах магадлал нь нэмэгдэнэ” гэж удаа дараа эсэргүүцсэн боловч З.Энхболдын Зэлтэрийн гацаанаас гарч чадаагүй. З.Энхболд бүр “Үгэнд орохгүй сайдыг огцруулж болно. М.Энхсайханаар гурван сая хүний амьдралыг тоглуулахгүй” гэж хэлээд нам суулгаж байв. Үүнээсээ болж гацаагч хочийг зүүсэн, түүнээс хойш хочоо цол болтол хөгжүүлсэн хүн дээ. Нийтлэлч, сэтгүүлч Б.Ганчимэг “З.Энхболд хүнд хэцүү үед олон олон эрх ашиг тээсэн бүлэглэлүүдийг сөрж удирдагчийн шинэ хэв шинжит дүрийг ийнхүү бүтээж байна. Урьд нь дутагдал нь болж байсан чанаруудаа ч энэ лидер манлайлал болгон хувиргаж байна... Тэр ямагт юу хийж байгаагаа маш сайн мэддэг байлаа. Няцашгүй явж ирсэн түүний чанарууд нь өнөөдөр түүнийг шинэ өндөрлөгт авчирлаа” гэж дүгнэж байлаа. Энэ бүхнийг тэр нэгэн он цагт “гацааж” орхисноороо З.Энхболд тун ч том гавъяа байгуулсан байж мэднэ. Гэвч түүний эрх мэдэл зарим талаараа хэнээрхэл, эсвэл диктатур болж харагдаж эхэлсэн юм.  2012-2016 онд З.Энхболд УИХ-ын дарга, АН-ын дарга байсан учраас УИХ-ыг ч, Засгийн газрыг ч атгандаа байлгаж байв. Тэр намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа Засгийн газрын бүх сайдыг өмнөө зогсоож байгаад байцааж, загнаж эхлэв. Энэ нь З.Энхболдын АХА гэж хэлэгдэх хэмжээний зэвүүцэл, дургүйцлийг нийгэмд бий болгов. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Нэг хүний өрөөнд зээлийн хүү тогтоож, нэг хүний өрөөнд сонгуулийн мандатыг тогтоодог болж байна. Эд нар 25 жилийн өмнө ардчиллын үнэт чанар ярьж, жагсаал цуглаан хийж байхдаа ийм юмны төлөө явсан юм уу. М.Энхсайханыг засгаас хөө гэж З.Энхболд үүрэгдэж байна. М.Энхсайханыг Засгийн газар толгойлж байхад З.Энхболд цүнх барьчихсан жижигхэн хүн гүйж явсан юм. Эд нар ингэтлээ галзуурах цаг болоогүй. Би З.Энхболд шиг хэлбийж, алийгаа алдаж байгаагүй” гэж бухимдаж байв. Харин мань Зи өөрөө “сөрөг хүчний шүүмжлэлээс авах юм байдаггүй” хэмээн даналзаж байлаа.
    11 З.Энхболд хүний, өөрийн гэж ялгахгүй аашилж чаддаг байсан нь бас ч гэж “Төрийн хүн”-ий зангараг байж. УИХ дээр “Н.Батбаяр аа, чи согтуу байна. Харьж унт” гээд микрофоныг нь тас хийтэл хааж, намынхнаа нам болгоно. “Алх барьсан хүнд хүн бүр хадаас шиг харагддаг” гэж үг бий. З.Энхболдод тухайн үед бүх хүн үнэнээсээ хадаас шиг байсан байх. УИХ-ын даргын индэр дээрээс гишүүдийг загнаж, микрофоныг нь хааж, ёжлон шоолж, ёгтлон дайрч байлаа.
    12 Гэтэл энэ дүрмийн эсрэг “сөрсөн базаа” хийсэн. З.Энхболдыг хууль зөрчсөн болохыг тогтоох шийдвэрийг Цэцээс гаргахын өмнө даргыг нь мань хүн өрсөөд “эд бад” хийчихсэн нь тэр байлаа. Ингэхдээ бүр ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаад шүү. Ээлжит бус чуулганаар улс орны тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ гэсэн зарыг олон нийтэд түгээв. Чуулганы ирц хүрэлгүй хэдэнтээ хойшилсны дараа Зи намынхан болон “Шударга ёс эвсэл”- -ийнхнийг “Ирэх сонгуульд тойрог өгөхгүй шүү” гэж шантаажилсаар байгаад УИХ-ыг хуралдуулж дөнгөсөн гэдэг. Гэвч Цэцийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлчихээд л мөнөөх ээлжит бус чуулганаа хааж орхисон юм. Гэвч тэр “Бие нь жижиг ч бэлчээр нь том” гэх зүйрлэлдээ тэнцэх гэсэн мэт тэгэхээс тэгэх гэсэн мэт л аашилж байсан. Жижиг дарангуйлагч маань Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах ажиллагааг санаачилж, гардан зохион байгуулсан гэдэг. Уг нь Үндсэн хуулийн цэцийн даргыг УИХ-ын дарга огцруулах биш, УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэц огцруулдаг номтой. Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад ҮХЦ-ээс Хууль зөрчсөн гэж үзэж огцруулж байсан удаатай. Шазуураа зуучихаараа тавьдаггүй “шавилхан биетэй бацаан” –ыг алх барьчихаараа ийм том дарангуйлагч болно гэж хэн санах билээ.
    13 Түүний улстөрд хэрэглэсэн мэхүүдийг тоолно гэвэл барагдахгүй. “Шонхордох” гэх эвгүй мэхэндээ сүүлийн жилүүдэд гаршсан. Түүний хэрэглэсэн мэх бүхэн өрсөлдөгчдөө мэс болон тусдаг байв. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн АН-ынхны хувьд тэнгэрт ниргүүлснээс дутахгүй туссан юм. З.Энхболдын хувьд ч адил байлаа. Нам нь далаараа цэвэр тавиулаад зогсохгүй өөрөө хүртэл ялагдана гэж төсөөлөөгүй омог бардам явсан хүн бол тэр... “АН сонгуульд ялагдсан нь сая доллараа оффшорт мартсан Баярцогтоос болсон” гэж ярдаглав. Ер нь З.Энхболд барьцгүй хүн гэдэг нь үнэн байж магадгүй. Өрсөлдөгчдөө барьц өгөхгүй хэрнээ өөрөө барьц авахгүй захлаад гүйгээд байдаг “жижиг биетэй, сэргэлэн нүд”-тэй бөхчүүд  байдаг даа. Зи-г харахаар тийм л дүр санаад буугаад байдаг юм.
    14 Н.Алтанхуяг “Алтан гадас” гэх том  фракц үүсгэн нам дотроо сүрийг олж, хүчийг үзүүлж байх үед З.Энхболд түүний эсрэг сөргөлдөж эхэлжээ. Уг нь Н.Алтанхуяг түүний ивээгч, гол хамтрагч нь байсан юм. Гэвч З.Энхболд өөрөө дэвэхийг оролдож эхэлсэн. Ингээд 2008 онд намаа ялуулж чадаагүй Ц.Элбэгдоржийн оронд АН-ын даргын суудалд Н.Алтанхуягтай өрсөлдөж, цөөн хүний саналаар ялагдав. Гэвч  2014 онд Зи бадын толгой бүхий “Шонхор” хэдийнээ хүчийг олоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдор-жийнхоо эсрэг дэвж эхэлсэн байдаг. Энэ үеэс л Ц.Нямдорж “Ардчилсан намынхны хийж байгаа хорны цаана З.Энхболд л байдаг” гэж  анхааруулан сануулах болсон юм. З.Энхболд “Алтан гадас” фракцийн гишүүдээс заримыг өөртөө урвуулан “Шонхор” гэх жижиг фракц байгуулж гарав. “Шонхор” фракцийн туйлын зорилго бол Н.Алтанхуягийг унагаж, З.Энхболдыг гаргаж ирэх явдал байсан. 2012 онд намаа ялалтад хүргэсэн Н.Алтанхуягийг унагана гэдэг тун хэцүү, бараг л боломжгүй байлаа. Ц.Нямдорж сонгуулийн дараахан “Н.Алтанхуяг аа, наадуул чинь тун удахгүй хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж хэлжээ. Энэ үг хоёрхон жилийн дараа биеллээ олж, “Алтан гадас”-ын хажуу талаас “Шонхор” шуугин орж ирлээ. Тэр Засгийн газрыг огцруулж, намын дарга болов. Үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэм тусалж байв.  
    15 “Шонхор” жудаггүй, хүн чанаргүй, эрээ цээргүй аашлах болсонд намын бусад фракцууд ч илт дургүйцэж эхэлсэн нь мэдээж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан хүн сандал суудлын сураг сонсоод зарчмаасаа,  үнэт зүйлээсээ ухарлаа. Ямар адын юм бэ” гэж тэвчээр алдан цухалдаж байсан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Улс төрд нэг үг гарсан. “Шонхордох” гэж. Шонхордмооргүй байна, кнопдмооргүй байна, далдуур явуулга явуулмааргүй байна” гэж учирлаж байлаа.  
16 Гэлээ ч шонхор бол шонхор. Тэр эрэмгий, бас түрэмгий. Тэр хүч түрэмгийлэх арга барилаа огт өөрчлөөгүйгээр үл барам улам л эцэж цуцашгүйгээр өндөрт тэмүүлж байсан юм.    2016 оны сонгуулийн санаанд оромгүй үр дүн тэнгэрт дүүлэн нисч байсан шонхрыг газарт савж орхисон билээ.
17 Олон хүн төсөөлөхдөө өдөө зулгаалгасан шувууны чарлааныг одоо сонсоно доо гэж бодсон. Гэтэл нөгөөх л хэгжүүн, зэвүүн, зуунга дуу хоолойг яг л өмнөх шиг шаардангуй өнгө аястайгаар сонсож эхлэх нь тэр. “УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгаа энэ хуульд хориг тавьж байна”, “Монголын баялгаар хөлжсөн 30 гэр бүлтэй хариуцлага тооцно”, “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олго”, “Тавантолгойн лицензийг хурааж ав” гэх зэргээр чаг чаг гэх аж. З.Энхболдыг одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэж цоллох боловч зарим хүний ярих нь “Ерөнхийлөгчийн дарга” болоодхож.   Ерөнхийлөгчийнхөө өмнөөс УИХ-ын гишүүдийг загнаж, хувийн үзэл бодлоо илэрхийлж, өөрөө л анзаарахгүй байгаа болохоос яг л Ерөнхийлөгч шиг аашилж эхлэв. Түүний гаргаж буй ааш авираас улбаалаад “Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй” гэсэн бодол, сэтгэгдэл олон нийтийн дунд түгж байна. Түүний талаар өрнөж буй олон шүүмж дотроос “З.Энхболд Ерөнхийлөгчийг атгачихаж” гэх үг содон тусч байна.
18 Энэ хоёр эрхмийн чухам хэн нь хэнийхээ  малгай дор багтдагийг хэлэхэд хэцүү. Учир нь З.Энхболд УИХ-ын дарга байхдаа буюу хэнбугайг ч эзэрхийлж явахдаа ганцхан Х.Баттулгын өөдөөс  нэг ч удаа сөргөж байсан удаагүй. Тэр ч бүү хэл, Х.Баттулгын эрх ашигт үйлчилдэг байсан гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Тавантолгойн асуудал, нарийн бүдүүн царигтай төмөр замын төсөл, төмөр замын цэрэг дайчлах тухай санал зэрэгт Зи ноён “Женко”-гийн талд баттай зогсож байсан билээ. Тиймээс одоо дээр нь байсан З.Энхболд Х.Баттулгынхаа доор орчихсон мэтээр ойлгох нь их эргэлзээтэй. Энэ бол хоёр хариутай бодлого шиг, эсвэл хоёр утгатай үг шиг л зүйл. Анхнаасаа Х.Баттулга нь дээрээ байсан байхыг ч үгүйсгэх аргагүй.   З.Энхболдын албан тушаалын зэрэг зиндаа буурсан нь бодитой. Яг үнэндээ бол УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хийгээд сууж байгаа нь шал гунигтай. Зи-гээс өөр хүн байсан бол “Тэгэж хүндээ хөнгөнөөс  өгөхгүй” гээд татгалзах байсан. Тэгвэл Зи яагаад “За” гэсэн юм бол. Үүний ард их холын тооцоо байх учиртай. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоход Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсонтой эгээ л адил алсын хараа байж тун магадгүй. Монголын улстөрд 20 жил болсон З.Энхболдын нэг танигдсан мөн чанар нь өс зангидах. Өсийг тайлж болох тохирсон суудал бол Ерөнхий прокурорын сэнтий. Зан нь ч, зам нь ч тохирно. З.Энхболдын “зэвүүн” түүх төгсөх болоогүй. Харин улам ч зэвүүн, детектив байдлаар үргэлжлэх төлөвтэй.
19 Тиймээс З.Энхболдын өнгөрснийг бичихээс илүү ирээдүйг бичих нь сонирхолтой санагдаж байна. Тэр Монголын улстөрд ямар санаанд оромгүй түүхийг бичихээр зэхэж байгаа бол. Хүссэн ч хүсээгүй ч тэр “туг баригч” гэдэг нь маргаангүй боллоо. Тугал хариулах хэмжээнд ойчихгүй гэдэг нь ч тодорхой боллоо. Улстөрийн нүүдэл хийх чадвараараа тэр МАН-аас С.Баяртай, АН-аас Р.Амаржаргалтай дүйх бололтой. Цаад хоёроос илүү нэг чадвар З.Энхболдод бий. Тэр нь илүү шазруун, илүү “шуналтай”, бууж өгдөггүй чанар. С.Баяр бол шазруунаасаа илүү хэгжүүн учраас нэг гэдэн нь хөдөлмөгц “Яршиг л байна” гээд тэр чигтээ улстөрөөс яваад өгч байна. Р.Амаржаргал болохоор “Зарчим нийлэхгүй бол зам заавал нийлэх албагүй” гэсэн “биеэ тоосон” бодолтой. Харин З.Энхболдын тухайд ямар ч үед тугнаасаа зуураад тавьдаггүй “шөрмөс”-тэй юм. Одоо тэр ямар нэг зорилгынхоо төлөө Н.Алтанхуягтай-гаа хөтлөлцчихсөн “туг  хатгах газар”-аа хайж явна.

Зэлтэрийн гацааны Зи “бацаан” памфлетын хар, цагааны харьцуулалтыг хийх гэж оролдлоо. Эерэг чанараас нь  18 ширхгийг, сөргөөс нь 17 баримтыг тойрч өгүүлжээ. Харьцаа ойролцоогоор 51:49 гэж хэлж болох юм. Гарчгийг онож өгчээ. “Зэлтэрийн гацааны Зи “бацаан” гэхээр агуулга нь аяндаа л алган дээр дэлгэгдэн тавигдаж байна. Адилтгал зүйрлэл, ёгтлол ёжлолыг эн тэнцүү хэмжээнд хэрэглэж, байх ёстой газарт нь  зөв сайн байрлуулж чадсан аж. “Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр”, “Энэ яасан эвгүй нөхөр вэ?”, “Мөргөлдөх гэсэн мэт анаад зогсчихдог бяруу шиг духаараа харсан”,  “Сүлбэсэн харцтай, тэгсэн хэрнээ тохуутай инээсэн”, “Эвэр шиг ургаад, хавьтсан хавиралдсан бүхнээ хатгаж сүлбээд”, “басаад байхааргүй хатуу самар”, “бяруу болоогүй байж бухын явдлаар явах”, “нусаа ч  татаж сураагүй жаалууд” эцгийгээ хоймроос угз татан унагаж байгаатай адил”, “хаалга эвдэж, тамга булаах үзэгдэл “моод” болж”, “хэнз хурга”, “гацаагч”, “зика вирус”,  хорчин”, “алх”, “өргөмөл хүү”, “Жамух”, “Засгийн газрын хамгийн том аранга”, “зүгээр л зэвүүн ёж инээгээд л гачаачихна”, “гацаагч хочоо цол болтол нь хөгжүүлсэн”, “Алх барьсан хүнд хүн бүр хадаас шиг харагддаг”, “шазуураа зуучихаараа тавьдаггүй “шавилхан биетэй бацаан”-ыг  алх барьчихаараа ийм том дарангуйлагч болно гэж хэн санах билээ”, “Өрсөлдөгчдөө барьц өгөхгүй хэрнээ өөрөө барьц авахгүй захлаад гүйгээд байдаг “жижиг биетэй, сэргэлэн нүдтэй” бөхчүүд байдаг даа. Зи-г харахаар тийм л дүр санаанд буугаад байдаг юм”, “Шонхор бол шонхор. Тэр эрэмгий, бас түрэмгий”, “Зан нь ч, зам нь ч тохирно.”З.Энхболдын “зэвүүн” түүх төгсөх болоогүй. Харин улам ч зэвүүн, детектив байдлаар үргэлжлэх төлөвтэй”, “тугнаасаа зуураад тавьдаггүй “шөрмөс”-тэй гэх зэргээр тодорхойлж, тод томруун дүрслэн бичжээ.

Эдгээр нь памфлетийн гол баатрын зан төрх, шинж төлвийг товойлгон гаргахад зохиогчид тусалсан байна. Уншигчдын өмнө ухрахыг үл мэдэх, урагшлан зүтгэж улам бүр улайран тэмүүлэгч өвөрмөц содон улстөрчийн дүр төрх тодрон гарч ирж байна. Аймшигтай бөгөөд аюултай улстөрч, басаж болохгүй хатуу самар, тугнаасаа зуураад тавьдаггүй “шөрмөс”-тэй нэгэн гэсэн ойлголтыг гүйцэд өгч байна. Зандаахүүгийн Энхболдыг гадарлагч хэн бүхэнд “үнэхээр тэр мөн байна” гэж бодогдохоор байгаа болно. Энэ бол үнэн бодит байдлыг үндэс болгож өндөр түвшинд ур чадвар зааж бичсэний илэрхийлэл юм.

Одоо “Хүн “зуудаг”  нохой” памфлетыг задлан шинжилж үзье. Өмнөхтэй яг адилхан аргачлалаар.

1 “Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо”. 1992 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан нууцаа тэр ингэж тайлбарладаг. Тиймээ, түүнд үнэхээр ямар ч магтаал, эсвэл шүүмжлэл наах шаардлагагүй.  Тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн гол тоглогч. Ц.Нямдорж бол хэрсүү нь дэндсэн, хэгжүүн зэвүүн нь бүр хэтэрсэн, хэрүүлч хэрнээ хийгүй улстөрч. Энэ тодорхойлолттой маргах хүн гарахгүй л болов уу. Түүнээс гадна Ц.Нямдорж хамгийн олон нэр хоч зүүсэн улстөрч байж мэднэ. Хоточ, хэрүүлч, орондоо хууль засдаг баатар, ордон дотор шорон үнэртүүлдэг, түрээсийн байртай, шахааны бизнестэй гээд хэл ам, хэрүүл тэмцэл тасардаггүй.
2 Хотонд хоёр янзын хоточ бий. Нэг нь хотоо манадаг бол -Нэг нь хотоо хамгаалж боргодог бол -Нэг нь чоно зуудаг бол Түүнтэй адил хоёр янзын улстөрчид байдаг -Нэг нь улсынхаа эрх ашгийг манадаг бол Улстөрчид бүгд л уран яруу, гаргуун төгс ярьцгаадаг. Чухам аль нь үнэн, аль нь худлыг ялгах аргагүй. Яг л ноход янз бүрээр хуцаж боргодогтой адил. Мөн улстөрчид “Төрийн төлөө морь, нохой мэт зүтгэнэ” гэх юм уу, “Ард олныхоо эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах бидний үүргийг хоточ нохойтой зүйрлэж болно” гэж ирээд л зүйрлүүлдэг болохоор улстөрчид бол хоточ нохой юм байна гэсэн бүдүүн тоймын ойлголттой болчихсоноо нуухгүй. -нөгөө нь хэвтрээ манадаг   -Нөгөө нь хэвтрээ харамлаж архирдаг -Нөгөө нь хүн зуудаг     -нөгөө нь хувийнхаа эрх ашгийг хаацайлдаг Тэдэн дунд зуумтгай, хуцамтгай, араас гэтдэг, урдаас ноцдог, архирдаг, гийнадаг, хотноосоо суйлдаг, эзнээ урдаг гээд зүсэн өнгийн ид араншинг үзүүлэгчид бий... Гэвч энэ бол адилтгал. Адилтгалыг үл ойлгох нь хүн өөрийгөө нохой юм гэж шууд нэрлэсэнтэй ялгаагүй.
3 Адилтгалаар авч үзвэл дээрх бүх хэв шинжийг өөртөө агуулсан улстөрийн жинхэнэ “хоточ” гэж хэлж болох нэгэн бол Ц.Нямдорж. “Хоточ” хэмээхийн учир нь тэр Монголын бүх хуулийг манасан. Хууль бол түүний хонь. Тэр хүсэх юм бол ноомой хонинуудыг яасан ч чадна. Ноос ноохойноос нь хуу салгаад өгч чадах хур их туршлага, мэдлэг түүнд бий. Сүүлийг нь огтлоод сүрэгт нь, эсвэл бүр чононд тавьж өгч ч чадна. 1990 онд  55 хуультай байсан Монгол Улс одоо  900-аад хуультай болсон. Энэ бүх хуулийг эх барьж, мэс хүргэж, шинэчилж, найруулж, ацаг шүдний зөрүү бүрийг тэгшилж янзалсан хүн бол Ц.Нямдорж. Өөрөө ч “1992 оноос хойш хамгийн олон хууль бичсэн хүн бол яалт ч үгүй би. Энэ тал дээр надад өрсөлдөгч байхгүй” гэж хэлдэг. Онгиргон хүний биш, бардам хүний үг.
4 Хүмүүсийн ой тойнд хамгийн их хоногшиж үлдсэн сайд нь. Зарим нэг нь одоо ч Ц.Нямдоржийг тус яамны сайд хэвээрээ л гэж андуурч мэдэхээр тодорхой төсөөллийг үлдээчихсэн хүн... Сайд байхдаа зүгээр ч нэг ээлж өнгөрөөсөн төрийн зардас байгаагүй, нийтдээ 10 гаруй жил хуулийн салбарыг толгойлохдоо хийсэн ажил их. Хуулийн тогтолцоог шинээр бүтээн босгох нөр их ажилд шөнө, өдөргүй зүтгэсэн алдар түүнд зайлшгүй оногдоно. Ямар сайндаа орондоо ч хууль засдаг гэх нэр хоч хүртэл зүүж байх вэ дээ. Цаасан дээр барьсан хууль нэртэй бүтээн байгуулалтыг нь үгүйсгэх нэг ч хүн өнөөдөр үгүй. Ц.Нямдоржид үнэн голоосоо дургүй Х.Тэмүүжин ч энэ тал дээр толгой дохидог. Мөн хуулийн салбарт хамгийн олон барилга байгуулсан гэдгээрээ сайшаал хүлээдэг юм билээ. А.И.Филатова бүх сумыг цэцэрлэгтэй болгосон бол Ц.Нямдорж бүх сумыг цагдаагийн байртай болгосон гэдэг... Угтаа тэр дан ганц шорон барьдаг сайд байгаагүй юм. Хамгийн сүүлд Хууль сахиулахын их сургуулийг тэр бариулжээ.     Түүнийг сайд байх үед шорон л нэмэгдэж баригдсан гэх ойлголт нийгэмд байдаг. Дээхэн үед одоо түүний толгойлж явсан яамыг “До яам” хэмээдэг байж билээ. Улстөрийн зорилго, өш хонзонгоор олон мянган хүнийг хэлмэгдүүлэн, хонь шиг заазалсан  1937 оны нэршил л дээ. Нийгэмд айдас жихүүдэс төрүүлж асан төрийн тэрхүү машиныг хожмоо Цэндийн хүү дахин ажиллуулж эхэллээ гэх шүүмжлэл хүртэл гарч байв. Ингэж чадах хэгжүүрхэл, хэнээрхэл түүнээс цухалздаг нь үнэн. Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн байхдаа “Ц.Нямдорж хуулийн бодлогыг алдагдуулж, “До” яамны үүрэг гүйцэтгэдэг болжээ” гэж ил тод шүүмжилдэг байв. Үнэхээр ч Ц.Нямдорж хатуу ширүүн сайд байсныг хэлэх хэрэгтэй.
5    Тэр эрх мэдлээрээ хэрхэн далайлгахаа мэддэг. Нөлөөллийнхөө сүүдрийг нар тусч буй газар бүхэнд хүргэхийг чармайдаг. Адилтгалаар авч үзвэл тэр нэлээн зуудаг байрын нохой байж таарна. Нэг зуувал заавал урж байж санаа нь амарна. Өөрийн орон зайдаа хэнийг ч ойртуулахгүй архирна, хазна, зууна, урна. Тэр өөрийнх нь эсрэг үг хэл, үйл хөдөлгөөн гаргасан хэний ч өөдөөс өрвөлзөн босч ирэх догшин араншинтай. Хэвтрээ харамлан архирагч лугаа адил! Тэр замдаа хөндөлсөх хэн бүхнийг ямар ч үнээр хамаагүй зайлуулахыг хүснэ. Зуумтгай чанар бол түүний оршин байхын үндэс. Зүйрлэвэл хүн зуудаг нохой мэт.
6 2000 оны эхээр эрүүгийнхэн их хүчтэй байж. Тэд улстөрд хүртэл нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг байжээ...  “Эрүүгийн элементүүд” Ерөнхий сайдын өрөөнд дайрч ордог, Ерөнхийлөгчийг сүрдүүлдэг, УИХ-ын гишүүдийг айлгадаг, заналхийлдэг хэмжээнд очоод байж. Харин Ц.Нямдорж гарч ирмэгцээ төрийн төмөр нүүрийг харуулж, тэдэнтэй эрс шийдэмгий тэмцсэн нь түүхэн үнэн юм. Тэмцлийнхээ талаар Ц.Нямдорж өнөөдөр дурсахдаа “Тэд хаа очиж “эр хүмүүс” байж. Шүүх хуралд тас хар костюм, цагаан цамцтай орж ирээд найман жилийн ял авчихаад давж заалдахгүй гээд шорон руу явж байсан” гэжээ.   Ц.Нямдоржид тэмцэгчийн дүр тун зохидог. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий болохоор тэр байх. Тэр өнөөдөр ч тэмцэл хийсээр байгаа. Өөрөө хэлэхдээ “2000 оны үед рецедив гэмт хэрэгтнүүдийг цэгцлэхэд амархан байж. Ганц далайлтаар бүхнийг байранд нь тавьж болж байлаа. Харин цагаан захтнууд бол түүнээс хэдэн арав дахин хүчтэй, нарийн сүлжээтэй, хэвлэл мэдээлэл, шүүх, прокурорыг тэр чигээр нь эрхэндээ оруулчихсан, хэцүүхэн байдаг юм байна” гэсэн байдаг.   Өдгөө хамгийн олон дайсантай улстөрчийг нэрлэ гэвэл Н.Энхбаяр биш, Ц.Нямдоржийг нэрлэх хэрэгтэй. Учир нь Н.Энхбаяр хүртэл түүний дайсан. Н.Энхбаярыг баривчлах бүх үйл ажиллагааг Ц.Нямдорж гардан зохион байгуулсан гэх хардлага одоо ч хуучраагүй. Тухайн үед “Н.Энхбаярыг баривчлахыг мэдсэн үү, яагаад цагдаагаа татаагүй юм” гэж асуухад “Тал талаас нохой шиг боргоод байхаар нь зэвүү хүрээд “Би унтаж байсан. Манайх зурагт байхгүй гэчихсэн юм” гэж хээв нэг хариулж суусан. Түүнд Засгийн газрын ордон, УИХ-ын танхимд олон “дайсан” бий. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Л.Гүндалай, Х.Тэмүүжин, Х.Баттулга, З.Энхболд, Э.Бат-Үүл гээд олон улстөрч түүнд хонзогнодог. Нам нь УИХ-ын үнэмлэхүй олонхи болсон өнөө үед ч гэсэн тэр чуулганы танхимд өөрийн дайснуудтай болж амжсан.
7 “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг дэлгэн тавьснаараа тэр намынхаа эсрэг ч сөрөн зогсох шазруун зантай гэдгээ дахин баталсан. Шаардлагатай бол тэр хэнтэй ч сөргөлдөж чадна гэсэн үг. “Эрдэнэт”-ийн тухайд тэр Ц.Элбэгдоржтой, намынхаа зарим томчуудтай дайсан болно гэдгээ мэдэж байсан ч  49 хувийг авах гэсэн бүлэглэлийнхэнтэй эвлэрэхгүй тэмцсэн. Мэдээж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нэр төрдөө чамгүй хохирол хүлээсэн ч ялалт байгуулсан гэж хэлж болно. Эцэст нь “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан  49 хувийг Монголын хувийн хэвшлээс төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гарсан юм.   Ингэж л аливаа асуудлын эцсийг нь үзэж мухарладаг муйхар зан түүнд бий... Түүнд хоёр зам байсан гэдэг. Нэг нь гэгээнтний дүр эсгээд гэм зэмгүй явж амиа хоохойлох. Нөгөө нь бугшсан хулгай, луйвартай тэмцэж яваад улстөрчийн амьдралаа дуусгах. Ингээд хоёр дахь замыг нь сонгосон гэж өөрөө хэлдэг.
8 Тэрбээр нэг удаа бүр “Амьд буй цагтаа Төрийн ордонд байгаа балиар юмнуудын хажуугаар зүгээр, дуугүй өнгөрч хэзээ ч чадахгүй. Надаас салах аргыг нь би зааж өгье. Чадал чинь хүрвэл миний аминд халдаа. Өөрөөр та нар миний амыг хааж чадахгүй. Өөр ямар ч арга байхгүй шүү” хэмээж байсан юм. Тэр улстөрийн халуун чулуу, хүйтэн хайрга, цас бороо, салхи шуургыг ханатал туулсан. Үүгээр нь үзвэл үнэнхүү хат суусан хашир улстөрч. Ц.Нямдорж өө сэвгүй, алдаа гаргадаггүй хүн биш. Тэр хоёр ч удаа сүрхий алдсан юм. Эхнийх нь  2007 онд хамаатна. УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа “Ашигт малтмалын тухай”, “Авилгатай тэмцэх газрын тухай”, “Сонгуулийн тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” зэрэг олон хуульд бодлогын, зарчмын, агуулгын шинж чанартай  нэмэлт өөрчлөлтийг нууцаар оруулж байсан болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц шалган тогтоосон. Тиймээ, тэр хуульд дур мэдэн засвар хийж байсан гэсэн үг...  Ц.Нямдорж УИХ-ын дарга байлаа ч хуулинд цэг таслалын засвар хийх эрхгүй билээ.  
9    Тэрбээр орондоо хүртэл хууль засч байсан үйлдлээ цагаатгаж тайлбар хийхдээ “Шинэ цагийн хуулиудыг ерөнхийд нь харвал миний бичиг л явдаг юм даа. Би өдөр шөнөгүй хуультай ноцолдож, янз янзаар хэлүүлээд байдгийн учир энэ. Хуулийн хэллэг, бичлэг гэдэг тийм амар эд биш. Ганц таслал буруу тавихад орвонгоороо эргэчихэж мэднэ” гэсэн нь бий.   Урдуураа улаан хөлтөн гишгүүлэхгүй шахам болтлоо хуулиндаа нэвтэрсэн хүн бол Ц.Нямдорж гэдэг нь маргаангүй. Тэр Ленинградын улсын их сургуулийн хуулийн ангийг төгссөн. Үүгээрээ ч нилээн бардамнадаг. Энэ бол одоо ч дэлхийн шилдгийн тоонд зүй ёсоор ордог нэр хүндтэй сургууль. Тэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Д.Медведев нар суралцаж төгссөн гэдгээр Ц.Нямдоржийн эзэмшсэн боловсролын чанар чансааг жишиж болно.      Ямар сайндаа л УИХ-ын гишүүн асан З.Энхболдыг “хуулийн ТМС төгссөн” гэж хэлээд буруутаж байхав. З.Энхболд зөвхөн энэ үгнээс нь болж түүнийг шүүхэд өгнө гэж хүртэл дургүйцэж байсныг санаж байна. МУИС-ийн хууль зүйн тэнхимийг “Хуулийн ТМС” гэж нэрлэсэн нь нэг талаараа дэмий явдал болсон л доо. Харин нөгөө талаар бол энэ нь агуу их ихэмсэглэлийнх нь илэрхийлэл юм. Ц.Нямдоржийн барддаг, басдаг зүйл нь энэ. Хэрвээ энэ ихэмсэг байдлыг нь авчихвал Ц.Нямдорж гэж хэн байхсан билээ.
10 Тэрбээр “Хууль бус юм хийдэг, шударга бус явдлууд газар авсан ийм байдалд хэн тэгээд хүргэсэн юм. Улстөрийнх нь  явж ирсэн систем, энэ увайгүй улстөрчдийн өөрсдийнх нь бий болгосон балчиг намаг. Толгойн улстөрчид цадигтай байгаад энэ улстөрийг мөнгөнөөс жаахан хол байлгасан бол, толгойн улстөрчид энэ шударга ёс гэдэг юмыг анхнаас нь барьж ажиллаж чадаж ирсэн бол өнөөдөр Монголын төр ийм байдалд орохгүй байсан шүү” гэжээ. Ончтой зөв үг. Хамгийн гол нь өөрийгөө тун сайн оносон тусгал сайтай үг.
11 Хоёр төрлийн хоточ байдгийн нэгэн адил миний бодлоор хоёр төрлийн Нямдорж байдаг мэт санагддаг. -Нэг нь туйлын эх оронч байхад   -Нэг нь тун шударга шулуун байхад   -Нэг нь бүр ямар ч эдийн шуналгүй, эрх ашгийн зөрчилгүй, түрээсийн байранд амьдарсаар буй төсвийн ядуухан албан хаагч бол       -Нөгөө нь тэс эсрэг буюу тагнуулч Нямдорж -Нөгөө нь тамтаггүй худалч, хуурамч Нямдорж -Нөгөө нь тэрбумын үнэтэй байранд амьдрагч, төрсөн хүүтэйгээ нийлэн төрөөс мөнгө завшиж суудаг хязгааргүй шуналтай, төрөөс төрсөн баян Нямдорж
12 Аль нь чухам жинхэнэ Нямдорж вэ гэдгийг ялгахад тун хэцүү байна. Тэр насаараа төрд ажилласан. Бидний татваргын мөнгөөр цалинжихаас өөр орлого, тэр гэх бизнес түүнд байхгүй. “Ер нь баяжъя гэвэл над шиг боломжтой хүн байгаагүй. Өнгөрсөн 25 жилд газар, лиценз авъя гэвэл авах л байлаа. Цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал нэрээр луйвар хийж баяжих бололцоо ч байсан. Би зарим хүнд “Ийм их хөрөнгө хураагаад, улстөртэй зууралдаад явах ямар хэрэгтэй юм бэ. Мянган жил амьдрах биш. Үхэхийн цагт хоёр метр газар ч хэрэггүй. Чандарлаад бумбанд хийчихдэг болсон. Яах гэж ингэж шунадаг юм бэ” гэж хэлдэг юм” гэж тэр ярьдаг. Үүнд нь итгэвэл тэр үнэхээр итгэж болох нэгэн. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нэг үнэн энд байна. Тэр бол Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд хулгайгаар тамтаггүй баяжих боломжтой байсан гэдэг нь билээ. Төдийгөөс өдий хүртэл Ц.Нямдорж төрийн өндөр сэнтийгээс буусан удаагүй.     Түүнийг тэрбумын өртөгтэй тохилог хауст амьдардгийг мэдэх хүртлээ ард түмэн түүнийг ямар ч эд хөрөнгийн шуналгүй гэдэгт  итгэчихсэн байсан юм. Тэгтэл Ц.Нямдорж гэр бүлийн хамт “MCS” группийн “Bella Vista” хотхоны байранд амьдардаг гэсэн мэдээллийг Х.Баттулга анх дэлгэсэн байдаг. Удалгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Ц.Нямдорж дөрвөн тэрбум төгрөгийн дөрвөн хаустай” хэмээн зарлаж АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Ингээд Туул голын эрэг дээр Алтжингийн Алтангийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг түүний байр нэг сая ам.долларын үнэтэй болох нь баараггүй батлагдаж, улмаар Чингэлтэй дүүргийн  18-р хорооны задгайд тус бүр нь 600 мянган ам.долларын үнэтэй гурван давхар хаус хоёр хүүдээ бариулсан нь ч тодорхой болсон юм.
13 Түрээсийн байрны паян сүүлдээ онигоо шахуу болоод мартагдах шахаж байтал түүний хүү Н.Анхбаяр аавынхаа нөлөөгөөр “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахдаг бизнестэй гэх ээлжит шуугиан дэгдэв. Үүнд Ц.Нямдорж мөн л “Эцэг нь хүүгийнхээ бизнесийг дэмжээд өг гэж хэлэх нь хүн ёсны байх л асуудал” гэж тайлбар хийсэн. Үүнийг эцэг хүний журамт үүрэг гэдгээр цагаатгаад үлдээчихэж болох л юм. Гагцхүү энэ бүхний дараа Ц.Нямдоржийн аль дүрд нь итгэж үлдэх вэ гэдэг асуулт л хэвээр үлдлээ.
14 Тэр гал цогтой эх оронч уу, гай тарих тагнуулч уу гэх дэнс бас яригдана. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн түүнийг “Тагнуулч” гэж цоллосон содон хэрэг явдал өнгөрсөнд өрнөж байлаа. Өөрөөр хэлбэл, эх оронч гэх нэр алдраа мань хүн Хятадын тагнуул гэх  45 хуудас “матаас материал”-ын гайгаар алдах шахаж байлаа.     Тагнуулын ерөнхий газрын дарга байсан генерал Ж.Баатар Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж тухайн үеийн  Ерөн-хийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт захидал илгээж байв. Гэсэн ч генерал Ж.Баатар өөрөө улсын нууц задруулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан. Энд эргэлзээг өнөө болтол төрүүлсээр буй нэг баримт нь Ц.Нямдоржийг тагнуулч гэж гүтгэсэн гэдгээр биш, улсын нууц задруулсан гэдэг зүйлчлэлээр Ж.Баатар ял сонссон явдал юм.
15 Ц.Нямдорж өөрөө мэдээж эрс үгүйсгэдэг. Тэр тайлбарыг нь энд дурдахгүй бол алдаа болж, магадгүй ганц сайн эх орончоо тагнуулч гэж гүтгэсэн ялд унана. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлах тухай нууц захидал  1998 онд задарсан. Уг асуудалд миний барьсан байр суурь манай зарим томчуудад таалагдаагүй. 1998 онд Эрдэнэтийн хуйвалдааныг шалгаагүй бол би Хятадын тагнуул нэр зүүхгүй байсан” гэж ярьжээ. Тийм ч байж болно.   Ямартаа ч “Муу үг модон улаатай” гэгчээр уг явдал Ц.Нямдоржийн намтар болоод нэр хүндэд мэнгэ шиг л хар толбо болон тогтжээ.
16 Ц.Нямдорж бол төр, төр бол Ц.Нямдорж.  Энэ хоёр нэршил, энэ хоёр ойлголт хоорондоо адил мэт санагдах хүртлээ адилшжээ. Төр төмөр нүүртэй бол Ц.Нямдорж тэр нүүр нь. Төр хууль ёстой бол Ц.Нямдорж тэр хууль ёсыг сахиулагч нь болсон байна. “Ядарсныг тэтгэж, задарсныг дарж явах нь төртэй байхын учир гэж” тэр хэлэх дуртай. Байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлтсийн дарга гээд сахалтай залууг мань хүн загнаж байхыг харлаа. “Чи ингэж сахал үсээ ургуулдаг хэн юм бэ. Хаана, ямар алба хашиж байгаагаа мэдэж байна уу. Наад сахлаа ав. Биеэ зөв авч явахад яадаг юм бэ” гэж байна. Маргааш нь мөнөөх залуу сахал үсээ мөлчийтөл хусчихсан явна лээ. Ширүүн  дориун, зарчимч, адайр боловч төрд түүн шиг хүн хэрэгтэй гэдгийн энгийн нотолгоо энэ. Төрд хэрэгтэй зайран гэдэг бол тэр.
17 Монголын нөлөө бүхий улстөрчдийн дунд рейтингээрээ тэр үргэлж дээгүүр давхиж явдаг. Улстөрд он удаж байгаа атлаа өөрийн гэсэн фракцгүй. Фракцтай болох гэж ч оролдоогүй. Энэ нь түүний хамгийн том алдаа, хамгийн том хасах оноо. Учир нь түүний дэргэдүүр фракцийн ноёрхолд шүтсэн улстөрчид дээшээ явж өнгөрсөөр л байна.
18 Ц.Нямдорж улстөрийн оргилд үл шунах мэт. Өнгөрсөн хугацаанд МАН-ын даргад хэдэн ч удаа нэр дэвшив ээ. Болно гээд зүтгэсэн бол түүнд боломж байсан. Гэвч өрсөлдөөнөөс үргэлж нэрээ татаж орхино. Түүний найр тавьсан орон зайг бусад нь эзлэх байдлаар сүүлийн жилүүдийн улстөр өрнөсөн нь нууц биш. Магадгүй С.Баяр. М.Энхболд нарын оронд Ц.Нямдорж байж болох л байсан.
19 Түүнийг улстөр судлаачид хэтэрхий хувийн тоглолттой гэж дүгнэдэг. Салхи дагадаг биш, сөрдөг цөөхөн улстөрчдийн нэг л дээ. Нам нь УИХ-ын 65 суудлыг өөрийн болгочхоод буй өнөө үед ганцаараа сөрөөд л явж байгаа нь бахдалтай. Дан ганцаараа намынхаа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна ч гэж дүгнэж болохоор байна. Өөрөө ч байр сууриа ихэд тунхаглаж чаддаг. “Ард түмэн л миний дарга. Надад өөр дарга байхгүй. Аль ч утгаараа. Надтай хууль ярих дарга одоо манай эд нар дотор хэд байгаа юм бэ? Зүгээр л байхгүй” гэх мэтээр томордог хүн түүнээс өөр үнэхээр байхгүй билээ.
20 Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн тэр бол үнэхээр сайн зуудаг хоточ нохой. Зуумгай  чанар түүнд бий. Шазайтлаа зууж чадна. Хэнбугай ч ноцож очоод зуучихаж чадах хэдэр, адайр. Гэвч юу үнэн бэ гэвэл Монголын төрд харшилсан, дайсагнасан бүрийн өөдөөс тавих ганц сайн хоточтой ард түмэн гэж бид түүнд хамаг найдвараа тавьдаг нь үнэн. Халдаар ирсэн бүхний өөдөөс архиран босох зуудаг хоточ үгүй бол хот бусдын идэш болоход амар хялбар. Тиймээс л төрийнхөө хатуу чанга оосроор гинжлэн уяж  25 жил хотоо мануулсан ганц зуудаг хоточ минь Ц.Нямдорж мөн. Сайн хоточтой айлын хотонд чоно боохой халдах ёс үгүй билээ.

Бичлэгийн хэлбэр ба зохиомж өмнөхтэй яг адилхан аж. Ухаан санаагаа сааж, ур чадвар гаргаж бичсэн байна. Харин хар, цагааны харьцаа өмнөхөөс арай өөр ажээ. Магтаж сайшаасан өнгө аяс бүхий өгүүлэмж  17 байхад өөлж баалж өөнтөглөсөн нь 12 ширхэг байна. Өөрөөр хэлбэл сайшаал магтаал ба шүүмжлэлийн харьцаа  58,6 ба 41,4 хувьтай байна гэсэн үг юм.

Энэ нь зохиогч Цэндийн Нямдоржид илүү талтай хандсаных гэж шүүмжлэх уншигчид гарахыг үгүйсгэх аргагүй. Памфлетын төгсгөл хэсэгт “төрийнхөө хатуу чанга оосроор гинжлэн уяж 25 жил хотоо мануулсан ганц зуудаг хоточ минь Ц.Нямдорж мөн” гэх зэргээр тун өөриймсөг, энхрийгээр магтаж бичсэн нь ингэж хэлэх бас нэг үндэслэл болж байна. “Монголын нууц товчоо”-нд эзэн Чингис хаан өөрийн өрлөг жанжнуудыг магтан сайшаахдаа л чухамхүү ингэж хэлж байдаг билээ. “Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл:

Хүр гэсэн газар хүрч

Хүр чулууг хэмх цохиж

Халд гэсэн газарт халдаж

Хад чулууг хага цохиж

Цэгээн чулууг бутартал

Цээлийн усыг цалгитал

Ниргэж нядалж явав.

Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн сайн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай, Хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл амардаг билээ” хэмээн Чингис хаан айлдаж байдаг.

Номын зохиогч Ц.Нямдоржийг ийм дайнд өргөн мандуулжээ. Гагцхүү Ц.Нямдорж гэдэг төрийн түшээ Монгол төрийн гал голомтыг  25 жилийн турш нүд чирэмхийлгүй манасан жинхэнэ үнэнч хоточ нохой нь мөн үү, үгүй юу гэдэг бол өөр асуудал юм. Зөвшөөрөн дэмжих, эргэлзэн тээнэгэлзэхийн аль аль нь гарах болов уу. Үүнийг зохиогч анзаараагүй биш анзаарчээ. “Хоёр төрлийн хоточ  байдгийн нэгэн адил миний бодлоор хоёр төрлийн Нямдорж байдаг мэт санагддаг” гэсэн өгүүлбэр нь үүнийг гэрчилнэ.

Сэтгүүлч Д.Дамдинжав памфлетуудынхаа баатруудын зөвхөн өчигдрийг, бас өнөөдрийг голлож хөндөөд орхисонгүй. Маргаашийн ирээдүй нь ямар байх бол гэдгийг бас таамаглах гэж оролджээ. Сэтгүүлзүйд прогноз буюу таамаглал хэмээх бичлэгийн хэлбэр байдаг юм. Түүнийг чадмаг ашиглаж чадсан байна. “Женко”  хэмээх памфлетаа “Женко хэрхэн төгсөх бол” гэсэн бичлэгээр өндөрлөж “Женко одоо хэрхэх бол... Энэ хүний толгойд өнөө ч дэлхий багтсан хэвээрээ гэдэгт эргэлзэх юм алга. Өнгөрсөн  20 жилд ийм байж чадсан Женко ирэх  20 жилд ямар байж чадах вэ гэдэг нөөц бололцоог нь төсөөлж үзвэл хэн ч эрхгүй сүрдэж таарна. Магадгүй үүнээс ч агуу том Женког бид олж харж мэднэ” хэмээн төсөөлсөн бол “Зэлтэрийн гацааны Зи “бацаан” памфлетдаа Зи яагаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болохыг зөвшөөрч “за” гэсэн юм бол гэж өөрөөсөө асуугаад “Үүний ард их холын тооцоо байх учиртай. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоход Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсонтой эгээ л адил алсын хараа байж тун магадгүй” гэж таамаглажээ.

Маш сонирхолтой прогноз. Д.Дорлигжав Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад сүүлд Ерөнхий прокурор болж “дэвшсэн” түүхтэй. Үүний дараахан “улстөрийн их баривчилгаа” эхэлж Намбарын Энхбаярыг дайчлан баривчилсан байдаг. Хэн нэгэн Ерөнхийлөгч буюу Ерөнхий сайд асныг золигт гаргах маш өндөр нууцлалын зэрэглэлтэй төлөвлөгөө эдүгээ зохиогдож байж ч мэдэх юм. Үнэн, худлыг айсуй цаг хугацаа харуулна.

ТӨГСГӨЛД НЬ

Залуу сэтгүүлч Дамдинсүрэнгийн Дамдинжавын “Гол тоглогч” шинэ номын нээлт Интер номын их дэлгүүрт боллоо. Миний хувьд алсын зайнаас ажиглагчийн байр сууриар оролцов. Цөөнгүй хүн цугларчээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. “Зиндаа” сэтгүүлд ажилладаг миний үзэг нэгт нөхөр Д.Дамдинжав хөрөг, памфлетын шинэ номоо гаргалаа. Манай Дамдинжав маш дуу цөөтэй. Чичилж чимхэлж татаж чангаахгүй л бол үг дуугардаггүй хүн. Төрөлх зан чанар нь энэ. Харин “Гол тоглогч” номдоо их чанга дуугарсан. Уншигчдад таашаагдана гэдэгт итгэлтэй байгаа. Их сайн бичлэгүүд энэ номд орсон гэж өндрөөр үнэлэв.

МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, сэтгүүлзүйн судлаач Ж.Батбаатар би энэ номыг уншиж дуусаагүй байна. Долоо хоногийн дотор уншиж дуусгаад өөрийн үгээ хэлнэ. Би Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд Ёс зүйн салбарыг нь хариуцдаг юм. Санал гомдол цөөнгүй ирдэг. Манай залуу сэтгүүлчид үг хэллэгээ зөв сонгож, үнэн бодит эсэхийг сайтар нягталж байх хэрэгтэй гэсэн утгатай зүйл ярив. Хашир бурхи хаяагаа манаж байна даа гэж бодогдсон.

Д.Дамдинжав “Гол тоглогч” номоо хайрт эгч Д.Жавзандулам, Д.Урангэрэл нартаа зориулжээ. Тэр хоёр эгч нь номын нээлтийн ёслолд оролцож санал бодлоо илэрхийлэв. Товчхон хоёр гурван үг хэлж шинэ номоо гаргасан дүүдээ баярлаж байна гээд алд цэнхэр хадгийг мөнгөн аягатай сүүтэй өргөн барьж байна. Дүү нь буюу “Гол тоглогч” номын зохиогч Дамдинсүрэнгийн Дамдинжав номынхоо тухай ярилаа. Хоёр эгчээсээ ч товчхон хоёр гуравхан үг хэлчихээд суудалдаа суучихав. Дуу цөөтэй гэдэг нь үнэхээр үнэн ажээ. Миний дэргэд сандал зэрэгцэн суусан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа энэ залуу чинь манай сургуулийн бүтээгдэхүүн шүү дээ. Сая албан газар нь гурван өрөө байраар шагнасан гэнэ лээ гэж тун бахархангуйгаар надад хэлэв. Тэр багш нараа, их сургуулийн хамт олноо баярлуулж чаджээ. Дуу цөөтэй хүүд хайр хүрэх шиг болсон.

“Гол тоглогч” номыг би маш анхааралтайгаар уншиж ажиглалт шинжилгээ хийх гэж оролдлоо. Хөрөг, памфлетаас бүтжээ. Эхлээд би хөргийн нэрт мастер Ш.Цэрэнпил монголын сэтгүүл зүйд эргэж ирсэн юм биш биз, түүний хоосорсон орон зайг бөглөх шинэ авъяастан төрчихсөн юм биш байгаа гэж горьдоод шунамхайран уншив. Тэгтэл тийм биш байв. Эл номд “Эргэж Монголдоо төрнө”, “До.Цэнджавын тэнэг шавь”, “Тэр бол бурханы “алдаа” зэрэг эвтэйхэн хөргүүд орсон ч Ш.Цэрэнпилийн алдарт “Хэнээт” шиг хөрөглөл байсангүй.

Харин “Хэнээт”-ээс ч үл дутах олон памфлет нь магнай тэнийлгэн баярлууллаа. Монголын сэтгүүлзүйн түүхэнд “Хүжийн гал”-ын Бадарч гэдэг памфлет бичигч байсан. Үгүйсгэж болохгүй. Тэгэхдээ тэдгээр нь тэр гэх эзэн биегүй, уран зохиолын шинж чанарыг илүүтэй шингээсэн бүтээлүүд байсан юм. Д.Дамдинжавынх бол тийм биш юм. Буцах хаягтай, буух эзэнтэй памфлетууд. Үүгээрээ онцгой үнэ цэнэтэй санагдана. Огт хүн барьж авч чаддаггүй ороо морь шиг тойрч зугтдаг жанрыг зориглон барьж авч, өөрийн болгож чадсан энэ хүүд баярлаж талархахаас өөр аргагүй. Бичлэг нь торгомсог, баримт нотолгоо нь үнэмшилтэй, дүр дүрслэл, зураглал нь тод гаргууд аж.

Би ерээд онд Ш.Цэрэнпилийн “Хэнээт” хөрөг найрууллыг уншиж суухдаа, Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” гэдэг танин мэдэхүйн нийтлэлийн номыг уншихдаа, сүүлд Б.Ганчимэгийн сумогийн их аварга Д.Дагвадоржтой хийсэн уянгалаг ярилцлагад анализ хийж байхдаа зохиогч нарт нь учиргүй ихээр баярлан уяран хайлж монголын сэтгүүлзүй гайхамшигт уран нийтлэлчдээр тасрахгүй юм байна, юутай сайхан гэж сэтгэл цэлмэн баясч, зүрх догдлон хөөрснөө ер мартдаггүй юм. “Гол тоглогч” номыг унших явцад яг тийм мэдрэмж ахин төрж өвгөн судлаачийн хоёр суганд жигүүр ургах шиг болов. Дамдинсүрэнгийн Дамдинжав бол манай сэтгүүлзүйн салбарт өнөөг хүртэл анзаарагдаж мэдэгдээгүй явсан булаастай цул шижир алт мөн байна. Памфлетыг түүн шиг урнаар өгүүлэн зохиомжилсон нь өнөөг хүртэл нэгээхэн ч гараагүй юм. Монголын сэтгүүлзүй нэгэн цоо шинэ авъяастнаар бүл нэмлээ. Тэр тэнгэр ниргэж, цахилгаан цахих адил биднийг гайхшируулсаар монголын сэтгүүлзүйд хүч түрэн түрхрэн орж ирж байна. Ийм цаг үеийг амьд мэнд байхдаа үзэж мэдэрнэ, бүтээлүүдэд нь шүүмж бичнэ гэдэг судлаач надад ямар том баяр баясгалан билээ. Түүнийг хайрлаж хамгаалж улам бүр хөгжүүлж дэгжүүлээрэй гэж Бурхан тэнгэрт залбирах минь. Ингэхийн учир гэвэл Монголын нийгэм түүнийг талархалтайгаар алга ташин хүлээж авах нь ойлгомжтой боловч төр засгийн өндөрлөгүүд, түүний дотор олигархи бүлэглэлийнхэн, хамгийг хамж шимж залгигч хар хүчин энэ сэтгүүлчийг хажиглан гадуурхаж нухчин дарахыг оролдох нь мэдээж. Авъяас билгийг нь худалдан авч өөрсдийн бууны нохой болгож хувиргахыг хүсэмжлэх ч явдал гарах бий вий. Битгий л худалдагдаарай даа, дүү минь! Тэгвэл амьд явах ямарч утгагүй, шал гунигтай болж хувираад мөнхийн шившигт нэр холбогдох аюул ч буй.

Сэтгүүлзүйн судлаач Тугалхүүгийн Баасансүрэн

Улаанбаатар, 2018 оны 5, 6 дугаар сар